Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 115/ШШ2022/0026

 

 

Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 

Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Цэнд би иргэн ...ы нэхэмжлэлээр, Дорноговь аймгийн ... сумын Засаг даргад холбогдуулан үүсгэсэн захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч иргэн ... нь шүүхэд: Миний бие ... сумын Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн А/270 дугаар захирамжаар ... сумын 6 дугаар багт байрлах нэгж талбарын..., улсын бүртгэлийн ...дугаар бүхий төмс, хүнсний ногоо тариалах зориулалттай 1700,0 мкв газрыг өвлөх эрхийн гэрчилгээгээр эзэмшиж 2018 онд өрхийн болон байгууллагынхаа төмс хүнсний ногооны хэрэгцээг хангаж байсан. Мөн өмнөх жилүүдэд 350 гаруй мод тарьж тогтмол өөрийн хөрөнгөөр усалж арчилж байсан.

       Мод тарих, төмс хүнсний ногоо тариалахад худаг болон хүлэмж барих зайлшгүй шаардлага гарсан тул талбайдаа худаг гаргуулахаар ...ХХК-тай гэрээ байгуулж 6 сая төгрөгийн урьдчилгаа төлсөн ч цар тахлын улмаас гүйцэтгэгч компанийн үйл ажиллагаа удааширч ажлыг энэ оны 05 дугаар сарын 10-ны дотор хүлээлгэн өгөхөөр гэрээнд зааснаар энэ жилийн хаврын тариалалтаа эхлүүлэхээр бэлтгэлээ хангаж байсан юм.

            Мөн худаг гаргуулахад шаардагдах шугам хоолойг 3,000,000 төгрөгөөр, нарийн ногоо тариалахад зориулсан хүлэмж 2800,000 төгрөгөөр худалдан авсан. Дэлхий нийтээр үүссэн цар тахал, улс нийгмийн өнөөгийн цаг үеийн хүнд нөхцөлтэй холбоотойгоор ногоо тарих, худаг ус гаргуулах ажил маань хязгаарлагдсан нь хүндэтгэн үзэх шалтгаан бөгөөд энэ хугацаанд миний эзэмшил газрыг хураах талаар надад албан ёсоор мэдэгдэж байгаагүй.

... сумын Засаг даргын тамгын газраас 2022 оны 02 дугаар сард албан бичгээр газар эзэмших эрхийг цуцлах талаар мэдэгдсэний дагуу заасан хугацаанд газрын төлбөрийг барагдуулж хувийн тайлбар болон Худаг ус гаргуулах тухай гэрээг хавсралтаар өгсөн.

... сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/40 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэнд дээд шатны Засаг даргад өргөдөл гарган 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 01/619 дүгээр албан бичгээр хариу ирүүлсэн.

            Иймд иргэн миний эзэмших эрхийн асуудалд бүдүүлгээр хандаж урьдчилж надад ямар нэгэн байдлаар мэдэгдэлгүйгээр илтэд хууль зөрчин газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон ... сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/40 дүгээр захирамжийг хүчингүй болгож өгнө үү. гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

 ҮНДЭСЛЭХ нь: 

Шүүх дээрх шаардлага бүхий нэхэмжлэлээр 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хариуцагч Дорноговь аймгийн ... сумын Засаг даргад холбогдуулан захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасны дагуу явуулж, улмаар тухайн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхэд хангалттай нотлох баримт цугларсан гэж үзэж, тус захиргааны хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 14:00 цагт хийхээр товлон зарласан боловч хэргийн оролцогчид нь нэхэмжлэлийн шаардлагын талаар хоорондоо тохиролцож, энэ тухайг 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Эвлэрлийн гэрээ-гээр шийдвэрлэж, улмаар тус Эвлэрлийн гэрээ-г шүүх хуралдаанаас өмнө буюу 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 09 цаг 33 минутад тус шүүхэд ирүүлжээ.

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 21 дүгээр зүйлийн 21.1.1, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх зүйлүүдэд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдааны явцад эвлэрэн хэлэлцэх эрхтэй бөгөөд энэ хүрээнд тэдгээр нь шүүх хуралдаанаас өмнө буюу тус захиргааны хэргийг хянан хэлэлцэх ажиллагааны явцад дээрх эрхээ хэрэгжүүлсэн,

Хэргийн оролцогчдын эвлэрэн хэлэлцсэн асуудал буюу Эвлэрлийн гэрээ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль дахь Нэхэмжлэгч, хариуцагч эвлэрэх асуудлыг зохицуулсан 68 дугаар зүйлийн 68.2т Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна гэж заасан шаардлагыг хангасан,

Мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.4т Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь ... тогтоогдож байна гэж тус тус үзэх үндэслэлтэй байх тул шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх зүйлд заасныг үндэслэн иргэн ...ы нэхэмжлэлтэй, хариуцагч Дорноговь аймгийн ... сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийн оролцогчид буюу дээрх нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх зүйлд заасныг баримтлан нэхэмжлэгч иргэн ...ы нэхэмжлэлтэй, хариуцагч Дорноговь аймгийн ... сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийн оролцогчид буюу дээрх нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь зүйлд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь зүйлд зааснаар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЦЭНД