| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Замбалын Баярмаа |
| Хэргийн индекс | 101/2022/00542/И |
| Дугаар | 101/ШШ2022/00918 |
| Огноо | 2022-03-01 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 03 сарын 01 өдөр
Дугаар 101/ШШ2022/00918
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруугийн ******* тоот хаягт байрлах ******* ХХК /*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Монел 35 гудамж ******* тоот хаягт оршин суух Боржигон овогт С*******ны******* /РД:*******/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 36,512,002.07 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Амарзаяа, хариуцагч С.З*******, нарийн бичгийн дарга Т.Мөнхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
С.З******* нь 2018 оны 11 сарын 21-ний өдөр 12/18-244 тоот Кредит карт эзэмших гэрээг байгуулан 20,000,000 төгрөгийг кредит картын зээлийг 24 сарын хугацаатай, жилийн бэлэн гүйлгээнд 36 хувь, бэлэн бус гүйлгээнд 24 хувийн хүүтэй, зээлж авсан.
Зээлийн гэрээний 2.7.1-д хамгийн бага төлбөр ашигласан зээлийн дүнгээс 10 хувь, төлбөр нэхэмжлэх өдрөөр тасалбар болгосон тохиолдолд зохих бэлэн гүйлгээний хүү, гүйлгээний болон хугацаа хэтрүүлсэн тохиолдолд тооцогдох шимтгэлийн нийлбэр, 2.7.2 заалтын дагуу төлбөр төлөх хугацаа банк төлбөрийн нэхэмжлэх илгээснээс хойш тухайн сарын 15-ны өдрийг дуустал тус тус төлөх үүрэг хүлээсэн байдаг боловч өнөөдрийг хүртэл гэрээний үүргийг биелүүлээгүй байна. Банкны зүгээс зээлдэгчтэй удаа дараа уулзалт хийж 2021 оны 9 сарын 17-ны өдөр №02 тоот зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл өгсөн.
Зээлдэгч уг мэдэгдлийг гардан авсан. Зээлдэгч нь кредит карт эзэмших гэрээнд заасан зээл болон хүүгийн төлбөрөө төлөөгүй бөгөөд картын гэрээний хугацаа 2020 оны 11 сарын 12-ны өдөр дуусгавар болсон байна.
Зээлдэгч С.З******* нь 2022 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар карт эзэмших гэрээ 661 хоног хугацаа хэтэрч, үндсэн зээлийн үлдэгдэл 19,948,091.83 төгрөг, хуримтлагдсан хүүгийн үлдэгдэл 12,367,054.49 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,196,855.49 төгрөг, нийт 36,512,002.07 төгрөг төлөгдөөгүй байх тул хариуцагчаас гаргуулж өгнө үү.
Нэмэгдүүлсэн хүүгийн тохиролцоо хариуцагчтай байгуулсан гэрээний 2.6.1-д тусгагдсан байгаа бөгөөд хугацаа хэтрүүлсний шимтгэл гэж гэрээнд бичигдсэн байгаа бөгөөд төлөгдөөгүй хамгийн бага төлбөрийн 1 хувь, хамгийн багадаа 10,000 төгрөг байна гэж заасан. Тооцооллын хувьд компьютерээс бодогдож гарч ирдэг. Тооцоололоор 4,196,855.49 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү тооцогдсон.
Иймд, хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт нийт 36,512,002.07 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Миний бие *******тай зээлийн гэрээ байгуулж, 20,000,000 төгрөгийн эрхтэй кредит карт авсантай маргах зүйл байхгүй. Энэ мөнгөөрөө машин аваад машин маань шатчихсан. Мөн би өндөр дээрээс унаад нуруугаа гэмтээгээд, дээр нь цар тахал гээд зээлээ төлж чадаагүй нь үнэн. Сүүлд очиж уулзаад өдрийн 25,000 төгрөг төлөхөөр тохиролцоод нийт 760,000 төгрөг төлөхөд үндсэн зээлээс огт хасагдаагүй, хүү, нэмэгдүүлсэн хүүнд тооцогдсон байсан тул дахиж мөнгө төлөөгүй.
Би үндсэн зээл болон зээлийн хүү төлөхийг зөвшөөрч байна. Харин нэмэгдүүлсэн хүү 4,196,855 төгрөг төлөхийг зөвшөөрөхгүй байна. Цар тахалын хүнд хэцүү үед нэмэгдүүлсэн хүү нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Төрөөс банкны хүүг зогсоох хүртэл арга хэмжээг энэ цаг хугацаанд авсан байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас нэмэгдүүлсэн хүүг хасаж тооцож өгнө үү гэв.
Шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч С.Зууннастад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 36,512,002 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох үндсэн зээл, зээлийн хүү төлөхийг хүлээн зөвшөөрч, харин нэмэгдүүлсэн хүү төлөхийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг харьцуулан дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д банк гэж хувьцаа эзэмшигчдийн оруулсан мөнгөн хөрөнгөөс бүрдсэн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй, хувьцаа эзэмшигч нь эзэмшиж байгаа хувьцааны хэмжээгээр хариуцлага хүлээдэг, бусдын мөнгөн хөрөнгийг хуримтлуулан хадгалж, өөрийн нэрийн өмнөөс зээл олгох, төлбөр тооцоо хийх зэрэг санхүүгийн зуучлалын үйл ажиллагааг Монголбанкны тусгай зөвшөөрөлтэйгээр эрхэлдэг, ашгийн төлөө хуулийн этгээдийг хэлнэ гэж заажээ.
Хэрэгт авагдсан нэхэмжлэгч ******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагаа .............. гэж бүртгэсэн байх тул нэхэмжлэгч нь Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.1, мөн Банкны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д тус тус зааснаар банкны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй байна /х.х-ийн 4 дүгээр тал/.
Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг 2018 оны 11 сарын 21-ний өдрийн 12/18-244 дугаартай Кредит карт эзэмших гэрээний үүрэгт үндсэн зээл 19,948,091.83 төгрөг, зээлийн хүү 12,367,054.75 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,196,855.49 төгрөг нийт 36,512,002 төгрөгийг гаргуулна гэж тодорхойлсон.
Нэхэмжлэгч ******* ХХК болон хариуцагч С.З******* нар нь 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр кредит карт эзэмших гэрээ байгуулж, зээлдүүлэгчээс нийт 20,000,000 төгрөгийг бэлэн төлбөр тооцоонд ашиглах тохиолдолд жилийн 36 хувь, бэлэн бус төлбөр тооцоонд ашиглах бол жилийн 24 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатай зээлэх, зээлдэгч нь гэрээнд заасан төлбөр төлөх хугацаанд багтаан нэхэмжилсэн төлбөрөөс багагүй төлбөрийг буцаан төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх-ийн 7-10 дугаар тал/
Тодруулбал, хариуцагч С.З******* нь бусад этгээдээс худалдан авсан бараа, ажил үйлчилгээний хөлс, төлбөрийг төлөхдөө 20,000,000 төгрөгийн зээлийн эрхтэй картнаас бэлнээр төлөхөд сарын 3 хувь, бэлэн бусаар төлөхөд сарын 2 хувийн хүүг тус тус авч ашигласан зээлийн хэмжээнээс тооцож төлөх үүргийг хүлээсэн байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
Талуудын хүсэл зоригийн илэрхийлэл, гэрээний агуулга нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий этгээдээс олгох зээлийн гэрээний агуулгад нийцэж байна.
Иймд тэдгээрийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байна гэж үзэв.
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар хэрэгт авагдсан Кредит картны дансны хуулгаар хариуцагч С.З******* нь өнгөрсөн хугацаанд бэлнээр 13,470,592 төгрөг, бэлэн бусаар 6,447,800 төгрөгийг авч ашигласан байх бөгөөд энэ төлбөр болох 19,948,091.83 төгрөг, зээлийн хүү 12,367,054.54 төгрөгийг тус тус төлөөгүй талаар маргаагүй.
Өөрөөр хэлбэл, хариуцагчаас төлбөл зохих зээл, зээлийн хүүгийн хэмжээг 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүртэлх хугацаанд тооцсон тооцооллыг хариуцагч нь зөвшөөрсөн бөгөөд тэрбээр 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс нь 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүртэлх хугацаанд зээл, зээлийн хүүг төлөх үүргээ гүйцэтгээгүй, хугацаа хэтрүүлсэн үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 15-27 дугаар тал/
Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас зээл, зээлийн хүүгийн төлбөрт нийт 32,315,147 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.
Хариуцагчаас нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нэхэмжилсэн 4,196,855 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Нэхэмжлэгчээс нэмэгдүүлсэн хүү гаргуулах үндэслэлийг талуудын хооронд байгуулагдсан кредит карт эзэмших гэрээний 2 дугаар зүйлийн 2.6.1-д зааснаар тохиролцсон гэж тайлбарлаж байна.
Зохигчдын байгуулсан зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.6.1-д хугацаа хэтрүүлсний шимтгэл: Төлөгдөөгүй хамгийн бага төлбөрийн 1 хувь, хамгийн багадаа 10,000 төгрөг байна гэж заажээ.
Банк, эрх бүхий этгээдээс бусад иргэн, хуулийн этгээдэд зээлийг хүүтэй, аль эсхүл хүүгүй олгож болох бөгөөд зээлдэгч нь зээлийг хугацаандаа буцаан төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохирч болно.
Энэ талаар Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-д Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно гэж, мөн 452.2-т Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно............... гэж, түүнчлэн 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус заасан.
Гэтэл нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч С.З*******тай байгуулсан зээлийн гэрээнд хугацаа хэтрүүлсний шимтгэл гэж гэж Иргэний хууль болон Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд байхгүй хүү-г авахаар тохиролцсон байх бөгөөд энэ тохиролцоогоо нэмэгдүүлсэн хүү байдлаар тайлбарлан нэхэмжилж байгаа нь хуульд нийцэхгүй байна.
Хэдийгээр Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй боловч гагцхүү хуулийн хүрээнд байх хуулийн зохицуулалттай.
Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 4,196,855.49 төгрөгийн нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллын талаар үндэслэл бүхий тайлбар өгөөгүй, бэлэн, эсхүл бэлэн бус гүйлгээний хүүгээс хамаарч нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг хэрхэн яаж, тооцоологдсон талаар тайлбарлаагүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ өөрөө нотлох, холбогдох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй.
Дурдсан үндэслэлүүдээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагчаас 32,315,147 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 4,196,855.49 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус заасныг үндэслэн хариуцагч С.З*******аас 32,315,147 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,196,855.49 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 340,510 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 319,525,735 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА