Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 216/МА2018/00021

 

   “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

   иргэний хэргийн тухай

 

Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Тэгшсуурь даргалж, шүүгч О.Однямаа, шүүгч Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 134/ШШ2018/00174 дүгээр шийдвэртэй, “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Ш” ХК-д холбогдох гэрээний үлдэгдэл төлбөр 44,151,657.11 төгрөг, алданги 9,432,331.20 төгрөг, түлшний үнийн зөрүү 372,710,780 төгрөг, нийт 426,294,768.31 төгрөг гаргуулах иргэний хэргийг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О-н давж заалдах гомдлыг үндэслэн, хэргийг 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Х.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.С, Х.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М, нарийн бичгийн дарга Г.Э нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ :

 

Нэхэмжлэгч “М” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ :  1. “Ш” ХК нь манай компанитай 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр №ШО17-2/223 тоот худалдах, худалдан авах гэрээ байгуулсан ба гэрээний төлбөрийн үлдэгдэл 44,152,657.11 төгрөг,  алданги 9,432,331.20 төгрөг,

2.2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Монгол Улсын Засгийн газрын 26 дугаар тогтоолоор импортоор оруулж ирсэн автобензин, дизелийн түлшний онцгой албан татварын хэмжээг нэмсэнээс үүдэн “Ш” ХК-д гэрээний дагуу нийлүүлсэн түлшний үнийн зөрүү 372,710,780 төгрөгийн өр авлага үүсээд байна.

 “Ш” ХК нь 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүртэл нийт 2,166,036 литр шатахуун авсан нь хоёр талын тооцоо нийлсэн актуудаар  тогтоогдсон ба манай компанийн  зүгээс тооцоо нийлэх бүртээ удаа дараа өр төлбөр барагдуулах талаар ярьж  шаарддаг боловч өнөөдрийг хүртэл өр төлбөр бүрэн төлөгдөж дуусаагүй болно.

Нэхэмжлэлийн шаардлага : нэхэмжлэл 1-д заасан 2017 оны гэрээний үлдэгдэл төлбөр 44,151,657.11 төгрөг, алданги 9,432,331.20 төгрөг,

Нэхэмжлэл 2-т заасан автобензин, дилезь түлшний онцгой албан татварын хэмжээг нэмсэнээс үүдэн Ш ХК нь гэрээний дагуу нийлүүлсэн түлшний үнийн зөрүү 372,710,780 төгрөг,нийт 426,294,768.31 төгрөгийг Ш ХК-с гаргуулж өгнө үү гэжээ.

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа :  1.рт. манайх Ш ХК-тай 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 6 сарын хугацаатай худалдах,худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний төлөгдөөгүй төлбөр 44,151,657 төгрөг, түүний алданги 9,432,331.20 төгрөг нэхэмжилж байна.

2.т гэрээний дагуу нийлүүлсэн түлшний онцгой албан татварыг Засгийн газрын 2018 оны 01 сарын 24-ний 26 дугаар тогтоолоор нэмэгдүүлснээс үндэслэж онцгой албан татварын зөрүү  нийт 372,710,780 төгрөгийг нэхэмжилж байна. нийт 426,294,768.31 төгрөгийг гаргуулахаар хүсэлт гаргасан. Хэрэгт нотлох баримт болгоод 2018 онд үнэ өөрчлөгдсөн тухай гэрээний нэмэлт, улсын хилээр оруулж ирсэн барааны мэдүүлэг, түүнд төлсөн барааны онцгой албан татвар төлбөр баримтуудыг гаргаж өгсөн. Гэрээний үндсэн шаардлага энэ юм.  Үнэ нэмэгдүүлэхгүй гэсэн “Ш” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн  тогтоол нь 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр гарсан байна. Манай талаас 2018 оны 03 сарын 31-ний өдөр нийлүүлэлтээ зогсоосон. Бид бензинийг импортоор оруулж ирдэг. Гэрээ байгуулахад анхны үнээр төлбөр хийгдэж байгаад яагаад үнэ өөрчлөгдөх болсон үндэслэлээ бичээд 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр “Ш” ХК-ийн захиралд албан бичиг хүргүүлсэн. Бид түлшний үнэ өссөн тухайгаа албан бичгээр мэдэгдээд байхад ерөөсөө хариу өгдөггүй байсан. “Дараа болно, манайх одоо боломжтой болно, мөнгө орж ирэхээр хийнэ” гэх мэтээр өөрсдөө хүсэлт гаргаж байсан учраас манай талаас нийлүүлж байсан. Хариуцагч талаас гэрээний үнийн дүн хэтэрсэн гэж байна. Бид шатахуун авахыг хүчлээгүй. Өөрсдөө хүсэлт гаргадаг. Өмнө ч ийм маргаан гардаг байсан. Үнийг бид зохиомлоор нэмээгүй улс орон даяар нэмэгдэж үнийн хөөрөгдөл бий болж байгаа.  Засгийн газрын 26 дугаар тогтоолоор А-92, 80 бензиний татварыг тэглээд, дизель түлшний татварыг нэмсэнд нь хамаг учир байгаа юм. Манай талаас “Ш” ХК-д зөвхөн түлш нийлүүлж байсан. Манай тал төлөх боломжгүй гэрээгээ цуцлая гэсэн бол цуцлах боломжтой байсан.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Алданги 9,432,331 төгрөгийг гэрээний үнийн дүнгийн хэтэрсэн үнийн дүнд биш гэрээний үлдэгдэл төлбөр дээр бодсон. 45 хоногийн дотор төлбөр тооцоог барагдуулах байсан бөгөөд хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутамд 0,01 хувиар алданги тооцох гэж заасны дагуу бодож гаргасан байгаа. 

Манай нийт нийлүүлсэн түлшний үнийг тендерийн үнээр бодож, эргэн төлөгдсөн төлбөрийн үлдэгдэл төлбөр 44,151,567 төгрөг бөгөөд энэ нь гэрээний үнийн дүнтэй холбогдолгүй. Дахин давтагдашгүй хүчин зүйлээс болж үнийн зөрүү үүссэн байгаатай холбоотой 372,710,780 төгрөгийг нэхэмжилж байна. Гэрээг харвал гэрээний үнийн дүн төлөгдсөн, харин нийлүүлсэн бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөрийг нэхэмжилж байна. Үнийн зөрүүг Засгийн газрын 26 дугаар тогтоол, орж ирсэн татварынхаа баримтыг  үндэслэсэн. Тиймээс манайх гэрээний үлдэгдэл төлбөр гэж нэхэмжлээгүй. Гэрээний нийт дүнд “Ш” ХК-иас 3,7 тэрбум төгрөг төлөгдсөн гэжээ.

 

Хариуцагч “Ш” ХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа :

 “Ш” ХК нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч, зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй болно. 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр ШО17-2/222 дугаар “Дизель түлш болон автобензин худалдах, худалдан авах гэрээ, 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр ШО17-2/223 дугаар “Дизель түлш болон автобензин худалдах, худалдан авах гэрээ”-г тус тус “М” ХХК-тай байгуулан хамтран ажилласан юм. Дизель түлш худалдах, худалдан авах тендерийн гэрээний дагуу “М” ХХК нь дизель түлшийг нийлүүлж, “Шивээ-Овоо” ХК нь төлбөрийг төлж байсан болно. “Ш” ХК нь Төрийн өмчит хуулийн этгээд бөгөөд Төлөөлөн удирдах зөвлөлийн зөвшөөрөл, байгуулсан гэрээний дагуу үйл ажиллагаагаа зохион байгуулдаг онцлогтой хуулийн этгээд юм. Манай хоёр компанийн хооронд үүсээд буй үл ойлголцох асуудлыг эвлэрлийн журмаар эв зүйгээр шийдвэрлэх нь зүйтэй хэмээн үзэж байна. “М” ХХК-д “Ш” ХК нь 44,151,657 төгрөгийн өр төлбөртэй болох нь үнэн. Үлдэгдэл төлбөр 44,151,657 төгрөгийг төлж барагдуулах болно.

Гэхдээ ШО17-2/223 дугаартай гэрээний 2.1 дүгээр зүйлд заасны дагуу гэрээний хугацаа дуусгавар болсон. Гэрээний 3.1 дүгээр зүйл, хавсралт №01-д гэрээний нийт үнэ 2,893,790,900 төгрөг байна гэсэн байна. “Ш” ХК нь “М” ХХК-иас  2,151,436 литр дизель түлш, 14,600 литр А-80 бензин худалдаж авсан. Тэгээд нийт төлбөрт нь 3,398,531,582 төгрөгийг төлсөн.

Нэхэмжлэлийн шаардлагын дагуу ярьвал гэрээний 3.1 болон хавсралтад заагдсан үнийн дүнгээс зөрсөн буюу хэтэрсэн. Энэ нь тендер зөрчсөн байна. Үүнийг тайлбарлавал “Ш” ХК нь хувийн компани биш 90 хувь нь төрийн өмч, 10 хувь нь иргэд байдаг төрийн өмчит хувьцаат компани. Төрийн өмчит хувьцаат компани нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээ худалдан авах хуулийн дагуу бүх худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулдаг. Тиймээс тогтоосон үнээс давсан худалдан авалт нь тендерийн гэрээгээр зохицуулагдахгүй болсон байна. Тиймээс энд ердийн худалдан авалтын тухай хууль үйлчилнэ. 

Харин алданги 9,432,331 төгрөг, нийлүүлсэн түлшний зөрүү 372,710,780 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. ШО17-2/223 дугаартай гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулаагүй. Гэрээний үнээс давсан 3,398,531,582 төгрөгөөс бодогдож байгаа алданги хуульд нийцэхгүй. Алдангийн талаар гэрээгээр тохиролцох ёстой бөгөөд нэмэлт гэрээ хийгээгүй. Тийм учраас гэрээгээр тохиролцоогүй алдангийг “Ш” ХК төлөх боломжгүй. 

Тендерийн гэрээ бол хатуу нөхцөлтэй байдаг. Тендерийн гэрээгээр юу бичсэн түүнийг дагаж мөрдөх ёстой. Энэхүү гэрээний 3.4 дүгээр зүйлд “Гэрээний үнэ нь гэрээний хүчинтэй байх хугацаанд тохируулгагүй тогтмол байна” гэж заасан. Тиймээс гэрээ хүчинтэй байх хугацаанд үнэ тогтмол байна гэдгийг 2 тал хатуу тохиролцсон. Гэрээний 2.4 дүгээр зүйлд гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэж байгаа бол хуулийн дагуу гэрээний хавсралт буюу нэмэлт гэрээ хийгдэх ёстой. Гэрээний тусгай нөхцлийн 3 дугаар зүйл, 4.1 дүгээр зүйлд заасны дагуу гэрээнд орсон нэмэлт өөрчлөлтийг бичгээр үйлдэж гарын үсэг зуруулна гэсэн байна. Өнөөдрийг хүртэл энэ гэрээнд өөрчлөлт орсон зүйл нэг ч байхгүй. Мөн гэрээний тусгай нөхцлийн 10, 15.2 дугаар зүйлд “Тендерт санал болгосон үнэ нь тендерийн гэрээ хэрэгжиж дуустал хүчин төгөлдөр үйлчилнэ” гэж заасан нь үнэ өөрчлөгдөхгүй гэдгийг гэрээний ерөнхий болон тусгай нөхцөлд тус тус заасан. Тиймээс “Ш ХК-г илүү үнээр дизель түлш нийлүүл гэж шаардах нь гэрээний хувьд боломжгүй зүйл юм гэжээ.

 

 Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.д зааснаар хариуцагч “Ш” ХК-иас 44,151,657.11 төгрөг гаргуулж, “М” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 382,143,111.20 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,289,424 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ш” ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 378,708 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “М” ХХК-д олгож, гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.  

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О давж заалдах гомдолдоо: Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 134/ШШ2018/00174 тоот шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсонгүй гэж үзэж байх тул эс зөвшөөрч нэхэмжлэгчээс энэхүү гомдлыг гаргаж байна. Үүнд:

1.Шүүхийн шийдвэрийн хянавал хэсгийн 2-рт “Алданги 9,432,331.20 төгрөг гаргуулах шаардлагын тухайд”: “Талуудын хооронд байгуулсан ...ШО17/-2/223 тоот гэрээний үүрэг биелэгдсэн, нэхэмжлэгч тал гэрээний дагуу алданги нэхэмжлээгүй гэж тус тус тайлбарласан ...” гээд “...гэрээний дагуу алданги нэхэмжлээгүй бол бичгээр байгуулсан гэрээгүйгээр алданги нэхэмжлэх эрх үүсээгүй гэж үзнэ. ...Алдангийг 0,01 хувиар тооцож, нэхэмжилж байна гэх боловч нэхэмжлэгч тал юуг үндэслэж нэхэмжилсэн болохоо нотлох баримтаар нотлоогүй” хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд “Алданги 9,432,331.20 төгрөгийг гэрээний үнийн дүнгийн хэтэрсэн үнийн дүнд биш, гэрээний үлдэгдэл төлбөр дээр бодсон. 45 хоногийн дотор төлбөр тооцоог барагдуулах байсан бөгөөд хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутамд 0,01 хувиар алданги тооцох гэж заасны дагуу бодож гаргасан /134/ШШ2018/00174 тоот шүүхийн шийдвэрийн 2 дахь/ ... алдангийг үнийн дүнгийн дүн биш хугацаа хэтэрсэн хоног тутамд тооцсон байгаа  /шүүх хуралдааны тэмдэглэл 6 дахь тал/

Даргалагчаас: 2017.11.07-ны өдрийн гэрээний дагуу гэрээний үлдэгдэл төлбөр болох 44,151,657 төгрөгийг нэхэмжилж байна уу? гэхэд

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Тийм. /шүүх хуралдааны тэмдэглэл 6 дахь тал/ зэргээс үзвэл нэхэмжлэлийн дурдсан шаардлагыг талуудын хооронд байгуулсан гэрээний үүргийн дагуу гаргасан нь тодорхой байна. Түүнчлэн хариуцагчаас талуудын хоорондын төлбөр тооцоог гэрээний үнийг баримталж, тооцох талаар тайлбар хийсэн байна. Дурдсан байдлаас үзвэл гэрээгүйгээр алданги нэхэмжлэх эрх үүсээгүй хэмээх шүүхийн дүгнэлт нь бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ.

2.Хэрэв шүүх гэрээний үүрэг зохих ёсоор дуусгавар болсон, алданги тооцох үндэсгүй гэж дүгнэж буй бол гэрээний үнийн дүнгээс хэтэрч хийгдсэн худалдах, худалдан авах үйл ажиллагааны хувьд түлшний үнийг хэрхэн тооцох талаар үндэслэл бүхий дүгнэлт хийх учиртай.

Тодруулбал, энэ тохиолдолд 2018.01.24-ний өдрийн Засгийн газрын 26 дугаар тогтоолоор үнэ нэмэгдсэн асуудал нь маргааныг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой юм.

Түүнчлэн хэрэгт авагдсан хариуцагч “Ш” ХК-ийн 2018.01.08-ны өдрийн 3/07 тоот албан бичигт дурдсан “дараа төлбөрт нөхцөлөөр нийлүүлэх” хүсэлтийн талаар дүгнэлт хийх шаардлагатай байв. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан тайлбартаа: “Гэрээний 3.1 болон хавсралтанд заагдсан үнийн дүнгээс зөрсөн буюу хэтэрсэн. Энэ нь тендер зөрчсөн...тиймээс тогтоосон үнээс давсан худалдан авалт нь тендерийн гэрээгээр зохицуулагдахгүй болсон...энд ердийн худалдан авалтын тухай хууль үйлчилнэ” /шүүхийн шийдвэрийн 3 дахь тал/ гэсэн зэргээс үзвэл талуудын хооронд байгуулагдсан ШО17-2/223 тоот гэрээнээс өөр эрх зүйн харилцаа /хэлцэл/-ны асуудал хөндөгдөж байна гэж үзэх боломжтой. Энэ тохиолдолд худалдаж, худалдан авсан үнэ дээр маргаж буй явдал нь 1-рт гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцсон эсэх, 2-рт энэхүү хэлцэл нь хуульд заасан хэлбэрийн шаардлага хангасан эсэхэд шүүх дүгнэлт өгөх шаардлагатай. Хэрэв дурдсан шаардлага хангагдаагүй бол талуудын хоорондын худалдах, худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцох, өгсөн авсаныг харилцан буцаах замаар зохигчийн эрхийг хамгаалах учиртай.

Ийнхүү шүүх дурдсан байдлыг тал бүрээс нь бодит байдлаар хянаж чадаагүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж чадаагүй гэж үзэх тул анхан шатны шүүхийн 2018.09.20-ны өдрийн 134/ШШ2018/00174 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ  :

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт  заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Учир нь хэргийн материалаас үзэхэд :  Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч “Ш” ХК-д  холбогдуулан гэрээний төлбөрийн үлдэгдэл 44,151,657.11 төгрөг,  алданги 9,432,331.20 төгрөг,  нийлүүлсэн түлшний үнийн зөрүү 372,710,780 төгрөг, нийт 426,294,768.31 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага  гаргасан.

 

Хариуцагч “Ш” ХК нь нэхэмжлэлийн шаардлагаас 44,151,657.11 төгрөгийг зөвшөөрч, алданги болон нийлүүлсэн түлшний үнийн зөрүүг төлөхгүй, уг шаардлагыг зөвшөөрөхгүй хэмээн маргасан байна. 

 

Талуудын хооронд 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр ШО17-2/223 дугаартай  “дизель түлш худалдах, худалдан авах гэрээ /СШ.№01-2.ШОХК.2017/ байгуулагдсан байна. /хх-5/

 

Энэхүү гэрээний 2.1-д гэрээний хугацааг 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл гэж, 3.1-д  гэрээний нийт үнэ 2,893,790,900 төгрөг, 6.2-т төлбөр төлөх мөнгөний нэгж нь “төгрөг” байна, 6.3-д барааны төлбөрийг  бараа хүлээн авсан акт үйлдсэнээс хойш хуанлийн 30-45 хоногийн дотор шилжүүлнэ, 7.1-д нийлүүлэгч нь захиалагчаас нийлүүлсэн барааны үнэ, алдангийг нэхэмжлэх эрхтэй гэж, 9.7-д захиалагч нь гэрээнд заасан хугацаанд нийлүүлэгдсэн барааны төлбөрийг барагдулаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.01 хувийн алданги төлнө гэж,  мөн гэрээний хавсралт №01-д 1,820,000 литр буюу 2,893,790,900 төгрөгийн дизель түлш нийлүүлэхээр  тус тус тохиролцож, талууд гарын үсэг зурсан  байна.  /хх-7/

Түүнчлэн хэргийн 7-15 дугаар талд авагдсан гэрээний ерөнхий нөхцөл, гэрээний тусгай нөхцөл,бараа нийлүүлэлтийн хуваарь, үнийн хуваарь зэрэг бичиг баримт нь дээрх  гэрээний хэсэг болно гэж гэрээний 12.4-т заасан байна.

 

Хэрэгт авагдсан М ХХК-с худалдан авсан шатахууны тооцоо /хх-21/, үнийн зөрүүний тооцоо, алдангийн тооцоо /хх-22-25/ зэрэг бичгийн баримтууд болон талуудын тайлбар зэргээс үзэхэд 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2018 оны 05 сарын 15-н хүртэл хугацаанд  М ХХК нь нийт 2,166,036 литр буюу 3,442,683,240 төгрөгийн дизель түлш болон автобензин А-80 нийлүүлсэн,

хариуцагч буюу Ш ХК нь 2,166,036 литр дизель түлш болон  А-80 бензинийг хүлээн авч  үнэ буюу төлбөрт  3,398,531,583 төгрөгийг  төлж, талуудын хооронд байгуулагдсан ШО17-2/223 дугаартай дизель түлш худалдах, худалдан авах гэрээний үүрэг нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д зааснаар дуусгавар болсон байна. Энэ талаар талууд маргаагүй, хариуцагчийн төлсөн 3,398,531,583 төгрөгийн 21,900,000 төгрөг нь А-80 бензиний , 3,420,783,240 төгрөг нь дизель түлшний үнэ байна.

 

Өөрөөр хэлбэл 2,166,036 литр шатахууны төлбөрт 3,442,683,240 төгрөг төлөхөөс 3,398,531,583 төгрөг төлөгдсөн, үлдэгдэл 44,151,657 төгрөг төлөөгүй байна.

Гэхдээ  төлөгдөөгүй төлбөр  44,151,657 төгрөг нь 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр байгуулагдсан ШО17-2/223 дугаартай гэрээний дагуу төлөх төлбөрийн үлдэгдэл биш болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын тайлбар, анхан шатны шүүх хуралдаанд (тэмдэглэл, хх-68) нэхэмжлэгч талын гаргасан 44,151,567 төгрөг нь 2,893,790,900 төгрөгийн гэрээний үлдэгдэл төлбөр биш гэсэн тайлбар зэргээр тогтоогддог. 

 

Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд талуудын хооронд байгуулагдсан ШО17-2/223 дугаартай  дизель түлш худалдах,худалдан авах гэрээгээр худалдагч М ХХК нь 1,820,000 литр шатахуун нийлүүлэх байтал 2,166,036 литр шатахуун нийлүүлсэн, худалдан авагч Ш ХК нь 2,893,790,900 төгрөг төлөх байтал 3,398,531,583 төгрөг төлсөн, өөрөөр хэлбэл, нийлүүлэх ёстой шатахуун нь 346 036 литр буюу 548,883,240 төгрөгөөр нэмэгдсэн буюу илүү нийлүүлэгдсэн байна.

 

Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ” гэж,

Мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д “хэлцлийн гол нөхцөлийн талаар хэлэлцэн тохиролцсон тохиолдолд  амаар хийх хэлцлийг хийсэн гэж үзнэ,

Хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д “ эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээг байгуулсанд тооцно” гэж  тус тус заасан.

 

Иймээс талуудын хооронд өмнө байгуулагдсан буюу ШО17-2/223 дугаартай  гэрээний гүйцэтгэлийн хугацааны дотор илүү нийлүүлэгдсэн  шатахууны хувьд зохигчийг  амаар худалдах, худалдан авах гэрээ хийсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

 Тиймээс илүү нийлүүлэгдсэн гэх 346036 литр шатахууны үнэд 548,883,240 төгрөг төлөгдөхөөс 504,731,583 төгрөг нь төлөгдсөн, харин үлдэгдэл 44,151,657 төгрөг төлөгдөөгүй байх ба шүүх, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас 44,151,657 төгрөг буюу хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээгээр нэхэмжлэлийн  шаардлагын зарим хэсгийг хангасан нь үндэслэлтэй байна.

 

Харин алданги болон  нийлүүлсэн шатахууны үнийн зөрүү гэж нэхэмжилсэн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 

Учир нь  1.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ” гэж заасан.

 

Нэхэмжлэгч талын /хх-68/ алданги нь гэрээтэй холбоо байхгүй, нийлүүлсэн бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөр 44,151,657 төгрөгт алданги бодсон гэх, хариуцагч талын /хх-66/ 44,151,657 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байгаа, харин гэрээгүй учир алданги төлөхгүй гэх тайлбаруудаас үзэхэд талуудын хооронд анзын гэрээ бичгээр байгуулагдаагүй, алдангийн гэрээг бичгээр хийгээгүй нь алданги нэхэмжлэх эрхээ алдана гэж үзэн алданги гаргуулах шаардлагыг хэрэсэхгүй болгон шийдвэрлэсэн  анхан шатны шүүхийн дүгнэлт, шийдвэр хуульд нийцсэн  байна.

 

2. Нэхэмжлэгчийн  “нийлүүлсэн шатахууны үнийн зөрүүний тооцоо” /хх-22/-ноос  үзэхэд 2017 оны 12 дугаар сарын 28-аас 2018.01.29-н хүртэл хугацаанд А-80 1500 төгрөг, дизель түлш 1820 төгрөг,  2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 2018 оны 03 сарын 31-н хүртэл хугацаанд дизель түлш 1950 төгрөг гэж тооцсон байна.

 

            Энэ нь Монгол Улсын Засгийн Газрын 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 26 дугаар тогтоол /хх-27/-оор импортоор оруулж ирсэн автобензин, дизель түлшний онцгой албан татварын хэмжээг нэмэгдүүлсэнтэй холбоотой, үүнтэй уялдан  2018 оны 02 дугаар сарын 05, 28-ны өдрүүдэд Ш ХК-д үнэ нэмэгдүүлэх, үнэ өөрчлөх тухай  албан бичгүүдийг хүргүүлсэн гэж нэхэмжлэгч тал тайларлажээ.

        

             Нэхэмжлэгч тал нь уг дизель түлшний үнийн зөрүү нэхэмжилсэн шаардлагаа Засгийн газрын 26 дугаар тогтоол, Роснефть-Монголия ХХК болон М ХХК-н хооронд байгуулсан үнэ өөрчлөх тухай гэрээний нэмэлт /хх-46,47/, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг /хх-48-49/ зэрэгт үндэслэсэн байна.

 

             Талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн ШО17-2/223 дугаартай гэрээний үүрэг  гүйцэтгэх хугацаанд дизель түлшний үнийг өсгөн тооцож үнийн зөрүү  /372 710 780 төгрөг/ гаргасан, мөн шатахууны нийлүүлэх хэмжээ дээрх гэрээний хавсралтад заасан хэмжээнээс 346036 литр шатахуунаар нэмэгдэж нийлүүлэгдсэн байх боловч талууд уг нийлүүлсэн түлшний үнэ нэмэгдсэн талаар харилцан тохиролцсон талаарх  бичгийн  баримт хэрэгт авагдаагүй, энэ талаар гэрээ байгуулаагүй, өмнө байгуулагдсан гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулаагүй, улмаар өмнөх гэрээний хугацаанд нийлүүлсэн түлшний тооцооноос салгаж тооцоололгүй нийтэд нь тооцсон учир  илүү нийлүүлэгдсэн гэх түлшний нэгж үнэ хэдий үеэс  нэмэгдсэн болох нь тодорхойгүй байна. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй  байна.

 

Хэрэв талуудын хооронд байгуулагдсан ШО17-2/223 дугаартай дизель түлш худалдах, худалдан авах гэрээний дагуу түлшний үнийг  нэмэгдсэн үнээр тооцон авах нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж үзсэн ч энэ талаар нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй болох нь уг гэрээний  тусгай нөхцөлийн 15.2-т “тендерт санал болгосон үнэ тендерийн гэрээ хэрэгжиж дуустал хүчин төгөлдөр үйлчилнэ” гэж заасан, үүнээс гадна тендерт оролцогч тал гэрээний хэрэгжилтийг хэвийн явуулах, үнийн өсөлт гаргахгүй тогтвортой барих үүднээс өөрийн нөөц агуулахтай байх, өөрийн агуулахад түлшний хангамж 2 сарын нөөц бүрдүүлэх боломжтой байх гэсэн үүргийн гүйцэтгэлийг хангасан байх ёстой зэргээр тогтоогдож байна.

 

Түүнчлэн нэхэмжлэгч тал нь давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа  шатахууны  төлбөрийн үлдэгдэл 44,151,657 төгрөг , түлшний үнийн зөрүү 372,710,780 төгрөг, нийт 416,862,437 төгрөгийн шаардлага гаргасан, энэ шаардлага нь нэмж нийлүүлсэн гэрээний үлдэгдэл төлбөр гэж тайлбарласныг  анхан шатны шүүх буруу ойлгож, 44,151,657 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэнийг зөвшөөрөхгүйн улмаас нийт 416,862,437 төгрөг гаргуулах, уг үнийн дүнд улсын тэмдэгтийн хураамж төлж гомдол гаргасан гэжээ.

Талуудын хооронд байгуулагдсан ШО17-2/223 дугаартай гэрээний гүйцэтгэлийн хугацаанд нэмж 346036 литр шатахуун нийлүүлэгдсэн ба уг түлшний үнэ нь Засгийн газрын 26 дугаар тогтоолын дагуу өссөн үнээр  тооцогдож, нийт 416,862,437 төгрөг  нэхэмжилсэн  гэх боловч энэ шаардлагаа нотлож чадаагүй болно.

Зүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нь эхний ээлжинд өөрийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ нотлох үүрэгтэй юм.

 

Иймд 416,862,437 төгрөг гаргуулах нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн167.1 дэх хэсгийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 134/ШШ2018/00174  дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс  давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,289,424 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Г.ТЭГШСУУРЬ

                                           ШҮҮГЧИД                            О.ОДНЯМАА

                                                                                        Х.БАЙГАЛМАА