Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 102/шш2022/00356

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2022/00356

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б............... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: С............... дүүрэг .. дугаар хороо .. дугаар хороолол .....дүгээр байр ... тоотод оршин суух,..... онд төрсөн ... настай, У овогт Д-ийн О

Хариуцагч: Б............... дүүрэг .. ............... группийн байрны чанд урд өөрийн бай д байрлах Х............... ХХК

21.759.410 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг нар оролцож, хариуцагчийн төлөөлөгч Н.Б хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.О нь хариуцагч Х............... ХХК-нд холбогдуулан тээвэрлэлтийн гэрээний үүрэгт 21.759.410 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Нэхэмжлэгч Д.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ч............... шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Д.О нь Х............... ХХК-тай 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр цемент тээвэрлэх гэрээ байгуулж, хариуцагчийн үйл ажиллагаанд шаардлагатай цементийг өөрийн өмчлөлийн цемент тээвэрлэх зориулалт бүхий автомашинаар зөөж тээвэрлэсэн. Гэрээнд зааснаар цементийг 04 дүгээр сараас 08 дугаар сар хүртэл зөөсөн. Хариуцагчийн зүгээс 2021 оны 07, 08 дугаар саруудын тээврийн хөлсийг төлөөгүй тул Х............... ХХК-ийн нягтлан бодогчтой тооцоо нийлж акт үйлдсэн. Тооцооны үлдэгдлийн баталгаагаар үлдэгдэл төлбөр байгаа гэдгээ баталгаажуулж 2021 оны 09 дүгээр сарын 01-ний байдлаар 21.759.410 төгрөгийн үлдэгдэлтэй гэдгээ Тооцооны үлдэгдлийн баталгаагаар баталгаажуулсан. Гэрээгээр сар бүрийн 30-ны өдөр төлбөрийн тооцоог шилжүүлнэ гэж тохирсон боловч хариуцагч гэрээний үүргээ зөрчсөн. Иймд тээвэрлэлтийн гэрээний үүрэгт хариуцагч Х............... ХХК-наас 21.759.410 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчээс 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн №ЦТГ/21/01 Цементний тээвэрлэлт хийх гэрээ, тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтыг шүүхэд гаргаж өгсөн, хариуцагч тал хариу тайлбар болон холбогдох баримтыг ирүүлээгүй байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа Х............... ХХК-тай цементийн тээвэрлэлт хийх гэрээ байгуулж цементийг өөрийн өмчлөлийн цемент тээвэрлэх зориулалт бүхий автомашинаар зөөж тээвэрлэсэн. Хариуцагч төлбөрөө төлөөгүй тул тооцоо нийлсэн акт үйлдсэн. Тээврийн хөлс 21.759.410 төгрөгийг гаргуулах гэж шаарджээ.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Цементний тээвэрлэлт хийх гэрээ, тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Зохигчийн хооронд 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр №ЦТГ/21/01 Цементний тээвэрлэлт хийх гэрээ байгуулагдаж, гэрээгээр тээвэрлэгч нь өөрийн эзэмшил ашиглалтанд байх тээврийн хэрэгслээр тээвэрлүүлэгч талын цементний тээврийн ажлыг хийж гүйцэтгэх, тээвэрлүүлэгч нь ажлын шаардлага хангасан үр дүнг хүлээн авч, гүйцэтгэсэн ажлын хөлсийг төлөх үүрэг хүлээжээ.

Цементний тээвэрлэлт хийх гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна

Гэрээний хугацаа 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 1 жилийн хугацаатай байгуулагдаж, төлбөрийн нөхцөлийг талууд тээвэрлэлтийн ажлын талаар сард 1-ээс доошгүй удаа тооцоо нийлэх ба төлбөрийг тухайн сарын 30-ны өдрийн дотор тээвэрлүүлэгч нь тээвэрлэгч талд төлж барагдуулах, гэрээгээр тохиролцсон хугацаанд тээвэрлүүлэгч нь тээвэрлэлтийн ажлын хөлсийг төлөх үүрэг хүлээсэн байна.

Хариуцагч Х............... ХХК нь 2021 оны 07, 08 дугаар саруудын тээврийн хөлсийг төлөөгүй тул талууд хоёр байгууллага хооронд 2021 оны 09 дүгээр сарын 01-нийг дуустал хугацаанд өгч авалцсан зүйлээ байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн нийлж 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 13.932.460 төгрөг, 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 5.461.300 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 2.365.650 төгрөг нийт 21.759.410 төгрөгийн өрийн үлдэгдлийг тооцооны хэлбэрээр нэхэмжлэн авахаар тохиролцож Тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтаар баталгаажуулсан байна.

Хариуцагч тал энэ үйл баримтад маргаагүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой хариу тайлбараа нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй боловч энэ үүргээ биелүүлээгүй тул мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөнд тооцож хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.

Хариуцагч нь шүүхэд тогтоосон хугацаанд хариу тайлбараа ирүүлээгүй, нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч эсэргүүцээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т заасан нөхцөл байдал үүссэн, нэхэмжлэлийн шаардлагад хариуцагч маргаагүй гэж үзэж хэргийг шийдвэрлэсэн болно.

Хариуцагч нь Цементний тээвэрлэлт хийх гэрээний 4.4, Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-т заасан гэрээний хугацаанд тээвэрлэлтийн хөлсийг төлөх, үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй буруутай тул нэхэмжлэгч нь гэрээний үүргийг шаардах эрхтэй байна.

Иймд хариуцагч Х............... ХХК-наас тээвэрлэлтийн хөлс 21.759.410 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.О д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас хангаж буй үнийн дүнд ногдох төлбөр 266.748 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-т зааснаар хариуцагч Х............... ХХК-наас 21.759.410 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.О д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 266.748 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Х............... ХХК-наас 266.748 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.О д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА