| Шүүх | Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Балжиннямын Сийлэгмаа |
| Хэргийн индекс | 115/2022/0017/З |
| Дугаар | 115/ШШ2022/0020 |
| Огноо | 2022-05-16 |
| Маргааны төрөл | Газар, |
Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2022 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 115/ШШ2022/0020
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сийлэгмаа би, иргэн ... нэхэмжлэлтэй, Дорноговь аймгийн Засаг дарга болон тус аймгийн ... сумын Засаг даргад холбогдох Дорноговь аймгийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн А/589 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, ... сумын Засаг даргын, иргэн ... 2021 оны 06 сарын 07-ны өдөр гаргасан өргөдөл гомдлыг хуульд заасан хугацаанд шийдвэрлэх үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ...нь шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ:...овогтой...миний бие нь тус шүүхэд хандаж:
1. Дорноговь аймгийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн А/589 дугаар захирамжийг хүчингүй болгуулах,
2. ... сумын Засаг дарга ...д хандаж 2021 оны 06 сард өгсөн өргөдөл гомдлыг захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд шийдвэрлэх үүргээ биелүүлээгүй болох эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох гэсэн хоёр шаардлагаар нэхэмжлэл гаргасан боловч уг нэхэмжлэлийн дээрх үндэслэл бүхий хоёр шаардлагаас бүхэлд нь татгалзаж байгаа хүсэлтээ гаргаж байна.
Иймд ...миний гаргаж буй хүсэлтийг үндэслэн уг захиргааны хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т ...(нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо)... нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах ... (эрх эдлэх)-ээр, 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болох-оор тус тус заажээ.
Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ...нь, Дорноговь аймгийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн А/589 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, ... сумын Засаг даргын, иргэн ... 2021 оны 06 сарын 07-ны өдөр гаргасан өргөдөл гомдлыг хуульд заасан хугацаанд шийдвэрлэх үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д Нэхэмжлэгч ... энэ хуулийн 50.4-т зааснаас бусад тохиолдолд нэхэмжлэлээсээ татгалзах ... замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон бол улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй гэж заасан тул нэхэмжлэгч ... улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нь, нэхэмжлэлээсээ татгалзсанаар уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болох үр дагаврыг нэхэмжлэгч ...д тайлбарлан танилцуулсан болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч ..., Дорноговь аймгийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн А/589 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, ... сумын Засаг даргын, иргэн ...ын 2021 оны 06 сарын 07-ны өдөр гаргасан өргөдөл гомдлыг хуульд заасан хугацаанд шийдвэрлэх үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, иргэн ... нэхэмжлэлтэй, Дорноговь аймгийн Засаг дарга болон тус аймгийн ... сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.5, 50 дугаар зүйлийн 50.5-д тус тус заасны дагуу нэхэмжлэгч ...ас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч нь уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй, хэргийн оролцогчид энэ захирамжид гомдол гаргах эрхгүйг тус тус дурдсугай.
ШҮҮГЧ Б.СИЙЛЭГМАА