Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 102/шш2021/03067

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

......дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ...... дүүрэг, 15 дугаар хороо, .... хороолол, 6а байр, 35 тоот хаягт оршин суух, Б овогт Ч.О /РД: ....../-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, ......дүүрэг, 20 дугаар хороо, ..... гудамж, өөрийн байр, Д.С ТӨХК /РД: ......../-д холбогдох,

 

Үндэслэлгүйгээр суутгасан 2,835,042 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б......, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б......, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Лхамсүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б......ы шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Ч.О нь 1981 оны 9 дүгээр сард Д.С ТӨХК-д гагнуурчингаар орж ажиллаж байгаад 1999 оноос Д.С ТӨХК-д гагнуурчингаар ажилд орж, ..... салбарт тасралтгүй 38 жил 5 сар ажиллаад Монгол улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалын хавсралтаар баталсан Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуу, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалтын гуравдугаар бүлгийн Хөдөлмөрийн халуун нөхцөлийн нэг дэх нөхцөлд хамаарагдах ажил мэргэжлийн дагуу 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр өндөр насны тэтгэвэрт гарсан. Ч.О.......ыг өндөр насны тэтгэвэрт гарахад сүүлийн 36 сарын үндсэн цалингийн дунджаар тооцоод 28,350,424 төгрөгийн нэг удаагийн тэтгэмж олгохоор Д.С ТӨХК-ийн захиргаа шийдвэрлэсэн. Д.С ТӨХК-иас нэг удаагийн тэтгэмжийг Ч.О.......ын харилцах дансанд шилжүүлэхдээ үнийн дүнгийн 10 хувийг суутган авч үлдсэн байна. Энэ талаар ямар учиртайг лавлахад Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу суутгал хийсэн гэж мэдэгдсэн.

 

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлд албан татвараас чөлөөлөх орлогын талаар хуульчилсан байдаг ба 22 дугаар зүйлийн 22.1.1-д хууль тогтоомжид тусгайлан заасны дагуу олгож байгаа тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, үзүүлж байгаа хөнгөлөлт, нөхөн олговор болон нэг удаагийн буцалтгүй тусламж гэж хуульчилсан. Нэг удаагийн буцалтгүй тусламжаас 10 хувийн татвар авсан талаар станцын санхүүгийн албаны ажилчидтай уулзсан боловч тодорхой хариулт өгөөгүй, өнөөдрийг хүртэл хэрэгжүүлээгүй байна. Манай зүгээс буруу тооцоолол хийсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагаа 377,442 төгрөгөөр багасгаж, 2,457,600 төгрөг хариуцагч Д.С ТӨХК-иас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Д.С ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б......гийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Ч.О....... нь Д.С ТӨХК-д 32 жил ажиллаад, өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн тул 2018 оны 10 дугаар сарын 08-ний өдрийн Б/000 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн. Д.С ТӨХК-ийн захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан Хамтын гэрээ-ний 12.1-т заасны дагуу Ч.О.......ын ..... салбарт ажилласан жилийг ..... салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр бодож, нэг удаагийн мөнгөн тэтгэмж 24,576,000 төгрөг олгосон. Энэ мөнгөн тэтгэмжээс хувь хүний орлогын албан татвар 10 хувиар тооцон суутгаж ......дүүргийн татварын хэлтсийн дансанд шилжүүлсэн. Иймд ......дүүргийн татварын хэлтсээс нэхэмжлэн буцааж авах үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчдийн тайлбар болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ч.О....... нь хариуцагч Д.С ТӨХК-д холбогдуулан үндэслэлгүйгээр суутгасан 2,835,042 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 377,442 төгрөгөөр багасгаж, 2,457,600 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч ... Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд заасны дагуу Ч.О.......т олговол зохих тэтгэмжээс 10 хувьтай тэнцэх хэмжээний буюу 2,457,600 төгрөгийг суутгаж, татварын байгууллага руу шилжүүлсэн. Иймд ......дүүргийн Татварын хэлтсээс нэхэмжлэн буцааж авах үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргажээ.

 

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ. Үүнд,

 

Нэхэмжлэгч Ч.О....... нь 1981 оны 9 дүгээр сард Д.С ТӨХК-д гагнуурчингаар ажиллаж байгаад 1999 оноос Д.С ТӨХК-д гагнуурчингаар ажилд ороод тасралтгүй 38 жил 5 сар ажиллаж байгаад 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Б/364 дүгээр тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөгдсөн болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх бөгөөд талууд энэхүү үйл баримтын талаар маргаагүй. Нэхэмжлэгч нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөнтэй холбогдуулан Д.С ТӨХК-ийн захиргаа болон Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулагдсан Хамтын гэрээ-ний 12.1-д заасны дагуу хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч Ч.О.......т 24,576,000 төгрөгийн нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг олгохоор шийдвэрлэж, энэхүү тэтгэмжээс 10 хувийг хувь хүний орлогын албан татварт суутган авсан болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан дансны хуулга зэрэгт баримтаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь нэг удаагийн мөнгөн тэтгэмжээс хувь хүний орлогын албан татварт тооцон 10 хувийг суутган авсан хариуцагч байгууллагын үйлдэл нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэх агуулгаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлажээ. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, маргаж байх ба үндэслэлээ ... нэхэмжлэгчид олгосон удаагийн мөнгөн тэтгэмжээс хувь хүний орлогын албан татварт суутган авсан мөнгийг манай байгууллага татварын албанд шилжүүлсэн тул манай байгууллагаас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэх агуулгаар тайлбарлан, маргаж байна.

 

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1 дэх хэсэгт хууль тогтоомжид тусгайлан заасны дагуу олгож байгаа тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, үзүүлж байгаа хөнгөлөлт, нөхөн олговор болон нэг удаагийн буцалтгүй тусламжийг орлогын албан татвараас чөлөөлөхөөр заасан. Хариуцагч Д.С ТӨХК-ийн захиргаа болон Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулагдсан Хамтын гэрээ-ний 12.1-д заасны дагуу нэхэмжлэгч нарт олгосон нэг удаагийн мөнгөн тэтгэмж нь орлогын албан татвараас чөлөөлөгдөх орлого байх тул хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч нарт олгосон тэтгэмжээс 10 хувийг хувь хүний орлогын албан татварт суутган авсан нь үндэслэлгүй байна.

 

Хариуцагчийн нэхэмжлэгчид олгосон тэтгэмжээс суутган авсан 10 хувийн татварыг татварын албаны дансанд шилжүүлсэн гэх тайлбар хариуцагч байгууллагын хууль зөрчиж татвар суутган авсан үйлдлийг зөвтгөх үндэслэл болохгүй юм. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Д.С ТӨХК-иас 2,457,600 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.О.......т олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон:

 

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.С ТӨХК-иас 2,457,600 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.О.......т олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60,310 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.С ТӨХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 54,272 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.О.......т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР