| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Даваадорж |
| Хэргийн индекс | 188/2024/0926/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/1022 |
| Огноо | 2024-09-19 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Г.Нандин-Эрдэнэ |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 2024/ШЦТ/1022
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Даваадорж даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хаш-Эрдэнэ, улсын яллагч Г.Нандин-Эрдэнэ /цахимаар/, шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг нарыг оролцуулан тус шүүхийн байрны “А-1” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:
Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***т холбогдох, эрүүгийн 2403002100358 дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ***
Холбогдсон хэргийн талаар:/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч *** нь 2023 оны 06 дугаар сарын 17-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ дахин 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэж *** улсын дугаартай, “Тоёота приус-30” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д “жолоочид дараах зүйлийг хориглоно”, а/тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэх заалтыг зөрчиж Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Зээлийн 14 дүгээр гудамжны 406 тоотод хашааг мөргөж, улмаар хашаанд байх Монгол гэрийг мөргөн тус гэрт байх иргэн ***, *** нарыг гэмтээсэн гэх хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав.
Үүнд:
1. Шүүгдэгч *** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Эрүүгийн 2403002100358 дугаартай хэргээс:
2. Зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хавтаст хэргийн 3-4 дүгээр хуудас/,
3. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, холбогдох гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 5-8 дугаар хуудас/,
4. Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан “...3.18 хувь...” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 9 дүгээр хуудас/,
5. Иргэний нэхэмжлэгч ***: “...Би 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 14 цагийн орчим *** тоотод охины гурван хүүхэд болох *** нарын хамт зурагт үзээд байж байтал гэнэт гэрийн ар талаас сүр хийх чимээ гараад гэр хазайсан. Над дээрээс гэрийн унь унасан, харин орны толгой унаад бага хүүхэд дээрээс унасан. Тэр машин гэрийн ертөнцийн баруун талын хойд талаас мөргөж орж ирсэн. Тэгээд цагдаагийн байгууллага болон эмнэлгийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Дуудлага мэдээллийн дагуу түргэний машин ирээд намайг болон 3 хүүхдийг аваад явсан. Дараа нь Тээврийн цагдаагийн албаны бүрэлдэхүүн ирээд хэргийн газрын хэмжилт хийсэн ба тухайн тээврийн хэрэгслийн жолоочийг дрейгер багаж үлээлгэж шалгахад 3.18 хувийн согтолттой байсан. Осол гаргасан тээврийн хэрэгслийн журмын хашаанд байршуулаад жолоочийг нь аваад явсан. Миний нүдээр харахад тухайн тээврийн хэрэгслийн урд талын салхины шил нь цуурсан, урд фубер нь эвдэрсэн байсан. Гэр дотор байсан хүмүүс болох *** нарын биед ямар нэгэн гэмтэл бэртэл үүсээгүй. Харин миний биед Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын дүгнэлтээр хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон ба одоо миний бие байдлын хэвийн байгаа. Гэр бүхэлдээ эвдэрсэн ба гэр дотор байсан эд хогшлууд бүгд эвдэрсэн. Уг гэр миний өмчлөл, эзэмшилд байдаг бөгөөд би 2009 онд 2,100,000 төгрөгөөр Нарантуул захаас худалдан авч байсан. Эмчилгээтэй холбоотой надад гаргаж өгөх баримт байхгүй. Эмчилгээний зардлыг жолооч бүрэн төлсөн. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй бөгөөд осол гаргасан жолооч нь надад хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул ямар санал, хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дугаар хуудас/,
6. Иргэний нэхэмжлэгч *** “...Миний бие ***т гомдол, санал байхгүй. Манай гэр орон, гэрийн тавилга болон хашааг авч өгч хохирол барагдуулж өгсөн нь үнэн...” гэх тайлбар /хавтаст хэргийн 14 дүгээр хуудас/,
7. Иргэний нэхэмжлэгч ***гийн: “...Би 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 14 цаг өнгөрч байхад урд талын айлын *** хөрш утсаар залгаж ээжийн чинь гэрийг машин мөргөчихлөө гэж ярьсан. Түүний дагуу би ажил дээрээс чөлөө аваад ирсэн. Намайг ирэх үед эмнэлгийн машин манай гэрийн гадаа ирчихсэн байсан ба ээж, 3 хүүхэд болон намайг аваад явсан. Манай нөхөр үлдээд цагдаа нарт хэргийн хэмжилт хийлгэсэн. Ослын улмаас тухайн тээврийн хэрэгслийн урд талын гупер нь салаад унасан, урд талын салхины шил цуурсан зэрэг эвдрэлтэй харагдаж байсан. *** нарыг Шүүх шинжилгээний ерөнхий газарт гэмтлийн зэргийг тогтоолгохоор үзүүлсэн бөгөөд манай 3 охин дээр ямар нэгэн гэмтлийн зэрэг тогтоогдоогүй ба шинжээч эмчийн гаргасан дүгнэлтүүдийг хүлээн зөвшөөрч байна. Одоо манай хүүхдүүдийн биеийн байдал хэвийн, хичээл сургууль болон цэцэрлэгтээ явж байгаа. Тухайн тээврийн хэрэгслийн жолооч архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Нүдээр харахад согтуу царайтай харагдаж байсан. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Учир нь манай ээжийн гэрт учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул цаашид ямар нэгэн санал, хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дугаар хуудас/,
8. Иргэн *** “Хаан” банкны *** тоот дансаар хохирол барагдуулж авсан тухай дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 22 дугаар хуудас/,
9. Гэрч ***гийн: “...*** нь ернө тууштай, хийсэн зүйлээ заавал дуусгаж байж санаа нь амардаг. Зорилготой, өрөвч сайхан сэтгэлтэй, ууралсан ч уур нь тэр дороо гардаг зантай...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 50 дугаар хуудас/,
10. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 5008 дугаартай: “...1. *** биед зүүн гуя, шилбэнд няцарсан шарх, цус хуралт, хоёр шилбэнд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5. Учирсан гэмтэл нь тухайн осол гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 53-54 дүгээр хуудас/,
11. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 5004 дугаартай: “...1. ***ийн биед баруун гуянд цус хуралт, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5. Учирсан гэмтэл нь тухайн осол гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 57-58 дугаар хуудас/,
12. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 5006 дугаартай: “...1. ***ын биед нуруунд цус хуралт, баруун тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5. Учирсан гэмтэл нь тухайн осол гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 61-62 дугаар хуудас/,
13. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 5002 дугаартай: “...1. ***гийн биед зүүн хацар, хоёр өвдөгт цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5. Учирсан гэмтэл нь тухайн осол гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой....” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 65-66 дугаар хуудас/,
14. “Тэргүүн үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 24/011 дугаартай: “...Монгол гэр, гэрийн тавилга, модон хашаа зэргийг нийт 3,546,500 төгрөгөөр үнэлэв...” гэх Хөрөнгийн үнэлгээний тайлан, осолд өртсөн эд зүйлийн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 71-81 дүгээр хуудас/,
15. Авто тээврийн үндэсний төвийн Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 86-91 дүгээр хуудас/,
16. Тээврийн цагдаагийн албаны Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 13-2ж/432 дугаартай албан бичгээр ирүүлсэн: “...***ын зөрчлийн материалын хуулбар, шийтгэлийн хуудасны хуулбар...” /хавтаст хэргийн 95-109 дүгээр хуудас/,
17. Шүүгдэгч ***ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...Би хувиараа сантехникийн ажил хийдэг бөгөөд 2024 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр сангийн ажлаа гүйцэтгэж дуусгаад “***” ХХК-ийн инженер *** бид хоёр “Хар экс” нэртэй 0.5 литрийн 2 шил архи хувааж уусан. Тухайн өдөр сангийн багажтай явж байсан учир эхнэр ***г дуудсан. Эхнэр *** намайг машинтайгаа ирж авсан. Харин *** гэртээ харихаар явсан. Тэгээд 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр өглөө гэртээ сэрсэн. Эхнэр машинаа аваад хүүхдүүдийг хүргэж өгөхөөр явсан би гэртээ үлдсэн. Хүүхдээ хүргэж өгөөд гэртээ ирээд машины түлхүүрийг нэг газар нуучхаад яваад өгсөн ба би унтаж байгаад 15 цагийн орчим сэрээд машиныхаа түлхүүрийг хайж байгаад олсон. Түлхүүрээ олоод машинаа асаагаад гэрийн үүднээсээ ухрах үйлдэл хийгээд нэг мэдсэн нүд харанхуйлаад нэг харахад тоормос гишгэх гэж байгаад хазаа гишгээд өөрийнхөө хашаа болон айлын хашааг дайран айлын 5 ханатай Монгол гэрийг дайрсан. Тэгэхээр хөл карданаа гишгээд “Р” товчийг дарж яаралтай зогсох арга хэмжээ авсан. Тээврийн хэрэгслээс бууж ирхэд нэг эгч хүүхдээ тэвэрсэн гадаа явж байхаар нь “хүүхдүүд чинь гайгүй юу” гэж асуусан. Нөгөө эгч “нэг хүүхэд алга байна” гэж хэлсэн. Сандраад гэрийн хойд талын ханыг сөхсөн чинь нэг хүүхэд орны буйдангийн завсар уначихсан байж байсан. Нөгөө хүүхдийг тэврээд татаад авсан. Тэгтэл баахан хүмүүс гадаа цугларсан байдалтай байсан. Манай хойд айлын залуу яаралтай түргэн тусламж болон цагдаа дуудсан. Эхлээд түргэн ирээд нөгөө хүүхдүүд болон эгчийн үзээд Гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан. Дараа нь Тээврийн цагдаагийн албанаас бүрэлдэхүүн ирээд хэргийн газрын хэмжилт хийгээд, улмаар намайг драйгер багажаар үлээлгэж шалгахад надаас 3.18 хувийн согтолт илэрсэн. Би өөрийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Зээлийн 14-40а тоот хашаанаас урд айлын хашаа хүртэл 3 метр орчим жолоодож зам тээврийн осол гаргасан. Би 2005 онд “Их хурд” жолооны курсийг “В” ангиллаар төгссөн ба архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн цагдаагийн дэслэгч Н.Билгүүнд баригдаж Зөрчлийн тухайн хуулийн 14.7 дугаар 3.1 дэх хэсэгт зааснаар нэг жилээр жолоодох эрхээ хасуулан, улмаар 400,000 төгрөгөөр торгуулсан. ...Урд талын салхины шил хоёр газар цуурсан. Урд талын гупер хагарсан зэрэг гэмтэл үүсэн. Тухайн тээврийн хэрэгсэл “Богд” банкны нэр дээр байдаг ба манай эхнэр *** 2023 оны 08 дугаар сард 30 хувийг төлөөд сар болгон 776,000 төгрөгийг төлөх болзолтойгоор лизингээр авсан. Уг зам тээврийн ослоос болж хүний эрүүл мэндэд хохирол учраагүй, харин эд хөрөнгөд хохирол учирсан. Тухайн айлд учирсан хохирлыг 100 хувь төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 115-116 дугаар хуудас/,
20. Иргэн ***, ***, ***, *** нарын Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж, үйлчилгээ авсан талаарх төлбөрийн мэдээлэл /хавтаст хэргийн 132-134 дүгээр хуудас/,
21. Шүүгдэгч ***аас Эрүүл мэндийн даатгалын санд нийт 816,786 төгрөгийг нөхөн төлсөн Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хавтаст хэргийн 135-136 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эх сурвалж нь тодорхой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх талаарх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвартай, эрх бүхий шинжээч, мэргэжилтэн гаргасан байх тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, үнэн зөв баримтууд гэж үнэлж дүгнэн, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Мөрдөх байгууллагаас шүүгдэгч ***т холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон болохыг дурдах нь зүйтэй.
Нэг. Гэм буруугийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэх гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлжээ.
Мөн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 18.1 дүгээр зүйлд “Дараах тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болно” гээд 18.1.4-т “тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг холбогдох хуульд заасны дагуу хассан бол” гэж заасан.
Шүүгдэгч *** нь 2023 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 400,000 төгрөгөөр торгуулж, 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ буюу 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэж, 3,18 хувийн согтолттой байхдаа *** улсын дугаартай, “Тоёота приус-30” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон нөхцөл байдал тогтоогджээ.
Өөрөөр хэлбэл, тэрээр 2023 оны 06 дугаар сарын 17-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ дахин 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэж *** улсын дугаартай, “Тоёота приус-30” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д “жолоочид дараах зүйлийг хориглоно”, а/тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэх заалтыг зөрчиж Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Зээлийн 14 дүгээр гудамжны 406 тоотод хашааг мөргөж, улмаар хашаанд байх Монгол гэрийг мөргөн тус гэрт байх иргэн ***, *** нарыг гэмтээсэн болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөн шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогджээ.
Үүнд:
1. Шүүгдэгч *** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Эрүүгийн 2403002100358 дугаартай хэргээс:
2. Зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хавтаст хэргийн 3-4 дүгээр хуудас/,
3. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, холбогдох гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 5-8 дугаар хуудас/,
4. Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан “...3.18 хувь...” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 9 дүгээр хуудас/,
5. Иргэний нэхэмжлэгч *** мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дугаар хуудас/,
6. Иргэний нэхэмжлэгч *** тайлбар /хавтаст хэргийн 14 дүгээр хуудас/,
7. Иргэний нэхэмжлэгч ***гийн мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дугаар хуудас/,
8. Иргэн *** “Хаан” банкны *** тоот дансаар хохирол барагдуулж авсан тухай дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 22 дугаар хуудас/,
9. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 5008 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 53-54 дүгээр хуудас/,
10. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 5004 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 57-58 дугаар хуудас/,
11. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 5006 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 61-62 дугаар хуудас/,
12. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 5002 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 65-66 дугаар хуудас/,
13. “Тэргүүн үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 24/011 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайлан, осолд өртсөн эд зүйлийн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 71-81 дүгээр хуудас/,
14. Авто тээврийн үндэсний төвийн Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 86-91 дүгээр хуудас/,
15. Тээврийн цагдаагийн албаны Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 13-2ж/432 дугаартай албан бичгээр ирүүлсэн: “...***ын зөрчлийн материалын хуулбар, шийтгэлийн хуудасны хуулбар...” /хавтаст хэргийн 95-109 дүгээр хуудас/,
16. Шүүгдэгч ***ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 115-116 дугаар хуудас/,
17. Төрийн мэдээллийн сангаас гаргуулан авсан “***ын жолоодох эрх хасагдсан тухай” лавлагаа /хавтаст хэргийн 119 дүгээр хуудас/,
18. Иргэн ***, ***, ***, *** нарын Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж, үйлчилгээ авсан талаарх төлбөрийн мэдээлэл /хавтаст хэргийн 132-134 дүгээр хуудас/,
19. Шүүгдэгч ***аас Эрүүл мэндийн даатгалын санд нийт 816,786 төгрөгийг нөхөн төлсөн Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хавтаст хэргийн 135-136 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон байна.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас ***ыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох тухай” дүгнэлтийг гаргаж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс “гэм бурууг хүлээн зөвшөөрч” оролцсон болно.
Иймд шүүхээс ***ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн, өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Шүүгдэгч *** нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрдөг болохыг дурдах нь зүйтэй.
Дээрх гэмт хэргийн улмаас *** эрүүл мэндэд хөнгөн хохирол, ***, *** нарын эрүүл мэндэд гэмтэл учирсан ч гэмтлийн зэрэг тогтоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасанчлан ***т холбогдох хэргийг анхан шатны журмаар хянан хэлэлцэхдээ тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулав.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцох”-оор хуульчилсан байдаг.
Шүүгдэгч ***ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт үйлдлийн улмаас иргэн ***т 3,546,500 төгрөгийн хохирол учирсан ба үүнийг мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчийн зүгээс бүрэн төлж барагдуулсан тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж үзлээ.
Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч ***т “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах тухай” дүгнэлтийг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай” санал, дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүхээс ***т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, мөн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа зэргийг тус тус харгалзан үзсэн болно.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, түүнд 3500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаанд хугацаанд хэсэгчлэн төлж биелүүлэх хугацааг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж шийдвэрлэв.
Шүүгдэгч *** нь урьд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 177 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан тул шүүгдэгч ***ын урьд гэмт хэрэг үйлдэж, улмаар шүүхээр ял шийтгүүлж байсан нөхцөл байдал нь түүний эрх зүйн байдлыг дордуулах, уг гэмт хэрэгт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болохгүй болохыг дурдах нь зүйтэй.
Түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд тухайлан заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Дөрөв. Бусад:
Энэ хэрэгт *** нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ***ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 3500 /гурван мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,500,000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар *** нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 4 /дөрөв/ сарын хугацаанд биелүүлэх бөгөөд уг тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ***ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Энэ хэрэгт *** нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэрээр бусдад төлөх хохирол, төлбөргүй болохыг тус тус дурдсугай
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
7. Давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч ***т урьд авсан хувийн баталгаа гаргах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДАВААДОРЖ