| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2024/0822/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/807 |
| Огноо | 2024-09-03 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Г.Бат-Оргил |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 2024/ШЦТ/807
2024 09 03 2024/ШЦТ/807
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,
улсын яллагч Г.Бат-Оргил,
хохирогч **********,
шүүгдэгч ***********,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Галхүү нарыг оролцуулан эрүүгийн 2309034960949 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19** оны * дугаар сарын *-ний өдөр ************* төрсөн, ** настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, ************** мэргэжилтэй, Зэвсэгт хүчний *** дугаар ангид холбоочин ажилтай, ам бүл 3, эгч, дүүгийн хамт ************** тоотод оршин суух бүртгэлтэй, одоо ************** түр оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, /РД:********** / *********** овогтой ********** нь:
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ********** нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогч ********* “Энхийг сахиулах ажиллагаанд явуулж өгнө гэж” хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2023 оны 03 дугаар сарын 08-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 02-ны хоорондох хугацаанд 3,765,000 төгрөгийг Хаан банкны дансаар шилжүүлэн авч 3,765,000 төгрөгийн хохирол учруулан залилах гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Сүхбаатар дүүргийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *********** мэдүүлэхдээ:“... Би тухайн үед покерт их хэмжээний өрөнд орсон байсан учир мөнгийг нь авсан. Энхийг сахиулах ажиллагаанд явуулах хүн байхгүй. Худлаа ярьж авсандаа уучлалт гуйж байна. Би покерийн дансанд мөнгийг хийлгэж байсан юм...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ********** мэдүүлэхдээ:“... Бид өмнө нь хамт суралцаж байсан юм. 2023 оны 03 сард мессенжерээр залгаад “ Энхийг сахиулах ажиллагаанд явах залуу байна уу “гэхээр нь явахаар 3.765.000 төгрөг шилжүүлсэн. Би 3.765.000 төгрөгөө авсан. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч ********* мэдүүлэг /хх 31-32, Хаан банкны ************* дугаартай ************** дансны мэдээлэл /хх 15-116/, **************, ************ нарын харилцсан чатын хуулбар /хх 17-28/, шүүгдэгч ************ хувийн байдалтай холбоотой баримтууд /хх 51-58/ зэрэг болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч *********** нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогч ************ “Энхийг сахиулах ажиллагаанд явуулж өгнө гэж” хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2023 оны 03 дугаар сарын 08-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 02-ны хоорондох хугацаанд “Хаан” банкны дансаар 3,765,000 төгрөгийг шилжүүлэн авсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч ************ өгсөн /хх 31-32/: “...Миний бие 2023 оны 03 дугаар сарын 08-ны өдөр манай танил найз ************ нь мессенжер чатаар над руу залгаад "Жанжин штабт таньдаг ах байна. Төрийн албаны цалин ч нэмэгдэж байгаа. Энэ жилийн энхийг сахиулах ажиллагаанд шууд чиний нэрийг оруулаад ажиллагаанд явуулчихна. Ажиллагаанд явах юм бол гайгүй мөнгө олчихно. Чи надад 4-5 сая төгрөг өгчих" гэж хэлсэн. Тэгэхээр нь би " Хэр найдвартай юм бэ" гэж асуухад " Намайг өмнө нь ажиллагаанд явахад тусалж байсан. Найдвартай хүн" гэж хэлсэн. *********** нь маргааш өдөр нь буюу 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр " Би нөгөө ахтай ярьчихлаа. Чи над руу анкетаа явуулчих. Тэгээд 1,500,000 төгрөг өгчих. Хүн амьтантай уулзахад хоол унд идэх мөнгө хэрэгтэй" гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрийн Хаан банкны ************ тоот данснаас *********** өгсөн Хаан банкны ************** тоот Мөнгөнтуяа данс руу 500,000 төгрөг шилжүүлсэн. Тэр үед ********* нь " Чи ажлаас гараад 5 жил болчихсон болохоор ороход жоохон асуудалтай. Гэхдээ мөнгөө хурдан өгчихвөл асуудалгүй. Хурдан зохицуулна" гэж хэлсэн. Үүнээс хойш 2023 оны 09 дугаар сарын 09-ний өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл нийт 8 удаагийн гүйлгээгээр Хаан банкны ************* тоот **********, Хаан банкны *************** ********* гэх дансаар мөнгө авсан. Би *********** руу нийт 9 удаагийн гүйлгээгээр 3,765,000 төгрөгийг ажилд орохоор шилжүүлсэн. *********** нь над руу нэг удаа ********** гэх нэртэй Хаан банкны ************** тоот данс явуулахаар нь мөнгө шилжүүлэхэд ************* нь "буруу данс өгчихөж" гэж хэлсэн. Тэгэхээр нь би маргааш нь Хаан банк руу очиж уулзахад "Манайх данс эзэмшигчтэй холбож өгч л болно, мөнгийг шууд буцаан өгөх боломжгүй" гэж хэлсэн. Ингээд би Хаан банкнаас данс эзэмшигчийн дугаарыг аваад залгахад мессеж роуминг үйлчилгээтэй байсан. Би энэ талаар цагдаагийн байгууллагад өргөдөл гомдол гаргахад тухайн данс нь покер тоглоомын данс байсан бөгөөд би энэ 2023 оны 10 дугаар сард л мэдсэн. Би энэ дансны талаар ************** асууж тодруулахад "би покер тоглоод мөнгөө алдаад баларчихсан" гэж хэлсэн... Би ************** 2016 онд Батлан хамгаалах их сургуулийн ахлагчийн сургуулийн хамт төгсөж байсан. Тухайн үед бол гайгүй залуу шиг байсан. Сургууль төгсөөд 150 дугаар ангид хамт томилогдож хамт ажиллаж байсан. Би ажлаасаа 5 жилийн өмнө гарчихсан...” гэх мэдүүлэг,
Хаан банкны *************** дугаартай ************* дансны мэдээлэл /хх 15-116/,
***************, ************ нарын харилцсан чатын хуулбар /хх 17-28/,
************** өгсөн /хх 6/: “...Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна... Одоогийн байдлаар нийт 3,400,000 төгрөг өгсөн байгаа. Үлдсэн мөнгийг 7 дугаар сард багтаан өгнө...” гэх мэдүүлэг,
шүүгдэгч ************* хувийн байдалтай холбоотой баримтууд /хх 51-58/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч ************ холбогдох хэргийг шийдвэрлэхэд мөрдөн байцаалтын явцад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.
Шүүхээс шүүгдэгч *********** үйлдэл нь хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулахаар хуульчлан тогтоосон ялаас дараах нөхцөл байдлуудыг харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв. Үүнд:
Шүүгдэгч ************ ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд анх удаагаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлсөнг оруулан тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээр дурдсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал буюу гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч ************ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгийн торгох ялыг оногдуулж шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********* нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч *********** нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдав.
Бусад асуудлаар:
Хохирогч *********** нь шүүхийн хэлэлцүүлэгт “... Би хохирол болох 3.765.000 төгрөгийг авсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...”гэсэн тул шүүгдэгч *********** нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ********* овогт ********** “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч *********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 /долоон зуун/ нэгж буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, ************ нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ************ нь шүүхээс тогтоосон торгуулийн ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. ************ авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, улсын яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *********** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ