Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 2024/ШЦТ/66

 

2024 оны 06 сарын 06-ны өдөр              2024/ШЦТ/66                                  Мандал сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан Эрүүгийн шүүх хуралдаанаар:

                        Нарийн бичгийн дарга                                 Б.Баттөгөлдөр

                        Улсын яллагч                                               Г.Тунгалаг

                        Шүүгдэгчийн өмгөөлөгч                                 Ц.Цогзолмаа

                        Шүүгдэгч                                                   О.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын Прокурор, хууль цаазын дэд зөвлөх Г.Тунгалагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн О.*******-д холбогдох 2432000680053 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны 12 дугаар сарын 25-ны өдөр ******* аймгийн Тариалан суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, малчин, ам бүл 6, аав, ээж, 3 дүүгийн хамтаар Сэлэнгэ аймгийн ******* сумын 2 дугаар баг хөдөө хэсэгт оршин суух хаягтай, Ял шийтгэлгүй, Улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Бурд овогт ******* ******* *******.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Б.******* нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир 3 дугаар баг Сүмбэр салдаг гэх газарт 2024 оны 02 дугаар сарын 12-ны өдөр иргэн М.Шинэбаяртай маргалдаж улмаар түүний эзэмшлийн “Ford raptor” загварын, “45-46” УЕО улсын дугаартай тээврийн хэрэгслийн зөв талын бөгсний гэрлийг өшиглөн хагалж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, улмаар 4,491,362 төгрөгийн хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.******* нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир 3 дугаар баг Сүмбэр салдаг гэх газарт 2024 оны 02 дугаар сарын 12-ны өдөр иргэн М.Шинэбаяртай маргалдаж улмаар түүний эзэмшлийн “Ford raptor” загварын, “45-46” УЕО улсын дугаартай тээврийн хэрэгслийн зөв талын бөгсний гэрлийг өшиглөн хагалж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, улмаар 4,491,362 төгрөгийн хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Хохирогч М.Шинэбаярын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг: ... 2024 оны 02 дугаар сарын 12-ны өдөр буюу шинийн 3-ны өдөр эхнэр Ё.Мөнхзул, 11 настай Билгүүн, 8 настай Хүслэн, 7 настай Маргад-Эрдэнэ, 2 настай Анар-Эрдэнэ нарын хамт Улаанбаатар хотоос Дархан-Уул аймаг руу өөрийн эзэмшлийн 45-46 УЕО улсын дугаартай “Ford raptor” машинтай явж байхад Төв аймгийн Жаргалант сумын салдаг хэсгээс 72-46 СБА улсын дугаартай цагаан өнгийн “приус-30” маркийн тээврийн хэрэгсэл ард талаас Баянгол сумын “Хоёр даваа” хүртэл гэрлээрээ гялбуулаад байсан. Цас их орж зам 1 эгнээнд орсон байхад хажуугаар дайрч орж ирээд шахаад гүйцэж түрүүлээд урд талд гарсан. Уг машин нь урд талд гарчхаад манай төрсөн эгч М.Шүрэнцэцэгийн унаж явсан 69-99 УНИ улсын дугаартай “Ланд-200” маркийн тээврийн хэрэгслийн араас гэрлээрээ гялбуулаад явуулахгүй байсан. Эгч М.Шүрэнцэцэгийн машин дотор 5-н бага насны хүүхэд байсан бөгөөд машин нь явж чадахгүй зогссон. Тэгэхэд 72-46 СБА улсын дугаартай “приус-30” маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгсэл эгч М.Шүрэнцэцэгийн машины ард бас дагаад зогссон. Би ард талд нь явж байсан учир уг приустэй зэрэгцэж очиж зогсоод чи гэрлээ яаж яваад байгаа юм бэ? Чи зам дээр ингэж явдаг юм уу гэж хэлэхэд уг приусны жолооч миний яаж явах чамд ямар хамаатай юм бэ? гэж хэлээд намайг жалга руу түлхээд унагаасан. Тэгэхэд би жалга руу уначхаад дээшээ харахад 1 залуу намайг өшиглөсөн. Тэгээд манай эгч М.Шүрэнчимэг, М.Ганчимэг, дүү Б.Батхаан нар салгасан. Тэгэхэд уг приус машины жолооч нь намайг нүүр лүү 2 удаа цохисон. Тэгээд намайг ах дүү нар нь барьсан байхад приусны жолооч намайг дахиж цохисон. Тухайн үед би 72-46 СБА улсын дугаартай “Приус-30” маркийн тээврийн хэрэгслийн урд талын гуперны үзүүр лүү нь зөөлхөн хүрэхэд приусны жолооч чи миний машинд хүрлээ гэж хэлээд машиныхаа арын суудлаас гинж гартаа ороож гарч ирээд намайг ална гэж хэлээд миний 45-46 УЕО улсын дугаартай  “Ford raptor” машины зөв тал буюу зүүн талын ард талыг бөгсний гэрлийг цохиж хагалсан. Тэгээд бид нар хоорондоо салаад явцгаасан. Уг машин бол миний эхнэр Ё.Мөнхзулын эзэмшлийн машин байгаа юм. Гэрчилгээ бичиг баримт бүгд миний эхнэрийн нэр дээр байдаг. Миний эхнэр Ё.Мөнхзулын нэр дээр байдаг боловч би өөрөө худалдаж авснаас хойш байнга унаж хэрэглэж байна. Ер нь бол миний машин гэсэн үг. ... Би 2023 оны 06 дугаар сард “MSM group” ХХК-ийн салбараас 45-46УЕО улсын дугаартай “Ford raptor” машиныг 410,000,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Уг машины албан ёсны Монгол дахь ганц борлуулагч компани байгаа юм. Приус-30 маркийн тээврийн хэрэгслийн жолооч миний машины зүүн талын бөгсний гэрлийг гараараа цохисон уу эсхүл өшиглөсөн үү би тэрийг сайн мэдэхгүй байна. Миний машины бөгсний гэрлээс өөр зүйлийг цохиж эвдэлж гэмтээсэн зүйл байхгүй. ... Миний биед өвдөж зовуурилж байгаа зүйл байхгүй. ... Би шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэрэг тогтоолгохгүй. ... Намайг цохиж зодсон асуудалд миний зүгээс гомдол санал байхгүй. Харин миний машины хойд талын бөгсний гэрлийг хагалсан төлбөрт 4,750,000 төгрөгийг төлөөд өгвөл гомдол санал байхгүй гэх мэдүүлэг /ХХ-ийн 10-11-р тал/,

Гэрч Ё.Мөнхзулын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг: ... Улаанбаатар хотоос Дархан-Уул аймаг руу өөрийн эзэмшлийн 45-46 УЕО улсын дугаартай “Ford raptor” машинтай миний нөхөр М.Шинэбаяр бариад явж байхад Төв аймгийн Жаргалант сумын салдаг хэсгээс 72-46 СБА улсын дугаартай цагаан өнгийн “приус-30” маркийн тээврийн хэрэгсэл ард талаас Баянгол сумын “Хоёр даваа” хүртэл гэрлээрээ гялбуулаад байсан. Уг машин  гарчхаад миний нөхрийн төрсөн эгч М.Шүрэнцэцэгийн унаж явсан 69-99 УНИ улсын дугаартай “Ланд-200” маркийн тээврийн хэрэгслийн араас гэрлээрээ гялбуулаад явуулахгүй байсан. Эгч М.Шүрэнцэцэгийн машин дотор 5-н бага насны хүүхэд байсан бөгөөд машин нь явж чадахгүй зогссон. Тэгэхэд 72-46 СБА улсын дугаартай “приус-30” маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгсэл эгч М.Шүрэнцэцэгийн машины ард бас дагаад зогссон. Миний нөхөр М.Шинэбаяр уг приусны ард талд нь явж байсан учир уг приустэй зэрэгцэж очиж зогсоод чи гэрлээ яаж яваад байгаа юм бэ? Чи зам дээр ингэж явдаг юм уу гэж хэлэхэд уг приусны жолооч миний яаж явах чамд ямар хамаатай юм бэ? гэж хэлээд миний нөхөр М.Шинэбаярыг нөгөө машины хүмүүс нийлээд жалга руу түлхэж оруулаад орилж хашхираад цохиод байсан. Би эгч М.Шүрэнцэцэг, ах М.Шинэхүү, дүү Б.Батхаан нарыг дуудсан. Миний нөхрийн ах дүү  нар ирээд нөхөр М.Шинэбаярыг приусны хүмүүсээс салгасан. Тэнд хоорондоо бөөн хэрүүл маргаан болоод машины хойд бөгсний гэрэл хагарах үед би машин дотор сууж байхад хагарсан учир яг хэн хагалсныг нь мэдэхгүй байна. Миний нөхөр М.Шинэбаяр гадаа харж байсан учир хэн хагалсныг нь мэдэж байгаа гэх  мэдүүлэг /ХХ-ийн 16-р тал/,

Гэрч М.Шинэхүүгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг: ... Би 2024 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотоос Дархан-Уул аймаг руу явж байхад Баянгол сумын наад талд хойноос машинууд гэрлээрээ дохихоор нь зогссон. Би буугаад алхаад очиж байхад миний дүү М.Шинэбаярыг хүн зодоод байна гэж эхнэр Ё.Мөнхзул хэлэхээр гүйгээд очсон. Тэгэхэд миний дүү М.Шинэбаярыг 2-3 хүн тойроод зогсож байсан. Би салгаад зам дээр гарч ирээд байж байхад 72-46 СБА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь миний дүү М.Шинэбаярын эзэмшлийн “Ford raptor” 45-46 УЕО улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн талын хойд гэрлийг өшиглөөд хагалсан. Тэгээд бид нар Баянгол сумын цагдаа хэсэг рүү ороод маргааш болъё гээд орхиод явсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 18-р тал/,

Гэрч Ш.******* мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг: ... 2024 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотоос ******* сум руу 72-46 СБА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй манай хүү О.******* жолоодон эхнэр Цэвээн, охин Алтанцэцэг, хүргэн Энхтөр нарын хамт явж байсан. Тухайн үед цас ороод шуургатай замын үзэгдэх орчин муу байсан. 4-5 цагийн үед Баруунхараа дөхөж явахад урд 45-46 УЕО улсын дугаартай тээврийн хэрэгсэл явж байсныг нь гүйцэж түрүүлэх дохио өгөөд урд нь гарахад араас тод гэрэл тусгаад миний сууж явсан тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлээд урд ороод тоормосоо хэд хэд дарсан. Тэр үед нь дохио өгөөд гүйцэж түрүүлэх гэтэл замын хажуу хэсэг рүү шахахад нь тоормосоо гишгээд уг тээврийн хэрэгслийн ард нь орсон. 45-46 УЕО улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний сууж явсан машиныг замын хажуу хэсэг рүү шахаж зогсоогоод зүүн гар талаас нь нэг эрэгтэй хүн бууж ирээд манай хүү О.*******ийг заамдаж аваад замаас гарахад манай эхнэр Б.Цэвээн салгасан. Тухайн тээврийн хэрэгслээс дахиад 4 хүн бууж ирээд приус уначхаад яаж яваад байгаа юм бэ? гэж хэлээд миний сууж явсан тээврийн хэрэгслийн зөв талын урд их гэрлийг 2 удаа өшиглөхөд манай хүү О.******* 45-46 УЕО улсын дугаартай тээврийн хэрэгслийн зөв талын арын гэрлийг нь өшиглөсөн чинь гэрлийнх нь шил хагарсан уг тээврийн хэрэгсэл шууд хөдлөөд явсан. ... Миний хүү О.******* өшиглөсөн гэх мэдүүлэг /ХХ-ийн 26-р тал/

Гэрч О.Алтанцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг: ... Тухайн өдөр манай дүү О.******* 72-64 СБА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Улаанбаатар хотоос 16 цагийн үед би аав, ээж, нөхрийн хамт явж байсан. Сэлэнгэ аймгийн Баянгол сум дөхөж байхад гадаа цас ороод шуургатай замын үзэгдэх орчин муу байсан, бид хэдийн урд 45-46 УЕО улсын дугаартай тээврийн хэрэгсэл явж байсныг нь гүйцэж түрүүлэх дохио өгөөд урд нь гарахад араас тод гэрэл тусгаад гүйцэж түрүүлээд урд ороод тоормосоо хэд хэд дарсан. Тэр үед нь дохио өгөөд гүйцэж түрүүлэх гэтэл замын хажуу хэсэг рүү шахахад нь манай дүү тоормосоо гишгээд уг тээврийн хэрэгслийн ар талд нь хоцроод зогсоход, уг авто машинаас нэг эрэгтэй хүн бууж ирээд манай дүү О.*******ийг заамдаж аваад замаас гарахад нь ээж машинаас бууж очоод салгасан. Тухайн тээврийн хэрэгслээс дахиад 4 хүн бууж ирээд приус уначаад яаж яваад байгаа юм бэ гэж хэлээд миний сууж явсан тээврийн хэрэгслийн зөв талын урд их гэрлийг 2 удаа өшиглөхөд манай дүү О.******* нь 45-46 УЕО улсын дугаартай тээврийн хэрэгслийн зөв талын арын гэрлийг нь өшиглөсөн чинь гэрлийнх нь шил нь хагарсан уг тээврийн хэрэгсэл шууд хөдлөөд яваад өгсөн. ... Хар цамцтай нэг залуу манай дүүгийн унаж явсан тээврийн хэрэгслийн урд талын их гэрэл рүү 2 удаа өшиглөсөн. Тэгэхээр нь яаж байгаан гэхэд муу приус уначаад яаж яваад байгаан гэж хэлсэн. Тэгээд намайг жирэмсэн юм байж холдооч гэж хэлсэн гэх мэдүүлэг /ХХ-ийн 28-р тал/

Хөрөнгийн үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээчний 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн ТХҮ-924/9207 дугаартай дүгнэлт: ...

 

1. “Ford raptor” маркийн тээврийн хэрэгслийн зүүн хойд гэрэл, 1 ширхэг, 4,411,362 төгрөг, /2023 оны 6 сард сольсон үнээр тогтоов/, гэрэл суурилуулах, 2 ширхэг, 80,000 төгрөг, /ажлын хөлс/ нийт 4,491,362 төгрөг” гэсэн үнэлгээ /ХХ-ийн 31-33-р тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь:

 

Б.******* нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир 3 дугаар баг Сүмбэр салдаг гэх газарт 2024 оны 02 дугаар сарын 12-ны өдөр /  цагаан сарын золголтоор явах замд гэрлээр гялбуулсан гэрэл шилжүүлээгүй гэсэн шалтгаанаар/ иргэн М.Шинэбаяртай маргалдаж улмаар түүний эзэмшлийн “Ford raptor” загварын, “45-46” УЕО улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн хойд талын  гэрлийг өшиглөн хагалж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж,гэмтээж эд хөрөнгөнд нь  4,491,362 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь хэсэгт заасан “бага хэмжээний хохирол”  гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг түүнээс доош хэмжээг гэж тодорхойлсон ба шүүгдэгчийн үйлдлийн улмаас бусдын эд хөрөнгөнд бага хэмжээнээс дээш хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн нь  гэмт хэргийн шинжийг хангасан, шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Шүүгдэгч Б.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч М.Шинэбаярт баримтаар 4,491,362 төгрөгийн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.*******  нь хохирогчид уг хохирлыг төлж барагдуулсан болох нь /хэргийн 75 дугаар хуудас/ тогтоогдсон. Мөн хохирогч М.Шинэбаяр хохирлоо бүрэн барагдуулсан учир хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх бичгээр гаргасан хүсэлт /хэргийн 76 дугаар хуудас/ байх тул шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450,000 төгрөгийн ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Б.*******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  таван зуун  нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Б.******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдаж

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Бурд овогт ******* *******ийг Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн ” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******эд оногдуулсан торгох ялыг 03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.******* торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүйгэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол О.*******эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь  хэсэгт зааснаар Шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол эсэргүүцлийг хуульд заасны дагуу  гаргаж болохыг дурдсугай.