| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2021/00478/И |
| Дугаар | 102/шш2021/01963 |
| Огноо | 2021-08-18 |
| Маргааны төрөл | Асран тэтгэх, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 08 сарын 18 өдөр
Дугаар 102/шш2021/01963
| 2021 оны 08 сарын 18 өдөр | Дугаар 102/ШШ2021/01963 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Б............... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б............... дүүрэг .. дүгээр хороо ............... гудамж ... дугаар байр .... тоотод оршин суух, .... онд төрсөн .... настай, Б овогт Ц-ын Х
Хариуцагч: Б............... дүүрэг 4 дүгээр хороо ............... гудамж ... дүгээр байр .. тоотод оршин суух,.. онд төрсөн ... настай, Б овогт М ын Б
Хүүхдийн асрамж өөрчилж асрамжиндаа авч тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлтэй хэргийг 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Х , хариуцагч М.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өлзийсайхан нар цов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Х шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бид 1994 онд танилцаж гэр бүл болсон. 1995 онд хүү Б.А , 1998 онд охин Б.Х , 2009 онд охин Б.Х нар төрсөн. 2019 онд гэрлэлтээ шүүхээр орж цуцлуулсан. Шүүхийн шийдвэрээр охин Б.Х г эцгийнх нь асрамжид үлдээсэн. М.Б алтыг нь аваад авдрыг нь хаяна гэгчээр хүүхдүүд, орон байрыг минь авсан. Намайг сэтгэл санааны дарамтад оруулж өөр хүнтэй хамтран амьдардаг гэж хариу тайлбар дээрээ худлаа бичсэн байсан. Би хүүхдүүдтэйгээ муухай харьцдаггүй. М.Б ийг архи уугаад явж байхад нь хүүхдүүдээ өсгөөд өдий болгосон. Шүүх миний охин Б.Х гаас мэдүүлэг авахдаа надад хэлж мэдэгдээгүй байж М.Б т хэлж мэдүүлэг авсан байна. М.Б хүүхдээ авчирч мэдүүлэг өгүүлж хэлэх үгийн зааж өгсөн байна. Хэрэв энэ өгсөн мэдүүлэг нь миний охины өөрийнх нь хэлсэн үг бол би охиныхоо бодлыг хүндэлнэ. М.Б жилийн 12-2 сар хүртэл амарч бусад саруудад хөдөө томилолтоор ажилладаг. Би проводникоор ажилладаг бөгөөд 7 хоногийн 4 өдөр нь ажилтай байдаг. М.Б хүүхдийн тэтгэлэг төлөхгүйн тулд ингэж байгаа бол би тэтгэмж төлүүлэхгүйгээр охиноо өөрийн асрамжид авмаар байна. М.Б ажилтай үедээ охиныг Салхит руу явуулж хаана хэнийд байгаа нь мэдэгдэхгүй алга болдог. Хотод буцаж ирэхээрээ миний охин бөөстсөн, зан ааш нь өөр болоод ирдэг. Охин маань одоо өсвөр насан дээрээ явж байгаа тул ээжийн халамж хэрэгтэй байгаа. Эх хүний хувьд охин надтай байх ёстой. Би том охинтойгоо хамт амьдарч байгаад Ковид-19 вирусийн халдвараар өвчилж охиноосоо тусдаа амьдарч байгаа. Би М.Б өөс салаад түүнийг архинд орчих болов уу гэж санаад хүүхдүүдээ үлдээсэн. Одоо бага охин Б.Х г өөрийн асрамжид авч тэтгэлэг тогтоолгоно гэв.
Хариуцагч М.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ц.Х аас Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар албан ёсоор гэрлэлтээ цуцлуулсан. Бид гэр бүлийн харьцаагүй болсон. Шүүхийн шийдвэрээр охин Б.Х г миний асрамжид үлдээсэн. Одоо том охин, хүргэн, зээ, охин Б.Х нарын хамт амьдарч байна. Би Улаанбаатар төмөр замд инженерийн ажилтай, хөдөө ажиллаж байна. Өвлийн улиралд амардаг. Намайг хөдөө ажилтай байх хойгуур охин Б.Х гийн саналыг авсан байсан. Шүүхээс дуудаад эгч нь дагуулж ирээд саналыг нь асуулгасан байсан. Түүнээс би дагуулж ирээд үг зааж өгөөд мэдүүлэг өгүүлсэн юм байхгүй. Би хүүхдэдээ ийм үг хэл гэж зааж өгөөгүй. Хүүхэд өөрийн бодол санаагаа илэрхийлж байгаа. Тухайн үед намайг хөдөө ажилтай байсныг нотлох байгууллагын даргын тушаал энэ байна. Ц.Х намайг байнга хөдөө байдаг гэж ярьж байна. Энэ нь худлаа. Би өнөөдөр гэхэд л явахаасаа өмнө хүүхдүүдийн хоол хүнсийг нь бэлдэж, мөн хичээл сургуулийнх нь хэрэгслийг цуглуулж өгчихөөд явж байна. Би 14 хоногтоо юм уу эсвэл 7 хоноод заавал хүүхдүүд дээрээ ирдэг. Ноднин өвөл бага охиноо Ц.Х д харуулах гэж үлдээсэн. Гэтэл охиныг минь ээжийндээ үлдээчихсэн тэр үед охин байрны доод дэлгүүрээс өлсөөд гоймон хулгайлсан байсанг би охиноо дагуулж явж 3 нугалж төлж охиноо авч байсан. Салхитад манай ээж амьдардаг. Охиноо зун ээж рүүгээ явуулдаг. Охин Б.Х нугардаг бөгөөд Салхитын энэ жилийн ойгоор нугарна гээд Дархан хот руу бэлтгэлд явсан тэгэхдээ бөөстсөн байсан нь үнэн. Намайг архи уудаг гэж байгаа боловч сүүлийн 3 жил элэгний В, С вирусийн улмаас төмөр замын эмнэлгийн хяналтад орсон. Одоо архи ууна гэж юу байхав дээ хэдэн жил амьд байж охидууддаа хань болж харагдаж явна. Охины өөрийнх нь мэдүүлгийг үндэслэж миний асрамжид хэвээр үлдээж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар талуудын гаргасан тайлбар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Х нь хариуцагч М.Б т холбогдох хүүхдийн асрамж өөрчилж асрамжиндаа авч тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл гаргажээ.
Тус шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн дугаар 102/ШШ2019/01810 шийдвэрээр М.Б , Ц.Х нарын гэрлэлтийг цуцлаж, 2009 оны 02 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин Б.Х г эцэг М.Б ийн асрамжид үлдээж шийдвэрлэсэн байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д хүүхэд долоо ба түүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд түүний саналыг харгалзан үзнэ, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй гэж заасан тул насанд хүрээгүй охин Б.Х гийн саналыг иргэн, гэр бүлийн чиглэлээр түлхүү өмгөөлөл хийдэг өмгөөлөгч Д.М , Б............... дүүргийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн хүүхдийн эрхийн улсын байцаагч Б.О нарыг байлцуулж саналыг нь авсан болно.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад охин Б.Х гаас эцэг, эхийн хэнийх нь асрамжид үлдэх талаар тайлбар авахад ээжтэйгээ 1 сар хамт амьдарсан. Цаашдаа аавынхаа асрамжид аав, ах, эгч нартайгаа хамт байна. Ээжтэйгээ уулзаж байна. Манай ээж сонин ааш зантай, хүнтэй харьцахдаа их сонин ээжийгээ дагахгүй. Өмнө нь би шүүхэд мэдүүлэг өгөхөд миний мэдүүлгийг хуулбарлаж аваад гэрт орж ирээд, эсвэл утсаар чи намайг дагахгүй гэлээ гэж сонин юм ярьдаг. Ээжтэйгээ холбоотой байна. Цаашид дахин ирж мэдүүлэг өгөхгүй гэсэн тайлбар, мэдүүлэг гаргасан тул түүний дассан орчин, аав, эгчийн хамт амьдрах хүсэлттэй байгаа, тэрээр өмгөөлөгч, хүүхдийн байцаагчийн асуултанд болон өөрийн үзэл бодлыг чөлөөтэй энгийнээр тайлбарлаж ярьж байсан тул хүүхдийн асрамжийг өөрчлөх шаардлагагүй гэж үзлээ.
Нэхэмжлэгч нь ам бүл ганцаар амьдардаг бөгөөд вагоны үйлчлэгчээр ажиллаж давтамжтайгаар 7 хоногийн 4 өдөр нь ажилтай байдаг, хариуцагч нь өвлийн 12-02 дугаар сард амарч бусад улиралд орон нутагт томилолтоор ажилладаг, ингэхдээ 7-14 хоногийн хугацаанд хүүхдүүдээ эргэж тойрдог энэ хугацаанд охин Б.Х эгчийн хамт байдаг, зохигч хэн аль нь хүүхдийн асрамжийн талаар шинжээч томилох шаардлагагүй гэж тайлбарлан хүсэлт гаргаагүй тул хүүхдийг дассан орчноос нь салгаж асрамжийг өөрчлөх шаардлагагүй гэж дүгнэлээ.
Хүүхэд эцгийн асрамжид байгаа боловч эх Ц.Х ы зүгээс хүүхдээ асран хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх болон Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан хүүхдийн өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх эрх үүрэг нь хэвээр болно.
Иймд хариуцагч М.Б т холбогдох нэхэмжлэгч Ц.Х ы хүүхдийн асрамж өөрчлүүлж, тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар хариуцагч М.Б т холбогдох хүүхдийн асрамж өөрчилж асрамжиндаа авч тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэгч Ц.Х ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцу сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА