| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2021/03639/И |
| Дугаар | 102/шш2021/03066 |
| Огноо | 2021-11-23 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 11 сарын 23 өдөр
Дугаар 102/шш2021/03066
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
.....дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, .....дүүрэг, 20 дугаар хороо, ......., өөрийн байр, У.Б ХХК /РД: ....../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, .....дүүрэг, 2 дугаар хороо, .......... гудамж, ...... 2 тоот хаягт байрлах, ..... ХХК /РД: ...../-д холбогдох,
Гэрээний үүрэгт 47,235,900 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.П , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Эрхэм нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч У.Б ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.П гийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Хариуцагч ..... ХХК нь манай компанитай 2019 оны 05 дугаарр сарын 03-ны өдөр №00000 дугаартай Бетон эдлэл бэлтгэн нийлүүлэх тухай гэрээ байгуулсан. Тус гэрээний дагуу 66,929,100 төгрөгийн бараа бүтээгдэхүүн худалдан авахаар тохиролцсон ба тус компани 2019 оны 05 дугаар сарын 24-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн хооронд нийт 41,490,600 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг ..... ХХК-нд хүлээлгэн өгсөн. ..... ХХК-ны зүгээс гэрээ байгуулагдсан өдөр буюу 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 00/00 дугаартай албан бичгээр 30,000,000 төгрөгийн бараа материалыг 45 хоногийн хугацаатай зээлж, зээлийн барьцаанд ..... Даевөө загварын зүтгүүр, ...... улсын дугаатай LCT загварын ачааны автомашиныг тус тус барьцаалсан. 2019 оны 08 дугаар сарын 02-нд хамгийн сүүлийн бараа материалыг хүлээн авсан бөгөөд түүнээс хойш 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 10,000,000 төгрөгийн төлбөрийг төлсөн. Түүнээс хойш манай компанийн хууль, хангамжийн албанаас удаа дараалан шаардлага хүргүүлж ажилласан боловч Ковид-19 цар тахалын улмаас санхүүгийн байдал хүнд байгаа тухай ярьж хугацаа өгөхийг хүссэний дагуу төлбөрийг хойшлуулж байсан. 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр дахин шаардлага хүргүүлж үлдэгдэл төлбөрийг яаралтай барагдуулаагүй тохиолдолд алданги тооцон нэхэмжлэх тухайгаа мэдэгдэж байсан. Тус компанийн захирал Б.Б нь Улсад нилээн олон тендерийн ажил гүйцэтгэж байгаа, удахгүй санхүүжилтээ аваад танай төлбөрийг барагдуулна. Биднийг шүүхэд битгий өгөөч, алданги тооцвол бидэнд санхүүгийн хувьд их хүндрэлтэй болохоор байна. Бид өнөөдөр 5 сая төгрөг шилжүүлье. Үлдэгдэл мөнгийг нь яаралтай барагдуулна. гэх мэтээр аргацааж, биднийг удаа дараалан хууран мэхэлж, итгэл эвдсэн.
Хамгийн сүүлд бараа бүтээгдэхүүн хүлээн авч тооцоо хийх ёстой байсан хугацааг 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр гэж тооцвол түүнээс хойш 793 хоног өнгөрсөн байна. Энэ хугацаанд гүйцэтгээгүй үүрэг нь нийт үлдэгдэл болох 31,490,600 төгрөг юм. Гэрээний 6 дугаар зүйлийн 6.2-т Захиалагч нь бүтээгдэхүүний төлбөрийг энэхүү гэрээгээр тогтоосон хугацаанд багтаан бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн өдрөөс эхлэн төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувийн алдангийг хоног тутамд тооцож Бэлтгэн нийлүүлэгчид төлнө. гэж, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй. гэж тус тус заасны дагуу алдангид 15,745,300 төгрөгөөр алдангийг тооцсон болно. Иймд ..... ХХК-иас 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн №........ дугаар Бетон эдлэл бэлтгэн нийлүүлэх тухай гэрээ-ний үлдэгдэл төлбөрт 31,490,600 төгрөг, алдангид 15,745,300 төгрөг, нийт 47,235,900 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч ..... ХХК-ийн шүүхэд гаргасан хариу тайлбарт: Манай компани нь 2019 онд Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн 10 дугаар гудамжинд борооны ус зайлуулах сувгийн барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэж байгаатай холбогдуулж У.Б ХК-тай 66,929,100 төгрөгийн бараа материалыг зээлж, зээлийн барыдаанд ..... Даевөө загварын зүтгүүр, ...... LCT загварын ачааны автомашиныг тус тус барьцаалж 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр №........ дугаартай төмөр бетон эдлэл бэлтгэн нийлүүлэх гэрээг байгуулсан билээ. Тус гэрээний дагуу 41,490,600 төгрөгийн бараа материалыг хүлээн авсан. Үүнээс 10,000,000 төгрөгийн төлбөрийг төлсөн. Бид дээрх ажлыг гүйцэтгэх явцад Яармаг дэд станцын 10 кв-ын цахилгааны шугам, мөн Яармагийн цэвэр усны шугамын трассын дагуу тус тус давхцаж байгаа шалтгаанаар уг ус зайлуулах сувгийн ажлын трасс өөрчлөгдөж байгаатай холбогдуулан бараа материалын зөрүү үүсч тус ажилд ашиггүй алдагдалтай ажилласан болно. Энэ тухайгаа 2019 онд байсан У.Б ХК-ийн борлуулалтын албаныхантай мэдэгдэж 2020 онд зээлээ төлөхөөр харилцан тохиролцсон. Гэвч дэлхий нийтийг хамарсан коронавирусын өвчлөл гарч тухайн жилд хийгдэж байсан Дорнод аймгийн Баяндун суманд хэрэгжих ёстой ажлын тэр жилийн санхүүжилт татагдсан ба улсын хэмжээнд хэд хэдэн удаа хатуу хөл хориог тогтоож, гүйцэтгэж байсан ажлуудыг үргэлжлүүлэх боломжгүй болж бид өнөөг хүртэл санхүүгийн хувьд хүндэрч хямралд өртөөд байна. Иймд бидний гарцаагүй хүнд байдлыг харгалзан үзнэ үү. Бид үндсэн төлбөр болох 31,490,600 төгрөгийг 2021 оны 12 дугаар сарын 15-ны дотор 31,490,600 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор 16,490,600 төгрөгийг тус тус төлөх болно гэв.
Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч У.Б ХХК нь хариуцагч ..... ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт үндсэн төлбөрт 31,490,600 төгрөг, алдангид 15,745,300 төгрөг, нийт 47,235,900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасныг хариуцагч ... бидний гарцаагүй хүнд байдлыг харгалзан үзнэ үү. Бид үндсэн төлбөр болох 31,490,600 төгрөгийг 2021 оны 12 дугаар сарын 15-ны дотор 31,490,600 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор 16,490,600 төгрөгийг тус тус төлөх болно гэж маргажээ.
Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч У.Б ХХК, хариуцагч ..... ХХК нар нь 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Төмөр бетон эдлэл бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулсан ба гэрээнд бэлтгэн нийлүүлэгч нь дан болон давхар арматуртай төмөр бетон хоолой, төмөр бетон цагираг, худгийг тагийг 40 хоногт нийлүүлэх, захиалагч нь үнийг төлөх үүрэгтэй гэж тохиролцсоноос үзэхэд зохигчдын хооронд хооронд Иргэний хуулийн 000 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээ хуульд заасан хэлбэр, шаардлагыг хангасан, нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч У.Б ХХК нь хариуцагч ..... ХХК-тай байгуулсан гэрээний үүрэгт 2019 оны 05 дугаар сарын 24-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн хооронд нийт 41,490,600 төгрөгийн үнэ бүхий төмөр бетон хоолой, төмөр бетон цагираг, худгийн тагийг нийлүүлсэн, хариуцагч гэрээний үүрэгт 10,000,000 төгрөг төлсөн, одоо 31,490,600 төгрөгийн үлдэгдэлтэй талаар зохигчид маргаагүй. Хариуцагч цар тахлын улмаас компанийн үйл ажиллагаа доголдсоны улмаас төлбөрөө төлж чадахгүйд хүрсэн, үндсэн төлбөр 31,490,600 төгрөгийг 2021 оны 12 дугаар сарын 15-ны дотор 31,490,600 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор 16,490,600 төгрөгийг тус тус төлнө гэж үндсэн төлбөрийг хүлээн зөвшөөрч, алдангийг төлөхийг зөвшөөрөхгүй талаар тайлбар гаргажээ. Гэвч зохигчдын хооронд байгуулсан гэрээний 6 дугаар зүйлийн 6.2-т Захиалагч нь бүтээгдэхүүний төлбөрийг энэхүү гэрээгээр тогтоосон хугацаанд багтаан бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн өдрөөс эхлэн төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувийн алдангийг хоног тутамд тооцож Бэлтгэн нийлүүлэгчид төлнө. гэж зааснаар нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй, хариуцагч алданги төлөх үүрэгтэй. Нэхэмжлэгч У.Б ХХК нь хариуцагчийн үүрэг гүйцэтгэх хугацааг 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр гэж тодорхойлж, нэхэмжлэл гаргасан өдөр буюу 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 793 хоногийн алдангид 15,745,300 төгрөгийг нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасантай нийцэж байна.
Иймд хариуцагч ..... ХХК-иас гэрээний үүрэгт 31,490,600 төгрөг, алдангид 15,745,300 төгрөг, нийт 47,235,900 төгрөг гаргуулж нэхэмжлэгч У.Б ХХК-д олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.4, 232.6-д заасныг баримтлан хариуцагч хариуцагч ..... ХХК-иас гэрээний үүрэгт 31,490,600 төгрөг, алдангид 15,745,300 төгрөг, нийт 47,235,900 төгрөг гаргуулж нэхэмжлэгч У.Б ХХК-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 394,130 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 394,130 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасныг баримтлан шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.МӨНХТӨР