| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Хуушааны Эрдэнэсувд |
| Хэргийн индекс | 181/2018/02139/И |
| Дугаар | 001/ХТ2025/00161 |
| Огноо | 2025-10-21 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2025 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 001/ХТ2025/00161
“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батзориг, Н.Баярмаа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн
2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 191/ШШ2025/02451 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 210/МА2025/00991 дүгээр магадлалтай,
“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй
“А” ХХК-д холбогдох
*** гэх газарт нөхөн сэргээлт хийхийг даалгаж, хууль бусаар олборлосон 23,635 м.куб балласт чулууны үнэ 118,175,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн өмгөөлөгч М-ийн хяналтын журмаар гаргасан гомдлоор
Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, хариуцагчийн өмгөөлөгч М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Доржнамбар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Э” ХХК нь хариуцагч “А” ХХК-д холбогдуулан *** гэх газарт орших, “А” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын *** тоот тусгай зөвшөөрөл бүхий талбай дотор болон түүний гадна байрлах, олборлон боловсруулсан чулуу болон дээрх талбай дээр өртөг шингээн өрөмдлөгөө, тэсэлгээг нь хийж боловсруулахад бэлэн болгосон чулууг тус тус өмчлөх эрх “Э” ХХК-д үүссэн болохыг тогтоолгох, “А” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын *** тоот тусгай зөвшөөрөл бүхий *** гэх газарт нөхөн сэргээлт хийхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, дээрх газарт нөхөн сэргээлт хийхийг нэхэмжлэгчид даалгаж, хууль бусаар олборлосон 23,635 м.куб балласт чулууны үнэ 118,175,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.
2. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 191/ШШ2025/02451 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 88 дугаар зүйлийн 88.3 дахь хэсэгт тус тус заасан үндэслэлгүй тул хариуцагч “А” ХХК-нд холбогдох *** гэх газарт орших, “А” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын *** тоот тусгай зөвшөөрөл бүхий талбай дотор болон түүний гадна байрлах, 2014 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Засаг даргатай байгуулсан Түгээмэл тархацтай ашигт малтмал болон карьер ашиглуулах түр гэрээний дагуу, Засгийн газрын 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 222 дугаар тогтоолоор Авто зам, төмөр замын салбарт хэрэгжүүлэх зарим төсөл, хөтөлбөрт шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглах тусгай журам батлагдах хүртэл хугацаанд олборлон боловсруулсан чулуу болон дээрх талбай дээр өртөг шингээн өрөмдлөгөө, тэсэлгээг нь хийж боловсруулахад бэлэн болгосон чулууг тус тус өмчлөх эрх “Э” ХХК-д үүссэн болохыг тогтоолгох болон “А” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын *** тоот тусгай зөвшөөрөл бүхий *** гэх газарт нөхөн сэргээлт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэгч “Э” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Хариуцагч “А” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас сумын засаг даргын 2014.03.13-ны өдрийн А/61 дугаар захирамжийн хавсралтад заасан *** байршилд, түр кемп, бутлуур, чулуу олборлох зориулалт бүхий талбайд /заасан солбилцол бүхий газарт/ нөхөн сэргээлт хийхийг нэхэмжлэгч “Э” ХХК-нд даалгаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх *** нутагт орших Хайгуулын ***, ашиглалтын *** тоот тусгай зөвшөөрөл бүхий “А” ХХК-ийн эзэмшлийн газраас 2014 оны 7, 8 дугаар саруудад хууль бусаар олборлосон 23,635 м3 балластик чулуун үнэ 118,175,000 гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлд тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400/70,200+70200/ төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 748,852 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 70,200 төгрөг гаргуулж хариуцагчид олгож шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 210/МА2025/00991 дүгээр магадлалаар: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 сарын 24-ний өдрийн 191/ШШ2025/02451 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 88 дугаар зүйлийн 88.3 дахь” гэснийг “Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх” гэж,
Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт тус тус заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч “Э” ХХК-д холбогдох *** гэх газарт нөхөн сэргээлт хийхийг даалгаж, хууль бусаар олборлосон 23,635 м.куб балластик чулуун үнэ 118,175,000 төгрөгийг гаргуулах тухай хариуцагч “А” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн найруулж,
Тогтоох хэсгийн 3 дахь заалтын “үлдээж, нэхэмжлэгчээс 70,200 төгрөг гаргуулж хариуцагчид олгосугай.” гэснийг “үлдээсүгэй.” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 210,600 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн өмгөөлөгч М хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалын 1 дэх заалтыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.
“А” ХХК нь *** гэх газарт байрлалтай ашигт малтмалын *** тоот тусгай зөвшөөрөл бүхий ашиглалтын лицензтэй талбайг эзэмшдэг. 2014 онд Монгол улсын засгийн газрын хэрэгжүүлж байгаа байгаа “Шинэ төмөр зам” төслийн хүрээнд хийгдэж буй Ухаа худаг Гашуун сухайт чиглэлд шинээр тавигдах төмөр замын суурь бүтцийн ажилд ашиглагдах дайрга чулуу /балласт/ бэлтгэн нийлүүлэх ажлыг гүйцэтгэж байгаа “Э” ХХК-д өөрийн эзэмшлийн ашиглалтын лицензтэй талбайгаас хайрга, дайрга олборлуулахаар болсон. Бид Монгол улсын засгийн газраас хэрэгжүүлж байгаа томоохон төслийн бүтээн байгуулалтад зориулж, өөрийн эзэмшлийн талбайгаас хайрга, дайрга олборлуулах нь улс эх орныхоо хөгжил цэцэглэлтэд оруулж буй хувь нэмэр гэж үзсэн. Засаг дарга 2014.03.13-ны өдөр Зөвшөөрөл олгох тухай а/61 дугаартай Захирамж гаргаж манай компанийн эзэмшлийн Ашиглалтын лицензтэй талбайгаас хайрга, дайрга олборлох эрхийг “Э” ХХК-д олгож түр кемп болон бутлуур чулуу олборлох цэгийн байршлыг хавсралтаараа баталгаажуулсан. Мөн Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга “Э” ХХК-тай 2014.03.13-ны өдөр 001 дугаартай “Түгээмэл тархацтай ашигт малтмал болон карьер ашиглуулах түр гэрээ”-г байгуулсан. Тус гэрээний дагуу “Э” ХХК нь манай ашиглалтын лицензтэй талбайгаас нийт 78,462 м.кв хайрга, дайрга олборлож шинэ төмөр замын барилгын ажлын гүйцэтгэгч компанид нийлүүлсэн бөгөөд хайрга, дайрга нийлүүлсний төлбөрт 4,115,055,331 төгрөгийг орлогыг хүлээн авсан байдаг. “Э” ХХК болон Засаг дарга нарын хооронд байгуулсан “Түгээмэл тархацтай ашигт малтмал болон карьер ашиглуулах түр гэрээ”-ний 4.3-т Нөхөн сэргээлтийг стандартын дагуу хийж Сумын засаг даргын Захирамжаар томилогдсон ажлын хэсэгт хүлээлгэж өгөх гэж нөхөн сэргээлт хийх үүргийг “Э” ХХК-д гэрээний дагуу үүрэг болгосон. “Э” ХХК болон Засаг даргын хооронд байгуулсан “Түгээмэл тархацтай ашигт малтмал болон карьер ашиглуулах түр гэрээ” нь Монгол улсын засгийн газрын 2014.07.09-ний өдрийн 222 дугаар “Журам батлах тухай” Тогтоол гарснаар дуусгавар болсон. “Э” ХХК нь сумын засаг даргатай байгуулсан түр гэрээний дагуу “А” ХХК-аас ямар нэгэн зөвшөөрөл авалгүйгээр *** дугаартай Ашиглалтын лицензтэй талбайгаас хайрга, дайрга олборлож ашиг орлого олсон боловч “Түгээмэл тархацтай ашигт малтмал болон карьер ашиглуулах түр гэрээ”-нийхээ дагуу нөхөн сэргээлтийг өнөөдрийг хүртэл хийхгүй компанид болон байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлсээр байна. Тус компанийн хайрга, дайрга олборлосон газар нь одоог хүртэл мал, хүн, амьтан унаж эрсдэх аюултай, ойр хавьд нь зүлэг ногоо ургаагүй чулуу, шороо, газрын хөрс нь эргэсэн томоохон хэмжээний нүх хэвээрээ байна.
Анхан шатны шүүх “Э” ХХК-ийг хайрга, дайрга олборлосон газартаа нөхөн сэргээлт хийхийг даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй шийдвэр байсан. Давж заалдах шатны шүүхээс дээрх шийдвэрийг хүчингүй болгохдоо манай компанийг “Э” ХХК-ийг нөхөн сэргээлт хийлгэхийг даалгах нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үзсэнтэй санал нийлэхгүй байна. “Э” ХХК нь гэрээний дагуу нөхөн сэргээлт хийх талбай нь анхнаасаа манай компанийн Ашиглалтын лицензтэй талбай байсан бөгөөд тус компани нь өнөөдрийг хүртэл ямар ч нөхөн сэргээлт хийхгүй, байгаль орчинд сөрөг нөлөө бүхий хөрсийг нь эргүүлсэн газрыг орхисон бөгөөд тухайн хайрга олборлосон газрыг хашаалаагүй мал, амьтан унаж үхэх аюултай хэвээр байна. “Э” ХХК нь “А” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эзэмшдэг талбайгаас хайрга, дайрга олборлосон бөгөөд тус компаниас нөхөн сэргээлт хийхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл нөхөн сэргээлт хийгээгүй болно. Мөн Засаг даргаас гэрээнийхээ дагуу “Э” ХХК-аар нөхөн сэргээлт хийлгүүлж өгөхийг байнга хүсэж, шаардаж ирсэн. “А” ХХК нь ашиглалтын тусгай зөвшөөрлийг сунгуулах, Ашигт малтмал газрын тосны газарт тайлан мэдээгээ гаргаж өгөх, Сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчид ашиглалтын талбайгаа хянуулах зэргийг хийж гүйцэтгэхэд “Э” ХХК-ийн хайрга, дайрга олборлоод нөхөн сэргээлт хийгээгүй хөрс нь эргэсэн томоохон хэмжээний нүх, байгалийн хэв шинжийг алдагдуулаад орхисон талбай нь хүн, амьтан, байгальд ихээхэн хор уршиг тарьсаар байна.
Иймд “Э” ХХК-ийг Засаг даргатай байгуулсан “Түгээмэл тархацтай ашигт малтмал болон карьер ашиглуулах түр гэрээ”-нийхээ дагуу Ханбогд сумын Засаг даргын а/254 Захирамжийн 1 дүгээр хавсралтад заасан байршилд нөхөн сэргээлт хийхийг даалгаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5. Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хариуцагчийн өмгөөлөгч М-н гаргасан гомдлыг хэлэлцээд хоёр шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2025.09.11-ний өдрийн 001/ШХТ2025/00824 дүгээр тогтоолыг гаргажээ.
ХЯНАВАЛ:
6. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
7. Нэхэмжлэгч “Э” ХХК нь хариуцагч “А” ХХК-д холбогдуулан *** гэх газарт орших, “А” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын *** тоот тусгай зөвшөөрөл бүхий талбай дотор болон түүний гадна байрлах, олборлон боловсруулсан чулуу болон дээрх талбай дээр өртөг шингээн өрөмдлөгөө, тэсэлгээг нь хийж боловсруулахад бэлэн болгосон чулууг тус тус өмчлөх эрх “Э” ХХК-д үүссэн болохыг тогтоолгох, олборлолт хийсэн дээрх газарт нөхөн сэргээлт хийхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ: “...нэхэмжлэгч нь Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлж байгаа Шинэ төмөр зам төслийн хүрээнд хийгдэж буй Ухаа худаг Гашуун сухайт чиглэлд шинээр тавигдах төмөр замын суурь бүтцийн ажилд ашиглагдах дайрга чулуу бэлтгэн нийлүүлэх ажлыг гүйцэтгэж байгаа “Т” ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр ажиллаж байгаа бөгөөд Засаг даргын 2014.03.13-ны өдрийн А/61 тоот захирамжаар олгосон зөвшөөрөл, 2014.03.13-ны өдрийн 001 дугаартай гэрээний дагуу *** нэртэй газарт зөвшөөрөгдсөн байршилд кемп болон бутлуур байрлуулж, чулуу олборлох, боловсруулах үйл ажиллагааг явуулсан.
Засгийн газрын 2014.07.09-ний өдрийн Журам батлах тухай 222 дугаар тогтоол гарснаар үйл ажиллагаа зогссон боловч ажиллаж байсан хугацаанд хөрөнгө мөнгө зарцуулан ...овоолго үүсгэж бэлтгэсэн. Энэ овоолго зөвшөөрөл бүхий 2 га талбай дотор карьерт болон талбайн гадна байрлаж байсан бөгөөд эдгээр нь Иргэний хуулийн 88 дугаар зүйлийн 88.2-т зааснаар нэхэмжлэгчийн ажлын үр дүнд бий болсон үр шим тул дээрх олборлосон чулууг өмчлөх эрх нэхэмжлэгчид үүссэн болохыг тогтоож өгнө үү.
...Түүнчлэн хөрс хуулалтаас гарсан шимт хөрсийг нөхөн сэргээлтдээ ашиглахаар тусад нь овоолго болгон бэлтгэсэн байсныг хариуцагч “А” ХХК нь бусдад зарж борлуулснаас нөхөн сэргээлтийг хийхэд хүндрэлтэй болгосон бөгөөд ...хариуцагч нь манай бүх үйл ажиллагааг хориглож зогсоон, улмаар бүх чулууг булаан авч ашигласан тул байгаль орчны нөхөн сэргээлтийг хариуцагч нь хариуцан гүйцэтгэх ёстой гэж үзэж байна. Иймд олборлолт явуулсан уг талбайд түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах тусгай зөвшөөрөл бүхий “А” ХХК-аар нөхөн сэргээлтийг хийлгүүлэхээр даалгаж өгнө үү...” гэж тайлбарласан,
Хариуцагч “А” ХХК тайлбартаа: “...нэхэмжлэгчийн 2014.03.13-ны өдрийн Засаг даргатай байгуулсан гэрээ нь Засгийн газрын 2014.07.09-ний өдрийн 222 дугаар тогтоол гарснаар дуусгавар болсныг Улсын дээд шүүхийн 2016.06.03-ны өдрийн 00658 тогтоол гарч баталгаажуулсан, олборлосон чулууг өмчлөх эрхгүй болохыг шүүх тогтоосон. Нэхэмжлэгч нь 2014.07.09-ний өдрийг хүртэлх хугацаанд л тухайн талбай дээр хайрга олборлох эрхтэй байсан, энэ хугацаанд олборлосон чулуугаа борлуулж ашгаа олж, ажлын хөлс, төлбөрөө авчихсан, ...“А” ХХК-ийн ашиглалтын лицензтэй талбайд байгаа овоолго чулуу /хайрга, дайрга/ нь хууль ёсны дагуу “А” ХХК-ийн өмч, иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, ...“Э” ХХК-ийн үйл ажиллагаа 2014.07.09-ний өдөр дууссан бөгөөд манай газар дээр нөхөн сэргээлт хийж сумын Засаг даргад хүлээлгэн өгөх үүргийн гүйцэтгэлийн хугацаа болсон...” гэж тайлбарлажээ.
Хариуцагч “А” ХХК сөрөг нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ: “...нэхэмжлэгч нь түр гэрээ дуусгавар болсноос хойш “А” ХХК-ийн тусгай зөвшөөрөл бүхий газарт чулуу боловсруулах ажиллагаагаа зогсоогоогүй, 2014 оны 10 сарыг хүртэл үргэлжлүүлсэн. 2014 оны 7, 8 дугаар саруудад 23,635 м.куб баллас чулууг хууль бусаар олборлосон бөгөөд энэ хугацаанд нийт 1,239,561,210 төгрөгийн борлуулалт хийсэн, ...Тусгай журмын 5.2-т Түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөр тооцох борлуулалтын үнэлгээ нь түгээмэл тархацтай ашигт малтмалын төрлөөс хамаарч нэг шоо метр нь 5,000 төгрөгөөс хэтрэхгүй байна гэж заасны дагуу “А” ХХК нь 1 м.куб балласт чулууг 5,000 төгрөгөөр тооцож 118,175,000 төгрөгийг гаргуулах, түүнчлэн сумын Засаг даргатай байгуулсан түр гэрээнд заасны дагуу олборлосон газартаа нөхөн сэргээлт хийхийг даалгаж өгнө үү...” гэж тайлбарласан,
Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: “...сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, манай компанийн зүгээс орон нутагтай гэрээ байгуулж, зохих зөвшөөрлүүдийг олгосны үндсэн дээр асар их зардал гаргаж эхлүүлсэн ажлаа дуусгаж чадалгүй бэлэн болгож бэлдсэн чулуугаа хариуцагч компанид бүгдийг нь булаалгаж хохироод байна, ...нөхөн сэргээлтийн асуудлыг ажлын үр шимийг нь хүртэж чадаагүй байгаа компаниар хийлгэхийг шаардаж байгаа нь үндэслэлгүй, иймд тусгай зөвшөөрөл бүхий хариуцагч нь байгаль орчны нөхөн сэргээлтийг хариуцан гүйцэтгэх ёстой...” гэж маргасан,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б тайлбартаа: “...тухайн үед “Э” ХХК хууль бус олборлолт явуулж байсныг шүүх дүгнэсэн, тухайн олборлосон чулуу “А” ХХК-ийн газраас гаргасан тул нэхэмжлэгч шаардах эрхгүй, талууд нөхөн сэргээлтийн талаар маргалдаж байна, нөхөн сэргээлт хийх нь гарцаагүй, нэхэмжлэгч нь нөхөн сэргээлт хийхээр гэрээ байгуулсан тул олборлосон газраа нөхөн сэргээлт хийх нь зүйтэй, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй юм шиг санагдлаа...” гэж тайлбарлажээ.
8. Анхан шатны шүүх: “...“Э” ХХК нь Засаг даргатай 2014.03.13-ны өдөр 001 дугаартай Түгээмэл тархацтай ашигт малтмал болон карьер ашиглуулах тухай түр гэрээ байгуулсан, гэрээний дагуу *** гэх газарт орших “А” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын *** тоот тусгай зөвшөөрөл бүхий талбайд төмөр замын суурь бүтцэд ашиглагдах балласт чулууг олборлох, боловсруулах үйл ажиллагаа явуулсан, Засгийн газрын 222 дугаар тогтоол гарснаар үйл ажиллагаа дуусгавар болсон боловч тухайн газар хэдий хэмжээний овоолго үүсгэснийг хариуцагч ашигласан нь тодорхойгүй, ...Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хариуцагчийн эзэмшилд маргааны зүйл байгаа талаар баримтгүй тул ашиглалтын талбайд байгаа овоолго, чулууны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ. ...мөн нэхэмжлэгч нь гэрээ дуусгавар болсон үеэс хойш хариуцагчийн эзэмшил газарт олборлолт явуулж ашиг олсон үндэслэлээр 118,175,000 төгрөгийг гаргуулахыг хүссэн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй, өөрөөр хэлбэл хариуцагч сөрөг нэхэмжлэлээ үндэслэл бүхий баримтаар нотлоогүй, ...нөхөн сэргээлт хийлгэх шаардлагын хувьд нэхэмжлэгч компани нь Засаг даргатай байгуулсан 2014.03.13-ны өдрийн 001 гэрээгээр олборлолт хийсэн газраа нөхөн сэргээлт хийх үүргийг хүлээсэн тул гэрээний хавсралтад заасан солбицол бүхий байршилд нэхэмжлэгч нь нөхөн сэргээлт хийх үүрэгтэй...” гэсэн дүгнэлт хийсэн,
Давж заалдах шатны шүүх: “...үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв боловч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй тул алдааг залруулна, нэхэмжлэгч “Э” ХХК нь Засаг даргатай байгуулсан 2014.03.13-ны өдрийн 001 дугаартай Түгээмэл тархацтай ашигт малтмал болон карьер ашиглуулах тухай түр гэрээний дагуу нөхөн сэргээлтийг стандартын дагуу хийж сумын Засаг даргын захирамжаар томилогдсон ажлын хэсэгт хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн байтал хариуцагч “А” ХХК нэхэмжлэгчээс гэрээний үүргийг шаардах эрхгүй, ...харин нэхэмжлэгчийн эзэмшлийн газар дээр хууль бусаар олборлолт явуулж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн талаарх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ маргааны үйл баримтад холбогдох хуулийг хэрэглээгүй байна гэсэн дүгнэлт хийж шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулж, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
9. Дээр дурдсанчлан хоёр шатны шүүх маргааны үйл баримтын талаар адил дүгнэлт хийсэн боловч эрх зүйн өөр өөр дүгнэлт хийснээс зөрүүтэй шийдвэр гаргасан байх тул хяналтын журмаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хянан хэлэлцлээ.
10. Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч “Э” ХХК-ийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас *** гэх газарт орших “А” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын *** тусгай зөвшөөрөл бүхий талбай дотор болон түүний гадна байрлах газарт хууль болон гэрээнд заасны дагуу олборлолт явуулан боловсруулсан чулууг өмчлөх эрх “Э” ХХК-д үүссэн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг, хариуцагч “А” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгчийн эзэмшил бүхий тус газраас хууль бусаар олборлосон 23,635 м.куб балласт чулууны үнэ 118,175,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Дээрх шаардлагыг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
10.1. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч “Э” ХХК нь Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлж байгаа Шинэ төмөр зам төслийн хүрээнд хийгдэж буй Ухаа худаг Гашуун сухайтын чиглэлд шинээр тавигдах төмөр замын суурь бүтцийн ажилд ашиглагдах дайрга чулуу /балласт/ бэлтгэн нийлүүлэх ажлыг гүйцэтгэж байгаа “Т” ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр ажиллахдаа Засаг даргатай 2014.03.13-наас Засгийн газрын тусгай журам гарах хүртэл хугацаанд үйлчлэх 2014.03.13-ны өдрийн 001 дугаартай “Түгээмэл тархацтай ашигт малтмал болон карьер ашиглуулах тухай түр гэрээ” байгуулж, *** гэх газарт зөвшөөрөгдсөн байршилд кемп болон бутлуур байрлуулж, чулуу олборлох, боловсруулах үйл ажиллагааг явуулсан, Засгийн газрын 2014.07.09-ний өдрийн 222 дугаар тогтоолоор Авто зам, төмөр замын салбарт хэрэгжүүлэх зарим төсөл, хөтөлбөрт шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглах тусгай журам батлагдснаар “Э” ХХК-ийн Засаг даргатай байгуулсан гэрээ дуусгавар болсныг Улсын дээд шүүхийн 2016.06.03-ны өдрийн 00658 дугаартай тогтоолоор тогтоосон.
Хэдийгээр гэрээний хугацаа Засгийн газрын 2014.07.09-ний өдрийн 222 дугаар тогтоол гарснаар дуусгавар болсон боловч нэхэмжлэгч нь Улсын дээд шүүхийн тогтоол гарах 2016 он хүртэлх хугацаанд үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд олборлолтын талбайд үлдсэн өөрийн олборлосон чулуу буюу овоолго нь үйлдвэрлэлийн аргаар боловсруулсны үр дүнд байгалийн шинж чанараа алдсан учир Иргэний хуулийн 88 дугаар зүйлийн 88.2-т зааснаар хууль ёсны үйл ажиллагааны үр дүнд бий болсон үр шим тул өөрийн өмч болохыг тогтоолгохыг хүссэн боловч тухайн овоолго, чулуу олборлолтын талбайд биетээр байхгүй, тус чулуу овоолгыг хариуцагч бусдад борлуулж ашиг олсон гэх тайлбар, үндэслэлээ баримтаар нотлоогүй гэх үндэслэлээр дээрх чулууг өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт буруу биш, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх заалтад нийцжээ.
Түүнчлэн хариуцагчийн сөрөг нэхэмжлэл болох “...нэхэмжлэгч нь гэрээ дуусгавар болсон үеэс хойших хугацаанд үйл ажиллагаа явуулж, хууль бусаар олборлосон чулууг бусдад борлуулж, худалдсан үндэслэлээр 23,635 м.куб хэмжээний балласт чулууны үнэд 118,175,000 төгрөгийг гаргуулах...” шаардлага үндэслэл бүхий баримтаар нотлогдоогүй гэж дүгнэн, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нотлох баримтыг үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 25 дугаар зүйлийн 25.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх заалтыг зөрчөөгүй байна.
Анхан шатны шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлээс дээрх шаардлагыг шийдвэрлэхдээ холбогдох хуулийн зохицуулалтыг тогтоолд заагаагүй орхигдуулсныг давж заалдах шатны шүүхээс залруулж, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэн, шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулсан нь зөв болжээ.
11. Харин олборлолт явуулсан газарт нөхөн сэргээлт хийлгэх тухай талуудын шаардлагыг зөрүүтэй шийдвэрлэсэн гэх үндэслэлээр гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлтэй байна.
Анхан шатны шүүх “...нэхэмжлэгч “Э” ХХК нь Засаг даргатай байгуулсан 001 дугаартай гэрээгээр болон Засаг даргын 2014.03.13-ны өдрийн А/61 тоот Зөвшөөрөл олгох тухай захирамжаар “...нөхөн сэргээлтийн ажлыг чанартай сайн гүйцэтгэж орон нутагт хүлээлгэж өгөх үүрэг хүлээсэн...” гэх үндэслэлээр олборлолтын үйл ажиллагаа явуулсан газарт нөхөн сэргээлт хийхийг нэхэмжлэгчид даалгаж...” шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх “...хариуцагчаар нөхөн сэргээлтийг хийлгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдлийг буруутгах боломжгүй, харин хариуцагч “А” ХХК нь “Э” ХХК-ийн Засаг даргатай байгуулсан 001 дугаартай гэрээний үүргийг нэхэмжлэгчээс шаардах эрхгүй...” гэж дүгнэн нэхэмжлэгчээр нөхөн сэргээлтийг хийлгүүлэх тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ.
12. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлээс байгаль орчинд учруулсан хохирлыг арилгуулах буюу нөхөн сэргээлт хийлгэхийг даалгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.
12.1. Тухайлбал, Ашигт малтмалын тухай хууль болон Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч Байгаль орчныг хамгаалах хууль тогтоомжид зааснаар байгаль орчныг хамгаалах үүрэгтэй гэж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2-т иргэн байгаль орчинд учруулсан хохирлыг барагдуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг эдэлнэ гэж тус тус зохицуулсан.
Байгаль орчныг хамгаалах гэдэгт байгаль орчныг бохирдохоос урьдчилан сэргийлэх, байгалийн баялгийг жам ёсоороо нөхөн сэргээх боломжийг нь алдагдуулахгүйгээр, байгалийн даацад нь тохируулан зохистой ашиглах, нөхөн сэргээх, тэдгээрт хяналт тавих ажиллагаа хамаарна гэж Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 7-д заасан.
Иймд байгаль орчинд учруулсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээдийн хэн аль нь буруутай этгээдэд холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргах замаар шаардах эрхтэй.
12.2. Ийнхүү байгаль орчинд учруулсан хохирлыг арилгахыг шаардах эрх зөвхөн гэрээгээр хязгаарлагдахгүй тул “Э” ХХК-ийн Засаг даргатай байгуулсан гэрээний үүргийг хариуцагч нь нэхэмжлэгчээс шаардах эрхгүй гэх үндэслэлээр түгээмэл тархацтай ашигт малтмалын олборлолт хийсэн газар нөхөн сэргээлт хийхийг даалгахыг шаардсан хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй.
Энэ үндэслэлээр магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн гомдлыг хангах бөгөөд хариуцагч “А” ХХК нь өөрийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд олборлолт явуулсан хуулийн этгээдээс тухайн талбайдаа нөхөн сэргээлт хийлгэхийг шаардах эрхтэй.
13. Хэрэгт цугларсан баримтаар нэхэмжлэгч “Э” ХХК нь Засаг даргын 2014.03.13-ны өдрийн А/61 тоот захирамжаар олгосон зөвшөөрөл, 2014.03.13-ны өдрийн 001 дугаартай Түгээмэл тархацтай ашигт малтмал болон карьер ашиглуулах тухай түр *** гэх газарт олборлолт явуулах, тухайн олборлолт явуулсан газар нутагт зохих стандарт, шаардлагын дагуу техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг чанартай гүйцэтгэж, орон нутагт хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн байна.
Харин нөхөн сэргээлт хийхийг эс зөвшөөрсөн үндэслэлээ “...Засаг даргын Зөвшөөрөл олгох тухай А/61 тоот захирамжид ...ашигт малтмал олборлож, ашиглаж дууссаны дараа ...нөхөн сэргээлт хийхээр, мөн 001 дугаартай гэрээгээр нийт 223,087 м.куб балласт чулуу авч ашиглахаар харилцан тохиролцсон боловч гэрээнд заасан балласт чулууг бүрэн авч ашиглаагүй, түүнчлэн ажилласан хугацаанд олборлож овоолго болгон үлдээсэн бүтээгдэхүүнийг хариуцагч ашиглаж худалдан борлуулсан, ...энд нөхөн сэргээлтдээ ашиглахаар хөрс хуулалтаас гарсан шимт хөрсийг тусдаа овоолго болгож бэлтгэсэн шороог хүртэл хариуцагч үгүй болгосон ...” гэж тайлбарласан байна.
“Э” ХХК нь Ханбогд сумын Засаг даргатай байгуулсан 001 дугаартай гэрээг анхнаасаа Засгийн газраас тусгай журам гартал түр хугацаагаар байгуулсан, Засгийн газрын 2014.07.09-ний өдөр 222 дугаартай Авто зам, төмөр замын салбарт хэрэгжүүлэх зарим төсөл, хөтөлбөрт шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглах тусгай журмыг баталснаар гэрээ дуусгавар болж, үйл ажиллагаа зогссонд хариуцагч буруугүй, улмаар энэ хугацаанд гэрээгээр тохирсон балласт чулууг бүрэн авч ашиглаагүй гэх үндэслэл нь олборлолт явуулсан нутаг дэвсгэрт нөхөн сэргээлт хийх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.
14. Иймд нэхэмжлэгч нь төрийн байгууллага буюу орон нутгийн захиргаатай гэрээ байгуулж, хариуцагч “А” ХХК-ийн эзэмшлийн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан тул гэрээнд заасан үүргээ биелүүлж, үйл ажиллагаа явуулсан газарт хууль журам, стандартын дагуу нөхөн сэргээлт хийхийг даалгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл зөв байна.
15. Дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 210/МА2025/00991 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 191/ШШ2025/02451 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт тус тус заасан үндэслэлгүй тул хариуцагч “А” ХХК-д холбогдох *** гэх газарт орших, “А” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын *** тоот тусгай зөвшөөрөл бүхий талбай дотор болон түүний гадна байрлах, олборлон боловсруулсан чулуу болон дээрх талбай дээр өртөг шингээн өрөмдлөгөө, тэсэлгээг нь хийж боловсруулахад бэлэн болгосон чулууг тус тус өмчлөх эрх “Э” ХХК-д үүссэн болохыг тогтоолгох, “А” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын *** тоот тусгай зөвшөөрөл бүхий *** гэх газарт нөхөн сэргээлт хийхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэгч “Э” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж,
2 дахь заалтыг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар *** байршилд, түр кемп, бутлуур чулуу олборлох зориулалт бүхий талбайд /заасан солбицол бүхий газарт/ нөхөн сэргээлт хийхийг нэхэмжлэгч “Э” ХХК-д даалгаж, сөрөг нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох хариуцагчийн хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий эзэмшил газраас хууль бусаар олборлосон 23,635 м.куб балласт чулууны үнэ 118,175,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж тус тус өөрчлөн шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгч М-н гомдлыг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч “А” ХХК-аас 2025.07.03-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦОЛМОН
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Н.БАЯРМАА
Х.ЭРДЭНЭСУВД