Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 00108

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж шүүгчид М.Эрдэнэ-Очир, Н.Ариунжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

Нарийн бичгийн даргаар С.Дэмбэрэлсамбуу,

Улсын яллагч Ц.Мөнхжаргал,

Хохирогч Л.Отгон,

Иргэдийн төлөөлөгч Б.Эрдэнэцэцэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Энхболд,

Шүүгдэгч Л.Базарсад нарыг оролцуулан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Лхагвасүрэнгийн Базарсадад  холбогдох эрүүгийн 201722000031 тоот хэргийг 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Насанд хүрээгүй шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол улсын иргэн, Онход овогт Лхагвасүрэнгийн Базарсад, 1993 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бага боловсролтой,  мэргэжилгүй, эхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, аав, ээжийн хамт Хөвсгөл аймаг Төмөрбулаг сумын 4 дүгээр багт оршин суух, урьд Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 34 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэгдэж байсан, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай,  Регистрийн УИ93081716 дугаартай,

Шүүгдэгч Л.Базарсад нь 2017 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын төвд иргэн Л.Отгоны жолоодож явсан автомашинд сууж яваад уяаг зэвсгийн чанартай хэрэглэн хоолойг нь боож амь насанд нь аюултайгаар хүч хэрэглэн эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ

Шүүгдэгч Л.Базарсад нь 2017 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын төвд иргэн Л.Отгоны жолоодож явсан автомашинд сууж яваад уяаг зэвсгийн чанартай хэрэглэн хоолойг нь боож амь насанд нь аюултайгаар хүч хэрэглэн эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь

Шүүгдэгч Л.Базарсадын мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: Би 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Төмөрбулаг сумын Тээл багийн нутгаас эгч Азжаргалын хамт мотоциклоор 16 цагийн үед Мөрөн суманд орж ирсэн...зах руу орж явж байгаад буцаж урд захаас гарч такси барьсан. Урд захын үүдэн дээрээс 12 цагийн орчимд нэг такси барьсан. Цагаан өнгийн эмэгтэй жолоочтой такси байсан. Энэ таксины ар талын суудалд суугаад 13 дугаар хороо руу явъя гээд явсан айлд очих гэсэн айлаа олоогүй. 13 дугаар хороогоор нилээд явсан. Тэгээд айлаа олохгүй байсан учир 9 дүгээр хороо руу найзындаа очих гэж яваад очоогүй. Тэгээд буцаад зах руу ирж яваад таксины мөнгө байхгүй байсан. Таксины жолооч эмэгтэй надаас мөнгөө нэхсэн. Мөнгө олж өгье гээд олдоогүй. Таксины жолооч мөнгөө нэхэхээр нь мөнгө олж өгье гэхэд таксины жолооч эмэгтэй чи ер нь худлаа яриад байна. Мөнгөгүй юм бол яах гэж такси авсан юм гэсэн. Би дотуураа тэмээний ноосон цамц өмсөж явсан юм. Тэгээд цамцаа тайлж өгсөн. Тэгээд тэр эмэгтэй жолоочийн утасны дугаарыг нь авсан. Тэгээд захын ар талд нэг найзындаа очих гэж явж байгаад гудамжинд нь орж зогссон. Тэгээд тэр эмэгтэйг газраас олж авсан бор өнгийн давууны өөдсөөр араас нь хоолойгоор нь боож гар, хөлөөрөө хүчлэн татсан. Бооход тэр эмэгтэй ухаан алдаад дуу нь гарахгүй болсон. Тэгээд би машинаас нь бууж эхлээд хажуу талын суудал руу нь авч тавьсан. Тэгээд машиныг нь унаж Мөрөнгийн хойд талаар баахан давхисан. Тэгж байтал баас үнэртээд  байсан. Өмхий үнэртээд байсан. Тэгээд тал дээр тэр эмэгтэйг аваачиж буулгасан. Тэгээд машиныг нь унаж яваад 11 дүгээр багийн нэг гудамжинд хаясан...Түрийвч нь жолооч талын хаалганы хажуугийн хаалганы хажуугийн халаасанд байсан. Түрийвч байсан мөнгийг нь авсан...би мр3-ыг нь авсан гэх мэдүүлэг / хх-ийн 93-94-р хуудас/

Хохирогч Л.Отгоны мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэрчээр өгсөн: 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 12 цаг өнгөрч байхад өөрийн эзэмшлийн ХӨА 59-06 дугаартай аксент маркийн машинтайгаа урд талын Байгаль ээж захын үүдний такси зогсоол дээр зогсож байхад миний машины хаалга онгойж арын суудал руу хүрэн өнгийн дээлтэй бор өнгийн үстэй малгайтай хүрэндүү улаан нүүртэй 25 орчим орчим насны залуу орж ирж суугаад 7-р хороо руу явья гэсэн ... Тэнд зогсоод би энд айл байдаг шинж алга чи худлаа яриад байна би цагдаад очиж хэлнэ шүү гэсэн. Тэгээд тэр залуу дуугай сууж байснаа гэнэт араас нарийн уяагаар хоолойгоор минь оруулж боосон. Тэгээд би нэг мэдэхэд ухаан алдсан байсан. Нэг сэрэхэд хойд талынхаа суудал дээр дээд талын хувцаснууд тайлагдсан, доод талын хувцаснууд урагдаж доошоо шувтарсан байсан. Тэгээд ухаан орж цамцаа ч өмсөж чадалгүй куртикээ өмсөж байхад мөнгө байна уу гэсэн би мөнгө байхгүй гэсэн. Тэгээд тэр залуу амьд үлдсэндээ баярла гэсэн утгатай зүйл хэлж байсан. Тэгээд би хурдхан машинаас бууя гэж бодоод машинаас буусан. Тэгээд намайг машинаас буунгуут тэр залуу миний машиныг асааж аваад 10-р хороо чигтэй хурдтай яваад өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 27-31-р хуудас/

Гэрч Ц.Хулангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... миний утас руу 7038102 дугаарын утаснаас залгаж ноцтой хэрэг гарсан тул камер шүүх шаардлагатай байна гэж жижүүрийн офицер ахлах дэслэгч Мөнгөнзагас ярьсан тул би цагдаагийн газар дээр очиж жижүүрээс өгсөн мэдээллийн дагуу Далай ээж захын урд талд байрлах хяналтын камерыг шалгасан. Энэ камерын 12 цаг 00 минутаас хойшхи бичлэгийг шалгаж эхэлсэн. Шалгаж байхад эмэгтэй жолоочтой халдлагад өртсөн гэх аксент маркийн машинтай адилхан тээврийн хэрэгсэл 12 цаг 15 минутын үед Далай ээж захын үүдний таксины зогсоол дээр зогсож байхад улаан хүрэн дээлтэй үстэй малгайтай эрэгтэй хүн энэ машины арын суудал руу орж суугаад уг машин урагшаа хөдөлж явсан гэх мэдүүлэг /хх-ийн 31-32-р хуудас/

Гэрч Л.Батсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр санагдаад байна би гэртээ байж байтал Отгон надруу залгаад манай нөхрийн утас нь холбогдохгүй байна, намайг хүн дээрэмдээд машин аваад явсан, би эмнэлэг дээр байна, чи нөхрийг олоод хэлээд өгөөч гэхээр нь би гараад Ренчиндамбын ажилладаг сургууль дээр ирэхэд ажил дээрээ байж байхаар нь эхнэр чинь ярилаа эмнэлэг дээр байна гэж хэлээд нөхрийг нь аваад шууд эмнэлэгийн хүлээн авах дээр очсон. Очиход Отгон айсан балмагдсан, юм ярихааргүй бололтой байсан, үс толгой нь сэгсийсэн, нүүр нь цайж цонхийсон харагдсан, намайг очиход эмчилгээ хийлгээд хэвтэж байсан гэх мэдүүлэг, /хх-ийн 33-34-р хуудас/

Гэрч Д.Хүрэлцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... 2017 оны 01 сарын 14-ний өдөр 14 цагийн орчим 0 дүгээр хорооноос 5 дугаар хороо руу байдаг гэрлүүгээ машинтайгаа явж байтал 11  дүгээр хорооны 9 дүгээр гудамжны баруун үзүүрт нэг эмэгтэй хүн сууж байхаар нь сайн хартал таксинд явдаг Отгоо гэдэг эмэгтэй байсан. ... яасан бэ юу болсон бэ гээд асуусан чинь нэг хүнд алуулах дөхлөө намайг яагаад ингэж байгаа юм бэ гээд уйлаад байхаар нь би өөрийнхөө 86519615 дугаарын утсаараа эмнэлэг рүү яриад дуудлага өгүүлсэн, эмнэлэг багцаагаар 20 минутын дараа ирээд Отгоныг аваад явсан гэх мэдүүлэг, /хх-ийн 39-40-р хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-8-р хуудас/,

Эд мөрийн баримт хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 15,18-р хуудас/,

Хураан авах тухай тогтоол /хх-ийн 16, 25-р хуудас/,

Эд мөрийн баримт түр хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 17-р /,

 Эд мөрийн баримтыг хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 19-р хуудас/,

Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 20-22-р хуудас/,

Түр хураавсан эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 23-р хуудас/,

Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 24-р хуудас/,

Шинжилгээ хийх шинжээч томилох  тогтоол /хх-ийн 51,57-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 020 тоот:  Хэргийн газраас авсан гутлын улны мөр нь шинжилгээнд тэнцэнэ. Хэргийн газраас бэхжүүлэн авсан гутлын мөр нь Л.Базарсадаас хурааж авсан гутлын мөртэй ерөнхий шинж тэмдгээрээ тохирч байна гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 52-54-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 097 тоот: Л.Отгоны биед хэлэнд шарх, хүзүүнд зулгаралт, баруун гуянд цус хуралт бүхий гэмтэл учирсан ба хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байна гэх дүгнэлт. /хх-ийн 58-59-р хуудас/

Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 100 тоот дүгэнэлт /хх-ийн 70-р хуудас/,

Эд зүйлд үнэлгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-ийн 80,82-р хуудас/,

Хөрөнгө үнэлсэн тайлан, эд зүйл үнэлсэн тайлан /хх-ийн 81, 83-84-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Л.Базарсадыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь шүүгдэгчийн унаж явсан цагаан өнгийн Аксент маркийн ХӨА 59-06 улсын дугаартай тээврийн хэрэгслийг эд мөрийн баримтыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 15-р хуудас/-аар, мөн 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн хохирогч Л.Отгоны “миний бие Л.Базарсадаас алдагдсан бичиг баримт, өмсөх боломжгүй болсон хувцас болон бэлэн 20.000 төгрөг зэрэг нийт хохирлын мөнгийг хүлээн авсан. Дээрх хохирол болох 300.000 төгрөгийг сайн дураараа төлсөн болно” гэх тодорхойлолт, хохирогч Л.Отгон нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй байна гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Л.Базарсад нь урьд ял шийтгэл эдэлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 102-р хуудас/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 103-105-р хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Л.Базарсад нь Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдргийн 34 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-т зааснаар ялтай байх хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдсэн байна.

Шүүгдэгчийн хувийн байдал болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Л.Базарсадын хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлж жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн 201722000031 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 47 см урттай, 4.7 см өргөнтэй бор өнгийн давуун уяаг шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүгчийн туслах Ч.Батсүхэд даалгах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт хураагдан ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Л.Базарсад нь 106 хоног цагдан хоригдсон болохыг дурьдлаа.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

  1. Шүүгдэгч Онход овогт Лхагвасүрэнгийн Базарсадыг бусдын эд хөрөнгийг зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэж, дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар Л.Базарсадад эд хөрөнгө хураахгүйгээр 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Л.Базарсадад оногдуулсан 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1.2-т зааснаар шүүгдэгч Л.Базарсадын цагдан хоригдсон 106 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 47 см урттай, 4.7 см өргөнтэй бор өнгийн давуун уяаг шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүгчийн туслах Ч.Батсүхэд даалгасугай.

7. Эрүүгийн 201722000031 дугаартай хэрэгт хураагдан ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Л.Отгон нь цаашид гарах зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээрзүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгчид шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Л.Базарсадад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Н.НЯМСҮРЭН

                                                  ШҮҮГЧ                                          Н.АРИУНЖАРГАЛ

                                                  ШҮҮГЧ                                          М.ЭРДЭНЭ-ОЧИР