Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 24

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Сарантуяа даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа

Улсын яллагч Б.Батнасан

Хохирогч ***

Иргэний нэхэмжлэгч ***

Хохирогч ***, иргэний нэхэмжлэгч *** нарын өмгөөлөгч М.Энхзаяа

Шүүгдэгч ***-ын өмгөөлөгч Ж.Мөнхнасан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *** овогт ***-ын ***-т холбогдох эрүүгийн 201607000133 дугаарын хэргийг 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, *** оны *** дүгээр сарын ***-ны өдөр *** аймгийн *** сумд төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт *** аймгийн *** сумын ***тоотод оршин суудаг, төрөөс Тээврийн яамны жуух бичгээр шагнуулж байсан, ял шийтгэлгүй, аминдаа хөрөнгөгүй, бие эрүүл, ухаан бүрэн, *** регистрийн дугаартай, *** овогт ***-ын *** гэв.

    Холбогдсон хэргийн талаар:

              Г*** аймгийн *** сумын *** багийн нутаг дэвсгэрт 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр ***ГАҮ дугаартай *** маркийн автомашин жолоодож яваад замын хөдөлгөөний дүрмийн 12.9 дэх хэсэгт заасан “гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөнөөс ***-ын жолоодож явсан***ГАА улсын дугаартай автомашинтай мөргөлдөж иргэн ***-гийн биед хүндэвтэр гэмтэл, иргэн ***-ын биед хөнгөн зэргийн гэмтэл, иргэний нэхэмжлэгч ***-гийн тээврийн хэрэгсэлд 3.313.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлджээ. /Яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүгдэгч *** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ: 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр *** сумаас орж ирээд энэ прокурорын уншсан хэрэг гарсан юм. *** ослын газрын зураг авсан. Би үнэхээр туслах замаас орох нь орсон байгаа. Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлийн 12.9 дэх хэсэгт “гол замаар явж байгаа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх” гэсэн заалт байгаа. Мөн миний давуу эрх хөдөлгөөнийг урьдчилан хийх гэсэн давуу эрх байгаа. Энэ машиныг хол зайтай байхаар нь эрхээ эдэлж тэнхлэг цагаан зураас давсан байхад эсрэг ургалаас цагаан зураас давж орж ирж мөргөсөн. Аль ч дүгнэлтэд энэ гараагүй байдаг. Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалт байсан. Энэ заалтыг мөрдөөгүй тооромз гишгэсэн мөр байгаагүй. Хотод гарсан дүгнэлт дээр тооромз гишгэж зогсоох арга хэмжээ авах шаардлагагүй гэсэн дүгнэлт гаргасан байдаг. Говь-Алтай аймгийн замын цагдаагийн гаргасан дүгнэлт, мөн 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлтээр анхан шатны шүүх хуралдаан болж би 20 хоногийн баривчилгаа, 1.430.000 төгрөг хохирогчид өгсөн байгаа. Мөн хохирогч *** гуайд 220.000 төгрөг өгсөн. Зураг дээр осол гарсан талаар тодорхой гарсан байгаа. ***-ыг Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь заалтыг зөрчсөн гэж бичсэн байсан. Мөн Улаанбаатар хотын Замын цагдаагийн дүгнэлт гаргахад замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь заалтыг тэмдэглээгүй байдаг. 25 дугаар зүйлийн 25.1.5 заасан хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 6 сар гэсэн заалт байдаг юм байна. Миний хэрэг 9 сар болсон байгаа. Улаанбаатар хотод хоёр удаа дүгнэлт гаргуулсан гэж байна. Би гаргуулъя гэж хүсэлт тавиагүй. Хохирогчийн тал гаргуулъя гэж хүсэлт тавьж гаргуулсан. Энэ хоёр удаа гарч ирсэн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Анхан шатны шүүх хуралдаанаар Ашид билгүүн компаниар би ч гэсэн хохирлын үнэлгээ гаргуулсан байгаа. *** мөн гаргуулсан 3.313.000 төгрөгний хохирол, миний машин дээр 565.000 төгрөгний хохирол тогтоосон байгаа.  Тогтоосон хохирол дээр тусгагдаагүй хохирлыг нэмж надаас нэхэмжилж байгаа. Үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй. Анхан шатны шүүх хурлаар 1.430.000 төгрөгний хохирол гарсан байсан тэр хохирлоо барагдуулсан мөн 20 хоногийн баривчилгаа эдэлсэн байгаа. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэх ёсгүй мөнгө нэхэмжилж байна. Төлөх чадваргүй өөрөө ажилгүй, асаргаатай хүүхэдтэй эмчилгээгүй гэсэн тэр хүүхдээ асраад байж байдаг. Би ч гэсэн маш их хохирол амссан. Оюутан хүүхдийнхээ төлбөрийг төлж чадахгүй сургуулиас гаргаж авсан. Эхнэрийн бие өвдөөд онош нь тодрохгүй эмнэлэгээр явж байгаа. Улаанбаатар явж шинжилгээ өгсөн. Энэ хохирлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний өгсөн бүх материалууд хавтаст хэрэгт хийгдсэн байгаа. Хэргийг гарах үед миний хажуу талаас орж ирж мөргөсөн юм. Замын хөдөлгөөний дүрминйи 12 дугаар зүйлийн 12.9 дэх хэсэгт байгаа замын хөдөлгөөнд оролцохдоо зам тавьж өгөх үүрэгтэй гэсэн заалт байгаа Миний давуу эрх замын хөдөлгөөнд оролцохдоо хөдөлгөөнийг урьдчилан чиглэл өөрчлөхөөс өмнө хөдөлгөөнийг урьтан хийх гэсэн давуу эрхийн заалтын дагуу энэ машиныг хол явж байхаар нь орж хөндлөн цагаан зураас давсан хойно буруу дарж орж ирж жолоочийн самбаачлах арга хэмжээг буруу авч эсрэг ургалаас орж ирж намайг мөргөсөн байгаа. Мөн энэ машин эхнэрийнх нь машин байсан жолоо шилжүүлсэн хамтран эзэмшигч гэсэн зүйл байхгүй байсан. Мөн хохирогч ***-д хамгаалах бүс зүүлгээгүй байсан. Өөрөө группд байдаг хүн тооромз гишгэх талын хөл хадаастай хөлтэй юм байна. Таксинд явах эрхээ аваагүй хүн байсан. Буруугаа хүлээгээд 1.430.000 төгрөг төлсөн гэж ярьж байна.  Анхан шатны шүүх хурлаар хоёр жолоочийн буруутай үйл ажиллагааны улмаас болж энэ осол гарсан гэж шийдсэн учраас би үнэн зөв шийдвэр гарлаа гэж би анхан шатны шүүхийн шийдвэрээр хохирлыг барагдуулсан юм. Энэ хохирлыг барагдуулахын тулд оюутныхаа төлбөрийг төлөлгүй гаргаж үнэн зөв гэж зөвшөөрсний үндсэн дээр энэ 1.430.000 төгрөгийг төлсөн юм. Энэ дээр анхан шатны шүүхийн шийдвэр,  замын цагдаагийн гаргасан дүгнэлт, гурван багшийн гаргасан дүгнэлтийг үндэслэж энийг төлсөн юм. Энэ хэргийг үнэн зөвөөр шийдэж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх хүсэлтийг тавьж байна гэв.

   Хохирогч *** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр ахындаа очих гээд талд хойд талын засмалын ард дэлгүүрийн гадаа зогсож байхад нэг охин ирээд эмээг Энхийн зуун эмнэлэг оруулаад тариулаад ирье гээд намайг аваад явсан. Тэгээд Энхийн зуун эмнэлэг орж тариулчихаад буцаад Монгол банкны арын замаар өгсөж дөрвөн замын уулзвар руу нэвтэрсэн. Тэгэхэд туслах замаас машин орж ирж намайг мөргөсөн. Нөгөө талын явган хүний зам давуулсан. *** гэдэг хүний буруутай үйл ажиллагаанаас болж шөнө нойр хүрэхгүй толгой тархи байнга өвдөж байна. Хүн зээлсэн мөнгөө нэхээд шөнө унтуулахыг байсан хэцүү байна. Би эм тариа 130.000 төгрөгөөр авсан мөн машины хохирол байгаа тэрийгээ бүрэн гүйцэд гаргуулж авахыг хүсэж байна. Хотод 2 дахиж шинжээчийн дүгнэлт гаргуулсан үнэн зөв гаргасан байдаг. ***-аас 130.000 төгрөг нэхэмжилж байгаа. 55.000 төгрөгөөр нэг удаа, 75.000 төгрөгөөр нэг удаа эм авсан. Бусад эм тариагаа аваагүй байгаа. Хэргийн материалд баримтаа өгсөн байгаа. Болдбаатар нь хажуу талаараа ирж мөргөсөн. Би зүүн гар тал руугаа дарсны улмаас хажуу талаараа ирж мөргөсөн. Би эгц тэндээ зогссон бол хаалган талаас ирж мөргөж хүний амь нас эрсдэх аюултай байсан учраас жоохон зүүн тийш нь дарсан.       

    Иргэний нэхэмжлэгч *** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хот руу хоёр дахиж яваад дүгнэлт гаргаад ирсэн байхад ингэж хэл ам хийх ямар хэрэг байна. Манайд маш их хохирол учирч байна. Гэр бүл салалт болж байна. Хохирлоо барагдуулж авч машин тэргээ засуулаад зараад өр зээлээ дармаар байна. Хүүхдийн хүмүүжилд ч муугаар нөлөөлж байна. Таны энэ буруутай үйлдлээс болж гэр дүүрэн хэрүүл маргаан болж байна. 2.265.000 төгрөгний зардал гаргасан. Тэрнээс 1.430.000 төгрөг миний дансанд хийсэн байсан. Одоо үлдэгдэл 2.835.600 төгрөг нэхэмжилж байгаа. Машинаа ветьнам засварт оруулаад өмнөх өрөө дармаар байна. Ах дүүгээсээ зээгээд авсан энэ хэрэг одоо жил болж байна. Гэр бүл салалт болж байна. Хүүхдийн хүмүүжилд муугаар нөлөөлж байна. Хүүхдүүд энэ зун зуны амралтаараа ажил хийе гэж байна. Сурагч хүүхдүүд ажил хийж болох юм уу. Адилхан үр хүүхдүүдтэй байх. Буруу зөвөө үнэнээр нь хүлээгээд юмаа шийдэх юм биш үү. Одоо бид хоёр тусдаа амьдарч байгаа. Энэ өнөөдөр хөдөөнөөс орж ирсэн. Хүүхдүүд тэгэхээр ямар байх уу? Хичээл дээрээ ч уйлаад сууж байна гэж багш нар хэлж байна үнэхээр хэцүү байна. 1.430.000 төгрөг аваад одоо 2.835.600 төгрөг үлдэж байгаа. Үнэлгээ тогтоосон төлбөр 138.000 төгрөг баримт нь байгаа. Машины үнэлгээ  эвдэрлийн дүн 3.313.000 төгрөг, машин хоёр удаа зөөвөрлөсөн 100.000 төгрөг, журмын хашаанаас 28.000 төгрөгөөр гаргасан, хот явж ирсэн 93.600 төгрөг, дутуу сэлбэг, масло тос, батерай авсан. Удаан зогссон машин батерай, аккумлятороо  сорчихдог юм байна. Машин асахгүй байхаар нь шалгуулахад батерай нь муу байна гээд таван батерай авч тавьсан. Дахиад гурвалжин гэрэл асаад болохгүй дахиад нэг батерай авсан. Нийт 4.265.600 төгрөг болсон үүнээс 1.430.000 төгрөг хасаад 2.835.600 төгрөг нэхэмжилж байна гэв.

     Шүүх хуралдаанд Улсын яллагчийн хүсэлтээр: Нэгдүгээр хавтаст хэргийн 23-24х хохирогч ***-гийн мэдүүлэг яллагдагчаар татах тогтоол уншихад танилцуулсан давтаж уншихгүй гээд ХХ-27-28х хохирогч ***-ын мэдүүлэг, гэрч ***, ***, иргэний нэхэмжлэгч ***-гийн мэдүүлэг яллагдагчаар татах тогтоолыг уншиж танилцуулахад дурдсан байгаа, хоёрдугаар хавтаст хэргийн 170х шинжээчийг байцаасан тэмдэглэл,  дүгнэлт, нэгдүгээр хавтаст хэрэг 3-9х хэргийн газрын үзлэг, хх-48-49х ***-т хөнгөн зэргийн гэмтэлтэй гэсэн шинжээчийн дүгнэлт, хх-54-55х хохирогч ***-д учирсан гэмтлийг хүндэвтэр гэмтэл гэж тогтоосон шинжээчийн дүгнэлт, хоёрдугаар хавтаст хэргийн 76х Хууль сахиулах их сургуулийн 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан шинжээчийн дүгнэлт, нэгдүгээр хавтаст хэргийн 75х шүүгдэгч ***-ын машинд 553.000 төгрөгний эвдрэл гэмтэл учирсан талаар Ашид билгүүн компаний гаргасан дүгнэлт, хх-82х ***-ын унаж явсан машин буюу иргэний нэхэмжлэгч ***-гийн машинд 3.313.000 төгрөгний хохирол учирсан талаар Ашид билгүүн компаний гаргасан эд зүйлийн үнэлгээ шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасангийн хүсэлтээр: Хавтаст хэргийн 44 дүгээр хуудас, 43 хуудасны гэрч  ***, *** нарын мэдүүлэг улсын яллагчийн шинжлэн судлуулсан нотлох баримттай давхардсан байна. Хэргийн газрын зураг /хх 4-5х/, гэрч ***-ын мэдүүлэг /хх 37-38х/, гэрч Д.Чойжилсүрэнгийн мэдүүлэг /хх 33-34х/,  шинжээчийн дүгнэлт /хх 68х/, бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт /хх 143-144х/,  2 дахь хавтасны дахин бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргахаар шинжилгээ хийлгэх тогтоолтой танилцуулсан тэмдэглэл /хх 72-73х/, шинжээчийн дүгнэлттэй танилцсан тэмдэглэл /хх-79х/ Яллагдагчийг 2 дахь удаа байцаасан гээд ***-ын байцаалт /хх-83х/ энэ нь шинжээчийн дүгнэлттэй танилцсаны дараа авсан тэгэхэд 1 дүгээр сарын 25-ны өдөр авсан гээд хавтаст хэрэгт авагдсан байгаа. Хэрэг мөрдөн байцаалтад буцсанаас хойш ерөөсөө огт уулзаагүй байж байгаад 1 дүгээр сарын 27-ны өдөр тогтоол танилцуулаад, шинжээчийн дүгнэлт танилцуулаад, байцаалт аваад нэг өдөр энэ бүх ажиллагааг хийсэн байгаа, хавтаст хэргийн материалтай ч гэсэн 1 дүгээр сарын 27-нд танилцаад хэргийн материалтай танилцлаа шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж бичсэн байгаа зэрэг баримтуудыг, хохирогчийн өмгөөлөгч М.Энхзаяагийн хүсэлтээр: Хоёрдугаар хх-170х Замын цагдаагийн албаны таван хүний бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт, иргэний нэхэмжлэгчийн баримт хх-1-3х үнэлгээ, төлбөр төлсөн баримт, машин буулгасан хөлс, машин зөөврөлөхөд зарцуулсан 50.000 төгрөгний нотолгооны зүйл бичигдсэн байгаа. Ашид билгүүн компаний гаргасан үнэлгээ 3.313.000 төгрөгний хохирол учирсан баримт тус тус давхардсан байгаа. Мөн ***-ын эмчилгээ сувилгаатай холбогдон гарсан зардал хоёрдугаар хавтаст хэргийн 137-140х нотолгооны зүйлүүд зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

    Шүүгдэгч *** ***ГАҮ дугаартай *** маркийн авто машиныг,  хохирогч  ***ГАА улсын дугаартай автомашиныг тус тус жолоодож яваад  Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн нутаг дэвсгэрт 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 12 цагийн орчимд мөргөлдсөн осол гаргаж,  ***-гийн биед хүзүүний 4-р нугаламын хугарал, баруун талын хуйхан доор цус хуралт, духны баруун тал, баруун бугалганд зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл буюу гэмтлийн хүндэвтэр зэргийн гэмтэл, ***-ын биед тархины доргилт буюу гэмтлийн хөнгөн зэргийн гэмтэл, иргэний нэхэмжлэгч ***-ийн тээврийн хэрэгсэлд 3.313.000 төгрөгний, шүүгдэгч ***-ын машинд 553.000 төгрөгний  хохирол учруулсан гэмт хэрэг гарсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдож байна гэж үзлээ.

         Дээрх  гэмт хэргийг шүүгдэгч *** үйлдсэн гэм буруутай болох нь 1 дүгээр хавтаст хэргийн 3-10 дугаар  хуудсанд байх хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлүүд, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹293, 295 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд болон яллах, өмгөөлөх талуудын шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж дүгнэлээ.

         Шүүгдэгч *** нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь хавтаст хэргийн 96 дугаар хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон, түүний үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

         Иймд шүүхээс ***-ыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон шүүгдэгч ***-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***-ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

         Шүүх  замын цагдаагийн ахлах зохицуулагч а/х Б.Түмэнбаярын 2016.08.26-ны өдөр гаргасан “…жолооч Б.Батбаяр нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2-д заасан “жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг, ***АА улсын дугаартай *** маркын авто машины жолооч Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.9-д заасан гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн” гэх дүгнэлт, *** нарын 2016.09.30-ны өдөр гаргасан “…Жолооч *** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.9-д заасан гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө, 9.2-д жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөн, *** нь хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зогсоох арга хэмжээ аваагүйн улмаас осол гарах шалтгаан болсон байна…” гэх бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтийг шүүх үнэлэх үндэслэлтэй гэж үзэв.

         Замын цагдаагийн албаны шинжээч нар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 85 дугаар зүйлийн 85.1-д шинжээч хийсэн шинжилгээгээ үндэслэн дүгнэлт гаргаж, түүнийгээ өөрөө хариуцна гэсэн байдаг тул урьд гаргасан дүгнэлтүүд үндэслэлтэй эсэхэд бусад шинжээч хариулт өгөх боломжгүй гэсэн болон шинжээч Б.Батзоригийг байцаасан тэмдэглэлд  “…хохирогч *** осол болох үед тооромз гишгээгүй гэж Мэдүүлсэн нь зогсоох арга хэмжээ аваагүй гэж үзэх үндэслэл болно…” гэсэн мэдүүлэг, хавтаст хэргийн 4-7, 159-160 дугаар хуудсан дахь гэрэл зургийн үзүүлэлт зэргээс дүгнэхэд хохирогч ***-ын хэтэрхий болгоомжгүй хандсан гэм буруутай үйлдэл тогтоогдож байна гэж дүгнэлээ.

Хавтаст хэргийн 76 дугаар хуудсан дахь 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 27 дугаартай шинжээчийн дүгнэлтийг хавтаст хэргийн 160 дугаар хуудсан дахь тус шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 31 дугаартай шүүгчийн захирамжаар эрүүгийн байцаан шийтгэх хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуулиудад заасан шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур шинжилгээ хийлгэх журмыг зөрчсөн гэж үзэж, хэргийг нэмэлт хэрэг бүртгэлт хийлгэхээр аймгийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн байна.

Иймд хавтаст хэргийн 88 дугаар хуудсан дахь 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 02 дугаартай Прокурорын тогтоолоор гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж дүгнэж, эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсгүүдэд зааснаар яллагдагч ***-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байгааг тэмдэглэх нь зүйтэй гэж үзэв.

        Өөрөөр хэлбэл хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж хийгдсэн шинжээчийн дүгнэлтийг үндэслэж, прокурорын дээрх 02 дугаартай тогтоол гарсан байна.

    Мөн хавтаст хэргийн материалаас үзэхэд Замын цагдаагийн газрын эрх бүхий шинжээчдээр шинжилгээ хийлгэх тогтоолыг хэргийн оролцогч нарт танилцуулж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 157 дугаарт заасан эрхийг танилцуулаагүй нь эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл, хохирогч *** нь иргэний нэхэмжлэгч ***-гийн машиныг түүний зөвшөөрлөөр унасан эсэхийг тогтоогоогүй нь хэрэг бүртгэлтийн ажиллагааг бүрэн биш хийсэн гэж үзэх үндэслэл тус тус болж байгаа хэдий ч эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулж болохгүй үндэслэлд хамаарч байна.

         Хохирогч ***-ын гэм буруутай үйлдэл тогтоогдсон хэдий ч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулж болохгүй үндэслэл тогтоогдож байх тул хэргийг нэмэлт хэрэг бүртгэлтэд буцаах үндэслэлгүй байна гэж үзлээ.

    Шүүх иргэний нэхэмжлэгч ***-гийн “…1.430.000 төгрөг аваад одоо 2.835.600 төгрөг үлдэж байгаа. Үнэлгээ тогтоосон төлбөр 138.000 төгрөг баримт нь байгаа. Машины үнэлгээ  эвдэрлийн дүн 3.313.000 төгрөг, машин хоёр удаа зөөвөрлөсөн 100.000 төгрөг, журмын хашаанаас 28.000 төгрөгөөр гаргасан, хот явж ирсэн 93.600 төгрөг, дутуу сэлбэг, масло тос, батерай авсан. Нийт 4.265.600 төгрөг болсон үүнээс 1.430.000 төгрөг хасаад 2.835.600 төгрөг нэхэмжилж байна…” гэх нэхэмжлэлээс 952.600 төгрөгийг илүү нэхэмжилсэн гэж хэрэгсэхгүй болгож, 1.983.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

    Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч***, *** нар хойшид гарах эмчилгээний зардал болон иргэний нэхэмжлэгч *** хэлэлцэхгүй орхисон хохирлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй, шүүгдэгч ***-аас гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, *** нь 20 хоног цагдан хоригдсон, хохирогч ***-д 200.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч ***-д 1.430.000 төгрөг төлсөн зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

    Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246, 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

        1.Шүүгдэгч *** овогт ***-ын ***-ыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

    2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон шүүгдэгч ***-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***-ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

    3. Иргэний хуулийн 497, 499, 505, 510, 514 дүгээр зүйлүүдэд зааснаар иргэний нэхэмжлэгч ***-гийн нэхэмжлэлээс илүү нэхэмжилсэн 952.600 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 1.983.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхисугай.

    4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар мөрдөн байцаагчийн 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, ***ГАҮ улсын дугаартай машиныг битүүмжлэлээс чөлөөлсүгэй.

     5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч ***, *** нар хойшид гарах эмчилгээний зардал болон иргэний нэхэмжлэгч *** хэлэлцэхгүй орхисон хохирлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй, шүүгдэгч ***аас гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, *** нь 20 хоног цагдан хоригдсон, хохирогч ***-д 200.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч ***-д 1.430.000 төгрөг төлсөн зэргийг тус тус дурдсугай.

     6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч ***-ын цахим үнэмлэх *** дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, нэгдүгээр хавтасны 20 дугаар хавтаст байгаа *** дугаартай жолоочийн үнэмлэх зэргийг буцаан олгосугай.

     7. Шүүгдэгч ***-т урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

     8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

     9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш  14 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч нь шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэй зэргийг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Д.САРАНТУЯА