Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 1145

 

2020         09           08                                           2020/ДШМ/1145

Ц.Бод холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүгдэгч Ц.Б,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 2020/ШЦТ/271 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Бын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1909044641554 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржав илтгэснээр хянан хэлэлцэв.

.................., 198....... оны .... дугаар сарын ...........-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Гаалийн удирдлагын менежмент мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 2, эхийн хамт Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш 24 дүгээр байрны 91 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:.................../,

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 173 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 27.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, 2018 оны 3 дугаар сарын 6-ны өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 362 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2-т зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн;

Ц.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “Шангрила” зочид буудалд байрлах “Наадам” рестораны тамхины өрөөнд иргэн Н.Отгонбаяртай маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар цохих, өвдөглөх, мөргөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Ц.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч .....................ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Ц.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сидиг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй, хохирогч нь цаашдын эмчилгээний зардлаа жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Ц.Б нь шүүхээс тогтоосон торгуулийг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ц.Бод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ц.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 271 дугаартай шийтгэх тогтоолоор надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан торгох ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь, би тухайн үед хохирогчоос нийт 7 минут уучлалт гуйсан. Найз нартайгаа утсаар яриад “энэ залууг ална” гэсэн болохоор би биеэ хамгаалсан. Мөрдөн байцаалтын шатанд процессын алдаа гарсан талаар анхан шатны шүүх хуралдаанд манай өмгөөлөгч тайлбарласан боловч үүнийг анхан шатны шүүх анхаарч үзээгүй. Тухайн үед би бусдад зодуулахгүй гэж биеэ аргагүй эрхэнд хамгаалсан.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Ц.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “Шангрила” зочид буудалд байрлах “Наадам” рестораны тамхины өрөөнд иргэн Н.Отгонбаяртай маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар цохих, өвдөглөх, мөргөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Н.Отгонбаярын “...2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 20 цагийн үед би Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах ажиллаж байсан “Наадам” ресторанд орсон. Тэгээд би 00:50 цагийн үед тамхины өрөөнд ороход зүс таних хуучин надтай ажиллаж байсан Ж.Баярцогт, мөн зүс таних Ц.Б нар байсан. Би Ц.Быг “та манай үеэл ахын танил юм байна лээ. Дээр та энд хамт орж ирж байсан” гэж ярихад Ц.Б “би танихгүй, танихгүй л...” гээд байсан. Тэгээд ийм асуудлаас болоод маргаан болж Ц.Б миний хамрыг мөргөөд заамдаж дарж байгаад миний нүүр хэсэгт өвдөглөсөн. Тэгээд заамдаад ийш тийш нь татаж чангаагаад намайг тамхины өрөөний хана мөргүүлсэн. Тэр үед гаднаас зөөгч залуу орж ирээд бид хоёрыг салгасан. ...” /хх 9-10/,

гэрч Ц.Амарсанаагийн “...2019 оны 11 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө “Шангрила” зочид буудлын “Наадам” ресторанд ажиллаж байх үед 00 цаг 50 минутын үед тамхины өрөөнд зодоон болоод байна гээд намайг танихгүй залуу дуудсан юм. Би 2 давхрын тамхины өрөөнд ороход манай ресторанд байнга үйлчлүүлдэг Ц.Б, урд өмнө нь манайд ажилладаг байсан Н.Отгонбаяр гээд залууг заамдчихсан “би чиний ахыг яаж мэддэг юм бэ? Би чамайг ална шүү” гээд орилоод зогсож байсан. Би Б.Баярцогт, Н.Отгонбаяр хоёрыг салгах гээд дундуур нь ороход Ц.Б нь над руу бас дайраад байсан. Намайг өрөөнд орж тэр хоёрыг салгах үйлдэл хийснээс хойш Ц.Б нь Отгонбаярыг 1-2 удаа татаж ирээд нүүр хэсэгт нь цохисон. Тэгээд би Ц.Быг дагуулаад тамхины өрөөнөөс аваад гарсан. ...” /хх 12-13/,

гэрч Ж.Баярцогтын “...Би тамхины өрөөнөөс гараад тэр хавиар хамгаалагч хайгаад “Наадам” рестораны текэн дээр очсон. Тэгээд хүн дуудаад буцаад тамхины өрөөнд ирэхэд өргөдөл гаргасан залуугийн нүүр цус болчихсон, Ц.Б ахын гар цус болчихсон байсан. Би Ц.Б, өргөдөл гаргасан залуу хоёрыг хоёр тийш нь салгаад хоёр өөр ариун цэврийн өрөө рүү оруулсан. ...” /хх 13/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 14421 дугаартай “...Н.Отгонбаярын биед хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” /хх 6/ гэх дүгнэлт,

камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 17/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба эдгээр нь хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Ц.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хэмээн дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Шүүгдэгч Ц.Бын хохирогч Н.Отгонбаярын нүүрэн тус газар цохих, өвдөглөх, мөргөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч Ц.Бод тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ.

Шүүгдэгч Ц.Б “...тухайн үед би бусдад зодуулахгүй гэж биеэ аргагүй эрхэнд хамгаалсан. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Хавтас хэргээс үзэхэд, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд /хх 17/ Ц.Б хохирогч Н.Отгонбаярын энгэр хэсгээс хоёр гараараа заамдаж, толгойгоороо нүүр хэсэгт мөргөж, заамдсан байдалтай өрөөний хана руу шахаад нүүр хэсэгт баруун өвдгөөрөө өвдөглөж байгаа талаар тодорхой тусгагдсан байх бөгөөд хохирогч Н.Отгонбаяр нь Ц.Б руу ямар нэгэн довтолсон, халдсан үйлдэл хийгээгүй байх тул шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлэх хугацааг тогтоогоогүй, ямар шалтгааны улмаас тогтоох боломжгүй байсан талаар хууль зүйн дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь буруу болжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй.” гэж хуульчилсан бөгөөд эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг хангахад торгох ялыг биелүүлэх хугацааг тогтоох зохицуулалт чухал үүрэг гүйцэтгэдэг.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд шүүхээс торгох ял оногдуулсан шийдвэрт хугацааг заагаагүй тохиолдолд түүнийг хэрхэн биелүүлэх талаар нарийвчлан зохицуулсан байгаа боловч анхан шатны шүүх торгох ялыг биелүүлэх хугацааг чухам ямар нөхцөл байдал, шалтгааны улмаас тогтоогоогүй болох талаар хууль зүйн дүгнэлт заавал хийх ёстой.

Ингэснээр шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагад нийцэх учиртай.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно.” гэж заажээ.

Шүүхээс дээрх хуулийн жинхэнэ агуулгыг ойлгохгүй, шүүхэд эрх олгосон заалт хэмээн үзэж аливаа шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг биелүүлэх хугацааг тогтоохгүй байх нь хууль, эрх зүйн хувьд өрөөсгөл, буруу үр дагавартай байдгийг цаашид анхаарах шаардлагатай. 

Шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хугацааг шүүх тогтоосноор ял шийтгүүлсэн хүний хувьд шүүхийн шийдвэрийг хэдийд хэрхэн биелүүлэхийг ойлгох, харин хуульд заасан ажил үүргийнхээ хүрээнд шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангуулах, түүнд хяналт тавих эрх бүхий этгээдэд түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй үйл ажиллагаа явуулах гэх мэт чухал ач холбогдолтой.

Үүнээс гадна хэргийн оролцогчийн гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэг бүрчлэн заасан байх бөгөөд энэ нь тухайн эрхийн баталгааг бүрдүүлдэг төдийгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хэвийн явагдах нөхцөл хангагдах, оролцогчдын хууль ёсны ашиг сонирхол, эрх ашгаа ямар хэмжээ, хугацаанд хаана хандаж хамгаалуулах зэрэг хяналтын нэг чухал хэрэгсэл болдог.

Анхан шатны шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг биелүүлэх хугацааг тогтоосноор ял шийтгүүлсэн этгээд шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаанд давж заалдах гомдол гаргах эрхээр хангагдах нөхцөл бүрддэг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ...барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана гэжээ.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шүүгдэгчид хуулиар тогтоосон хязгаарлалтыг чангаруулах, олгосон эрхийг хязгаарлах байдлаар хэрэгжүүлэхгүй тул торгох ял биелүүлэх доод хугацааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор байхаар хуульчилснаар авч үзнэ.

Хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Ц.Бын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж зэргийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.” гэж заасантай нийцэх юм.

Иймд энэ талаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч Ц.Бын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 2020/ШЦТ/271 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Ц.Б нь шүүхээс тогтоосон торгуулийг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Ц.Б нь шүүхээс тогтоосон торгуулийн ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.” гэж өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Бын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                                        О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧ                                                                        Б.АРИУНХИШИГ

 

ШҮҮГЧ                                                            Д.МЯГМАРЖАВ