Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 102/шш2022/00049

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2022/00049

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б............... .. дугаар хороо .. дүгээр хороолол ... байр... тоотод оршин суух, ..... онд төрсөн ... настай, Б овогт У-ын У

Хариуцагч: Б...............  дугаар хороо .....дугаар байр .... тоотод оршин суух, ..... онд төрсөн ... настай, С овог Т-ын Э .

Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийг 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч У.У , хариуцагч Т.Э , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч У.У шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Т.Э тэй Солонгос улсад байхдаа 2016 онд танилцаж, 2018 онд Монголд ирцгээсэн. Бидний хүү Э.Э 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр төрж, бид Т.Э гийн байранд хамт амьдарсан. Хамт амьдрах хугацаанд санхүүгийн бэрхшээлээс болж байнгын маргаан зөрчилдөөнтэй байж ирсэн. Ийм шалтгааны улмаас 2020 оны 03 дугаар сараас хойш тусдаа амьдрах болсон. Цаашдаа хамтран амьдрах боломжгүй болсон тул хүү Э.Э эд тэтгэлэг тогтоож өгнө үү гэв.

Хариуцагч Т.Э шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бид 2016 онд танилцсан. 2019 онд хүүтэй болсон. Миний хүүхэд мөн. Ажилтай байх үедээ хүүгийнхээ дансанд сар болгон мөнгө шилжүүлдэг байсан. Өвдөж хагалгаанд орсноос хойш мөнгө төгрөг өгч чадаагүй. Хүүхдийн тэтгэлэг төлнө гэв

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч У.У нь хариуцагч Т.Э д холбогдох хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл гаргажээ.

У.У , Т.Э нар 2016 онд танилцаж, хамтран амьдарч 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүү Э.Э төрсөн байна.

Зохигч таарамжгүй байдлын улмаас 2020 оны 03 дугаар сараас хойш тусдаа амьдарч, цаашид хамтран амьдрахгүй гэж тайлбарлан нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шаардлага гаргасанг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн байна.

Иймд хариуцагч Т.Э гээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж, 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн хүү Э.Э ийг 11 нас хүртэл түүний оршин суугаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулах нь зүйтэй.

Хэдийгээр хүүхэд эхийн асрамжид байгаа боловч эцэг Т.Э нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан хүүхдээ асран хамгаалах, хүмүүжүүлэх эрх үүрэг нь хэвээр бөгөөд зохигчид хүүхдийн тэтгэлгийг яаж төлөх аргаа шийдвэр гүйцэтгэлийн шатанд тохиролцож шийдвэрлэх боломжтой болно.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Т.Э гээс 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч У.У т олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн хүү Э.Э ийг 11 нас хүртэл түүний оршин суугаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг Т.Э гээр тэжээн тэтгүүлсүгэй.

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50%-иас хэтрэхгүй болохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Т.Э гээс 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч У.У т олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА