Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 102/шш2022/00399

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2022/00399

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б............... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: С............... дүүрэг .. дугаар хороо ............... гудамж .... дугаар байр .... тоотод оршин суух, ....онд ... настай, Ч овогт Ж -ийн Н

Хариуцагч: Б............... дүүрэг .. дугаар хороо ............... гудамж, өөрийн байр, регистр ..............., Д............... ТӨХК

942.933 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Я.Б , хариуцагчийн төлөөлөгч Ч.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Н нь 1982 оны 07 дугаар сард Дулааны 4 дүгээр цахилгаан станцын түлш дамжуулах цехэд машинистаар орж ажиллаж байгаад 2000 онд мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөр алдалтын хувь тогтоолгон группт гарч 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэж 55 нас хүрсэн тул Дулааны 4 дүгээр цахилгаан станцын захирлын Б/321 тоот тушаалаар өндөр насны тэтгэвэрт гарсан. Дулаан 4 дүгээр цахилгаан станц ТӨХК-нд ажилласан 18 жил 05 сарын хугацаанд ногдох 9.429.333 төгрөгийг Хамтын гэрээний 12.2-т заасны дагуу олгохоор шийдвэрлэсэн. Дулааны 4 дүгээр цахилгаан станцаас нэг удаагийн буцалтгүй тэтгэмжийг 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Ж.Н ийн харилцах дансанд шилжүүлэхдээ үнийн дүнгийн 10 хувийг суутган авч үлдсэн байсан. Мөнгө шилжүүлсэн өдөр 10 хувийг суутган авсныг мэдээд энэ талаар ямар учиртайг лавлахад Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу суутгал хийсэн гэж мэдэгдсэн. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 22.1.1-д хууль тогтоомжид тусгайлан заасны дагуу олгож байгаа тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, үзүүлж байгаа хөнгөлөлт, нөхөн олговор болон нэг удаагийн буцалтгүй тусламж гэж хуульчилсан. Нэг удаагийн тэтгэмжээс 10 хувийн татвар авсан талаар Дулааны 4 дүгээр цахилгаан станцын санхүүгийн албаны ажилчидтай уулзсан боловч тодорхой хариулт өгөөгүй тул нэхэмжлэл гаргасан. Иймд хариуцагч Д...............аас хохиролд 942.933 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Ж.Н нь ДЦС-4ТӨХК-нд нийь 18 жил 05 сар ажиллаад өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн тул 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Б/102 дугаар тушаалаар 9.429.333 төгрөгийн тэтгэмжиг олгохоор шийдвэрлэсэн. Манай байгууллагын ДЦС-4 ТӨХК-ийн захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан Хамтын гэрээний 12 дугаар зүйлийн 12.2-д заасны дагуу ............... салбарт ажилласан жилийг ............... салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр үржүүлэн бодож олгохоор шийдвэрлэсэн нэг удаагийн мөнгөн тэтгэмж 9.429.333 төгрөгийг Ж.Н ийн дансанд шилжүүлэхдээ хувь хүний орлогын албан татвар 10 хувиар тооцон суутгаж Б............... дүүргийн Татварын хэлтсийн Монголын Татварын албаны татварын дансанд шилжүүлсэн. Иймд Б............... дүүргийн Татварын хэлтсээс нэхэмжлэн буцаах авах үндэслэлтэй. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Н нь хариуцагч Д............... ТӨХК-нд холбогдох хохиролд 942.933 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д зааснаар шаардах эрхтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Д............... ТӨХК-ний гүйцэтгэх захирлын 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Б/321 тоот тушаалаар мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоогдсон Ж.Н нь өндөр насны тэтгэвэр тогтоолгосон тул ДЦС-4 ТӨХК-нд ажилласан 18 жил 05 сарын хугацаанд ногдох 9.429.333 төгрөгийн тэтгэмжийг олгосон байна.

Шүүх хуралдаанд хариуцагч нь Б............... дүүргийн Татварын хэлтсээс нэхэмжлэн буцаах авах үндэслэлтэй. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж тайлбарлан маргажээ.

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн /2006 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн/ 16 дугаар зүйлийн 16.1.1 дэх хэсэг, 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ 22 дугаар зүйлийн 22.1.1 дэх хэсэгт зааснаар ...тэтгэмж, орлогыг татвараас чөлөөлөхөөр заасан, хуулиар татвар төлөх үүрэг үүсээгүй байхад Д............... татварт 10 хувийг суутгаж тооцсон нь хууль зөрчсөн, үндэслэлгүй байна.

Дээрх хуульд зааснаар ажилтанд олгосон тэтгэмж нь хуулиар татвараас чөлөөлөхөөр заасан байхад хариуцагч байгууллага хууль зөрчиж суутгал хийж Татварын албанд шилжүүлсэн байдалд ажилтан буруугүй тул Татварын хэлтсээс нэхэмжлэн буцаан авах үндэслэлтэй гэх хариуцагчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй.

Нэхэмжлэлийн шаардлага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаанд хамаарахгүй, харин Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасан хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа 10 жилд хамаарах юм.

Иймд хариуцагч Д............... ТӨХК-наас 942.933 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Н т олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д зааснаар Д............... ТӨХК-иас 942.933 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Н т олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27.185 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Д............... ТӨХК-иас 27.185 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Н т олгосугай.

3.Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА