Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 102/шш2022/00300

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2022/00300

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б............... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б............... дүүрэг ... дугаар хороо ... дугаар хороолол .... дугаар байр .... тоотод оршин суух, .... онд ... настай, Д............... овогт Л-ын Г.

Хариуцагч: Б............... дүүрэг .. дугаар хороо ............... өөрийн байр, регистр ..............., Д............... ТӨХК

2.617.600 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгч Ч.Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л.Г миний бие тус станцад ажиллаж байгаад 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Б/315 тушаалаар өндөр насны тэтгэвэрт гарч халагдсан. Д............... ТӨХК-ийн захиргаа, ҮЭ-ийн хорооны хооронд байгуулсан хамтын гэрээний 12.1-д заасны дагуу миний нийт 34 жил 1 сар ажилласан хугацааны жил тутам эрчим хүчний салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр бодож нэг удаагийн мөнгөн тэтгэмж 26.176.000 төгрөг олгохоор болсон. Мөн гэнэт халагдсаны тэтгэмж 7.766.380 төгрөг нэмж нийт 33.942.380 төгрөг олгохоор болсон. Ингээд миний тэтгэмжийн мөнгийг 2018 оны 11 дүгээр сарын 17-нд шилжүүлэхэд нэг удаагийн тэтгэмж болох 26.176.000 төгрөгөөс 10 хувийг Хүн амын орлогын албан татвар гэж үндэслэлгүйгээр суутган авч нийт 31.324.780 төгрөгийг миний Худалдаа хөгжлийн банкны данс руу шилжүүлсэн. Дээрх мөнгө нь Хүн амын орлогын албан татварын хуулийн татвар ноогдох орлогоос чөлөөлөгдөх татвар атал надаас авах хувийг суутган авсан. Иймд Д............... ТӨХК-иас 2.617.600 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Л.Г нь ДЦС-4 ТӨХК-нд нийт 34 жил 1 сар ажиллаад өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн тул 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Б/315 тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн. Манай байгууллагын ДЦС-4 ТӨХК-ийн захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан Хамтын гэрээний 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасны дагуу Л.Г ийн эрчим хүчний салбарт ажилласан жилийг эрчим хүчний салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр бодож нэг удаагийн мөнгөн тэтгэмж 26.176.000 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн. Энэ мөнгөн тэтгэмжээс хувь хүний орлогын албан татвар 10 хувиар тооцон суутгаж Монголын Татварын албаны татварын дансанд шилжүүлсэн. Иймд Б............... дүүргийн Татварын хэлтсээс нэхэмжлэн буцаах авах үндэслэлтэй. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Г нь хариуцагч Д............... ТӨХК-нд холбогдох 2.617.600 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д зааснаар шаардах эрхтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Д............... ТӨХК-ний гүйцэтгэх захирлын 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Б/315 тоот тушаалаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсч ажлаас чөлөөлөгдөх өргөдөл гаргасан түлш дамжуулах цехийн илчит тэрэгний найруулагч Л.Г ийн ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс тасалбар болгон цуцалж, ТӨХК-ний захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны байгуулсан Хамтын гэрээний 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар Л.Г д 26.176.000 төгрөгийн нэг удаагийн тэтгэмжийг шийдвэрлэжээ. Талууд тэтгэвэр тогтоолгосон, тэтгэмж олгосон үйл баримтын талаар маргаагүй байна.

Шүүх хуралдаанд хариуцагч нь Б............... дүүргийн Татварын хэлтсээс нэхэмжлэн буцаах авах үндэслэлтэй. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж тайлбарлан маргажээ.

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн /2006 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн/ 16 дугаар зүйлийн 16.1.1 дэх хэсэг, 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ 22 дугаар зүйлийн 22.1.1 дэх хэсэгт зааснаар ...тэтгэмж, орлогыг татвараас чөлөөлөхөөр заасан, хуулиар татвар төлөх үүрэг үүсээгүй байхад Д............... татварт 10 хувийг суутгаж тооцсон нь хууль зөрчсөн, үндэслэлгүй байна.

Дээрх хуульд зааснаар ажилтанд олгосон тэтгэмж нь хуулиар татвараас чөлөөлөхөөр заасан байхад хариуцагч байгууллага хууль зөрчиж суутгал хийж Татварын албанд шилжүүлсэн байдалд ажилтан буруугүй тул Татварын хэлтсээс нэхэмжлэн буцаан авах үндэслэлтэй гэх хариуцагчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй.

Нэхэмжлэлийн шаардлага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаанд хамаарахгүй, харин Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасан хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа 10 жилд хамаарах юм.

Иймд хариуцагч Д............... ТӨХК-наас 2.617.600 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.Г д нь зүйтэй.

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч өөрсдийн эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх хүсэлт гаргасан тул оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д зааснаар Д............... ТӨХК-иас 2.617.600 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.Г д олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56.832 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Д............... ТӨХК-иас 56.832 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.Г д олгосугай.

3.Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА