Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 102/шш2021/03068

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

.....дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ....дүүрэг, 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 24 дүгээр байр, 86 тоот хаягт оршин суух, Б овогт Г.Б /РД: ...../-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, .....дүүрэг, 20 дугаар хороо, ...... гудамж, өөрийн байр, Д.С ТӨХК /РД: ...../-д холбогдох,

 

Үндэслэлгүйгээр суутгасан 2,479,896 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Лхамсүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б ы шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Г.Б нь 1981 оны 8 дугаар сард Д.С ТӨХК-д трубин цехийн засварчинаар ажилд орж тасралтгүй 38 жил 4 сар ажиллаад Монгол улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалын хавсралтаар баталсан Тэтгэврийг хөнгөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуу, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалтын гуравдугаар бүлгийн Хөдөлмөрийн халуун нөхцөлийн нэг дэх нөхцөлд хамаарагдах ажил мэргэжлийн дагуу 2018 оны 12 дугаар сард өндөр насны тэтгэвэрт гарсан. Г.Б г өндөр насны тэтгэвэрт гарахад сүүлийн 36 сарын үндсэн цалингийн дунджаар тооцоод 24,798,986 төгрөгний нэг удаагийн тэтгэмж олгохоор Д.С ТӨХК-ийн захиргаа шийдвэрлэсэн. Д.С ТӨХК-иас нэг удаагийн тэтгэмжийг Г.Б гийн харилцах дансанд шилжүүлэхдээ үнийн дүнгийн 10 хувийг суутган авч үлдсэн байна. Энэ талаар ямар учиртайг лавлахад Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу суутгал хийсэн гэж мэдэгдсэн.

 

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлд албан татвараас чөлөөлөх орлогын талаар хуульчилсан байдаг ба 22 дугаар зүйлийн 22.1.1-д хууль тогтоомжид тусгайлан заасны дагуу олгож байгаа тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, үзүүлж байгаа хөнгөлөлт, нөхөн олговор болон нэг удаагийн буцалтгүй тусламж гэж хуульчилсан. Нэг удаагийн буцалтгүй тусламжаас 10 хувийн татвар авсан талаар станцийн санхүүгийн албаны ажилчидтай уулзсан боловч тодорхой хариулт өгөөгүй, өнөөдрийг хүртэл хэрэгжүүлээгүй байна. Иймд хариуцагч Д.С ТӨХК-иас үндэслэлгүйгээр суутгасан 2,479,896 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Д.С ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б гийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Г.Б 27 жил 11 сар ажиллаад, өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн тул 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б000 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн. Д.С -4 ТӨХК-ийн захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан Хамтын гэрээний 12.1-т заасны дагуу Г.Б гийн ...... салбарт ажилласан жилийг ...... салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр бодож, нэг удаагийн мөнгөн тэтгэмж 21,440,000 төгрөг олгосон. Энэ мөнгөн тэтгэмжээс хувь хүний орлогын албан татвар 10 хувиар тооцон суутгаж .....дүүргийн татварын хэлтсийн дансанд шилжүүлсэн. Иймд .....дүүргийн татварын хэлтсээс нэхэмжлэн буцааж авах үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

 

 

Иргэн Г.Б нь Д.С ТӨХК-д нийт 27 жил 11 сар ажиллаад өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн тул 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/000 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн. Манай байгууллагын захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан Хамтын гэрээний 12.1-д заасны дагуу Б.Б гийн ...... салбарт ажилласан жилийг ...... салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр бодож нэг удаагийн мөнгөн тэтгэмж 21,440,000 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн. Энэ мөнгөн тэтгэмжээс хувь хүний орлогын албан татварыг 10 хувиар тооцон суутгаж, .....дүүргийн татварын албаны дансанд шилжүүлсэн байна. Иймд .....дүүргийн Татварын хэлтсээс нэхэмжлэн буцааж авах үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчдийн тайлбар болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч Д.С ТӨХК-д холбогдуулан үндэслэлгүйгээр суутгасан 2,479,896 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч ... Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд заасны дагуу Г.Б д олговол зохих тэтгэмжээс 10 хувьтай тэнцэх хэмжээний буюу 2,479,896 төгрөгийг суутгаж, татварын байгууллага руу шилжүүлсэн. Иймд .....дүүргийн Татварын хэлтсээс нэхэмжлэн буцааж авах үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргажээ.

 

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ. Үүнд,

 

Нэхэмжлэгч Г.Б нь 1981 оны 8 дугаар сард Д.С ТӨХК-ийн Трубин цехийн засварчинаар ажилд ороод тасралтгүй 38 жил 4 сар ажиллаж байгаад 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/000 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөгдсөн болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх бөгөөд талууд энэхүү үйл баримтын талаар маргаагүй. Нэхэмжлэгч нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөнтэй холбогдуулан Д.С ТӨХК-ийн захиргаа болон Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулагдсан Хамтын гэрээ-ний 12.1-д заасны дагуу хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч Г.Б д 21,440,000 төгрөгийн нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг олгохоор шийдвэрлэж, энэхүү тэтгэмжээс 10 хувийг хувь хүний орлогын албан татварт суутган авсан болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан дансны хуулга зэрэгт баримтаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь нэг удаагийн мөнгөн тэтгэмжээс хувь хүний орлогын албан татварт тооцон 10 хувийг суутган авсан хариуцагч байгууллагын үйлдэл нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэх агуулгаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлажээ. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, маргаж байх ба үндэслэлээ ... нэхэмжлэгчид олгосон удаагийн мөнгөн тэтгэмжээс хувь хүний орлогын албан татварт суутган авсан мөнгийг манай байгууллага татварын албанд шилжүүлсэн тул манай байгууллагаас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэх агуулгаар тайлбарлан, маргаж байна.

 

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1 дэх хэсэгт хууль тогтоомжид тусгайлан заасны дагуу олгож байгаа тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, үзүүлж байгаа хөнгөлөлт, нөхөн олговор болон нэг удаагийн буцалтгүй тусламжийг орлогын албан татвараас чөлөөлөхөөр заасан. Хариуцагч Д.С ТӨХК-ийн захиргаа болон Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулагдсан Хамтын гэрээ-ний 12.1-д заасны дагуу нэхэмжлэгч нарт олгосон нэг удаагийн мөнгөн тэтгэмж нь орлогын албан татвараас чөлөөлөгдөх орлого байх тул хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч нарт олгосон тэтгэмжээс 10 хувийг хувь хүний орлогын албан татварт суутган авсан нь үндэслэлгүй байна.

 

Хариуцагчийн нэхэмжлэгчид олгосон тэтгэмжээс суутган авсан 10 хувийн татварыг татварын албаны дансанд шилжүүлсэн гэх тайлбар хариуцагч байгууллагын хууль зөрчиж татвар суутган авсан үйлдлийг зөвтгөх үндэслэл болохгүй юм. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Д.С ТӨХК-иас 2,479,896 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Б д олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон:

 

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.С ТӨХК-иас 2,479,896 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Б д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,630 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.С ТӨХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 54,630 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Б д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР