| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямдоогийн Баярмаа |
| Хэргийн индекс | 181/2022/03760/И |
| Дугаар | 001/ХТ2025/00189 |
| Огноо | 2025-11-07 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2025 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 001/ХТ2025/00189
“Н” ХХК-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, Н.Батчимэг, Н.Баярмаа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 191/ШШ2025/02355 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 210/МА2025/01133 дугаар магадлалтай,
“Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй
МУЗГ, ХХААХҮЯ-д тус тус холбогдох
ХХААХҮЯ-аас хохирол 1,276,153,685 төгрөг гаргуулах, дээрх төлбөрийг улсын төсөвт тусгаж батлуулахыг МУЗГ-т даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагч ХХААХҮЯ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Э-ийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Очирхуяг, хариуцагч ХХААХҮЯ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Э, У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Н” ХХК нь хариуцагч МУЗГ, ХХААХҮЯ-д тус тус холбогдуулан ХХААХҮЯ-аас хохирол 1,276,153,685 төгрөг гаргуулах, дээрх төлбөрийг улсын төсөвт тусгаж батлуулахыг МУЗГ-т даалгах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
2. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 191/ШШ2025/02355 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 186 дугаар зүйлийн 186.1, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг тус тус баримтлан ХХААХҮЯ-аас 601,797,774 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч “Н” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 674,355,911 төгрөг болон хариуцагч МУЗГ-т холбогдох 1,276,153,685 төгрөгийг ирэх жилийн улсын төсөвт тусгаж, батлуулахаар эрх бүхий байгууллагад хүргүүлэхийг даалгах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,000,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХААХҮЯ-аас улсын тэмдэгтийн хураамжид 3,166,939 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгч “Н” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 4,538,719 төгрөгийг нөхөн төлүүлж, улсын орлогод оруулж шийдвэрлэсэн.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 210/МА2025/01133 дугаар магадлалаар: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 191/ШШ2025/02355 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг баримтлан хариуцагч ХХААХҮЯ-аас 587,000,000 төгрөг гаргуулан, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 689,153,685 төгрөг болон 1,276,153,685 төгрөгийг улсын төсөвт тусгаж батлуулахыг МУЗГт даалгах тухай нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтын “...3,166,939 төгрөг...” гэснийг “3,092,950 төгрөг” гэж тус тус өөрчилж, хариуцагч ХХААХҮЯ-ны гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
4. Хариуцагч ХХААХҮЯ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо:
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 210/МА2025/01133 дугаартай магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, 172.2.3.хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн гэж үзэн гомдол гаргаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн үндэслэл нь:
4.1. Засгийн газрын 2020 оны “Ноолуурын салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 101 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор ХХААХҮЯ, СЯ, Х банк хооронд 2020.04.03-ны өдөр “Ноолуур бэлтгэлийн зээлийн хүүгийн хөнгөлөлтийн зардлыг санхүүжүүлэх гэрээ”, 2020.05.13-ны өдөр “Ноолуур бэлтгэлийн зээлд хүүгийн хөнгөлөлт олгох гэрээ,” 2020.06.12-ны өдөр “Ноолуур бэлтгэлийн зээлд хүүгийн хөнгөлөлт олгох гэрээнд нэмэлт оруулах тухай гэрээ”-г тус тус байгуулсан.
Дээрх гэрээ болон нэмэлт гэрээнд заасны дагуу “Х банк нь ААН, Арилжааны банканд зээл олгосноос хойш 2020.12.31-ний өдөр хүртэлх хугацааны хүүгийн хөнгөлөлтийг зээл төлөх хуваарьтай уялдуулан тооцож, Гэрээний 3.1 дэх заалтын дагуу ХХААХҮЯ-аас нэхэмжлэх ба ХХААХҮЯ нь Гэрээний 3.2 дахь заалтын дагуу “Х банканд тухайн жилийн нийт хүүг урьдчилан төлнө. Хөгжлийн банк нь олгосон зээлийн 2021.01.01-ний өдрөөс зээлийн гэрээний хугацаа дуусах хүртэлх хугацааны хүүгийн хөнгөлөлтийг зээлийн эргэн төлөх хуваарьтай уялдуулан тооцож, 2021.02.15-ны дотор ХХААХҮЯ-аас нэхэмжлэх ба ХХААХҮЯ нь 2021.02.25-ны дотор тухайн жилийн хүүгийн хөнгөлөлтийг урьдчилан төлнө" гэж заасан. Үүний дагуу ХХААХҮЯ-ны сайдын 2020.06.30-ны өдрийн А-233 дугаар тушаалаар 4,539,280,270.04 төгрөг, 2021.12.16-ны өдрийн А/433 дугаар тушаалаар 103,927,000,000 төгрөг тус тус Х банк руу шилжүүлсэн байдаг.
Гэтэл анхан шатны шүүхээс “К банк” ХК, “Н” ХХК-ийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа болох 12 сарын хугацаанд гэрээний үүрэг болох 9 хувийг хариуцагч ХХААХҮЯ төлөх үүрэг болон хугацаа дууссан хэдий ч гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас “К банк” ХК-аас шүүхэд хандах хүртэл 12 сарын хугацаагаар нийт 24 сарыг тооцсон болно. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар нэхэмжлэгч “Н” ХХК нь хариуцагч ХХААХҮЯ-аас зээлийн хүүд 221,797,774 төгрөгийг хохиролд тооцож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв” гэж дүгнэсэн.
ХХААХҮЯ нь ноолуур бэлтгэлийн зээлд хамрагдсан хуулийн этгээдүүдийн төлөх хүүгийн 9 хувийг Х банканд төлсөн бөгөөд хэрэгт авагдсан баримтаар “К” банкнаас 2022.08.19-ний өдөр зээлдэгч “Н” ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт 1,564,479,064 төгрөг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргахдаа зээлийн эхний 12 сарын төлөлтөөс 9 хувийн хүүг хасаж тооцсон нь тодорхой харагддаг.
Анхан шатны шүүх “Н” ХХК-ийн хүүг тусгайлан төлсөн баримт байхгүй гэдэг үндэслэлээр 221,797,774 төгрөгийн 9 хувийн хүүгийн төлбөрийг нэхэмжлэгч “Н” ХХК-д олгуулахаар шийдвэрлэсэн ба энэ нь Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 17 дугаар тогтоолын 2.1.1-т “Хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасан "Шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах, хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах буюу шаардан авахаас татгалзах эрхийг шүүх эдлэх бөгөөд эдгээр тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана" гэснийг шүүх өөрийн санаачилгаар нотлох баримт бүрдүүлэх, эсхүл зөвхөн хэргийн оролцогчийн хүсэлтээр хийгддэг ажиллагаа гэж зөрүүтэй тайлбарласнаас гадна шинээр нотлох баримт шаардлагатай гэж үзэх нөхцөл байдлыг хуулийн системчлэлийн үүднээс тодорхойлж чадаагүй байдал тогтоогдов. Зохигч шаардлага ба татгалзлаа өөрөө нотлох үүргээ биелүүлсэн эсэхийг анхаараагүй, шинээр нотлох баримт шаардагдсан нөхцөл байдлыг тодорхойлж чадаагүйн улмаас хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоох ажиллагаа үр дүнгүй болж, хэргийн оролцогчийн эрх ашиг хөндөгдөх сөрөг үр дагавар бий болжээ” гэж тайлбарласантай зөрчилдөж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болсон.
Давж заалдах шатны шүүхээс Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 17 дугаар тогтоолын 5.4-т “Хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсгийн "гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ" гэсэн хэм хэмжээг тайлбарлахдаа дараах нийтлэг ба тусгай зарчмын харилцан уялдаа, нийтийн ба хувийн ашиг сонирхлын тэнцвэрт байдлыг хангахыг чухалчиллаа.
4.2. Давж заалдах шатны шүүх хэргийг гомдол гарсан тохиолдолд хянан хэлэлцдэг тул гомдолд болон түүнд өгсөн хариу тайлбарт тусгагдсан үйл баримтад тулгуурлан анхан шатны шүүхийн шийдвэр алдаатай, эсхүл алдаагүй байгааг хянаж үзнэ. Гэхдээ давж заалдах гомдол гаргах хуульд заасан тодорхой үндэслэл байдаггүй, эсрэг сонирхолтой талууд шүүхийн шийдвэрт бодит бус үндэслэлээр ч гомдол гаргах боломжтой тул шүүх зөвхөн гомдолд дурдсан үйл баримтад л тулгуурлавал шүүхийн шийдвэрийг бүрэн дүүрэн хянаж чадахгүй. Иймд хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянахаар зохицуулсан” гэснийг мөн баримтлаагүй.
Давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд хянах тул анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэлд хязгаарлагдахгүйгээр ноолуурын хүүгийн зээлийн хөнгөлөлтийн гэрээг бүхэлд болон хэрэгт авагдсан К банк ХК-ийн нэхэмжлэлд хавсаргасан баримтыг хянаж үзэлгүй, огт байхгүй баримтыг байх ёстой гэж үзсэн.
Магадлалын 6 дугаар хуудсанд давж заалдах шатны шүүхээс "Гэрээний 2.2-т зааснаар хариуцагч ХХААХҮЯ нь тухайн зээлийн 9 хувийн хөнгөлөлтийг 12 сар хүртэлх хугацаанд олгох үүргийг хүлээжээ. Мөн аж ахуйн нэгжүүдэд банкаар дамжуулан олгосон зээлийн 12 сарын хугацаанд ногдох зээлийн үндсэн хүүгийн хөнгөлөлтийг 2020 онд багтаан банканд шилжүүлэх үүргийг хүлээжээ. Энэхүү гэрээнд талууд 2020 оны 06 сарын 12-ны өдөр өөрчлөлт оруулснаар хариуцагч ХХААХҮЯ нь 2020 онд төлөгдөх хүүгийн хөнгөлөлтийг тухайн жилд, 2021 оны хүүгийн хөнгөлөлтийг мөн оны 02 дугаар сарын 25-ны өдрийн дотор Х банканд тус тус төлсөн байхаар заажээ" гэж дүгнэсэн. Энэ дүгнэлтээс ХХААХҮЯ нь 9 хувийн хүүгийн хөнгөлөлтийг Х банканд төлж, Х банк дамжуулан зээлийн гэрээний дагуу Капитрон банкнаас нэхэмжилсэн.
Гэтэл давж заалдах шатны шүүхээс Х банканд төлөх байсан гэж дүгнэсэн атал магадлалын 6-р хуудсанд “... 2,300,000,000 төгрөгийн зээлийн 9 хувийн хүүд ногдох төлбөр 2020, 2021 онуудад төлөгдсөн гэх байдал тогтоогдоогүй, төлөгдөөгүй байна. Иймээс нэхэмжлэгч “Н” ХХК нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар дээрх 2,300,000,000 төгрөгийн жилийн 12 хувийн хүүгийн 9 хувьд ногдох хүүг хариуцагч ХХААХҮЯ-аас шаардах эрхтэй” гэж хэргийг бүхэлд нь хянах хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.3-т зааснаар хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн байдал:
4.3. ХХААХҮЯ, СЯ, Х банк хооронд 2020.04.03-ны өдөр Ноолуур бэлтгэлийн зээлийн хүүгийн хөнгөлөлтийн зардлыг санхүүжүүлэх гэрээ, 2020.05.13-ны өдрийн Ноолуур бэлтгэлийн зээлд хүүгийн хөнгөлөлт олгох гэрээний хүрээнд ХХААХҮЯ нь хөнгөлөлттэй зээлээр 2020 онд ноолуур бэлтгэх аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавих, арга зүйн удирдамж, чиглэлээр хангахтай холбогдон талуудын хооронд үүсэх харилцаа,хамтын ажиллагааг зохицуулах тухай Бодлогын гэрээг нэхэмжлэгч “Н” ХХК-тай байгуулсан.
“Н" ХХК-тай “К банк” ХК-аас авсан 2,300,000,000 төгрөгийн зээлээс хэтрүүлэн малчдаас 76000 кг ноолуур худалдан авсан байдаг ба уг зах зээлийн үнээс өндрөөр 85,000 төгрөгөөр худалдаж авсан нийт 76,000 кг ноолуураас 40,000 кг боловсруулаагүй ноолуурыг кг тутмыг нь 80,000 төгрөгөөр Х” ХХК-аар эргүүлэн худалдаж кг тутамд 5,000 төгрөгийн алдагдал хүлээж нийт 200,000,000 төгрөгийн бодит хохирол учирсан нь Монголын “Х” ХХК-аар арилжаалсан баримтаар нотлогдоно гэж нэхэмжлэгч “Н" ХХК-аас тайлбарладаг.
“Н" ХХК нь ХХААХҮЯ-ны сайдын хамаарах “Х” ХХК-аар дамжуулан худалдан авсан ноолуураа 80,000 төгрөгөөр худалдсан гэх ба 36,320 кг угаасан ноолуурыг мөн “Х” ХХК-аар дамжуулан буцаан худалдан авсан байдаг. Тус компанийн малчдад төлөх ноолуурын өр төлбөрийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор “Х” ХХК-тай 2021.05.21-ний өдөр 21/19 тоот богино хугацаат зээлийн гэрээг байгуулан тус компанийн малчдад төлөх төлбөрт зориулан хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгосон. “Н” ХХК нь тус зээлийг төлөлгүй явсаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2022/03519 дүгээр захирамжаар “Х” ХХК-тай 1,019,403,135 төгрөгийг төлөхөөр тохиролцон эвлэрснийг баталгаажуулсан.
Монгол Улсын Дээд шүүхийн 2010.06.22-ны өдрийн “Иргэний хуулийн 5, 6, 7 дугаар бүлгийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай" 17 дугаар тогтоолын 1.1-т Хуулийн 39-41 дүгээр зүйлд заасан “хүсэл зориг” гэж тодорхой этгээдийн иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох буюу хэлцэл хийх эрмэлзлийг хэлэх бөгөөд уг эрмэлзлийн гадаад илрэлийг "хүсэл зоригийн илэрхийлэл" гэж ойлговол зохино гэжээ. “Н” ХХК нь “Х” ХХК-аар дамжуулан худалдан авсан ноолуураа 80,000 төгрөгөөр худалдах, мөн угаасан ноолуураа өөрсдөө буцаан авах зэрэгт өөрсдийн хүсэл зоригийн дагуу үйлдсэн.
Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т заасан үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдол биш байхад давж заалдах шатны шүүхээс “Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 40,000 кг ноолуурын 1 кг тутмаас 5,000 төгрөгийн, 36,311 кг ноолуурын 1 кг тутмаас 10,529 төгрөгийн алдагдал хүлээсэн гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсныг үндэслэн анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нийт алдагдлыг 1 кг ноолуур тутамд 5,000 төгрөг гэж тооцон хариуцагчаас 380,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, үндэслэл бүхий болжээ" гэж дүгнэсэн нь Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн “Иргэний хуулийн 5, 6, 7 дугаар бүлгийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 17 дугаар тогтоолын 1.1-т заасантай зөрчилдөж, Улсын Дээд шүүхийн тогтоолоос өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.
Тиймээс Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 210/МА2025/01133 дугаартай магадлал, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 сарын 20 өдрийн 191/ШШ2025/02355 дугаар шийдвэрийг хүчингүй болгож Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д зааснаар хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
5. Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын Нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 001/ШХТ2025/00911 дүгээр тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлийг хангасан гэж дүгнэн, хариуцагч ХХААХҮЯ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Э-ийн гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтжээ.
ХЯНАВАЛ
6. Хариуцагч ХХААХҮЯ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Э-ийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах үндэслэл тогтоогдов.
7. Нэхэмжлэгч “Н” ХХК нь хариуцагч ХХААХҮЯ-нд холбогдуулан хохирол 1,276,153,685 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, шаардлагын үндэслэлээ “... Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 181 дүгээр шийдвэрээр ... бодлогын гэрээний ноолуур худалдаж авах доод үнийг тогтоосон заалтыг илт хууль бус болохыг тогтоож, үүний улмаас учирсан хохирлоо иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсан. Илт хууль бус үнэ тогтоосон бодлогын гэрээний улмаас манай компанид нийт 1,276,153,685 төгрөгийн хохирол учирсан. Үүнд:
8. Нэхэмжлэгч “Н” ХХК нь хариуцагч МУЗГ-т холбогдуулан дээрх хохирлын төлбөрийг улсын төсөвт оруулж батлуулахыг МУЗГ-т даалгуулах шаардлага гаргаж, шаардлагын үндэслэлээ “... Төсвийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасны дагуу төсвийн төслийг боловсруулах үүргийг МУЗГ хүлээнэ.” гэж тайлбарласан.
9. Хариуцагч ХХААХҮЯ нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “... хариуцагчийн зүгээс үнэ тулгаагүй ... аж ахуйн нэгжүүд нь зүүн аймгийн өрсөлдөөн ихтэй газраас ноолуур бэлтгэсэн. ... Нэхэмжлэгч 76,000 кг ноолуур авахад 2,3 тэрбум төгрөг хүрэлцэхгүй тул авсан зээлээсээ их ноолуур худалдан авч алдагдал хүлээсэн гэж үзэхээр байна. ... баримтаар Наранзоригт гэх хуулийн этгээд БНХАУ руу ноолуур гаргахаар гэрээ байгуулсан учир бодит хохирол гэдэг нь нотлогдохгүй. ... яам нь 9 хувийн хүүгийн хөнгөлөлтөө ... зориулалтын дагуу буюу түүхий ноолуур худалдан авсан зээлдэгч аж ахуйн нэгжийн өмнөөс Х банканд төлсөн. ... зээлдэгч аж ахуйн нэгж өөрийн төлөх ёстой 3 хувийн зээлийн хүүг бүрэн хариуцах үүрэгтэй. ... Бодлогын гэрээний 4.2-т зээлдэгчийн банктай байгуулсан зээлийн гэрээтэй холбогдох аливаа эрсдэлийг яам хариуцахгүй гэж заасан ... [энэ] заалт хүчинтэй хэвээр тул зээлийн хүүгийн төлбөр нь хариуцагчид хамааралгүй..” гэж тайлбарласан.
10. Хариуцагч МУЗГ нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “Монгол Улсын Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 1.7-д “... улсын төсөв, түүний гүйцэтгэлийн тайланг батлах" асуудлыг Улсын Их Хурал өөрийн онцгой бүрэн эрхэд хамааруулсан. ... МУЗГ-т төсөв батлах эрх байхгүй юм. ... МУЗГ хариуцагч биш. манайд холбогдуулан гаргасан шаардлага нь иргэний хэргийн шүүхэд хамааралгүй.” гэж мэтгэлцсэн байна.
11. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч ХХААХҮЯ-аас 601,797,774 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 674,355,911 төгрөг болон МУЗГ-т холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Шүүх шийдвэрийн үндэслэлдээ “... Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр хариуцагч нь тухайн үеийн зах зээлд мөрдөгдөж байсан үнээс өөрөөр буюу өндөр үнийг гэрээгээр тогтоож, улмаар уг үнээс доогуур малчдаас ноолуур худалдан авахыг хориглосон нь хууль бус болохыг тогтоосон. Нэхэмжлэгч 2020 оны 04 дүгээр сард малчдаас ноолуурыг [зах зээлийн үнээс өндөр үнээр буюу Бодлогын гэрээнд заасан үнээр] худалдан авч хохирол учирсан, хохирол, яамны хууль бус үйлдэл шалтгаант холбоо тогтоогдож байх тул Иргэний хуулийн 497.1-д зааснаар гэм хорыг хариуцан арилгах үүрэг хүлээх үндэслэлтэй. ... шүүх 76000 кг ноолуурын хохирлыг 1 кг тутам дахь үнийн зөрүүг 5,000 төгрөгөөр тооцон 380,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй. ... Бодлогын гэрээний 1.4-т “зээлийн хүүгийн хөнгөлөлтийг санхүүжүүлэх гэрээний дагуу Хөгжлийн банкнаас олгох үндсэн зээлийн хүү /12 хувь/-ийн зөрүү 9 хувийн хүүг яам санхүүжүүлэх ба үлдсэн 3 хувийг аж ахуй нэгж хариуцна” гэж тохиролцсон. ... зээлийн 9 хувийн хүүг гэрээний дагуу шаардах эрхтэй. ... [үүнийг авсан зээл 2,300,000,000 төгрөгт] 24 сараар, Монгол банкны аргачлалаар тооцвол зээлийн хүүгийн төлбөр 221,797,774 төгрөг байна. Харин нэмэгдүүлсэн хүү бол зээлээ зохих ёсоор төлөөгүйгээс хүлээх хариуцлагын нэмэлт үүрэг тул үүнийг Бодлогын гэрээний заалтыг биелүүлээгүйгээс учирсан хохиролд тооцох үндэслэлгүй. ... Засгийн газарт холбогдох шаардлагын хувьд хариуцагчийн татгалзал үндэстэй.” гэж дүгнэсэн.
12. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч ХХААХҮЯ-аас 587,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх 689,153,685 төгрөг болон МУЗГ-т холбогдуулсан нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Магадлалд “... зохигчийн хооронд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-т зааснаар үүргийн харилцаа үүссэн. Анхан шатны шүүх зохигчийн хооронд гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцаа үүссэн гэж эрх зүйн харилцааг буруу тодорхойлсныг залруулах үндэслэлтэй. ...
... Зохигчийн хооронд байгуулсан бодлогын гэрээний 1.1-т ... илт хууль бусаар үнэ тогтоосны улмаас учирсан хохирлын хэмжээг 380,000,000 төгрөг гаргуулах тухай анхан шатны шүүхийн дүгнэлт үндэстэй. ... Анхан шатны шүүх хүүгийн хөнгөлөлтийг төлөх үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлыг 221,797,774 төгрөгийг хэрхэн тооцож гаргасан нь тодорхой бус, мөн дээрх хоёр гэрээнд зээлийн хөнгөлөлтийн хугацаа 12 сараар хязгаарлагдсан байхад 24 сараар тооцсон нь хэргийн байдалд нийцээгүй. ... 2,300,000,000 төгрөгийн жилийн 9 хувийн хүү нь 207,000,000 төгрөг болж байна. Энэ үндэслэлээр хариуцагч ХХААХҮЯ-аас 207,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.” гэж дүгнэсэн.
13. Нотлох баримт цуглуулах, бүрдүүлэх, үнэлэх журам зөрчсөн тул шүүхийн шийдвэр, магадлалыг үндэслэл бүхий болоогүй гэх агуулгатай хариуцагч ХХААХҮЯ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр шүүх хуралдаанаар хэлэлцэв.
14. Хоёр шатны шүүх хэргийн үйл баримт, маргааны зүйлийг зөрүүгүй тогтоосон боловч эрх зүйн харилцааг өөрөөр тодорхойлсон байна. Тодруулбал, анхан шатны шүүх нэг талаас ХХААХҮЯ, нөгөө талаас “Н” ХХК-ийн хооронд байгуулсан Бодлогын гэрээний зарим зүйл, заалтыг захиргааны хэргийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр илт хууль бус болохыг тогтоосон бөгөөд ийнхүү хүчин төгөлдөр бус зүйл, заалтыг биелүүлснээс учирсан хохирол (алдагдал)-ыг шаардсан нэхэмжлэгчийн шаардах эрхийг гэм хорын эрх зүйн үндэслэлтэй гэж дүгнэсэн бол давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасан үүргийн нийтлэг зохицуулалтаас үүсэх шаардах эрхийн харилцаа гэж тодорхойлжээ.
15. Захиргааны гэрээний илт хууль бус зохицуулалтаас үүдсэн хохирол шаардах эрх нь захиргааны эрх бүхий албан тушаалтны үйлдэл, эс үйлдэхүй, захиргааны хууль бус актаас үүдэлтэй гэм хорын шаардах эрхээс ялгаатай бөгөөд энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д заасан шаардах эрхийн харилцаа байх хууль зүйн боломжтой.
Ийнхүү хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас учирсан хохирлыг арилгуулахтай холбоотой шаардлагаас гадна хэлцэлд заасан хүчин төгөлдөр нөхцөлөөс үүссэн үүргээ биелүүлсэн эсэхтэй холбоотой талууд мөн маргасан байна. Энэ үүргийн тухайд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д заасан үүрэг зөрчигдсөн эсэх, энэ зүйл, заалтад заасан шаардах эрх үүссэн эсэх талаар шүүх эрх зүйн дүгнэлт өгсөн байна.
16. Хоёр шатны шүүх дээр дурдсан маргаантай хоёр асуудлыг шийдвэрлэхдээ хэрэгт нотлох баримт бүрэн авагдаагүй, хэрэгт ач холбогдол бүхий үйл баримт хангалттай тогтоогоогүй нөхцөл байдлыг анхаарсангүй.
Тодруулбал, зохигчийн хэн аль нь Бодлогын гэрээг улс оронд тохиолдсон Ковид 19 цар тахлын улмаас нийгмийн онцлог бүлэг болох малчид, хөнгөн үйлдвэрлэлийн салбарын үйл ажиллагааны хэвийн байдлыг алдагдуулахгүй байх зорилгоор байгуулсан үйл баримтыг маргаагүй.
Харин энэ зорилгыг дэмжих үүднээс малчдаас ноолуур худалдан авах доод үнийг гэрээгээ тогтоосон, ийнхүү тодорхой үнээр ноолуур худалдан авах зорилгыг хэрэгжүүлэхэд санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэх шаардлагатай байсан тул ноолуур худалдан авах хэмжээгээр арилжааны банкнаас зээл авахад төрөөс дэмжлэг үзүүлэх, авсан зээлийн хүүгийн 9 хувийг төрөөс хариуцахаар талууд тохирсон гэх агуулгаар нэхэмжлэгч маргаж байна. Гэтэл “... арилжааны банкнаас олгох зээлийн хэмжээнд төрийн байгууллагаас нөлөөлөх боломжгүй, хариуцагч яам болон ЗГ-аас ийм үүрэг хүлээгээгүй, зээлдэгчийн чадамжийг дүгнэж зээл олгож буй банк энэ асуудлыг бие даасан байдлаар шийдвэрлэх эрхтэй байсан. ... авах боломжтой зээлийн хэмжээгээ тооцолгүй их хэмжээний ноолуур худалдан авснаас алдагдал хүлээсэн.” гэсэн агуулгаар хариуцагч маргаж байна.
Талууд дээрх байдлаар маргаж байгаа үед зохигчийн байгуулсан гэрээнд энэ талаар хэрхэн зохицуулсныг анхаарах нь зүйтэй. Хэрэгт авагдсан Бодлогын гэрээний 1.5-д “Дараах хавсралтууд гэрээний салшгүй хэсэг болно.” гэж заасны дагуу тус гэрээ 5 хавсралттай байхаар, Хавсралт 5-д Ноолуур бэлтгэлийн төлөвлөгөө /Орон нутаг, хэмжээ, хугацаа тусгасан байх/-г зохицуулахаар заасан байна. Дурдсан хавсралтууд гэрээний салшгүй хэсэг мөн боловч хэрэгт нотлох баримтаар авагдаагүй байна.
Гэтэл зохигч доод үнийг тогтоосон нь хууль бус байснаас хохирол учирсан эсэхээс гадна энэ хохиролтой холбоотойгоор бэлтгэх ноолуурын хэмжээ ба авах зээлийн хэмжээний уялдаа холбооны талаар маргаж, ноолуур бэлтгэх үүрэг хүлээсэн этгээдэд учирсан байж болзошгүй алдагдлыг эдгээр шалгууртай хамааруулан мэтгэлцэж байгаа тохиолдолд Бодлогын гэрээний дурдсан хавсралтууд хэрэгт ач холбогдолтой байна. Энэ агуулгаар хэрэгт ач холбогдол бүхий баримт бүрэн авагдаагүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь зөрчилтэй болсон гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэстэй.
17. Зохигч хэлцлийн зарим зүйл заалт хүчин төгөлдөр бус болсноос учирсан хохирлын талаар маргаснаас гадна талууд хэлцлийн хүчин төгөлдөр заалтын дагуу хүлээсэн үүрэг зөрчигдсөн эсэх асуудлаар маргасан байна.
Нэхэмжлэгч “Н” ХХК арилжааны банкнаас 2,300,000,000 төгрөгийн зээл авсан нь Бодлогын гэрээний үр дагавартай холбоотой, улмаар энэ зээлийн гэрээ зөрчигдөж зээлдүүлэгч К банк, зээлдэгч “Н” ХХК нарын хооронд маргаан үүссэн, уг маргааныг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн шүүгчийн захирамж хүчин төгөлдөр болсон үйл баримтын тухайд маргаагүй. Гагцхүү уг зээлийн хүү болох жилийн 12 хувиас хүүгийн хөнгөлөлт болох 9 хувьд хамаарах төлбөрийг яам Бодлогын гэрээний дагуу зээлдэгчийн өмнөөс төлж барагдуулсан эсэх асуудлаар маргаж байгаа. Нэхэмжлэгч нь яам Бодлогын гэрээний үүргээ зөрчиж энэ хүүг огт төлөөгүй гэж, хариуцагч нь гэрээнд заасан арга, журмын дагуу Х банкаар дамжуулан төлсөн гэж тайлбарлаж байна.
Хэрэгт хялбаршуулсан журмаар зээлийн гэрээтэй холбоотойгоор зээлдүүлэгч К банк, зээлдэгч “Н” ХХК нарын хооронд үүссэн хэргийг шийдвэрлэсэн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж авагдсан боловч уг захирамжид зээлийн үндсэн төлбөр, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцоолсон хувь хэмжээ, хугацааг ялган зааглаж тусгаагүй, харин тус шүүхэд 2022.08.19-ний өдөр гаргасан нэхэмжлэл, түүний хавсралт гэх тооцооллын хүснэгт авагдсан байна. Уг нэхэмжлэлд зээлийн хүүг 12 хувь гэж, тооцооллын хүснэгтэд хүүг 3 хувь гэж тусгасан нь тодорхойгүй байдлыг үүсгэж байна. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн тайлбарлаж байгаачлан 9 хувийн хүүгийн хөнгөлөлтийг К банкинд Х банкаар дамжуулан төлснийг банк зөвшөөрч тухайн үед суутган нэхэмжилж байсан, эсхүл уг хөнгөлөлтийг зээлдэгчийн өмнөөс яам төлөх үүргээ биелүүлээгүйн улмаас зээлдэгчээс шаардаж байгаа алин болох нь эргэлзээтэй байна.
Дээр дурдсанчлан зохигчийн маргааны зүйлийн тухайд эргэлзээгүй дүгнэлт өгөх боломжгүй, нотлох баримтууд хангалттай бус байх үед хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ.” гэх журмыг зөрчсөн, хоёр шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байх тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 191/ШШ2025/02355 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 210/МА2025/01133 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Хариуцагч ХХААХҮЯ нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАХ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАТЧИМЭГ
Н.БАЯРМАА
Х.ЭРДЭНЭСУВД