Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 98

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж,шүүгч Г.Алтанцэцэг, шүүгч Л.Баатар нарын бүрэлдэхүүнтэй

Иргэдийн төлөөлөгч Д.Нансалмаа,

Нарийн бичгийн дарга Х.Дашням,

Улсын яллагч Ж.Энх-Амгалан,

Шүүгдэгч Д.Батбаяр, түүний өмгөөлөгч А.Төмөрчулуун,

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201626011906 дугаартай 1 хавтаст хэргийн шүүгдэгч 

 

Монгол улсын иргэн, 1975 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 45-46 тоотод оршин  суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, ЧГ75100376 дугаарын регистртэй, Буянт гол овгийн Даваагийн Батбаярт холбогдох хэргийг 2017 оны 02 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Д.Батбаяр нь 2016 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Хилчний 45 дугаар гудамж 46 тоот хашаанд бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтойгоор зөрчиж үл ялих зүйлээр шалтаглан зэвсэг хэрэглэн хохирогч П.Баатарцогтыг зодож бие махбодид  нь сээрний 12-р нугалмын их биеийн хугарал, нервал аркнаас арын нум руу үргэжилсэн зөрүүгүй хугарал, орчны булчингийн няцрал, цус хуралт, баруун далны хэсэгт зулгаралт бүхий эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсан хүндэвтэр гэмтэл учруулан танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч  Д.Батбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2016 оны 7 дугаар сарын 17-ны өдөр би гэртээ машиндаа юм хийж байхад Уранчимэгийн гар утсыг ломбарданд тавиад 2 пиво 1 шил архитай Лувсанжамц, Гантулга, Баатарцогт, Уранчимэг нар ирсэн. Надад архи өгөхөд нь би амссан, пивоос жаахан уусан. Үдээс хойш Д.Лувсанжамц П.Баатарцогт хоёр явж дахин пиво авчирсан, төд удалгүй  Тулга, Д.Лувсанжамц хоёр муудалцаад  Тулга харьсан. Орой тийш П.Баатарцогт согтуу машинтай явах гээд байхаар нь би Д.Лувсанжамцад найз чинь согтуу байж машинтай явах гээд байна, битгий явуулаарай гэж хэлчихээд би гэртээ орж 3 хүүхдээ унтуулаад хоол хийх гээд байж байхад Д.Лувсанжамц орж ирээд миний үгэнд орохгүй байна. Та гараад машины түлхүүрийг аваадхаач гэхээр нь би гараад машиных нь түлхүүрийг авч Уранчимэгт өгсөн. П.Баатарцогт гэрт орж ирээд агсам тавиад байхаар нь гэрээсээ гаргасан.  Хэсэг хугацааны дараа Д.Лувсанжамц, Б.Уранчимэг, П.Баатарцогт  нар орж ирсэн, би тэдэнд хоол хийж өгсөн. Д.Лувсанжамц, П.Баатарцогтыг дараад унтуулсан. Маргааш өглөө нь П.Баатарцогт нуруу өвдөж байна гэсэн, тэгээд тэр гурав явцгаасан. Төд удалгүй нөгөө гурав буцаад  пиво барьчихсан ирсэн, Баатарцогт нуруу өвдөөд байна, нэг л бишээ гэж байсан. Би П.Баатарцогтод гар хүрээгүй, П.Баатарцогтод учирсан гэмтлийг би учруулаагүй юм. Хохирогч П.Баатарцогтод өмнө нь 200.000 төгрөг, дараа нь 800.000 төгрөг, хэд хоногийн өмнө 2.200.000 төгрөг өгсөн, нийт 3 сая төгрөг өгсөн . Нэмж 2 сая төгрөг өгсөн, бүгд нийт 5.200.000 төгрөгийг өгсөн. Би зүрх муутай, ар гэртээ 3 хүүхдээ хардаг тул аль болохоор хөнгөн шийдэж  өгнө үү гэв.

 

 Хохирогч П.Баатарцогт  мөрдөн байцаалтан өгсөн мэдүүлэгтээ:

 2016 оны 7 дугаар сарын 17-ны өдөр...Батаа гэдэг ах манай найз охин Урнаад үг хаяад сээтэгнээд байхаар нь би хажуугаас нь та яагаад байгаа юм бэ, наад эмэгтэйгийн чинь муу ч гэсэн найз залуу нь би байна ш дээ гэж хэлсэн ба энэ үед манай найз охин бие засах газар орох гээд явсан хойгуур нөгөө Батаа гэдэг ах намайг босож ирээд нүүр  ам руу гараараа цохиод мөн намайг хашаанд байсан том тэрэгний дугуй руу түлхэж унагасан. Унах үедээ би нуруугаараа унасан. Энэ үед миний хамар амнаас цус гараад шоконд ороод байж байтал Урнаа ирээд та яагаад байгаа юм бэ, болиоч гэж хэлээд намайг газар унасан байхад миний нүүрэн дээр дараад болиоч ээ, та хүн аллаа ш дээ гэж хэлсэн ба энэ үед нөгөө Батаа гэдэг ах намайг хувцаснаас барьж чирээд алчихъя гэж хэлээд зодоод байсан...Батаа ахын гэрт хоносон. Өглөө нь би газар зассан гудсан дээрээс босож чадахгүй хөдөлж чадахгүй болсон байсан...бид нарын сууж байсан машины ойролцоо байсан том дугуйны обуд төмөр рүү намайг ар нуруугаар түлхэж унагаад, газар чирээд миний нуруу, цээж рүү хөл гараараа өшиглөөд зодож байхад...Уранчимэг салгах гээд миний нүүрийг таглаад тэвэрч байхад мөн...цохиод байсан. Тэгэхэд төмөрөөр цохисон байх...Батбаяр Уранчимэгийг бие засах газар луу явсан хойно...цохиж байхад цаанаас Уранчимэг хүрч ирээд Батбаярыг болиочээ гээд миний толгой хэсгийг тэвэрээд авсан ба энэ үед Батбаяр цаашаа босоод явсан ба би тэр хооронд босох гээд өндийтэл Батбаяр миний нуруу руу ямар нэгэн хатуу юмаар цохих шиг болсон, тухайн үед аймаар өвдсөн ба ёо ёо гэж орилсон юм. Тэр үед миний нуруу гэмтсэн ба тухайн үед ямар төмрөөр намайг цохихыг хараагүй, Уранчимэг намайг хамгаалаад цаашаа гээд түлхээд байсан юм... гэжээ. /хх-17-19,164/,

 

  Гэрч Д.Лувсанжамц мөрдөн  байцаалтанд  өгсөн мэдүүлэгтээ:

  ...Өглөө нь Батбаяр ахын гэрт сэрсэн чинь Баатарцогт миний хажууд доошоо харчихсан нуруугаа гаргачихсан хэвтэж байсан. Би яасан, юу болсон юм гэж асуусан чинь намайг өчигдөр Батбаяр ах цохичихлоо гэж хэлсэн. Батбаяр ахад хэлсэн чинь “юун сүртэй юм, нуруу руу нь юм орсон биз, айжуухан л цохисон ш дээ” гэж хэлээд нуруу хугарсан хүн ингэж явахгүй шүү дээ гээд байсан...Баатараа миний футволк байна уу, үзээдхээч гэж хэлэхээр нь гадаа гараад хайтал жорлонгийн тэнд  Баатараагийн футволк урагдсан, нил цус болсон байдалтай байхаар нь оруулж өгсөн… гэжээ. /хх-20-21/,

       

 Гэрч Б.Уранчимэг мөрдөн байцаалтанд мөрдөн өгсөн мэдүүлэгтээ:  

 ...Бие засах газар руу орчихоод ирсэн чинь Батаа ах Баатарцогт хоёр хоорондоо зодоон хийж байсан. Баатарцогтын хамарнаас нь цус гарчихсан, Баатарцогтыг Батаа гэдэг хүн энгэрээс нь заамдчихсан байж байхаар нь би очиж болиоч ээ гээд Батаа ахын гарыг нь авч салгаад дунд нь орж...арай гэж салгаад...Батаа гэр рүүгээ орсон ...тухайн үед юунаас болж хэрэлдэж маргалдсаныг мэдэхгүй...хоорондоо зодоон хийж байхад том машины хажууд байсан том том төмөрнүүдээс нэг төмрийг нь Батбаяр газраас шүүрч аваад намайг дунд нь салгах гээд ноцолдож байхад Батбаяр миний дээгүүр Баатарцогтын нуруун дундуур нэг удаа цохиод авсан, тэгтэл Баатарцогт ёо ёо гэж орилоод доошоо суусан. Би Батбаяр ахыг боль гэж хэлээд болиулсан. Батбаяр нөгөө газраас авсан төмрөө гартаа бариад алчихъя л даа гээд дайраад байсан…уртаараа хүний тохойн чинээ, урд талаараа бөөрөнхий, хойд талаараа жижигхэн бөөрөнхий, хар бордуу гэмээр өнгөтэй 4-5 см өргөнтэй төмөр байсан...Баатарцогт өөрийгөө магтаад би ажилдаа сайн энэ тэр гээд ярьсан чинь Батбаяр ах хажуугаас нь чам шиг юмны лаг гэж юу байхав дээ гэх зэргээр ам зөрөөд хэсэг сууж байсан ба би бие засах газар луу яваад бие засчихаад ирсэн чинь Баатарцогт Батбаяр хоёр хоорондоо барьцалдаад авсан, Батбаяр нь Баатарцогтыг хувцаснаас нь заамдаад барьчихсан, хамраас нь цус гарчихсан байхаар нь би дундуур нь ороод салгасан чинь Батбаяр газраас тохойн чинээ хэмжээтэй хоёр талдаа машины боолт тайлах зориулалт бүхий онгорхой өнгөө алдсан хар бор өнгийн гэмээр төмрөөр миний толгой дээгүүр гараа давуулаад Баатарцогтын нуруу руу нэг удаа цохиж авсан юм... гэжээ. /хх-22-23,169/,

 

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 10337 тоот акт. Дүгнэлт:

1. П.Баатарцогтын биед сээрний Th-12-р нугалмын их биеийн хугарал, нервал аркнаас арын нум руу үргэжилсэн зөрүүгүй хугарал, орчны булчингийн няцрал, цус хуралт, баруун далны хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь  хэрэг болох цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

 3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмыг 2.3.1-зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Сээрний Th-12-р нугалмын их биеийн хугарал, нервал аркнаас арын нум руу үргэжилсэн зөрүүгүй хугарал, орчны булчингийн няцрал, цус хуралт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, баруун далны хэсэгт зулгаралт гэмтэл Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс шалтгаална гэжээ. /хх-30/,

 Шинжээч М.Аригуунтөгс мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:       

Тухайн гэмтэл авсан хүний нугас дарагдаагүй тохиолдолд үйл хөдлөл хөдөлгөөн хийх боломжтой. Хэрвээ нугас дарагдсан тохиолдолд өвдөлт мэдрэлийн талаас өөрчлөлт өгнө. П.Баатарцогтын хувьд мэдрэлийн талаас өөрчлөлт гарсан. Нугас дарагдсан шинж тэмдэг илрээгүй...КТГ-гэдэг шинжилгээ нь яс, хатуу биет зүйлийг хардаг шинжилгээ юм. Сээрний Тh-12-р нугалмын их биеийн хугарал неврал аркнаас арын нум руу үргэлжилсэн зөрүүгүй хугарал гэдгийг дүгнэлт хэсэгт тусгаж өгсөн нугасны сувагийн өмнөд зай руу 0,3 см түрж орсон гэдэг нь хэрэв энэ зай ихсэж нугас дарж сээрний Тh-12 с доош саа саажил үүссэн тохиолдолд ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх байсан тухайн үед саа саажил үүсээгүй байсан учир нугламын их биеийн хугарал, неврал аркнаас арын нум руу үргэлжилсэн хугаралыг оруулж дүгнэлт гаргасан юм...хохирогчийн биед үүссэн гэмтэл нь хүний гараар цохигдох үед үүсэх боломжгүй ба гадны ямар нэгэн хүчин нөлөөгөөр үүсэх боломжтой гэмтэл юм гэжээ. /хх-33,170/,

Шүүгдэгч  Д.Батбаярын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-50/ болон хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч Д.Батбаяр нь 2016 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Хилчний 45 дугаар гудамж 46 тоот хашаанд бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтойгоор зөрчиж үл ялих зүйлээр шалтаглан зэвсэгийн чанартай зүйл хэрэглэн хохирогч П.Баатарцогтыг зодож бие махбодид  нь сээрний 12-р нугалмын их биеийн хугарал, нервал аркнаас арын нум руу үргэжилсэн зөрүүгүй хугарал, орчны булчингийн няцрал, цус хуралт, баруун далны хэсэгт зулгаралт бүхий эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсан хүндэвтэр гэмтэл учруулан танхайрсан болох нь шүүхийн хэлэлцүүлэг, хавтас хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хохирогч П.Баатарцогтын “...Батбаяр Уранчимэгийг бие засах газар луу явсан хойно...цохиж байхад цаанаас Уранчимэг хүрч ирээд Батбаярыг болиочээ гээд миний толгой хэсгийг тэвэрээд авсан ба энэ үед Батбаяр цаашаа босоод явсан ба би тэр хооронд босох гээд өндийтэл Батбаяр миний нуруу руу ямар нэгэн хатуу юмаар цохих шиг болсон, тухайн үед аймаар өвдсөн ба ёо ёо гэж орилсон юм. Тэр үед миний нуруу гэмтсэн ба тухайн үед ямар төмрөөр намайг цохихыг хараагүй, Уранчимэг намайг хамгаалаад цаашаа гээд түлхээд байсан юм...” гэх /хх-17-19,164/, гэрч Б.Уранчимэгийн “...том машины хажууд байсан том том төмөрнүүдээс нэг төмрийг нь Батбаяр газраас шүүрч аваад намайг дунд нь салгах гээд ноцолдож байхад Батбаяр миний дээгүүр Баатарцогтын нуруун дундуур нэг удаа цохиод авсан, тэгтэл Баатарцогт ёо ёо гэж орилоод доошоо суусан...уртаараа хүний тохойн чинээ, урд талаараа бөөрөнхий, хойд талаараа жижигхэн бөөрөнхий, хар бордуу гэмээр өнгөтэй 4-5 см өргөнтэй төмөр байсан... би бие засах газар луу яваад бие засчихаад ирсэн чинь Баатарцогт Батбаяр хоёр хоорондоо барьцалдаад авсан, Батбаяр нь Баатарцогтыг хувцаснаас нь заамдаад барьчихсан, хамраас нь цус гарчихсан байхаар нь би дундуур нь ороод салгасан чинь Батбаяр газраас тохойн чинээ хэмжээтэй хоёр талдаа машины боолт тайлах зориулалт бүхий онгорхой өнгөө алдсан хар бор өнгийн гэмээр төмрөөр миний толгой дээгүүр гараа давуулаад Баатарцогтын нуруу руу нэг удаа цохиж авсан юм...” гэх /хх-22-23,169/, гэрч Д.Лувсанжамцын “...Өглөө нь Батбаяр ахын гэрт сэрсэн чинь Баатарцогт миний хажууд доошоо харчихсан нуруугаа гаргачихсан хэвтэж байсан. Би яасан, юу болсон юм гэж асуусан чинь намайг өчигдөр Батбаяр ах цохичихлоо гэж хэлсэн. Батбаяр ахад хэлсэн чинь “юун сүртэй юм, нуруу руу нь юм орсон биз, айжуухан л цохисон ш дээ” гэж хэлээд нуруу хугарсан хүн ингэж явахгүй шүү дээ гээд байсан...Баатараа миний футволк байна уу, үзээдхээч гэж хэлэхээр нь гадаа гараад хайтал жорлонгийн тэнд  Баатараагийн футволк урагдсан, нил цус болсон байдалтай байхаар нь оруулж өгсөн…” гэх /хх-20-21/, шинжээч эмч М.Аригуунтөгсийн “...хохирогчийн биед үүссэн гэмтэл нь хүний гараар цохигдох үед үүсэх боломжгүй ба гадны ямар нэгэн хүчин нөлөөгөөр үүсэх боломжтой гэмтэл юм” гэх /хх-170/ мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд, хохирогч П.Баатарцогтын биед үзлэг хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №10337 тоот акт, бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон  тогтоогдлоо.

 

Иймд Д.Батбаярыг зэвсгийн чанартай зүйл хэрэглэн танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр  зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгч Д.Батбаяр нь тогтвортой мэдүүлэг өгдөг, зүйчлэлийг зөвшөөрөхгүй байна, хохирогчийн өргөдөл, тайлбар, мэдүүлэг зэрэг нь байнга өөрчлөгдөж байсан ба өргөдөлдөө трубагаар цохьсон, мэдүүлэгтээ дорцовоор цохьсон гэдэг, гэрч Б. Уранчимэгтэй холбоотой буюу  эр эмийн харьцаанаас үүссэн байдаг, Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд зааснаар хохирогч, гэрч нар мэдүүлэгтээ эх сурвалжийг  зааж чадаагүй бол нотлох баримт болохгүй, юугаар цохьсон болох нь үгүйсгэгдэж  байна. Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмаар хэргийг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсгээр зүйчлэх талаар онолын тайлбар гаргалаа.

 

Хохирогч П.Баатарцогт нь шүүгдэгч Д.Батбаярыг яг юугаар цохисон гэдгийг хараагүй боловч нуруу руу нь ямар нэгэн хатуу юмаар цохих шиг болсон, тухайн үед аймаар өвдөлт өгч орилсон, тэр үед нуруу нь гэмтсэн талаар мэдүүлдэг, гэрч Б.Уранчимэг хохирогч П.Баатарцогтыг төмрөөр цохьсон талаар анхнаасаа мэдүүлж, ямар төмөр байсаныг дүрсэлдэг, гэрч Д.Лувсанжамц хэдийгээр болсон үйл явдлыг мэддэггүй ч маргааш өглөө нь хохирогч П.Баатарцогт шүүгдэгч Д.Батбаярт зодуулсан талаараа хэлсэн, шүүгдэгч Д.Батбаярт хэлэхэд “юун сүртэй юм, нуруу руу нь юм орсон биз, айжуухан л цохьсон ш дээ” гэж хэлсэн талаар, мөн хохирогчийн өмсч явсан футболк нь урагдсан, нил цус болсон байдалтай байсан талаар мэдүүлдэг, хохирогч П.Баатарцогт, гэрч Б.Уранчимэг, Д.Лувсанжамц нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд мэдүүлгийнхээ эх сурвалжийг заасан бөгөөд шинжээч эмч М.Аригуунтөгсийн хохирогчийн биед үүссэн гэмтэл нь хүний гараар цохигдох үед үүсэх боломжгүй, гадны ямар нэгэн хүчин нөлөөгөөр үүсэх боломжтой гэмтэл гэснээс дүгнэхэд хохирогч П.Баатарцогт гэрч Б.Уранчимэгийн мэдүүлсэнээр төмрөөр цохиулж гэмтэл авсан, шүүгдэгч Д.Батбаяр согтуугаар, бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, үл ялих зүйлээр шалтаглан зэвсгийн чанартай зүйл хэрэглэн танхайрсан болох нь нотлогдон тогтоогдсон, хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчилсэн зүйл анги тохирсон байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

 Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Баатарцогт өөрт учирсан хохирлоо бүрэн төлүүлж авсан, одоо нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэдгээ бичгээр илэрхийлснийг дурдав.

 

Шүүгдэгч Д.Батбаяр Эрүүгийн хуулийн тусгай ангид заасны дагуу хорих ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн, бусдад учруулсан гэм хорын хохирлыг бүрэн төлж барагдуулсан,  түүний эрүүл мэнд, ар гэр болон хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж, шүүхээс оногдуулсан хорих ял эдлүүлэх дэглэмийг хөнгөрүүлж жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх боломжтой гэж үзлээ.g