| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дарамын Мягмаржав |
| Хэргийн индекс | 187/2020/0343/Э |
| Дугаар | 1144 |
| Огноо | 2020-09-08 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Б.Гүнсэл |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 1144
2020 09 08 2020/ДШМ/1144
Ө.Лд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Гүнсэл,
шүүгдэгч Ө.Л, түүний өмгөөлөгч У.Батцэцэг,
нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батболор даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 2020/ШЦТ/356 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ө.Лгийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2010000000387 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржав илтгэснээр хянан хэлэлцэв.
.............., 19........... оны ...... дугаар сарын .........-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ах, эгч, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн 29 ТБЗ 5-1 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:................./,
Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 1048 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 369 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан;
Ө.Л нь Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хайрхан” хотхоны 40 дүгээр байрны гадна талын зогсоол дээрээс 2020 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр хохирогч Ц.Бум-Эрдэнийн эзэмшлийн цахилгаан дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 718.971 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Ө.Лгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч ..............г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ө.Лг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан Ө.Лгийн эдлэх 1 жил 6 сарын хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ө.Лгийн цагдан хоригдсон 49 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Ө.Лд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалан үлдээж, давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ө.Лд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ө.Л давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2020 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ байрны үүднээс цахилгаан унадаг дугуй хулгайлсан нь үнэн. Би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн. Иймд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсныг минь харгалзан үзэж, авсан ял шийтгэлийг минь хөнгөрүүлж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Ө.Лгийн өмгөөлөгч У.Батцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Үйлчлүүлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжин оролцож байна. Ө.Л нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Гэмт хэргийн хохирол болох дугуйг буцаан өгсөн. Иймд анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг нийтэд тустай ажил хийлгэх ялаар сольж өгнө үү.” гэв.
Прокурор Б.Гүнсэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх Ө.Лгийн өмнө нь энэ төрлийн гэмт хэргээр 2 удаа ял шийтгэл эдэлсэн байдлыг харгалзан хорих ял оногдуулсан. Ө.Лд оногдуулсан ял нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
Ө.Л нь Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хайрхан” хотхоны 40 дүгээр байрны гадна талын зогсоол дээрээс 2020 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр хохирогч Ц.Бум-Эрдэнийн эзэмшлийн цахилгаан дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 718.971 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Ц.Бум-Эрдэнийн “...2020 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 13 цаг 50 минутын үед Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, Хайрхан 40 дүгээр байрны гэрийн гадаа ажлаасаа дугуйгаа унаж ирээд тавьж гэр рүүгээ орох гэтэл гэрийн хаалганы хажууд нэг согтуу хүн хэвтэж байхаар нь дуудаж сэрээхэд босоод шатаар буугаад явахаар нь гэр рүүгээ ороод нүүр гараа угааж байхад орцны хаалганы чимээ гарахаар нь цонхоороо гадаа тавьсан байсан дугуйгаа харахад байхгүй болохоор нь гэрийн үүдэнд байсан согтуу хүн аваад явчихлаа гээд гадаа гарахад дугуй алга болсон байсан. ...” /хх 18-19/,
гэрч Б.Батцэнгэлийн “...Үсчин гоо сайхан руу эргэхэд тэнэмэл амьдралтай иргэн хар өнгийн цахилгаан дугуй түрсэн байдалтай замын хажуугаар алхаж явахаар нь түүнийг шалгахаар дуудсан. Гэтэл уг дугуйгаа хаяаад зугтахаар нь араас нь хөөж байгаад барьж аваад шалгахад өөрийгөө Ө.Л гэх тэнэмэл амьдралтай, архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай байсан. Түүний хаяаад зугтаасан хар өнгийн дугуйг харахад Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, 40 дүгээр байрны гадна талаас хулгайд алдагдсан цахилгаан мотортой хар өнгийн дугуй байсныг тогтоон илрүүлсэн. ...” /хх 26-27/ гэх мэдүүлгүүд,
хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 7-8/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 15/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 35-36/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад тулгуурлаж, шүүгдэгч Ө.Лг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүх шүүгдэгч Ө.Лгийн хохирогч Ц.Бум-Эрдэнийн эзэмшлийн цахилгаан дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 718.971 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүхээс Ө.Лд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.
Шүүгдэгч Ө.Л “...гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсныг минь харгалзан үзэж, хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Хавтас хэргээс үзэхэд, шүүгдэгч Ө.Л нь өмнө нь энэ төрлийн гэмт хэрэгт 2 удаа ял шийтгүүлж байсан бөгөөд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн, засрал хүмүүжлийг олоогүй түүний хувийн байдалд тохируулан анхан шатны шүүх 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь үндэслэл бүхий болжээ.
Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 2020/ШЦТ/356 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ө.Лгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 2020/ШЦТ/356 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ө.Лгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ Д.МЯГМАРЖАВ