Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 1106

 

2020          09            01                                         2020/ДШМ/1106

Э.С, Б.Х, Ц.Т нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Эрдэнэтуяа,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 2020/ШЦТ/492 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Хын гаргасан давж заалдах гомдлоор Э.С, Б.Х, Ц.Т нарт холбогдох эрүүгийн 1909027310204 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржав илтгэснээр хянан хэлэлцэв.

1. .................., 19.......... оны ..... дугаар сарын ...........-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 68 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 33-5-57 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:.................../,

Сүхбаатарын районы ардын шүүхийн 1983 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 264 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 63 дугаар зүйлийн А-д зааснаар 1 жил, 157 дугаар зүйлд зааснаар 6 сар, 169 дүгээр зүйлийн В-д зааснаар нутаг зааж суулгах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 3 жил тус тус хорих ял шийтгэж, 169 дүгээр зүйлийн В-д заасан нутаг зааж суулгах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хэлтрүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 30 дугаар зүйлийг журамлан 157 дугаар зүйлд зааснаар 6 сарын хорих ялыг мөн хуулийн 63 дугаар зүйлийн А-д зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялд багтааж 1 жилийн хорих ялаар,

Октябрийн районы ардын шүүхийн 1990 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 248 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар,

Хан-Уул дүүргийн шүүхийн 1995 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 44 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлсэн;

2. ......................., 19..... оны ........... дүгээр сарын ......-ны өдөр Завхан аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Идэр” их сургуулийн 2 дугаар дамжааны оюутан, ам бүл 3, эх, дүү нарын хамт Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 33 дугаар гудамжны 3-36 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:................/;

3. ..........................., 19...... оны ...... дугаар сарын ........-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар гудамжны 1-139 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД.............../;

Э.С нь 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Тоосгоны эцсийн автобусны буудлын зүүн талын гудамжинд Ц.Ттай хувийн таарамжгүй харьцааны улмаас харилцан зодолдож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт,

Ц.Т нь 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Тоосгоны эцсийн автобусны буудлын зүүн талын гудамжинд ах Ц.Түвшинбатыг өмөөрч иргэн Э.Стэй харилцан зодолдож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт,

Б.Х нь 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Тоосгоны эцсийн автобусны буудлын зүүн талын гудамжинд иргэн Ц.Т, Н.Доржрагчаа, Э.С нарыг хоорондоо зодолдож байхыг хараад болиулах гэж чулуу шидэж, хохирогч Ц.Тын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Э.С, Ц.Т нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Б.Хын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч ............................ нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Б.Хыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан тус тус гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Сг 700 нэгж буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар, Ц.Тыг 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хыг 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Хын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сидиг хэрэгт хавсаргаж, Э.С, Б.Х, Ц.Т нар нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй, хохирогч Ц.Т нь цаашдын эмчилгээний зардлаа жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.С, Ц.Т нарт оногдуулсан торгуулийн ялыг тус бүр 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Э.С, Ц.Т нар нь шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Б.Хыг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, Э.С, Ц.Т нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Х гаргасан давж заалдах гомдолдоо: “Миний бие энэ хэргийг дахин шалгуулах хүсэлтэй байна. Учир нь, уг хэрэг болж байх үед би зодолдож байсан залуусыг болиулах зорилгоор чулуу шидсэн нь үнэн. Гэхдээ миний шидсэн чулуу хүний биед хүнд гэмтэл учруулах хэмжээний чулуу биш байсан. Мөн камерын бичлэгт миний шидсэн чулуу хүний толгой оносон гэх боловч уг бичлэгийг надад үзүүлээгүй хэргийг шийдвэрлэсэн. Иймд би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсанд гомдолтой байгаа тул хэргийг дахин шалгуулах хүсэлтэй байна.” гэжээ.

Прокурор С.Эрдэнэтуяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр энэ гэмт хэрэг гарсан. Камерын бичлэгээс харахад чулуугаар цохиж байгаа хүн нь Б.Х байна гэж тогтоосон. Эхлээд Б.Хоос гэрчээр мэдүүлэг авахад “газраас чулуу аваад шидсэн” гэдэг. Дараа нь хяналтын камерын бичлэгийг Б.Ход үзүүлээд мэдүүлэг авахад “би чулуу аваад цохисон юм байна” гэсэн байдаг. Иймд хяналтын камерын бичлэгийг үзээгүй гэсэн нь үндэслэлгүй юм. Шүүгдэгч нарт оногдуулсан ял шийтгэл тэдгээрийн үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хувийн байдалд тохирсон тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Э.С нь 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Тоосгоны эцсийн автобусны буудлын зүүн талын гудамжинд Ц.Ттай хувийн таарамжгүй харьцааны улмаас харилцан зодолдож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Ц.Т нь 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Тоосгоны эцсийн автобусны буудлын зүүн талын гудамжинд ах Ц.Түвшинбатыг өмөөрч иргэн Э.Стэй харилцан зодолдож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Б.Х нь 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Тоосгоны эцсийн автобусны буудлын зүүн талын гудамжинд иргэн Ц.Т, Н.Доржрагчаа, Э.С нарыг хоорондоо зодолдож байхыг хараад Ц.Тын толгойн тус газарт чулуугаар цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч Ц.Тын “...Орой болоод ах гэртээ харилаа гээд манайхаас гарсан. Тэгээд хэсэг удаж байгаад манай гэрт орж ирээд “намайг автобусны буудал дээр хүмүүс зодоод явуулахгүй байна” гэсэн. Би ахтайгаа цуг буудал дээр очоод нүцгэн залуутай таараад зодолдсон юм. Би “болъё” гээд зодолдохгүй түлхээд байсан. Ах нөгөө залуутай “хоёулаа үзье” гээд байсан. ...Миний биед гавлын баруун зулай ясны ил цөмөрсөн хугарал, тархины аалзан хальсан доорх цус харвалт учирсан гэмтлийг хэн цохисныг мэдэхгүй байна. Баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтлийг тэр надтай зодолдох гээд байсан залуу учруулсан. ...” /1хх 38-39/,

хохирогч Э.Сгийн “...Ц.Түвшинбат намайг тэврэхээр нь би бас Ц.Түвшинбатыг тэвэрч байтал Ц.Т ирээд намайг зодоод газар унагаасан. Тэгээд би толгой хэсгээ дараад доош тонгойгоод суутал Ц.Т намайг зодохоо больсон. ...” /1хх 151-154/,

шүүгдэгч Б.Хын яллагдагчаар өгсөн “...газраас чулуу аваад зодоон хийж байсан хүмүүс рүү шидэж байсан гэдгийг санаж байгаа юм. Гэхдээ одоо хяналтын камерын бичлэгийг үзэхэд хохирогч Б.Түвшинбаатарыг газарт хэвтэж байхад нь дөхөж очоод гартаа барьж байсан чулуугаар толгойн тус газарт цохисон байсан үйл явдлыг харлаа. Би хохирогч Б.Түвшинбаатарыг толгойн тус газарт чулуугаар цохисон нь үнэн юм. ...” /1хх 165-166/,

гэрч Ц.Түвшинбатын “...автобус хүлээгээд зогсож байтал нэг мак өмссөн махлаг залуу “чи яасан овоо гар вэ” гээд хэрүүл хийгээд зодох гээд эхэлсэн. Тэд нар олуулаа нийлээд намайг зодох гээд байхаар нь би зугтаасан. ...Тэгээд бид хоёр автобусны буудал дээр байж байтал нөгөө намайг өдөж зодно гэсэн залуу ирээд зодно гээд дайраад, дараа нь манай дүү рүү дайраад би чамтай муудалцахгүй гээд түлхсэн. Тэгээд бид хоёр муудалцаад зууралдаад унасан. Дүү салгаад нөгөө залуу түлхээд тэнд байсан залуучууд бид хоёрыг зодсон. Дүүгийн толгойноос цус гарч байна гээд гар дээр цусаа тосоод зогсож байсан. ...” /1хх 47-48/,

шинжээч Ч.Эрдэмболорын “...Ц.Тын биед учирсан гавлын баруун зулайн ясны ил цөмөрсөн хугарал, тархины аалзан хальсан доорх цус харвалт гэмтэл нь дангаараа гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдаж, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” /1хх 68/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 9162 дугаартай “...Ц.Тын биед гавлын баруун зулай ясны ил цөмөрсөн хугарал, аалзан хальсан доорх цус харвалт, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрлээс хамаарна. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. ...” /1хх 70/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 10747 дугаартай “...Э.Сгийн биед зүүн дээд үүдэн 1 дүгээр шүдний булгарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Нэг шүдний булгарал нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын тогтонгид 5 хувь нөлөөлнө. ...” /1хх 76/ гэх дүгнэлтүүд,

камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 13-34/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.

Анхан шатны шүүх Б.Хын үйлдлийг “...иргэн Ц.Т, Н.Доржрагчаа, Э.С нарыг хоорондоо зодолдож байхыг хараад болиулах гэж чулуу шидэж, хохирогч Ц.Тын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэж дүгнэлт хийсэн нь буруу болжээ.

Учир нь, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд хохирогч Ц.Тын толгойн тус газарт чулуугаар цохиж байгаа нь тусгагдсан байх тул шүүгдэгч Б.Хыг “...иргэн Ц.Т, Н.Доржрагчаа, Э.С нарыг хоорондоо зодолдож байхыг хараад Ц.Тын толгойн тус газарт чулуугаар цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан” гэж үзэх үндэслэлтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Э.С, Ц.Т нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Б.Хыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан тус тус гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

            Шүүгдэгч Э.С, Ц.Т нарын таарамжгүй харилцааны улмаас харилцан зодолдож, бие биеийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

            шүүгдэгч Б.Хын иргэн Ц.Тын толгойн тус газарт чулуугаар цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Сд 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар, Ц.Тт 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хыг 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсэн нь шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирчээ.

Шүүгдэгч Б.Х “...миний шидсэн чулуу хүний биед хүнд гэмтэл учруулах хэмжээний чулуу биш байсан. Мөн камерын бичлэгт миний шидсэн чулуу хүний толгой оносон гэх боловч уг бичлэгийг надад үзүүлээгүй хэргийг шийдвэрлэсэн. Иймд би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсанд гомдолтой байгаа тул хэргийг дахин шалгуулах хүсэлтэй байна. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд /1хх 31/ Б.Х нь гартаа барьсан чулуугаар Ц.Тын толгойн тус газарт нь цохиж байгаа талаар тодорхой тусгагдсан байх бөгөөд энэхүү үйлдлийн улмаас Ц.Тын биед хүнд гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлт /1хх 70/, шинжээч Ч.Эрдэмболорын “...Ц.Тын биед учирсан гавлын баруун зулайн ясны ил цөмөрсөн хугарал, тархины аалзан хальсан доорх цус харвалт гэмтэл нь дангаараа гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...” /1хх 68/ гэх мэдүүлэг зэргээр давхар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгч Б.Хын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 2020/ШЦТ/492 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Хын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 2020/ШЦТ/492 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Хын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Т.ӨСӨХБАЯР

                                    ШҮҮГЧ                                                                       О.ЧУЛУУНЦЭЦЭГ

ШҮҮГЧ                                                                        Д.МЯГМАРЖАВ