| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Хуушааны Эрдэнэсувд |
| Хэргийн индекс | 142/2024/01011/И |
| Дугаар | 001/ХТ2025/00203 |
| Огноо | 2025-11-13 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2025 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 001/ХТ2025/00203
Н-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн
2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 312/ШШ2025/00435 дугаар шийдвэр,
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 207/МА2025/00066 дугаар магадлалтай,
Н-ийн нэхэмжлэлтэй,
О-т холбогдох
Гэм хорын хохирол 5,454,683 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж-ийн хяналтын журмаар гаргасан гомдлоор
шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж, хариуцагчийн өмгөөлөгч А, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Х” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Нямзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Н нь О-т холбогдуулан гэм хорын хохирол 5,454,683 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
2. Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дүгээр сарын 11-ний өдрийн 312/ШШ2025/00435 шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1-д заасныг баримтлан хариуцагч О-аас 5,454,683 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Нгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102,225 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
3.Орхон аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 207/МА2025/00066 дугаар магадлалаар: Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 312/ШШ2025/00435 шийдвэрийн 1 дүгээр заалтыг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1-д зааснаар хариуцагч О-аас гэм хор учруулсан хохиролд 5,454,683 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н-д олгосугай...” гэж өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч Н-гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 105,000 төгрөгийг буцаан олгож шийдвэрлэжээ.
Давж заалдах шатны шүүхийн магадлалаар цагдаагийн байгууллагын алба хаагчийн хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид гэм хорын хохирол учирсан гэж үзэж уг төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн, гэтэл давж заалдах шатны шүүх цагдаагийн албан хаагч ямар хууль бус үйл ажиллагаа явуулсан, ямар үйлдэл эс үйлдэхүй гаргасан талаар үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй. Харин анхан шатны шүүх нь гэм хорын хохирол учруулсан үйлдэл нь тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна.
Учир нь нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ өөрөө нотолж, түүнийгээ нотолсон баримтаа шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй. Гэтэл нэхэмжлэгч цагдаагийн алба хаагч нь өөрөө Цагдаагийн албаны тухай хуулийн ямар зүйл заалтыг хэрхэн ямар үйлдэл эс үйлдэхүйг зөрчиж гаргасан гэдгийг нотолж тогтоосон баримт нотолгоог гаргаж өгөөгүй. Тодруулбал нэхэмжлэгч Н нь цагдаагийн байгууллагын алба хаагчийн буруутай үйлдэл эс үйлдэхүйгээс болоод надад гэм хорын хохирол учирсан, ийм учраас цагдаагийн алба хаагчийн ямар үйлдэл нь хэрхэн хохироосон гэдэг талаар үндэслэл бүхий өөрийн гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.6-д заасан нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, харин эсрэгээрээ цагдаагийн байгууллагын алба хаагч гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авч мөрдөн шалгах ажиллагаа явуулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон холбогдох Цагдаагийн албаны тухай хууль, холбогдох дүрэм журмыг хэрхэн зөрчсөн, аль зүйл заалтыг зөрчсөн үйл ажиллагаагаа хэрхэн хууль бус явуулсан талаар хэрэгт авагдсан баримт байхгүй байхад шүүх энэ үйл баримт нь тогтоогдсон мэтээр гомдлыг ханган шийдвэрлэж байгаа нь өөрөө үндэслэлгүй гэж үзэж байна.
Давж заалдах шатны шүүх харилцагчийн зарлагын хөдөлгөөний хязгаарлалтыг цуцалсан шийдвэр нь мөрдөгчийн саналаар цуцалсан гэдэг байдлаар тайлбарласан байсан. Уг дансны хязгаарлалтыг цуцалсан шийдвэр нь мөрдөгчийн саналыг үндэслэн прокурорын тогтоолоор цуцлах үйл ажиллагаа хийгдэж байгаа, гэтэл О дангаараа цуцалсан мэтээр тайлбарласан нь үндэслэлгүй байна. Мөн давж заалдах шатны шүүхийн магадлалд өөр хүний хохирлыг төлүүлсэн дутаасан шилжүүлсэн гэдэг байдлаар дүгнэлтдээ тусгаж оруулсан нь өөрөө үндэслэл бүхий болоогүй байна.
Иймд анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэйгээр тайлбарлаж хоёр өөрөөр шийдвэрлэсэн учраас хууль хэрэглээний хувьд хэргийг хянан шийдвэрлэж эцсийн шийдвэрийг гаргаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
5. Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж-ийн гаргасан гомдлыг хэлэлцээд хоёр шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2025.09.18-ны өдрийн 001/ШХТ2025/00870 дугаар тогтоолыг гаргажээ.
ХЯНАВАЛ:
6. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
7. Нэхэмжлэгч Н нь О-т холбогдуулан гэм хорын хохирол 5,454,683 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ: “...Н нь танил Б-ы илгээсэн барааг авахаар 2022.07.18-нд Бийн Хны 434000995 тоот дансанд гаалийн татварт төлөхөөр 14,104,683 төгрөгийг шилжүүлсэн. Энэ нь луйврын шинжтэйг мэдээд О-т гомдол гаргаснаар прокурор А 2022.07.18-ны өдөр 493 тоот тогтоолоор Б-ийн дансны гүйлгээнд хязгаарлалт тогтоосон... 2022.08.09-ний өдөр хязгаарлалтыг цуцалсны дараа 8,650,000 төгрөг миний дансанд орж, үлдэх 5,454,683 төгрөгийг шилжүүлээгүй. Б нь үлдэх мөнгийг бусдад шилжүүлсэн байсан ба энэ нь цагдаагийн ажилтны хариуцлагагүй үйл ажиллагаанаас болсон гэж үзэж байгаа тул өөрт учирсан хохирлыг О-аас нэхэмжилнэ...” гэж тайлбарласан.
Хариуцагч хариу тайлбартаа: “...Иргэн Н өргөдөл гаргаснаар шуурхай арга хэмжээ авч иргэн Бийн дансны шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон, тухайн үед Б-ийн дансанд 19,605,741 төгрөг байсан. Гэтэл Х нь 2022.07.18-ны өдрийн 493 дугаартай хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах прокурорын зөвшөөрлийг хэрэгжүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл, 2022.07.18-ны өдрийн байдлаар Б-ийн дансанд 19,605,741 төгрөг байсан, гэтэл банк зөвхөн Нгийн шилжүүлсэн 14,104,683 төгрөгийн хэмжээнд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт хийсэн байна. Б гэмт хэрэгт холбогдолгүй болох нь тогтоогдсоны дараа хязгаарлалтыг цуцлахад харилцагч нь өөрийн дансанд байсан мөнгөнөөс иргэн С-т 3,500,000 төгрөг, Д-д 2,000,000 төгрөгийг тус тус шилжүүлж, үлдсэн 8,650,000 төгрөгийг Нгийн дансанд шилжүүлснээр Нгийн анх шилжүүлсэн мөнгөнөөс дутсан. О Б-ийн данснаас гүйлгээ хийх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй...” гэж тайлбарласан.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Х” ХК тайлбартаа: “...Тус банк нь Иргэний хуулийн 445 дугаар зүйлийн 445.5 дахь хэсэгт заасны дагуу харилцагчийн дансан дахь мөнгөн хөрөнгийг хуульд зааснаас бусад тохиолдолд хязгаарлах, хяналт тавих эрхгүй билээ.
Орхон аймгийн Прокурорын газрын 493 дугаар прокурорын зөвшөөрөл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтуудыг үндэслэж, 434000995 тоот дансны хязгаарлахыг Х-ны захиргаанд даалгах гэсэн утга нь тодорхой бус, үг дутуу бичигдсэн бөгөөд дансны шилжилт хөдөлгөөнийг бүтэн дүнгээр битүүмжлэх утга илэрхийлээгүй байна. Харин уг зөвшөөрөлд “...хэрэгт ач холбогдол бүхий 14,104,683 төгрөгийг нууж, эрх шилжүүлэх болзошгүй үндэслэл нотлох баримтаар тогтоогдож байх тул Б-ийн эзэмшлийн Х-ны *** тоот дансны шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах үндэслэлтэй байна...” гэж гэмт хэрэг үйлдэж олсон мөнгөн хөрөнгийн хэмжээг тодорхойлж оруулсан байгаа тул хохирогчид учирсан нийт хохирлын хэмжээгээр дансны битүүмжийг 14,104,683 төгрөгийн дүнгээр битүүмжлэх ажиллагаа хийгдсэн, хязгаарлагдсан нөхцөл цуцлагдсны дараа харилцагчийн бичгээр өгсөн төлбөрийн даалгаврын дагуу мөнгөн хөрөнгийн шилжүүлгийг хийжээ. Иймд тус хэрэгт банкны хууль ёсны эрх ашигт сөргөөр нөлөөлөхгүйгээр шийдвэрлэж өгнө үү...” гэж тайлбарлажээ.
Давж заалдах шатны шүүх “...Хариуцагч О нь нэхэмжлэгч Н 14,104,683 төгрөгөөр хохирлоо гэсэн мэдээллийг өгсөн байхад 2 өөр газар шалгагдаж байгаа хэргийн хохирогч иргэн С, Д нарын хохирлыг төлүүлсэн нь буруу байна. ...Хариуцагч О-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж нь өөрийгөө буруугүй гэж тайлбарлах боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2.-д заасан “...Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө...” гэх үндэслэлд хамаарахгүй...” гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрт өөрчлөлт оруулжээ.
10. Нэхэмжлэгч Н нь бусдад залилуулж, Б-ийн дансанд 14,104,683 төгрөг шилжүүлсэн, дээрх мөнгөн хөрөнгийг буцаан гаргуулахаар О-д хандсан, 2022.07.18-ны өдрийн прокурорын тогтоолоор Б-ийн Х-н дахь дансны хөдөлгөөнийг хязгаарласан, тухайн үед Б-ийн дансанд 19,605,741 төгрөг байсан боловч банк 14,104,683 төгрөгийн хэмжээнд шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан, 2022.08.09-ний өдөр банкны дансны шилжилт хөдөлгөөний хязгаарлалтыг цуцалсан, энэ өдөр Б өөрийн дансанд иргэн С, Д нараас шилжүүлсэн нийт 5.5 сая төгрөгийг буцаан шилжүүлсний дараа үлдсэн 8,650,791 төгрөгөөс 8,650,000 төгрөгийг нэхэмжлэгч Н-гийн дансанд шилжүүлсэн, 5,454,683 төгрөг Н-д буцаан олгогдоогүй тул хариуцагч О ажилдаа хариуцлагагүй хандснаар надад хохирол учирсан гэх үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлээ тодорхойлжээ.
11. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.
Гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй, хохирогчид учирсан гэм хорын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон тохиолдолд учирсан хохирлыг нөхөн төлөх үндэслэл бий болно.
12. Хэрэгт цугларсан баримтаар Хин дахь дансны мөнгөн хөрөнгийн шилжүүлгийн хязгаарлалтыг цуцалсны дараа Б нэхэмжлэгчийн мөнгөн хөрөнгийг бүрэн шилжүүлээгүй үйл баримтад О буруугүй байна.
Өөрөөр хэлбэл, Х дахь дансны мөнгөн хөрөнгө нь Б-ийн өмчлөх эрхэд хамаарах тул түүнийг хэрхэн захиран зарцуулахад О нь хяналт тавих боломжгүй.
Өөрийн банкан дахь данснаас гүйлгээ хийх, мөнгөн хөрөнгийг шилжүүлэх эрхийг данс эзэмшигч эдлэх тул хариуцагч нь Н-д хохирол учруулсан гэм буруутай гэж үзэх үндэслэлгүй юм.
13. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө гэж зохицуулсан.
Хариуцагч бусдын данснаас мөнгөн гүйлгээ хийх буюу түүний мөнгөн хөрөнгийг захиран зарцуулах эрхгүй тул Б өөрийн дансан дахь мөнгөн хөрөнгөнөөс нэр бүхий хохирогчдын төлбөрийг шилжүүлж, Н-гийн төлбөрөөс дутаасанд хариуцагчийг буруутгах, улмаар гэм буруугүй болохоо нотлоогүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хангах боломжгүй.
Давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж, нотлох баримтыг үнэлэх зарчмыг зөрчсөн гэж үзэхээр байна.
14. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэнэ.
Анхан шатны шүүх үйл баримтыг үндэслэл бүхий тогтоож, зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсний үндсэн дээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан гэж үзнэ.
15. Дээр дурдсанчлан хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 207/МА2025/00066 дугаар магадлалыг хүчингүй болгож, Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 312/ШШ2025/00435 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж-ийн гомдлыг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАХ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАЯРМАА
Д.ЦОЛМОН
Х.ЭРДЭНЭСУВД