| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 149/2024/0071/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/79 |
| Огноо | 2024-06-25 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Г.Тунгалаг |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 2024/ШЦТ/79
2024 оны 06 сарын 25-ны өдөр 2024/ШЦТ/79 Мандал сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан Эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга Б.Баттөгөлдөр
Улсын яллагч Г.Тунгалаг
Шүүгдэгч Э.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын Прокурор, хууль цаазын дэд зөвлөх Г.Тунгалагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Э.*******од холбогдох 2432000000063 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Э.******* нь 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 17 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр баг Улиастайн №06 тоот хашаанаас “KIA Prontier” маркийн тээврийн хэрэгслийн аккумляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогчид 350,100 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.******* мэдүүлэхдээ: ... Өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа мэдүүлэг өгөхгүй гэв.
Эрүүгийн 2432000000063 тоот хавтаст хэргээс:
Хохирогч Б.******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Би Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр баг Улиастайн №06 тоотод амьдардаг. 2024 оны 05 дугаар сарын 01-ний өглөөний 08 цагийн орчимд нөхөр хүүхдүүдийнхээ хамт жижиг тэргээр гэрээсээ гарч сургууль явах үед манай Prontier машины аккумлятор нь машиндаа байгаа харагдсан бөгөөд хүүхдүүдээ цэцэрлэг, сургуульд хүргэж өгчхөөд замын хойшоо айл руу яваад өдрийн 12 цагийн орчимд хүүхдүүдийн хичээлийг тарахаар нь авчхаад гэртээ хүргэж өгчхөөд буцаж нөхөртэйгөө хамт замын хойшоо айл руу яваад оройны 17 цагийн орчимд гэртээ ирсэн. Тухайн үед машинд аккумлятор байгаа эсэхийг харж анзаараагүй хоносон. Тэгээд 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн өглөө 07 цагийн орчимд гэрээсээ гараад машинаа харсан чинь аккумляторыг нь салгаад авчихсан цахилгааны утас нь унжчихсан байсан юм. ... Манай машинаас алдагдсан аккумляторыг 2024 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Зүүнхараа “Шунхлай” шатахуун түгээх станцын дэлгүүрээс 389,000 төгрөгөөр худалдаж авсан, аваад ашиглаагүй хадгалж байгаад шинээр нь саяхан машиндаа тавьж ашигласан шинэ аккумлятор байсан юм гэх мэдүүлэг /ХХ-ийн 12-13-р тал/,
Хөрөнгийн үнэлгээний “Сүлд үнэлгээ” ХХК-ийн үнэлгээчний 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн ТХҮ-124/0175 дугаартай “Supreme гэх бичигтэй,12V, 1000AMP, 870CCAMPS, 1000LA хүчин чадалтай аккумлятор”-1 ширхэг 350,100 төгрөг гэх үнэлгээ /ХХ-ийн 30-32-р тал/
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 46 дугаар хуудас/, Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /ХХ-ийн 50 дугаар хуудас/, Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /ХХ-ийн 52 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
Нэг. Шүүгдэгч Э.*******ыг гэм буруутайд тооцох талаар:
Э.******* нь 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 17 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр баг Улиастайн №06 тоот хашаанаас “KIA Prontier” маркийн тээврийн хэрэгслийн аккумляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогчид 350,100 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Хохирогч Б.*******ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 12-13-р тал/, Хөрөнгийн үнэлгээний “Сүлд үнэлгээ” ХХК-ийн үнэлгээчний 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн ТХҮ-124/0175 дугаартай “Supreme гэх бичигтэй,12V, 1000AMP, 870CCAMPS, 1000LA хүчин чадалтай аккумлятор”-1 ширхэг 350,100 төгрөг гэх үнэлгээ /ХХ-ийн 30-32-р тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч Э.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Э.*******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Э.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Хоёр. Хохирол төлбөрийн талаар:
Шүүгдэгч Э.******* нь хохирогч Б.*******т 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр ТХҮ-124/0175 дугаартай “Supreme гэх бичигтэй,12V, 1000AMP, 870CCAMPS, 1000LA хүчин чадалтай аккумлятор”-1 ширхгийг хүлээлгэн өгсөн байх тул хохирол төлбөр төлөгдсөн гэж үзэв.
Гурав. Шүүгдэгч Э.*******од оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Э.******* нь 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 17 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр баг Улиастайн №06 тоот хашаанаас “KIA Prontier” маркийн тээврийн хэрэгслийн аккумляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогчид 350,100 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч Э.*******од Эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр 06 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Э.******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдаж
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Чоно овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******ыг хорих ялыг оногдуулахгүйгээр 06 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ 06 /зургаа/ сарын хугацаагаар авсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус анхааруулсугай.
4. Энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.*******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.