Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 216/МА2018/00023

 

          Б.М нэхэмжлэлтэй иргэний

 хэргийн тухай

Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Тэгшсуурь даргалж, шүүгч О.Однямаа, шүүгч Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 134/ШШ2018/00176 дугаар шийдвэртэй, Б.М нэхэмжлэлтэй “Ш” ХК-д холбогдох “Ш” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Б/230 дугаартай тушаалыг хүчингүй болгож, үйлчилгээний автомашины жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор  гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М, нарийн бичгийн дарга П.Рэнцэндорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ :

 

Нэхэмжлэгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ : 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн захирлын зөвлөлийн хурлаар миний биеийг сахилгын зөрчил удаа дараа гаргасан мэтээр хэлэлцэж ажлаас үндэслэлгүй халсан. Тухайн хурал дээр өөрийн буруугүй болохыг хэлсэн боловч авч хэлэлцэлгүйгээр шийдвэр гаргасан. Иймд миний Үндсэн хуулиар олгогдсон ажиллаж хөдөлмөрлөх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг минь зөрчсөн гэж үзэж байгаа тул Ш ХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Б/230 дугаартай тушаалыг хүчингүй болгож, үйлчилгээний автомашины жолоочийн ажлын байранд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг олгуулж өгнө үү гэжээ. /хх-1/

 

           Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

           Нэхэмжлэгч Б.М нь ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Б.М сахилгын шийтгэлийг 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Б/59 дүгээр тушаалаар дугуйн элэгдэл хорогдлыг тооцолгүйгээр шийтгэл ногдуулсан. Ш ХК нь элэгдэл хорогдлыг тооцох журамтай бөгөөд дугуйнд тогтоосон норм гэж байдаг. Б.М шинэ дугуй хагалсан гэсэн үндэслэлээр анхны сануулах арга хэмжээг авсан байдаг. Үүнийг үндэслэлгүй гэж үзэж байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д сахилгын зөрчлийг давтан гаргасан, мөн ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас хална. Улсын дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын 15.4-д сахилгын зөрчил давтан гаргасан гэдэгт сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш гэж, 15.4.2-д сахилгын зөрчил тус бүрийг тогтоосон байх шаардлагатай гэж заасан.

 Б.М нь 05 дугаар сарын 07, 14-ний өдөр ажил тасалсан нь тогтоогддог юм уу, 06 дугаар сарын 04-нд үйлдвэр дотор байх тээврийн хэрэгслийг дур мэдэн авч явсан нь тогтоогддог юм уу гэдгийг тогтоож байж шийтгэл ногдуулах ёстой. Харин хариуцагч тал эдгээрийг тогтоохдоо  ХК-ийн захирлын зөвлөлийн хурлын 12 дугаартай тэмдэглэлээр зөрчил гэж тогтоогоод байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн үндэслээд байгаа үйл баримт нь ойлгомжгүй, нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн байгаа. Жишээ нь 05 дугаар сарын 07, 14-ний өдөр Б.М бүтэн ажил тасалснаар бүртгэсэн. Цахим бүртгэлийн программыг харахаар Б.М гэдэг хүний 05 дугаар сарын 07-ны өдрийн ажилласан цаг нь бүртгэлтэй байгаа. 05 дугаар сарын 14-ний өдөр гар бүртгэлийн дэвтэрт С.Г гэдэг хүн засвар оруулсан. Ё.Б, Л.М нарт Б.М ажилд ирсэн өдрийг зассан гээд нэг сарын цалингийн 20 хувиар хасуулж сахилгын шийтгэл ногдуулсан. Иймд 05 дугаар сарын 07, 14-ний өдөр ажил тасалсан гэдэг нь эргэлзээтэй. Энэ өдрүүдэд ажил тасалсан гэдэг асуудал дээр тээвэр үйлчилгээний хэлтсийн дарга С.Г чөлөө авсан гэж өөрөө мэдүүлсэн. Ш ХК-ийн журамд 2 өдрөөс дээш өдөр ажил тасалсан бол ажлаас чөлөөлнө гэсэн заалт байдаг. Харин Б.М хувьд 2 өдөр ажил таслаагүй нь хавтаст хэргээс харагдаж байгаа. Тухайн шийдвэрийг гаргасан захирлын зөвлөлийн гишүүн Г.Г гэрчийн мэдүүлэг авсан. Г.Г нь захирлын зөвлөлийн 7 гишүүний нэг. Шийдвэр гаргасан хүнээс гэрчийн мэдүүлэг авсан нь буруу гэж үзэж байгаа учраас үүнийг хэргээс хасах нь зөв гэж үзэж байна. Мөн ХК-аас цаг бүртгэлийн журмыг 2018 оны 09 дүгээр сараас эхлэн мөрдөж эхэлсэн.

2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр ажлын цаг дуусаад 16 цаг болж байхад Н.Б гэдэг дарга Б.М 21 дүгээр зөрлөг рүү бичиг хүргэж өг гээд тээврийн хэрэгслээр явуулсан байдаг. Шүүхийн үзлэгээр 17 цаг 20 минутад грашдаа машинаа тавьсан. Тогтоогдохгүй үйл явдлуудыг тал талын эргэлзээтэй нотлох баримтуудыг нийлүүлж тэмдэглэл гэж биччихээд, түүнийгээ захирлын зөвлөлийн гишүүд нь гар өргөж баталчихаад үүнийгээ Б.М сахилгын зөрчил нотлогдож тогтоогдож байна гээд үндэслэлгүй ажлаас халсан гэж үзэж байна. Зөвшөөрлийг амаар болон бичгээр гаргадаг нь тодорхой бус байгаа учраас ХК нь тодорхой болгож өгөх  хэрэгтэй гэж бодож байна. 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн тэмдэглэлээс харахад Б.М нь Г.Г-н жолоочоор ажиллаж байсан нь тодорхой харагдаж байна. Энэ хурлаас хойш тээвэр үйлчилгээний хэсгийн үйлчилгээний автомашины жолоочоор томилогдсон, хөдөлмөрийн гэрээг шинэчлэн хийгээгүй. Гэхдээ цалин гарч байсан болохоор асуудал үүсээгүй. ХК нь  ажилтантай гэрээ байгуулаагүй, нэг талыг барьж дур мэдэн шийдвэр гаргадаг нь нотлогдож байна. Пикап болон жийп машин нь 2 өөр зориулалтын машин. Жийп машин нь Г.Г зориулан гаргасан 00-80 ГСА улсын дугаартай машин нь зөвшөөрөлгүйгээр орох 6 машины бүртгэлд хамаарагдсан байсан. Үйлчилгээний автомашин гэдэг нь уурхайд болж байгаа бүх зүйлд үйчилдэг машин юм. 2018 оны 02 дугаар сарын 06-наас хойш өөр ажлын байран дээр ажил олгогчийн нэг талын санаачлагаар хөдөлмөрийн гэрээгүйгээр ажилласан. 

 

Б.Мнийгмийн даатгалын дэвтэр болон тухайн цалингийн хүснэгтийг харахаар ажил тасалсантай холбоотой суутгал байхгүй байгаа. Тухайн өдрийн ажил тасалсантай холбоотой ажил тасалсан үйл баримт байхгүй, тээврийн хэрэгслийг авч явсан гэсэн баримт байхгүй, хэлбэрийн төдий зүйлүүдийг нэгтгэж байгаад сахилгын зөрчилд тооцсон үйл баримт харагдаж байна. Шүүхэд гаргаж өгсөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргаж өгсөн нотлох баримтуудаас харахад эдгээр үйл баримтууд нь нотлогдохгүй байна. Тээврийн хэрэгслийг хувийн ажилд унаж яваад, эд зүйлийг нь гэмтээгээд нэг газар хаячихсан бол дур мэдэн авч яваад байгууллагад хохирол учруулсан гэж хэлж болно.

Иймд Б.М Үндсэн хуулиар олгогдсон ажиллаж, хөдөлмөрлөх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг нь зөрчсөн гэж үзэж байгаа тул ХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Б/230 тушаалыг хүчингүй болгож, үйлчилгээний автомашины жолоочийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

 

Б.М гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Тээвэр үйлчилгээний автомашины жолооч Б.М тус компанийн гүйцэтгэх захирлын 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Б/230 дугаар тушаалаар сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа дуусаагүй байхдаа 2018 оны 05 дугаар сарын 07, 14-ний өдрүүдэд ажил тасалсан, компанийн эд хөрөнгийг зөвшөөрөлгүй дур мэдэн авч яван хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас нь чөлөөлсөн болно. Б.М өмнө нь тус компанийн гүйцэтгэх захирлын 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Б/59 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1-д зааснаар сануулах сахилгын шийтгэл ногдуулсан байсан юм.

Б.М нь 2018 оны 05 дугаар сарын 07, 14-ний өдрүүдэд ажил тасалж, зөрчил гаргасан болох нь 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцэгдсэн баримтууд, хурлын тэмдэглэлээр нотлогдож байгаа болно. Тус Компанийн ажилтнуудын ажлын цаг бүртгэл, цаг ашиглалт, илүү цагийг тооцох, хяналт тавих журмыг баталсан бөгөөд 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөн ажиллаж байгаа болно. Уг журмын 3.1.-д “Ажилтнууд ажлын байранд ирэх, ажлаас тарах цагаа цаг бүртгэлийн цахим хяналтын төхөөрөмжид ирсэн, явсан цагаа өөрийн биеэр заавал бүртгүүлнэ”,  3.2.-т “ажилтны ажилдаа ирэх, тарахдаа бүртгүүлсэн цагийн зөрүүгээр ажлын цаг бүртгэлийн тооцоонд тусгагдах тул бүртгэгдээгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүй тохиолдолд ажил тасалсанаар тооцно” гэж  тус тус  зохицуулсан болно.

Б.М ажлын цаг ашиглалт, цаг бүртгэлийн цахим хяналтын төхөөрөмжид ажилд ирсэн, явсан байдлаа тэмдэглүүлсэн байдал тун хангалтгүй бөгөөд ирсэн, явсан цагаа тэмдэглүүлэхгүй, хурууны хээгээ дарахгүй байх олон тохиолдол тогтоогдсон. Ажил олгогчийн зүгээс Б.Мэндбаярын огт ажилдаа ирээгүй 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 8 цаг, 07-ны өдрийн өглөөний  тасласан цагийг ажил тасласанд тооцсон болно.

Тус компанийн гүйцэтгэх захирлын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/103 дугаар тушаалаар “Үйлдвэрлэлийн талбайд нэвтрэх тээврийн хэрэгслийг зохицуулах, хяналт тавих журам”-ыг батлан гаргасан. Журмын 2.1-д “Албан журмын байнгын зөвшөөрөлтэйгөөс бусад үйлдвэрлэлийн талбайгаар нэвтрэх /орж, гарах, дайран өнгөрөх/ тээврийн хэрэгслийг тусгай зөвшөөрлөөр оруулж гаргана. Тусгай зөвшөөрлийг ээлжийн дарга, харуул хамгаалалтын албан хаагчид мэдэгдэнэ”. 2.2-т ХК-ийн шалган нэвтрүүлэх №01, №03 постоор шууд нэвтрэх болон зөвшөөрөлтэй орох, гарах автомашинуудын жагсаалтыг журмын хавсралтаар гарган мөрдөн ажиллана”. 2.4-т “Ерөнхий инженерээс зөвшөөрөл авч гардаг автомашинууд нь ажлын цагаар урьдчилан зөвшөөрөл авсан байх ба зөвшөөрөл аваагүй тохиолдолд уурхайн бүсээс гарахгүй” байхаар зохицуулсан. Журмын 2 дугаар хавсралтын 11-д Б.М нь Пикап Шивролет 57-72 ГСА улсын дугаартай автомашиныг ерөнхий инженерээс зөвшөөрөл авч гарах ёстой байна.  Б.М нь 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр уурхайн үйлдвэрлэлийн талбайд нэвтрэх тээврийн хэрэгслийг зохицуулах, хяналт тавих журмыг зөрчиж, ерөнхий инженерээс уурхайн бүсээс гарах зөвшөөрөл авалгүйгээр авто машиныг жолоодон Говьсүмбэр аймгийн Шивээговь сумруу авч явсан зөрчлийг гаргасан байна. 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр ерөнхий инженер Г.Г Б.М нь уурхайн үйлдвэрлэлийн талбайгаас нэвтрэн гарах зөвшөөрөл огт аваагүй болох нь 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцэгдсэн болно.

Компанийн дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.3.3, 10.3.13-т зааснаар компанийн эд хөрөнгийг дур мэдэн авч явах, албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлэх нь ноцтой зөрчилд тооцох заалттай. Компанийн үйлдвэрлэлийн талбай, Ш сумын хооронд 25 км зайтай бөгөөд компанийн машиныг зөвшөөрөлгүйгээр авч гаран ирж, буцах замд авч явж хохирол учруулсан, авч явсан машиныг нь өөрөө хүргэж очоогүй бөгөөд өөр жолооч очиж авсан хүртэл нөхцөл байдал илэрсэн.

ХК-ийн зүгээс ажилтны хөдөлмөрлөх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг огт зөрчөөгүй бөгөөд 2018 оны 06 дугаар сарын 06-ний өдөр болсон захирлын зөвлөлийн хуралд Б.М болон тус компанийн Тээвэр үйлчилгээний хэсгийн дарга холбогдох албан тушаалтнуудыг оролцуулсан. Уг хуралд Б.М холбогдох тайлбар, санал сэтгэгдлээ илэрхийлсэн, үзэл бодлоо илэрхийлэхийг хориглосон зүйл огт байгаагүй болно.

Б.М гаргасан зөрчлүүд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т заасан сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна, 131.4-т сахилгын шийтгэл ногдуулснаас хойш нэг жил өнгөрвөл сахилгын шийтгэлгүйд тооцно гэсэн нөхцлүүдийг хангасан байгаа болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар хариуцагч ХК-д холбогдох тус компанийн гүйцэтгэх захирлын 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Б/230 дугаартай тушаалыг хүчингүй болгож, үйлчилгээний автомашины жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэгч Б.М нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч  улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б давж заалдах гомдолдоо:

Б.М нэхэмжлэлтэй ХК-н 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Б/230 дугаартай тушаалыг хүчингүй болгож, үйлчилгээний автомашины ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэхдээ хэт нэг талыг барьж буруу шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Иймд Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 134/ШШ2018/00176 дугаар шийдвэрийг хүчингүй болгож,  нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

   ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон талуудын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлж чадаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасны дагуу явуулаагүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

 

Учир нь хэргийн материалаас үзэхэд:  Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон хэлэлцүүлгийн шатанд  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Н, түүний өмгөөлөгч Н.Д нар нь нэхэмжлэгч Б.М  өмнө нь сахилгын “сануулах” шийтгэл ногдуулсан 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Б/59 дугаартай ХК-н гүйцэтгэх захирлын тушаалтай холбогдуулан ХК-н “сэлбэг материал орлогод оруулах, зарлага гаргах журам”, мөн Б.М жийп автомашины жолоочоос “үйлчилгээний автомашины жолооч” –ийн  албан тушаалд шилжүүлсэн тухай ХК-н гүйцэтгэх захирлын тушаал” зэргийг  гаргуулах гэсэн  хүсэлтүүдийг удаа дараа гаргасан байна./ хх-131, 152, 165/,

 

Анхан шатны шүүх нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан дээрх хүсэлтүүдийг ИХШХШТХуулийн 105 дугаар зүйлийн 105.2-т зааснаар өмнө нь гаргах боломжтой байсан боловч шүүх хуралдааны явцад гаргаж буй нь хүндэтгэн үзэх шалтгаантай болохоо нотлоогүй, нэхэмжлэгч нь өмнөх сахилгын шийтгэл ногдуулсан тухай тушаалд гомдол гаргаагүй тул сэлбэг, материал орлогод оруулах, зарлага гаргах журам нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолгүй, нэхэмжлэгч нь үйлчилгээний автомашины жолоочийн албан тушаалаас чөлөөлсөн байхад түүнийг өөр албан тушаалд шилжүүлсэн тушаал гаргуулах гэж байгаа нь ойлгомжгүй, хамааралгүй гэсэн үндэслэлүүдээр хүсэлтүүдийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ. /хх-158,166/

Энэ нь хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй, мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  давж заалдах журмаар гаргасан гомдлын үндэслэлийн талаарх тайлбартаа  “шүүх нэхэмжлэгч талын хуулиар олгогдсон эрхийг  зөрчсөн, хэт нэг талыг баримтлан шийдвэрлэсэн, хэргийг бүхэлд нь болон талуудын гаргасан тайлбар, үндэслэл, нөхцлийг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж шийдвэрлээгүй, “сэлбэг материал орлогод оруулах, зарлага гаргах журам” гаргуулах хүсэлтийг шүүх хэрэгт ач холбогдолгүй гэж буцаасан, энэ нь нэхэмжлэгчийн хувьд давтан зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр арга хэмжээ авахуулсанд зайлшгүй шаардлагатай  нотлох баримтууд байсан “ гэх   гомдлыг  хангах нь зүйтэй байна.

Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б нь шүүх хуралдаанд ... 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Б/59 дүгээр тушаалаар Б.М шинэ дугуй хагалсан гэсэн үндэслэлээр анх “сануулах” арга хэмжээ авсан байдаг. ХК-н дугуйны элэгдэл хорогдлыг тооцолгүйгээр шийтгэл ногдуулсан, элэгдэл, хорогдлыг тооцох журамтай бөгөөд дугуйнд тогтоосон норм гэж байдаг, энэхүү  “сануулах” арга хэмжээг үндэслэлгүй гэж үзэж байгаа”, ... гэсэн тайлбарыг гаргасан байна./хх-198/

Хэргийн материалаас үзэхэд  хариуцагч буюу ажил олгогч ХК–ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Б/230 дугаартай  нэхэмжлэгч буюу ажилтан “Б.М ажлаас чөлөөлөх тухай” сахилгын шийтгэл ногдуулсан тушаалд сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа дуусаагүй байхдаа ... хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэсэн үндэслэлээр Б.М байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн байдаг.

Нэхэмжлэгч Б.М хариуцсан автомашиныхаа шинэ тавьсан дугуйг үрэгдүүлэн ажлын хариуцлага алдсан гэж  2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр “сануулах” сахилгын шийтгэл ногдуулсан байна./хх- 64/

 Ажил олгогчийн өмнө гаргасан 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Б/59 дүгээр тушаал /хх-64/ нь ажилтанг ажлаас халах нөхцөлд хамаарч байгаа тул энэ тушаалын хууль ёсны эсэхэд шүүх дүгнэлт хийх ёстой байсан. Энэ үүднээс нэхэмжлэгч талын гаргасан дээрх хүсэлтүүдийг хангахаас татгалзсан нь үндэслэлгүй.

Шүүх, ИХШХШТХуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримт бүрдүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

 Иймд хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй, мөн нотлох баримт хангалттай бүрдээгүй байхад хэргийг шийдвэрлэсэн байх тул ИХШХШТХуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7-д  заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :

1.Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дугаар сарын 24-ны өдрийн 134/ШШ2018/00176 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг  дурдсугай.

 

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.ТЭГШСУУРЬ

                            ШҮҮГЧ                                О.ОДНЯМАА

                                                                       Х.БАЙГАЛМАА