| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 149/2024/0070/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/77 |
| Огноо | 2024-06-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Хишигсувд |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 2024/ШЦТ/77
2024 оны 06 сарын 25-ны өдөр 2024/ШЦТ/77 Мандал сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан Эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга Б.Баттөгөлдөр
Улсын яллагч Б.Хишигсувд
Шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын Прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Хишигсувдаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Д.*******од холбогдох 2432000000077 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Д.******* нь 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 08 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр баг, ******* ******* тоотод архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ “аяга булааж аваад цай уулгасангүй” гэх шалтгаанаар өөрийн хүү Э.******* руу аяга шидэж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.******* нь 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 08 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр баг, ******* ******* тоотод архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ “аяга булааж аваад цай уулгасангүй” гэх шалтгаанаар өөрийн төрсөн хүү аутизм өвчтэй 12 настай Э.******* руу аяга шидэж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Бага насны хохирогч Э.*******ы мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг: ... Манай аав согтуу өнөөдөр өглөө миний толгой руу аягаар цохисон. Намайг цай хийж өг гээд уурлаад аягаар цохичихсон гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 9-р тал/
Гэрч С.*******ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг: ... Би нөхөр хүүхдийн хамт амьдардаг. Манай хүү ******* нь 12 настай бөгөөд 4 настай байхдаа байцайны хор уучихсан юм. Түүнээс хойш унаж татдаг өвчтэй болсон юм. 2018 онд хүү *******ыг эмнэлэгт үзүүлэхэд аутизм гэдэг өвчтэй гэж оношлогдсон. Хүү маань өөрийгөө илэрхийлэх чадвар муу, сайн ярьж чаддаггүй. Манай нөхөр ******* нь өчигдөр гэрээсээ орж гараад архи уугаад байсан. Тэгээд түүнийг өчигдөр гэртээ хоносон эсэхийг би мэдэхгүй. ******* архи уучихаараа заримдаа байшиндаа, заримдаа хашаанд байх гэртээ хоночихдог юм. Өнөө өглөө 07 цаг 20 минутад ******* байшинд орж ирээд хүү *******д хандаж “цай хийж өг” гээд зандрангуй хэлж байсан. Би түүнтэй ямар нэгэн зүйл яриагүй. Тэгээд нөгөө талын өрөө рүү ортол ард аяга хагарах чимээ гараад хүү уйлж эхэлсэн. Тиймээс би буцаж ортол хүү толгойныхоо ар дагз хэсгийг бариад уйлаад байсан. Би очоод хартал түүний гар нь цус болчихсон. Толгой нь хагарчихсан байсан тул би эмнэлэгт ирсэн. би *******оос яаж байгаа юм гэж асуухад “хүүхэд чинь үгэнд орохгүй байна” гэж хэлсэн. Миний ойлгосноор ******* *******ыг цай хийж өг гэж хэлэхэд нь цай хийж өгөөгүй, миний араас боссон юм шиг байгаа юм. Гэтэл ******* аяга аваад *******ы араас аяга шидсэн юм шиг байгаа юм. ******* надад тэгж ойлгуулсан. Манай гэрт өөр хүн байгаагүй. ******* намайг байхгүй байх үед миний хүүг айлгаж, зодож дарамталдаг юм шиг байгаа юм. ******* аавынхаа харцаар хөдөлж их айдаг нь мэдэгддэг. Тэгээд ******* өөрөө хүүд хандаж “чи муу ээжийгээ байхад их том байна” гэж хүртэл хэлдэг гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 16-р тал/
Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн Мандал сумын Шүүх шинжилгээний хэсгийн шинжээч эмч Г.Ган-Эрдэнийн 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 153 дугаартай дүгнэлт: ...
1. Э.*******ы биед толгойн хуйханд шарх гэмтэл тогтоогдсон.
2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /ХХ-ийн 21-22 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь:
Д.******* нь 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 08 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр баг, ******* ******* тоотод орших гэртээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ “аяга булааж аваад цай уулгасангүй” гэх шалтгаанаар өөрийн төрсөн хүү аутизм өвчтэй 12 настай Э.******* руу аяга шидэж, түүний толгойг хагалан эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Д.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч нь хохирол төлбөр нэхэмжлээгүй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500,000 төгрөгийн ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Д.*******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Д.******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдаж
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Л******* овогт ******* *******ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ыг 500 нэгж буюу 500,000 /таван зуу мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Д.*******ыг торгох ялыг 05 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Энэ хэрэгт Д.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй зэргийг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.*******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар Шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол эсэргүүцлийг хуульд заасны дагуу гаргаж болохыг дурдсугай.