| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2021/01630/И |
| Дугаар | 102/шш2021/01925 |
| Огноо | 2021-08-13 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 08 сарын 13 өдөр
Дугаар 102/шш2021/01925
| 2021 оны 08 сарын 13 өдөр | Дугаар 102/ШШ2021/01925 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Б............... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б............... дүүрэг ... дугаар хороо З............... гудамж .. тоотод оршин суух, .... онд төрсөн .... настай, Д овогт Д-ын Б.
Хариуцагч: Б............... дүүрэг .. дугаар хороо .... дугаар байр .... тоотод оршин суух, ..... онд төрсөн .... настай, Д овогт П-ийн С
Гэрлэлт цуцалж хүүхдийн асрамж тогтоолгох нэхэмжлэлийг 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Б, хариуцагч П.С , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2007 онд П.С той танилцаж хамтран амьдарсан. Том хүү 2011 онд, бага хүү 2015 онд төрсөн. Сүүлийн 3 жилд бидний зан харьцаа болон бусад таарамжгүй байдлын улмаас тусдаа амьдарч байна. Өнгөрсөн 3 жилийн хугацаанд бид гэр бүлийн харьцаагүй болсон. Миний хувьд өөр хүнтэй хамтран амьдарч байна. Цаашид П.С той хамт амьдрахгүй гэрлэлтээ цуцлуулна. Хүүхдүүдээ өөрийн асрамжид авах шаардлагаас татгалзаж, 2 хүүгээ эхийн асрамжид үлдээнэ. Хойшид хүүхдүүдээ харж хандаж явна. Эд хөрөнгийн маргаангүй гэв.
Хариуцагч П.С шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бид 2007 оноос хамтран амьдарсан. Амьдралын хугацаанд хоёр хүү төрсөн. Д.Б гэр бүлээс гадуур харьцаа тогтоож өөр хүнтэй хамтын амьдралтай болсон тул гэрлэлт цуцлахыг зөвшөөрнө. Хоёр хүүгээ өөрийн асрамжид авна. Тэтгэлэг тогтоолгохгүй. Эд хөрөнгийн маргаангүй гэв.
Шүүх хуралдаанд талуудын гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч П.С д холбогдох гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж тогтоолгох нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч Д.Б, хариуцагч П.С нар 2007 оноос хамтран амьдарч, 2011 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүү Б.Т , 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүү Б.Т нар төрсөн, 2009 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн лавлагаа, хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, гэрлэгчдийн тайлбар гэсэн баримтуудаар тогтоогдож байна.
Зохигчид амьдралын болон зан харьцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж, 2017 оноос хойш тусдаа амьдарч гэр бүлийн харьцаагүй болсон, нэхэмжлэгч Д.Б өөр хүнтэй гэр бүлийн харьцаа тогтоож хамтын амьдралтай болсноор цаашид хамтран амьдрахгүй гэж тайлбарлан гэрлэлт цуцлахыг хэн аль нь зөвшөөрсөн тул гэрлэгч Д.Б, П.С нарын гэрлэлтийг цуцалж шийдвэрлэлээ.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь хүүхдийн асрамж тогтоолгох шаардлагаас татгалзаж, хүү Б.Т , Б.Т нарыг эхийн асрамжид үлдээхийг зөвшөөрсөн тул хүүхдүүдийг эхийн асрамжид үлдээж, зохигч эд хөрөнгийн маргаангүй, хариуцагч хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй гэснийг дурдаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар Д овогт Д-ын Б, Д овогт П-ийн С нарын гэрлэлтийг цуцласугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2011 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн хүү Б.Т , 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдөр төрсөн хүү Б.Т нарыг эх П.С-ын асрамжид үлдээсүгэй.
3. Зохигчид дундын эд хөрөнгийн маргаангүй, хариуцагч хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй, нэхэмжлэгч хүүхдийн асрамж тогтоолгох шаардлагаас татгалзсанг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 120 дугаар зүйлийн 120.2. дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА