Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 102/шш2021/03242

 

 

 

 

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

.....дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ..... дүүрэг, 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, ..... 37, .., 5 дугаар давхар, 501 тоот хаягт байрлах, И.Н ХХК /РД: ...../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, .....дүүрэг, 20 дугаар хороо, ... гудамж, 43 дугаар байр, ...тоот хаягт бүртгэлтэй, .....дүүрэг, 21 дүгээр хороо, .....  ийн 16 дугаар гудамж, 385 тоот хаягт оршин суух, Х овогт Г.Л /РД: ..../-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 43,973,333 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өлзийсайхан оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч И.Н ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У ийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: И.Н ХХК нь хариуцагч Г.Л гээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 43,973,333 төгрөг гаргуулах, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. И.Н ХХК нь хариуцагч Г.Л тэй 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хариуцагчаас гаргасан хүсэлтийг үндэслэж зээлийн гэрээ байгуулж, 20,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн. Мөн хариуцагчийн нэр дээр бүртгэлтэй ...... улсын дугаартай ковш загварын автомашиныг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээ байгуулсан. Зээлдэгч Г.Л зээлийн гэрээ байгуулснаас хойш өнөөдрийг хүртэл буюу 2 жил 8 сарын хугацаанд зээлээ төлөөгүй. Нэхэмжлэгч тал хариуцагчаас зээлээ төлөхийг удаа дараа шаардаж байсан боловч Г.Л нь утасны дугаараа сольж, анх амьдарч байсан хаяган дээрээ амьдрахаа больсон байсан тул зээлдэгчтэй холбоо тогтоох боломжгүй болсон. Шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө Г.Л тэй эвлэрэн хэлэлцэх талаар ярилцаж байсан боловч тодорхой шийдэлд хүрч чадаагүй. Шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа ч мөн хариуцагчтай холбогдож чадахгүй нөхцөл байдал олон удаа үүсэж байсан. Өнгөрсөн хугацаанд зээлдэгчийн зүгээс ямар шалтгааны улмаас зээлээ төлөхгүй байгаа тухайгаа мэдэгдэж байгаагүй. Зээлийн гэрээний 1.2.4 дэх хэсэгт зааснаар зээлийн хүүг зээл олгосон өдрөөс эхэлж тооцдог. 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэл буюу 2021 оны 06 дугаар сарын 24-ны өдөр хүртэл 524 хоногийн хугацаанд зээлийг ашигласан гэж үзэж үндсэн зээл 20,0000,000 төгрөг, 524 өдрийн хүү 13,973,333 төгрөг, алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байхаар тооцоолж алдангид 10,000,000 төгрөг, нийт 43,973,333 төгрөгийг нэхэмжилж байна. Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс хангуулж өгнө үү.

 

Манай И.Н ХХК нь зээлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлгүй, мөн харьяа дүүргийн засаг даргаас ч авсан зөвшөөрөл байхгүй. Гэхдээ энэ нь зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй. Учир нь Иргэний хуулийн 281, 286 дугаар зүйлд заасны дагуу гэрээг бичгээр байгуулж, зээлдэгчийн өмчлөлд мөнгийг шилжүүлсэн. Нэхэмжлэгч тал тусгай зөвшөөрөлтэй холбоотойгоор тусад нь нэхэмжлэлийн шаардлага гаргаж холбогдох хууль, журмын дагуу шийдвэрлэгдэх боломжтой гэж үзэж байна. Ломбардын үйл ажиллагаа явуулах батламжийг дүүргийн засаг даргаас өгдөг бөгөөд уг хүсэлтийг манай байгууллага хорооны засаг даргад өгсөн гэж надад хэлсэн ба энэ талаарх баримт байхгүй. ..... дүүрэгт байрлах манай байгууллага нь барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаггүй, ..... дүүрэгт маркетинг, хүний нөөц хариуцсан удирдлагын хэлтэс байрладаг. .....дүүрэгт байрлах манай салбар нь дүүргийнхээ засаг даргад хүсэлт өгөөгүй, зөвшөөрөл байхгүй. Хариуцагч тал хууль зөрчиж хийсэн хэлцэл гэж үзэж буй нь үндэслэлгүй байх бөгөөд энэ талаар хуулийн зохицуулалт байхгүй. 2016 оны Барьцаалдан зээлдүүлэх үйл ажиллагааны журамд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авна гэх зүйл, заалт байхгүй. Харин тухайн хорооны засаг дарга нь цагдаагийн газартай гэмт хэргээс урьдчилан сэргийлэх гэрээ байгуулах, Монгол улсын барьцаалдан зээлдүүлэх үйл ажиллагааны стандартад заасан үйл ажиллагаа явуулна гэх байдлаар хариу ирүүлсэн бөгөөд энэхүү баримтууд нь хэрэгт ач холбогдолгүй тул нотлох баримтаар өгөөгүй. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас асуухад бичгээр бус амаар танай байгууллага стандартад зааснаар үйл ажиллагаа явуулна гэж хэлж байсан. Барьцаалдан зээлдүүлэх зөвшөөрлийг засаг даргаас авна гэх хууль, журмыг би олж хараагүй. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татвараас зайлсхийсэн, бусад салбарууд нь үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй гэж тайлбарлаж буй нь үндэслэлгүй юм. Энэхүү маргаан нь .....дүүрэгт хамаарах салбартай холбоотой маргаан юм, манай байгууллагын орон нутагт байрлах салбарууд нь орон нутгийн улсын бүртгэлд бүргүүлээд, гэрчилгээтэй, байгууллагын дансаар үйл ажиллагаа явуулж, татвараа төлдөг. Хариуцагч тал 2008 оны хэрэгтэйгээ холбож ярьж буй нь ёс зүйгүй байна. Үйл ажиллагааны зөвшөөрөл нь манай талд буруу зүйл байгаа боловч манай удирдлагын зүгээс зөвшөөрөл авах хүсэлтээ өгсөн гэж хэлсэн боловч бичиг нь өөрөөр ирсэн байна. Гэвч зээлийн гэрээний хувьд бид хууль зөрчөөгүй, зээлдэгчид мөнгийг шилжүүлж, гэрээнд заасны дагуу нэхэмжлэл гаргасан гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г ийн шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: И.Н ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 43,973,333 төгрөгийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тодруулбал, үндсэн зээл 20,000,000 төгрөгийг төлнө. Хүү болон алданги 23,973,333 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь И.Н ХХК нь гадаад худалдаа, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм байна. Нэхэмжлэгч тал нь иргэд, аж ахуй нэгжид зээлийн үйл ажиллагаа явуулах эрх нь нээлттэй боловч энэхүү үйл ажиллагааг явуулахад тусгай зөвшөөрөл шаардлагатай юм. Гэвч И.Н ХХК нь банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй байж энэ төрлийн үйл ажиллагаа эрхэлсэн байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт зааснаар хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл нь хууль зөрчсөн хэлцэлд тооцогддог. Өөрөөр хэлбэл хууль зөрчиж хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус байх тул талууд өгсөн, авсан зүйлсээ буцааж өгөхөөр хуульчилсан байдаг. Иймд хариуцагч Г.Л нь И.Н ХХК-иас авсан 20,000,000 төгрөгөө буцаан төлж, нэхэмжлэгч тал 40,000,000 төгрөгийн үнэ бүхий ковшийг хариуцагч Г.Л д буцаан өгөх нь хуулийн үндэслэлтэй байна. И.Н ХХК нь удирдлага, маркетингаар хангадаг бөгөөд салбарууд нь зээлийг хариуцаж үйл ажиллагаа явуулдаг гэж хариуцагч тал тайлбарлаж байна. Гэвч нэхэмжлэгч И.Н ХХК-ийн охин компанийн салбарууд нь орон нутагт бие даасан аж ахуйн нэгжийн эрхтэйгээр үйл ажиллагаа эрхлээгүй. Энэхүү маргаанд .....дүүрэгт байрлаж буй И.Н ХХК-ийн салбар нь .....дүүргийн засаг даргаас үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл аваагүй байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талд нотлох баримтаа бүрдүүлэх хангалттай хугацаа олгосон. Гэвч нэхэмжлэгч тал нь 2008 оноос хойш 12 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулахдаа татвар төлөхгүй, хууль бус үйл ажиллагаа явуулсан байна. Үүнээс үзэхэд зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулах ёстой этгээд зөвшөөрөл авалгүй үйл ажиллагаа явуулсан нь хууль зөрсөн байна. Зөрчлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5 дахь хэсэгт банк бус санхүүгийн байгууллагын салбарыг зөвшөөрөлгүй нээсэн, эсхүл банк бус санхүүгийн байгууллагаас бусад этгээд банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа эрхэлсэн бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан байна. Банк байгуулах зөвшөөрлийг Монгол банкнаас, банк бус санхүүгийн байгууллага болон хадгаламж зээлийн хоршооны үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хорооноос өгдөг. Иргэний хуулийн 286 дугаар зүйлд заасан барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг тухайн аж ахуйн нэгжийн байрлаж буй дүүргийн засаг даргаас зөвшөөрөл авдаг. Зөвшөөрөлгүйгээр явуулсан үйл ажиллагаанд хүү, алданги шаардах эрхгүй юм, учир нь нэхэмжлэгч тал хууль зөрчиж үйл ажиллагаа явуулсан байна. И.Н ХХК нь зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан байх тул талуудын хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд, зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад, 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч И.Н ХХК нь хариуцагч Г.Л д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 43,973,333 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч Г.Л нь ... нэхэмжлэгч И.Н ХХК нь зээлийн үйл ажиллагааг зөвшөөрөлгүйгээр явуулсан байна. Иргэний хуулийн 286 дугаар зүйлд заасан зээлийн гэрээний үйл ажиллагааг дүүргийн засаг даргаас олгосон зөвшөөрлийн үндсэн дээр явуулах ёстой. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт зааснаар хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл нь хууль зөрчсөн хэлцэлд тооцогддог. Өөрөөр хэлбэл хууль зөрчиж хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус байх тул талууд өгсөн, авсан зүйлсээ буцааж өгөхөөр хуульчилсан байдаг. Иймд хариуцагч Г.Л нь И.Н ХХК-иас авсан 20,000,000 төгрөгөө буцаан төлж, нэхэмжлэгч тал 40,000,000 төгрөгийн үнэ бүхий ковшийг хариуцагч Г.Л д буцаан өгөх нь хуулийн үндэслэлтэй байна гэж маргажээ.

 

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч И.Н ХХК нь хариуцагч Г.Л тэй 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 0-00-00000000 тоот зээлийн гэрээ байгуулж 20,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлдүүлж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар мөн өдөр Б-00-000000000 тоот барьцааны гэрээ байгуулж Г.Л гийн өмчлөлийн ...... улсын дугаартай, 2012 онд үйлдвэрлэгдсэн, 40,000,000 төгрөгийн үнэ бүхий Lingong LC-000 буюу /ковш/ загварын тээврийн хэрэгслийг барьцаалсан ба зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ., 282 дугаар зүйлийн 282.4Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно. гэж заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хуульд заасан хэлбэр, шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ байгуулагджээ.

 

Зээлийн гэрээний хугацаа 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр дуусгавар болсон, мөн хариуцагч Г.Л нь зээлийн гэрээний үүрэгт огт төлбөр төлж байгаагүй, талууд гэрээний хугацааг сунгаж байгаагүй нь зээлийн гэрээ, зохигчдын гаргасан тайлбараар тогтоогдож байна. Нэхэмжлэгч И.Н ХХК нь зээлийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий этгээд биш тул гэрээгээр тохиролцсон 12 сарын хүүг нэхэмжлэх эрхтэй ба зээлийн гэрээ байгуулсан өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийг хүртэл 524 өдрийн хүүнд 13,973,333 төгрөг нэхэмжилж байна гэх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар үндэслэлгүй. Хариуцагч Г.Л гээс үндсэн зээлд 20,000,000 төгрөг, үндсэн хүүнд /20,000,000 төгрөг х 4 хувь = 800,000 төгрөг, 12 сар х 800,000 төгрөг = 9,600,000 төгрөг/ 9,600,000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх 655 хоногийн алдангид 10,000,000 төгрөг гаргуулах нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасантай нийцнэ. Иймд хариуцагч Г.Л гээс үндсэн зээлд 20,000,000 төгрөг, хүүнд 9,600,000 төгрөг, алдангид 10,000,000 төгрөг нийт 39,600,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч И.Н ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх үндэслэлгүйгээр хүүнд нэхэмжилсэн 4,373,333 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Мөн хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг зохигчдын хооронд байгуулсан 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б-00-0000000 тоот барьцааны гэрээний 2.1-д заасан барьцаа хөрөнгөнөөс хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г нь ... нэхэмжгч И.Н ХХК нь зээлийн үйл ажиллагааг зөвшөөрөлгүйгээр явуулсан байна. Иргэний хуулийн 286 дугаар зүйлд заасан зээлийн гэрээний үйл ажиллагааг дүүргийн засаг даргаас олгосон зөвшөөрлийн үндсэн дээр явуулах ёстой. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт зааснаар хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл нь хууль зөрчсөн хэлцэлд тооцогддог. Өөрөөр хэлбэл хууль зөрчиж хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус байх тул талууд өгсөн, авсан зүйлсээ буцааж өгөхөөр хуульчилсан байдаг. Иймд хариуцагч Г.Л нь И.Н ХХК-иас авсан 20,000,000 төгрөгөө буцаан төлж, нэхэмжлэгч тал 40,000,000 төгрөгийн үнэ бүхий ковшийг хариуцагч Г.Л д буцаан өгөх нь хуулийн үндэслэлтэй байна гэх тайлбар үндэслэлгүй байна. Учир нь нэхэмжлэгч И.Н ХХК нь банк, зээлийн үйл ажиллагаа явуулах болон барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулах эрх бүхий этгээд биш болох нь нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.У ийн ... манай байгууллага дүүргийн засаг даргаас болон бусад этгээдээс зээлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл аваагүй, харин авахаар хүсэлт өгсөн байгаа боловч шийдэгдээгүй байгаа гэх тайлбар, .....дүүргийн Засаг даргын тамгын газрын 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 00/0000 тоот албан бичиг,..... дүүргийн Засаг даргын тамгын газрын 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 0/0000 тоот ... И.Н ХХК нь барьцаалан зээлдүүлэх чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх хүсэлт ирүүлээгүй, засаг даргын тамгын газраас тус компанинд олгосон зөвшөөрөл, гэрээ байхгүй гэх албан бичгүүдээр тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг тус тус баримтлан хариуцагч Г.Л гээс зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 20,000,000 төгрөг, хүүнд 9,600,000 төгрөг, алдангид 10,000,000 төгрөг, нийт 39,600,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч И.Н ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,373,333 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар үүргийн гүйцтэгэлийг барьцаа хөрөнгөнөөс буюу Г.Л гийн өмчлөлийн ...... улсын дугаартай, 2012 онд үйлдвэрлэгдсэн, 40,000,000 төгрөгийн үнэ бүхий Lingong LC-000 буюу /ковш/ загварын тээврийн хэрэгслээс хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 444,017 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 426,150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР