Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 102/шш2021/03274

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ...даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч:...

Хариуцагч:...

2 250 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч ... шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ...шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Би ... 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн ... дугаар зээлийн гэрээ болон үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулан 6 500 000 төгрөгийг, 13 сарын хугацаатай, сарын 2.9 хувийн хүүтэй зээл авсан. Зээлийн эргэн төлөлтийн дагуу 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 688 500 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 23-ний өдөр 674 000 төгрөг нийт 1 362 500 төгрөгийг гэрээний хугацаандаа төлсөн, 2019 оны 12 сар, 2020 оны 01 дүгээр сарын төлбөрүүдийг хожимдуулан төлсөн.Хугацаа хожимдуулсан саруудад гэрээний үүргээ биелүүлээгүй гээд зээл олгогч тал авто машиныг хураан авсан.Машинаа буцаан авахыг удаа дараа зээлдүүлэгч талаас хүсэхэд гэрээгээ шинэчлэн хийхгүй бол машин өгөхгүй гэж хэлсэн.Ингээд машинаа авч ажил төрлөө амжуулахын тулд аргагүйн эрхэнд гэрээг шинэчлэхийг хүлээн зөвшөөрсөн.Гэтэл ...-ийн ажилтан...манай байгууллага зээлийн гэрээг шинэчилж хийхдээ таны урьд авсан зээлийн гэрээний үндсэн зээл дээр хүү, алданги нэмэгдээд 7 000 000 төгрөг болж байна.Мөн зээлийн гэрээгээ шинэчилж хийж байгаа тул хүүгээ 3.5 хувь болгож хийнэ гэж хэлээд хийхгүй бол машиныг чинь машин худалдан авдаг ченж дуудаад хямд өглөө гэж хэлсэн машинаа хямд үнээр алдахгүй тулд 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн ... дугаар зээлийн гэрээ болон үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээн дээр гарын үсэг зуруулсан.Ингээд зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр сар бүр 500 000 төгрөг төлөх байснаас 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 350 000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 29-ний өдөр 340 000 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 02-ний өдөр 450 000 төгрөг нийт 1 140 000 төгрөг төлсөн гэтэл хугацаандаа зээлээ төлөөгүй гэж хэлээд дахиад машин хурааж авсан.Ингээд зээлийн эдийн засагч ... очиж уулзаад сар бүр төлөх төлбөрөө би төлж байгаа талаар хэлэхэд хугацаа хожимдуулснаас болж өдрийн алданги 35 000 төгрөг гэж гэрээн дээр байгаа алданги одоогоор таны төлөгдөөгүй сарын үндсэн зээл, хүү, алданги бүгд нийлээд 1 823 000 төгрөг болсон, зөрчлөө төлөөд гэрээгээ шинэчилж байгуулаад машинаа ав гэсэн шаардлага тавьсан.Ийм их мөнгө төлөх үндэслэл байхгүй гэж маргаан үүссэн боловч хүлээн аваагүй машиныг өгөөгүй.Би аргагүйн эрхэнд 1 823 000 төгрөгийг төлж, 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр зээлийн гэрээгээ дахин шинэчилсэн юм.Үүнээс хойш 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 527 500 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 20-ний өдөр 517 000 төгрөг, 2020 оны 07 дугаар сарын 20-ний өдөр 460 000 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 20-ний өдөр 496 000 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 485 500 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 475 000 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 464 500 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 17-ний өдөр 154 000 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 12-ний өдөр 164 500 төгрөг нийт 3 744 000 төгрөг төлсөн.Анх зээлийн гэрээ байгуулснаас хойш ...-ийн захирал ... Хаан банк дахь төгрөгийн ... дугаар дансанд нийт 8 069 500 төгрөг төлсөн нь дансны хуулгаар нотлогдож байдаг.Би ... 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн ... дугаар зээлийн гэрээгээр бол 2 сарын үндсэн зээл 1 000 000 төгрөг, 2 сарын хүү 319 000 төгрөг, 2 сарын алданги 197 850 төгрөг төлөх байсан.Үүнээс үзвэл 2019 оны ... гэрээний үүрэгт нийт үндсэн зээл 5 500 000 төгрөг, 2 сарын хүү 319 000 төгрөг, 2 сарын алданги 197 850 төгрөг нийт 6 016 850 төгрөг төлөх үүрэгтэй байсан.Гэтэл нэхэмжлэгч нийт 8 069 500 төгрөгийг төлсөн байдаг.Ингээд шүүхэд нэхэмжлэл гаргаад Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 01283 дугаар шийдвэрээр 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн ... дугаар зээлийн гэрээг дууссанд тооцсон.Иймд ...-тай байгуулсан 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн ... дугаар зээлийн гэрээний үүрэгт илүү төлсөн 2 250 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ... итгэмжлэгдсэн төлөөлөгч ... шүүх хуралдаанд тайлбарлахдаа:...2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн ... дугаар зээлийн гэрээ, үүргийн гүйцэтгэл хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулан 6,500,000 төгрөгийг 13 сарын хугацаатай, сарын 2.9 хувийн хүүтэй зээл авсан.Зээлийн эргэн төлөлтийн дагуу 2019 оны 10 дугаар сарын 23-ний өдөр 688 500 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 23-ний өдөр 674 000 төгрөг нийт 1 362 500 төгрөгийг гэрээний хугацаанд төлсөн, 2019 оны 12 сар, 2020 оны 01 дүгээр сарын төлбөрүүдийг хожимдуулан төлсөн.Хугацаа хожимдуулсан саруудад гэрээний үүргээ биелүүлээгүй гээд зээл олгогч тал авто машиныг хураан авсан.Ингээд машинаа авахын тулд гэрээг шинэчилсэн.Гэтэл ...-ийн ажилтан...манай байгууллага зээлийн гэрээг шинэчилж хийхдээ таны урьд авсан зээлийн гэрээний үндсэн зээл дээр хүү, алданги нэмэгдээд 7 000 000 төгрөгөөр байгуулна гэж зээлийн хүүг өсгөн 3.5 хувийн хүүтэй шинэ гэрээ байгуулсан.Энэ гэрээний дагуу 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдөр 500 000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 03-ны 420 000 төгрөг гэх мэтчилэн төлсөөр нийт 8 495 500 төгрөг төлсөн.Дээрх гэрээнүүдтэй холбоотой асуудлыг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээг дуусгавар болсонд тооцуулж түүнээс хойш байгуулагдсан буюу 02 дугаар сарын 21-ны өдөр байгуулагдсан гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасны дагуу тухайн нэхэмжлэлүүдийг хангаж шийдвэрлэсэн шийдвэр нь хэрэгт нотлох баримтаар авагдсан....нь 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 8 495 500 төгрөг төлсөн, үүргээ бүрэн гүйцэтгэсэн, шүүх ч ингэж шийдвэрлэсэн тул илүү төлсөн 2 225 000 төгрөгийг гаргуулахыг хүсэж байна гэв.

Хариуцагч ...-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа:Нэг талаас ...-ийн гүйцэтгэх захирал...нөгөө талаас ...нар нь 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр ... тоот зээлийн гэрээ байгуулан 6 500 000 төгрөгийг 13 сарын хугацаатайгаар, сарын 2,9 хувийн хүүтэйгээр, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги тооцох нөхцөлтэйгөөр зээлийн гэрээ байгуулсан.Бид зээлийн гэрээний дагуу төлбөрөө авсан тул ... илүү төлөлт болох 2 250 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.Хэргийн явцад холбогдох баримтуудыг гаргаж өгөх болно гэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч ... шүүх хуралдаанд тайлбарлахдаа:...нь 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 450 000 төгрөг төлсөн гэх боловч 425 000 төгрөгөөр орсон энэ нь хавтаст хэргийн 33 дугаар хуудсанд байгаа.Мөн 2020 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 461 500 төгрөг төлсөн гэх боловч үүнийг нотлох нотлох баримт байхгүй, манайд шилжиж орж ирээгүй.Үүнээс харахад ...нийт 7 580 000 төгрөгийг төлсөн нь хуулгаар нь нотлогдож байна, 2019 онд байгуулсан гэрээгээр 6 500 000 төгрөг зээлсэн, үүнийг цаг тухайд нь төлсөн бол нийтдээ 7 819 500 төгрөг төлөх байсан, 2019 оны 11 сарын 23-ны өдрөөс 2021 оны 2 сарын 22-ны өдөр хүртэл төлөлт хийгээгүй.Энэ хугацааны алданги нь үндсэн зээл 5 500 000 төгрөгөөр бодогдох бөгөөд 1 өдрийн 27 500 төгрөг буюу нийт 28 өдрийн 770 000 төгрөгийн алданги бодогдсон.Гэвч манайх үүнийг тооцоогүй, цаг хугацаанд нь төлөөд явах байсан зээлийн гэрээний үнийн дүнгээр 7 819 500 төгрөг байсан.Үүнээс 2 250 000 төгрөг хасахаар 5 569 500 төгрөг болж байгаа нь зээл олгосон мөнгөн дүнгээс бага болж байна.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч ... шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа 492 дугаар зүйлийг үндэслэн нэхэмжлэлээ гаргасан нь нийцэхгүй.Талууд 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн зээлийн гэрээгээр талууд өгөлцөж авалцсанаа хүлээн зөвшөөрдөг.Энэ гэрээ нь хүчин төгөлдөр, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2020 онд байгуулагдсан 2 гэрээг хүчин төгөлдөр бусд тооцсон. Нэхэмжлэгч ...2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний илүү төлөлт болох 2 250 000 төгрөгийг нэхэмжилж байна.Хавтаст хэрэгт авагдсан дансны хуулгаас үзэхэд нэхэмжлэгч нь 8 495 500 төгрөг төлсөн гэдэг нотлогдохгүй байна, энэ баримтууд нь үнийн дүндээ хүрэхгүй байна гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч ...нь хариуцагч ...-д холбогдуулан ...-тай байгуулсан 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн ... дугаар зээлийн гэрээний үүрэгт илүү төлсөн 2 250 000 төгрөгийг гаргуулах тухай шаардлагыг шүүхэд гаргажээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн ... дугаар шийдвэрээр ... нэхэмжлэлтэй, ...-д холбогдох 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн ... дугаартай зээлийн гэрээг дуусгавар болсонд тооцож, 2020 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн ... дугаартай гэрээ, 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулж, тээврийн хэрэгслийг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай хэргийг хэлэлцэж шийдвэрлэсэн байна....

Энэхүү шүүхийн шийдвэрт:... ... нарын хооронд 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан ... дугаартай гэрээг дуусгавар болсныг тогтоон, барьцаа хөрөнгө болох ... улсын дугаартай, Тоёота приус 30 маркийн авто машиныг барьцаанаас чөлөөлөхийг хариуцагч ...-д даалгаж шийдвэрлэсэн байна.

Улмаар...Зохигчид нь зээлийн гэрээний нөхцөлийг болон зээлийн үүрэгт төлөгдсөн мөнгөний тооцоог үгүйсгээгүй, маргаагүй болно гэж дээрх шүүхийн шийдвэрт дүгнэсэн байна.

Өөрөөр хэлбэл ...нь ...-тай 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан ... дугаартай зээлийн гэрээг дуусгавар болгох тухай Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанд энэхүү гэрээний үүрэгт илүү мөнгө төлсөн талаар тайлбарлаж маргаагүй байна.

... 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдөр ...-тай байгуулсан зээлийн гэрээг дуусгавар болгосон үйл баримт шүүхийн шийдвэрээр тогтоогдсон, шийдвэр хүчин төгөлдөр байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан байна.

Иймд ... зээлийн гэрээний үүрэгт илүү төлсөн 2 250 000 төгрөгийг гаргуулах ... нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч ... 2 250 000 /хоёр сая хоёр зуун тавин мянган/ төгрөг гаргуулах тухай ... нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдний төлөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ...