Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 2368

 

 

 

 

 

 

 

 

 

 

А.Ж-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 184/ШШ2018/02369 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч А.Ж-ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Д х” ХХК болон Ц.Т- нарт холбогдох

 

Гэрээнээс татгалзаж, хохирол, алдангид нийт 16 623 806 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ц,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлхэд байрлах зуслангийн зориулалттай газартаа амины орон сууц бариулахаар 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр “Д х” ХХК-тай Барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, 2 давхар амины орон сууц, 22 м.кв гарааш, 18 м.кв хэмжээтэй террасттай дөрвөн улирлын зориулалттай амины орон сууцыг 45 хоногийн хугацаанд бариулж хүлээн авахаар тохиролцсон. Бид уг ажлын төсөв санхүүжилтэд 48 960 000 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварт 4 896 000 төгрөг, нийт 53 856 000 төгрөгийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх үүрэг хүлээж, гэрээнд заасны дагуу эхний удаа 24 000 000 төгрөгийг, 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 10 000 000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Бид гэрээт ажлын санхүүжилтийн төсвийг ямар нэгэн саадгүйгээр шийдвэрлэж байсан ч гүйцэтгэгч тал гэрээнд заасан 45 хоногт барилгыг дуусгаж чадаагүй, хангалтгүй ажилласан. Энэ хугацаанд удаа дараа шаардлага тавьж байсан. Улмаар гүйцэтгэгч компани 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр цаг агаар хүйтэрч, ажлыг цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон тул хавар үргэлжлүүлье гээд ажлыг зогсоох санал гаргаж, 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 04 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд 41 хоногийн хугацаанд дуусгах, мөн зарим ажлыг үнэ төлбөргүй хийж өгөхөөр ажлын хуваарийг гаргаж ирүүлснийг би зөвшөөрсөн. Гэтэл гүйцэтгэгч компани сунгасан хугацаанд ажлыг бүрэн дуусгаагүй ба хугацаа хэрэгтэй гэдэг. Гүйцэтгэгч компанийн зүгээс гэрээгээ биелүүлэхгүй, цаашид үргэлжлүүлэн гүйцэтгэх эсэх нь эргэлзээтэй байсан тул 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдөр шаардлага хүргүүлж, 2017 оны 07 дугаар сарын 28-ны дотор доголдолтой гүйцэтгэсэн ажлуудыг бүрэн дуусган хүлээлгэн өгөхийг шаардаж биелүүлээгүй тохиолдолд гэрээг цуцалж, алданги хохирол нэхэмжлэх талаар мэдэгдсэн ч өнөөг хүртэл арга хэмжээ авахгүй, үүргээ биелүүлэхгүй байна. Ажлын чанарын доголдлын талаар дурдвал барилгын үндсэн хийц болох суурийн хэсгийн арматур хийгдээгүй, бетоны марк муу өгөршсөн нурах аюултай, технологийн горим алдагдсанаас суурийн бетон хөлдсөн, дам нурууны зузаан багадсан, барилгын материал чанарын шаардлага хангахгүй зэрэг маш ноцтой 11 төрлийн зөрчил илэрсэн. “Д х” ХХК-ийн захирал Ц.Т- нь барилгын санхүүжилт болох 34 000 000 төгрөгийг хувийн дансаараа шилжүүлэн авсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хамтран хариуцах ёстой. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад томилогдсон Барилгын хөгжлийн төвийн шинжээчийн дүгнэлтээр хариуцагч тал барилгын ажилд 25 003 423 төгрөг бодитоор зарцуулсан нь тогтоогдсон тул зөрүү 8 996 577 төгрөг, гүйцэтгэсэн ажлын доголдлыг арилгахад 5 423 000 төгрөг, алдангид 2 024 229 төгрөг, нийт 16 623 806 төгрөг болгон нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан. Иймд хариуцагчаас 16 623 806 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ц.Т-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчээс барилгын ажилд зориулан 34 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Анх томилогдсон “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн үнэлгээг хүлээн зөвшөөрнө, Барилгын хөгжлийн төвийн үнэлгээг зөвшөөрөхгүй. Учир нь Барилгын хөгжлийн төв нь эрх үүргийнхээ хувьд шинжээчээр ажиллах, үнэлгээ тогтоох эрх хэмжээтэй байгууллага биш. “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн дүгнэлтээр доголдол гэж яриад байгаа зүйлийг маш тодорхой үнэлсэн, нарийвчлан гаргасан учраас энэ үнэлгээг зөвшөөрч байна. Хариуцагч Ц.Т- нь нэхэмжлэгчтэй “Д х” ХХК-ийн нэрийн өмнөөс хэлцэл хийсэн бөгөөд нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан, хариуцагч ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн гэжээ.

 

Хариуцагч “Д х” ХХК-ийн төлөөлөгч Н.Э- шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д х” ХХК-ийн захирал Ц.Т-тай Солонгос улс руу гэр бүлээр гаргаж өгнө гэсний дагуу танилцсан. БНСУ-ын виз авахаар 5 гадаад паспорт, 2 800 000 төгрөгийг 2017 оны 09 дүгээр сард өгсөн. 2017 оны 11 дүгээр сард виз гарахгүй байсан тул орлого нотлох, баталгаа болгох үүднээс “Д х” ХХК-ийн захирлаар томилогдон, компанийн хувьцааг шилжүүлэхээр Ц.Т-ын зааж өгсөн нотариатын газар очиж бэлдсэн баримтад гарын үсэг зурсан. Тэрээр виз гарахгүй байна гэж цаг хугацаа хойшлуулсаар 2018 оны 05 дугаар сард мөнгө, бичиг баримтыг эргүүлэн өгч, компанийн хувьцааг буцаан шилжүүлж авсан. Энэ компанийн тухай би юу ч мэдэхгүй, ямар ч гэрээ, хэлцэлд гарын үсэг зурж байгаагүй, миний бие компанийг буцаан өгсөн, энэ компанийн бусдын өмнө хүлээх хариуцлага надад хамаагүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Д х” ХХК болон Ц.Т- нараас 11 020 806 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Ж-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5 603 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 474 175 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 191 282 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Ж-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэсэгт нэхэмжлэгч талаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийи 161 дүгээр зүйлийн 161.1 дэх хэсэгт заасны дагуу дараах үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Учир нь анхан шатны шүүх нэхэмжлэгч барилгыг гүйцэтгэхэд гарсан доголдлыг арилгахад гарсан 5 423 000 төгрөг шаардлагатай талаар тайлбарласан боловч шинжээчийн дүгнэлтэд доголдлын талаар дурдаагүй, цаашид үргэлжлүүлэн барьж ашиглалтад оруулах боломжтой талаар дүгнэсэн. “Нэхэмжлэгч догодлыг арилгахад гарах зардлыг нотлоогүй тул холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй” гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагын энэхүү хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Барилгын хөгжлийн төвийн 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 01 дугаар шинжээчээр ажилласан ажлын хэсгийн дүгнэлтийн

а/ Барилга нь зураг төсөл, стандартын дагуу баригдаж байгаа болон барилгад хэрэглэсэн материалууд стандарт, нормчлолд тэнцэж байгаа эсэх талаар дүгнэлт гаргахдаа Барилгын зураг төсөл нь Барилгын тухай хууль, норм дүрэм баримтлаагүй, төсвийн тооцоо хийгдээгүй ба хэрэглэсэн материалууд нь чанар бат бэхийн үзүүлэлтийг тодорхойлсон эрх бүхий байгууллагын батлагдсан сертификат байхгүй талаар,

б/ Барилга хэдэн хувийн гүйцэтгэлтэй байгаа, цаашид уг барилгыг үргэлжлүүлэн барьж ашиглалтанд өгөх боломжтой эсэх хэмээх шүүгчийн захирамжид заасан асуудлаар дүгнэлт гаргахдаа “ОSВ хавтангаар хучилт хийгдсэн /ил задгай удаан байлгасны улмаас чанарын шаардлага хангахгүй болсон/, 2 давхрын хөнгөн араг бүтээц /С төмөр/-ийн угсралтын ажил, /ОSB хавтанг солих нөхцөлд төмөр карказыг буулгах шаардлагатай/ гэж барилгын материал болон ажлын доголдлын талаар маш тодорхой дүгнэсэн баримтууд хэрэгт авагдсан байгаа юм.

Мөн уг шинжээчийн дүгнэлтийн Нийт барилгын материалын хэрэгцээ, Цалингийн нэгтгэл хүснэгтэд ОSВ хавтангийн үнэ 592 620 төгрөг, ОSВ суурилуулахад гарсан ажлын хөлс 604 015 төгрөгийн зардал нэгэнт гарсан зардал гэж үзэж үнэлгээнд оруулсан байдаг ба эдгээр нь доголдолтой болохыг ч дүгнэсэн. Түүнчлэн дээрх ОSВ хавтан нь өгөршиж чанарын шаардлага хангахгүй болж солих тул төмөр карказыг ч буулгаж, буцааж угсрах шаардлага үүсэх тул энэхүү төмөр карказын ажлыг гүйцэтгүүлэхэд гарсан 461 834 төгрөгийн зардал ач холбогдолгүй, нэмж дахин зардал гарна. Иймд зөвхөн эдгээр доголдлыг 4 240 606 төгрөг гарна. Мөн хариуцагч нар нь барилгад ашиглаж буй материалуудыг хүлээлгэж өгөлгүй ажлыг хаяж явсан бөгөөд ингэхдээ цонхнууд болон бусад материалыг эзгүй орхиж нэг цонх хагарсан ба энэ нь хагархай цонх хүртэл үнэлгээнд оруулж тооцсон, хагарсан цонхны зургийг ч нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн нэхэмжлэлийн шаардлагын 5 423 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон хэсгийг хангаж шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ц.Т- давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. А.Ж- нь анх 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр “Д х” ХХК-тай барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж гэрээний төлбөрийг төлөхдөө НӨАТ буюу нэмэгдсэн өртгийн албан татвартай шүү гэхэд НӨАТ төлмөөргүй байна, таны хувийн дансаар төлчихье гэж удаа дараа гуйсан бөгөөд миний хувийн дансаар тус мөнгийг хүлээн авч, компанийн санхүүд буцаан хүлээлгэн өгч А.Ж-ы барилгад зарцуулагдан өнөөдрийн энэхүү барилга боссон. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад миний бие тус компанийг өөр хүнд зарсан бөгөөд тус компанийг төлөөлөх эрхгүй этгээд бөгөөд тус төлбөр тооцоонд ямар нэгэн байдлаар хамааралгүй. Гэтэл анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа Ц.Т- намайг төлбөр хариуцах ёстой гэж надад төлбөр оногдуулан шийдвэр гаргасан нь үндэслэлгүй.Учир нь миний тус компанийг төлөөлөх эрхтэй этгээд биш гэдгийг хэрэгт цугларсан нотлох баримтаар бүрэн тогтоогдох бөгөөд компанийн эрх бүхий албан тушаалтан нь Б.Э гэдэг нь баримтаар харагддаг бөгөөд захирлаар тус шүүх хуралд оролцсон. Шүүх нотлох баримтыг хэт нэг талыг баримтлан үнэлсэнд гомдолтой. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч талд хэт их үйлчлэн зөвхөн тэдний талд ашигтай нотлох баримтыг үнэлэн шийдвэрлэсэн. Хөрөнгийн үнэлгээний төвийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 39 тоот дүгнэлтийг огт үнэлээгүй бөгөөд дахин шинжээч томилсон Барилгын хөгжлийн төвийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн үнэлгээг үнэлсэн нь учир дугагдалтай. Учир нь Барилгын хөгжлийн төвийг шинжээчээр томилоход нэхэмжлэгч А.Ж-ы зүгээс тэдний гараашид хадгалагдаж байсан барилгын бараа материалыг гараашны түлхүүрээ мартсан гэх шалтгаан хэлж огт гаргаж өгөөгүй бөгөөд үнэлүүлээгүй. Энэхүү учир байдлыг шүүхэд удаа дараа хэлсэн боловч шүүхийн зүгээс харгалзан үзэж нөхцөл байдлыг тодруулаагүй бөгөөд хэт багаар үнэлсэн дүгнэлтийг үнэлсэн. Мөн Барилгын тухай хуульд заасны дагуу Барилгын хөгжлийн төв нь шинжээч хийх эрхгүй байгууллага бөгөөд шүүх түүний дүгнэлтийг үндэслэн шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн тус шүүхэд хянан хэлэлцэгдэж буй иргэний хэрэгт Барилгын хөгжлийн төвийг шинжээчээр томилоход тус байгууллага нь дүгнэлт хийхээс татгалзсан хариу ирүүлсэн байдаг. Иргэнтэй байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийг тухайн компани л хариуцах ёстой болохоос биш иргэн миний бие хариуцах ёсгүй болно. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж үнэн зөв бодит шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргаанд хамааралтай нотлох баримтыг бүрдүүлэх журмыг зөрчөөгүй боловч түүнийг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйг зөвтгөх боломжтой байна.

 

Хариуцагч “Д х” ХХК болон Ц.Т- нарт холбогдуулан нэхэмжлэгч А.Ж- ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, хохирол, алдангид нийт 49 204 887 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шаардлагаа 16 623 806 төгрөг болгон багасгасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч А.Ж-, хариуцагч “Д х” ХХК-ийн хооронд 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 50 дугаартай Барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр гүйцэтгэгч “Д х” ХХК нэхэмжлэгчийн эзэмшлийн Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Сэлхийн зуслангийн газарт 138 м.кв талбайтай амины орон сууц, 22 м.кв гарааш, 18 м.кв хэмжээтэй, террастай дөрвөн улирлын сууцны барилгын ажлыг 45 хоногийн дотор хийж гүйцэтгэх, захиалагч А.Ж- 53 223 400 төгрөгийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөхөөр тохиролцсон ба тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн болон захиалагч 34 000 000 төгрөгийн урьдчилгаа төлбөрийг гүйцэтгэгч компанид төлсөн талаар маргаагүй байна. /хэргийн 5-12 дугаар тал/

 

Түүнчлэн, хариуцагч “Д х” ХХК гэрээгээр тохирсон хугацаанд барилгын ажлыг дуусган хүлээлгэж өгөөгүй тул талууд 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүйтний улирал эхэлж байгаатай холбогдуулан Барилгын ажлыг түр зогсоох акт гэх нэмэлт гэрээ байгуулан гүйцэтгэгч нь дутуу ажлуудыг 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс мөн оны 04 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл 41 хоногийн дотор гүйцэтгэж дуусган, гал тогооны тавилга, гадна сүүдрэвчийг нэмэлтээр хийж өгөхөөр харилцан тохиролцжээ. /хэргийн 15 дугаар тал/

 

Хариуцагч Ц.Т- нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “миний бие нэхэмжлэгчтэй “Д х” ХХК-ийн нэрийн өмнөөс хэлцэл хийсэн бөгөөд нэхэмжлэгч гэрээнээс татгалзсантай холбоотойгоор ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн” гэж тайлбарлаж байх бөгөөд зохигчдын хооронд байгуулагдсан Барилгын ажил гүйцэтгэх гэрээнд захиалагч А.Ж-, гүйцэтгэгч “Д х” ХХК-ийг төлөөлж захирал Ц.Т- нар гарын үсгээ зурсан ба гэрээ байгуулах үед Ц.Т- нь компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй байсан нь хариуцагч компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн дэлгэрэнгүй лавлагаагаар тогтоогдож байна. /хэргийн 13, 218 дугаар тал/

 

Түүнчлэн, хариуцагч Ц.Т- нь “Д х” ХХК-ийн хувьцааг 100 хувь эзэмшиж байгаад 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Н.Э-эд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн, Н.Э- нь 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Ц.Т-тай бэлэглэлийн гэрээ байгуулан компанийн хувьцааг буцаан шилжүүлж өгсөн, энэхүү сүүлийн гэрээний дагуу улсын бүртгэлд хувьцаа эзэмшигчийг шинэчлэн бүртгүүлээгүй байна.

 

Хариуцагч “Д х” ХХК нь гэрээнд заасан ажлыг тохиролцсон хугацаандаа хийж гүйцэтгээгүй, мөн нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй тул нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзсан үйл баримтын талаар талууд маргаагүй байна. Гэрээний аль нэг тал гэрээнээс татгалзаж, гэрээ цуцлагдсан тохиолдолд уг гэрээний дагуу алданги шаардах, доголдолтой холбоотой зардлыг шаардах эрхгүй юм. Учир нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй.”, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй.” гэж тус тус заажээ. Иймээс талуудын хооронд гэрээний дагуу үүрэг шаардах эрх дуусгавар болно. Гэтэл шүүх талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээнээс нэхэмжлэгч бүхэлд нь татгалзсан байхад хариуцагчаас алданги гаргуулсан нь үндэслэлгүй болжээ. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд гэрээнээс татгалзаж, тэдгээрийн хооронд байгуулагдсан гэрээ дуусгавар болж буй тохиолдолд нэхэмжлэгч алданги шаардах эрхгүй.

 

Харин талууд хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүйгээс учирсан хохирлыг нөхөн төлүүлэх тохиолдолд Иргэний хуульд заасан нийтлэг журам үйлчлэхийн зэрэгцээ ажил гүйцэтгэх гэрээнд хамааралтай мөн хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2-т “Захиалагч доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэхээр шаардлага гаргах эрхтэй.” гэх заалт, мөн хуулийн 352.3 дахь хэсэгт “Доголдлыг арилгахад харьцангуй их зардал шаардагдахаас шалтгаалан ажил гүйцэтгэгч гэрээнээс татгалзсан бол энэ хуулийн 352.2.2-т заасан захиалагчийн эрх дуусгавар болно”, мөн 352.4 дэх хэсэгт “Ажлын үр дүнг хүлээж авах үед түүний доголдлыг захиалагч мэдэж байсан боловч ямар нэгэн гомдол гаргаагүй бол тэрээр энэ хуулийн 352.2-т заасан шаардлага гаргах эрхээ алдана.” гэх заалтууд мөн адил хамаарна. Өөрөөр хэлбэл, гэрээнээс татгалзаж байгаа буюу ажлын үр дүнг хүлээн авахаас татгалзсан тохиолдолд доголдлыг арилгахтай холбоотой гарах зардлыг шаардах эрхээ зохигч алдахаар зохицуулжээ.

 

Иймээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргааны зүйл болох дутуу баригдсан барилгад хэрэглэсэн материал стандартад нийцэж буй эсэх, барилгыг үргэлжлүүлэн барьж ашиглалтад өгөх боломжтой эсэх, гүйцэтгэгч компани бодитоор хийж гүйцэтгэсэн ажлын нийт өртгийг тодорхойлуулахаар шүүхээс Барилгын хөгжлийн төвийг шинжээчээр томилсон байх ба уг шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 1/1052 тоот дүгнэлтийг үндэслэн хариуцагчийн гүйцэтгэсэн ажлын өртөг болох 25 003 423 төгрөгөөс, өмнө шилжүүлсэн 34 000 000 төгрөгийг хассан зөрүү 8 996 577 төгрөгийг гаргуулсан анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна. Дээрх шинжээчийн дүгнэлтэд доголдлын талаар дурдаагүй, цаашид үргэлжлүүлэн барьж, ашиглалтад оруулах боломжтой талаар дүгнэсэн нь маргааны зүйлтэй холбоотой байх бөгөөд шинжээч дутуу дүгнэлт гаргасан гэж үзэхээргүй байна. Нэхэмжлэгч гэрээ цуцлах хүртэл хугацаанд хариуцагчийн гүйцэтгэсэн ажлын доголдлын талаар болон арилгахад гарах зардлыг нотлоогүй тул холбогдох 5 423 000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Харин нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225, 205 дугаар зүйлд зааснаар ажил гүйцэтгэх гэрээний дагуу нэхэмжлэгч талд орсон ажлын үр дүн, гэрээ биелэгдсэнээс олсон үр шим, ашгийг хасаад шилжүүлсэн мөнгийг шаардах эрхтэй.

 

Түүнчлэн, нэхэмжлэгчийн шилжүүлсэн 34 000 000 төгрөгийг хариуцагч Ц.Т- өөрийн нэр дээрх дансаар хүлээн авсан талаар маргаагүй бөгөөд уг мөнгийг хариуцагч “Д х” ХХК-д шилжүүлсэн буюу үйл ажиллагаанд бүхэлд нь зарцуулсан болохыг баримтаар нотлоогүй тул түүнийг хамтран хариуцагч гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй тул энэ талаар гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч нараас 8 925 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хариуцагчийн заалдах гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 184/ШШ2018/02369 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Д х” ХХК болон Ц.Т- нараас 8 996 577 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А.Ж-д олгож, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 352 дугаар зүйлийн 352.3, 352.4 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7 627 229 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

2 дахь заалтын “191 282” гэснийг “158 895” гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102 000 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ц.Т-ын өмгөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 191 290 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ   

 

                                         ШҮҮГЧИД                                   Ш.ОЮУНХАНД

                       

                                                                                             С.ЭНХТӨР