| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 149/2024/0065/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/70 |
| Огноо | 2024-06-13 |
| Зүйл хэсэг | 11.3.1., |
| Улсын яллагч | Г.Тунгалаг |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 2024/ШЦТ/70
2024 оны 06 сарын 13-ны өдөр 2024/ШЦТ/70 Мандал сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан Эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга Б.Баттөгөлдөр
Улсын яллагч Г.Тунгалаг
Шүүгдэгч Т.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын Прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Д.Шинэбалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Т.*******өд холбогдох 2305040500061 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1*******62 оны 03 дугаар сарын 25-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 62 настай, эрэгтэй, Халх, дээд боловсролтой, Ойн тоног төхөөрөмжийн механик инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, тэтгэвэрт, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын ******* дүгээр баг, *******ын №******* тоотод оршин суудаг, Ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт ******* ******* *******.
Холбогдсон хэргийн талаар:
Т.******* нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Хужирт” гэх газарт 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 12 цаг 00 минутын орчимд “25-67” УНБ улсын дугаартай Хино маркийн тээврийн хэрэгслийг жолоодож байхдаа тээврийн хэрэгслийн тоормосны дөрөөн дээрээс хөлөө авсны улмаас тухайн тээврийн хэрэгсэл хойшоо уруу газар өнхөрч, тээврийн хэрэгслийн ар хэсгээр ард нь ажил хийж байсан иргэн Ч.Зоригтбаатарыг мөргөж, эрүүл мэндэд нь хэвлийн битүү гэмтэл, бүдүүн гэдэсний чацархайн няцрал, баруун хавирганы нум хэсгийн гялтангийн урагдал, хэвлийн хөндийн цусан хураа, баруун хавирганы нум хэсгийн арьсны зулгаралт гэмтэл бүхий хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Т.******* нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Хужирт” гэх газарт 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 12 цаг 00 минутын орчимд “25-67” УНБ улсын дугаартай Хино маркийн тээврийн хэрэгслийг жолоодож байхдаа тээврийн хэрэгслийн тоормосны дөрөөн дээрээс хөлөө авсны улмаас тухайн тээврийн хэрэгсэл хойшоо уруу газар өнхөрч, тээврийн хэрэгслийн ар хэсгээр ард нь ажил хийж байсан иргэн Ч.Зоригтбаатарыг мөргөж, эрүүл мэндэд нь хэвлийн битүү гэмтэл, бүдүүн гэдэсний чацархайн няцрал, баруун хавирганы нум хэсгийн гялтангийн урагдал, хэвлийн хөндийн цусан хураа, баруун хавирганы нум хэсгийн арьсны зулгаралт гэмтэл бүхий хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь
Хохирогч Ч.Зоригтбаатарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг: ... 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Зүүнхараагийн салдаг замын ойролцоо ногоо хураалтын ажилд ачигч хийж байсан бөгөөд шланз машин дээр ногоо ачихаар болоод Маяти гэх машинаар зөөгөөд шланз руу ачиж байсан юм. Тэгээд ногоогоо буулгаж дуусаад Маяти машинаас буугаад Шланзныхаа кузовыг хааж байтал Маяти машин нь тоормос алдаад, ухарч ирээд намайг Шланз машинд хавчуулаад дайрчихсан. Тухайн үед миний ойролцоо Нямбаяр, Ууяаа гэх залуучууд байсан бөгөөд болсон үйл явдлыг харж байсан. Яг мөргүүлээд би ухаан алдчихсан байсан бөгөөд хоёр машинд хавчуулагдаад хөл газарт хүрэхгүй, өргөгдсөн байдалтай байсан. Тэндээсээ захирал нь гэх Ууганаа болон мөргөсөн Маятигийн жолооч намайг Зүүнхараагийн эмнэлэгт хүргэж өгсөн бөгөөд 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдөр “хот руу яв, гэмтлийн эмнэлэгт оч” гэсний дагуу хувийн машинаараа явж ирсэн. Тэгээд гэмтлийн эмнэлэгт ирээд зураг авхуулж, шинжилгээ өгсөн. Миний биед олон тооны гэмтэл гарсан бөгөөд, зүүн талын сэртэнгийн 3 хавирга хугарсан, нурууны яс 3 хэсэг газарт цууралттай, дотуур цус алдалттай гэж байсан. Гэмтлийн эмнэлэгт ирээд шууд хэвлий нурууны тасагт хагалгаанд орсон бөгөөд эмч нар “дотуур цус алдалтыг хаанаас алдаж байгааг нь мэдэхгүй байгаа тул хэвлий хэсгээр зүсэж цусыг тогтооно” гээд хагалгаанд орсон. Гэмтлийн эмнэлэгт 5 хоног хэвтсэн бөгөөд түрүү долоо хоногийн 5 дахь өдөр гарсан. Одоо ч мөн дотуур цус алдалттай байгаа бөгөөд гэмтлийн эмнэлгийн зүгээс “сайн ажигла” гэсэн. Намайг мөргөсөн жолоочийг Баяраа гэдэг, бүтэн нэрийг нь мэдэхгүй. Тухайн ажил хийж байсан ногооны талбайн захирал нь Баяраа гэх хүнийг Зүүнхараагаас машинтай нь түрээсэлж ажиллуулсан гэж байсан. Өчигдөр л надтай холбогдсон. Миний бие одоо нуруу, хавирга хэсгээр өвдөж, гэдэс дотор мөн өвдөөд маш их зовуурьтай байгаа. Шөнө өвчин намдаах эм уухгүй бол унтаж чадахгүй байгаа. ... Ямар нэгэн зөвлөмж заавар өгөөгүй, тухайн хүнтэй гэрээ хийж байгаагүй, түр ажилчин байсан бөгөөд хамгаалалтын хувцас олгоогүй. Тухайн хүн нь хувиараа үйл ажиллагаа явуулдаг хувь байгууллага байсан. Өдрийн 50,000 төгрөгөөр тохирсон бөгөөд “төмс ачилт нь 1 тонн нь 25,000 төгрөгөөр ажиллана” гэж амаар тохиролцсон. Тухайн газар сар гаруй ажилласан бөгөөд 2023 оны 0******* дүгээр сарын 0*******-ны өдөр очиж ажилласнаасаа хойш цалин аваагүй. Эмчилгээний зардал гэж 1,200,000 төгрөг олгосон. Баяраа гэх жолоочоор хагалгааны зардал 1,700,000 төгрөг төлүүлсэн. Өөрөөр ямар нэгэн цалин аваагүй байгаа. ... Ямар нэгэн өс хонзонтой харилцаа байгаагүй бөгөөд тухайн жолоочийн анхаарал болгоомжгүй байдлаас ийм асуудал болсон гэж үзэж байна. Тухайн Маяти автомашин нь хийгээ хурааж байгаад тоормосоо барьдаг бөгөөд тоормос алдаж мөргөсөн. Тухайн жолооч намайг 2 удаа мөргөсөн бөгөөд намайг мөргөснөө өөрөө мэдэхгүй урагшаа хөдөлж байгаад, дахин хий алдаад мөргөсөн. Тэгээд миний бие ухаан алдаж Зүүнхараагийн эмнэлэгт хүргэгдсэн. ... Шүүх эмнэлэгт үзүүлэхгүй гэмтлийн эмнэлэгт үзүүлээд эмчилгээ хийлгээд явна. Намайг болгоомжгүйгээр гэмтээсэн санаатай үйлдэл биш тул цагдаагийн байгууллагад шалгуулахгүй. ... Гомдол санал байхгүй. Жолооч Баяраа гэх хүн эмчилгээний зардал мөнгийг төлж байгаа. ... Намайг хотод ирэх эмчилгээ, үйлчилгээ болон эм тариатай холбоотой зардлыг тухайн Баяраа гэх хүн бүгдийг нь гаргаж байсан бөгөөд “Түмэн жин жин” ХХК-иас хохирол мөнгө барагдуулсан зүйл байхгүй. Тухайн компаний захирал Ууганбадрах гэх хүн байдаг бөгөөд осол болох үед тухайн компанийн үйл ажиллагааг өөрөө хариуцаж явуулж байсан. Сэлэнгэ аймагт очоод сар гаруй ажилласан бөгөөд өдрийн 200,000 гаруй төгрөгийн цалинтайгаар ажилласан бөгөөд ажилласан бүтэн цалингаа одоо болтол аваагүй байгаа юм. Нийт миний тооцоогоор 5,100,000 гаруй төгрөг авах ёстой бөгөөд тухайн цалингаасаа байрны түрээс 500,000 төгрөгийг суутгуулсан, машины лизингийн 1,000,000 төгрөг гэж суутгуулсан, мөн 200,000, 300,000 төгрөгөөр цувуулан данс руу шилжүүлж байсан. Одоо миний тооцоогоор цалингаа гар дээрээ аваагүй ч байрны түрээсийн төлбөр болон машины зээлийн мөнгийг суутгуулаад дууссан гэж бодож байна. Тухайн компаниас эмчилгээний зардлаа нэхэмжилнэ. ...Тухайн компанийн ажилчдын нийтийн байр байдаг бөгөөд тухайн нийтийн байрны 48 тоот өрөөг сарын 500,000 төгрөгөөр түрээслэн суудаг байсан. ... Тухайн үед ачигч хийж байсан. Өмнө нь энэ чипсний үйлдвэрт мөн ажилладаг байсан. Энэ компани нь төмс тариад тухайн төмсөө боловсруулж чипс хийдэг компани байгаа юм. Миний бие 2012 оноос хойш энэ компанид ажиллаж байгаа. Дунд нь үйлдвэрлэлийн чиглэл болон нэрээ хэд хэдэн удаа сольсон. Анх ажилд орж байхад анкет бөглөж орсноос өөрөөр гэрээ хийсэн зүйл байхгүй. Мөн нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй байсан. Тухайн компанид тасралтгүй 12 жил ажилласан боловч үндсэн ажилтан гэж явдаггүй юм. Ажилчидтайгаа хөдөлмөрийн гэрээ хийдэггүй. 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдөр гэлтгүй тухайн төмс хураалтын ажил эхэлснээс хойш нэг ч удаа аюулгүй ажиллагааны зөвлөмж өгч байгаагүй. Архи ууж болохгүй л гэдэг байсан. Техник хэрэгслээр хангасан зүйл байхгүй. Ажлын бээлий олгодог байсан. Тухайн компаниас хохирлоо барагдуулж авмаар байна гэсэн мэдүүлгүүд /ХХ-ийн 74-75, 78-7*******-р тал/,
Гэрч Ц.Ууганбадрахын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг: ... Миний бие “Монголиан Снайк Индустрис” ХХК-ийн гүйцэтгэх захирал бөгөөд манайх хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр 2000 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа юм. 2023 оны 05 дугаар сард Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх багийн ойролцоо 28 га тариалангийн газрыг түрээсэлж, төмс тарьсан бөгөөд түүнийгээ хурааж авахаар хүн хүч авахаар болсон юм. Тухайн үед Зоригтбаатар болон түүний эхнэр Мөнхтуяа болон Уранчимэг, Пүрэвдорж, Мянганбаяр, Буяндэлгэр, Номиндэлэг, Хандсүрэн гэх хүмүүсийг авч явсан юм. Зоригтбаатар болон эхнэр Мөнхтуяа нар нь манай ээжийн Сонсголонд байдаг байрыг түрээсэлдэг болохоор зүс танина. Авч явсан ажилчдаараа ногоо хураалтад ажиллуулсан. 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр ажилчид ажилдаа гарчихсан байсан тул сум руу явчхаад ирэхэд Зоригтбаатар газарт хэвтчихсэн 2 талд нь манай компанийн 72-67 УБТ улсын дугаартай автомашин зогсчихсон нөгөө талд нь 2*******-*******5 УАО улсын дугаартай автомашин зогсож байсан. Юу болсон талаар асуухад “72-67 УБТ улсын дугаартай автомашины жолооч Кабиндаа унтаж байхаар нь хүмүүс сэрээгээд “босоорой” гэхэд нь сэрээд автомашиныхаа доод хэсгээс юм авах гэж байгаад тоормос дээрээсээ хөлөө аваад ухарчихсан, ардаа юу байгааг хараагүй тул унтраагаад зогсчихсон байсан 2*******-*******5 УБТ улсын дугаартай машины урд талд ажиллаж байсан Зоригтбаатарыг очоод мөргөчихлөө” гэсэн. Тэгээд би яаралтайгаар Мандал сумын эмнэлэг рүү Зоригтбаатарыг авч явсан. Тухайн үед 72-67 УБТ автомашиныг Баяраа гэх Сэлэнгэ аймгийн Мандал суманд амьдардаг өдрийн ажилтан унаж явсан бөгөөд Зоригтбаатарыг эмнэлэгт хүргэхэд хамт явсан. Тэгээд эмнэлгээс “Зоригтбаатарыг хот руу явж үзүүл” гэсэн тул Зоригтбаатарын эхнэр нь машинаа бариад хот руу явсан. Мөргөсөн гэх жолооч нь бас хамт явсан юм. Мөргөсөн жолооч **************000475 утасны дугаартай Баяраа гэх ах байгаа юм. ... Манай үндсэн ажилтан Хандсүрэн гэх хүнтэй хөдөлмөрийн гэрээ хийсэн байсан. Бусад хүмүүстэй нь ямар нэгэн гэрээ хийгээгүй. Өдрөөр цалинжуулан авч явж байсан. ... Аюулгүй ажиллагааны зөвлөмж, зааврыг бичгээр өгч байгаагүй ч аман байдлаар өгч байсан. Техник хэрэгслийн хувьд ажлын бээлийгээр хангадаг байсан. ... Өмнө нь миний үйл ажиллагаа явуулдаг байсан “Өрнөх Сонсголон” гэх талхны компанид ажилладаг байсан. Одоогийн үйл ажиллагаа явуулж байгаа “Монголион снайк Индастрис” ХХК-д ямар нэгэн байдлаар албан тушаалд томилогдож ажил эрхэлж байгаа зүйл байхгүй. ... Эмчилгээний зардалд 1,500,000 төгрөгийг Зоригтбаатарын данс руу шилжүүлж өгч байсан. Манай ээжийн эзэмшлийн байрыг Зоригтбаатар нь эхнэр хүүхдүүдийн хамт түрээслэн суудаг бөгөөд сарын 500,000 төгрөгийн түрээстэй тухайн түрээсийн байрны 2 сарын төлбөрийг компаниас төлсөн. ... Зоригтбаатар нь өдрийн 40,000 төгрөгийн цалингаар ажиллаж байсан бөгөөд ачилт хийсэн төлбөр нэмж олгодог байсан. Тухайн талбайд Зоригтбаатар нь нийт 3,800,000 төгрөгийн цалин авах байснаас байрны түрээсийн төлбөрт 500,000 төгрөгийг хасаж өөрийнх нь данс руу нярав Уранчимэг маань шилжүүлсэн. Дансны хуулгыг гаргаж өгнө гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 82-84-р тал/
Гэрч Г.Номиндэлэг мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг: ... Би 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт байрлах ногооны талбай дээрээс Зоригтбаатар, Хишигбуян хоёрын хамт ногооны талбай дээр хураагаад тавьчихсан байсан шуудайтай төмсийг цагаан өнгийн улсын дугаарыг нь мэдэхгүй, Хино маркийн тээврийн хэрэгсэл дээр ачаад, хотоос ирдэг замын хажууд байрлах том оврын автомашин буюу шланзан дээр зөөж ачиж байсан. Тэгээд төмсөө ачиж дуусгаад Хино маркийн автомашиныг жолоочид нь хэлээд урагшлуулаад, Шланзны порчикийг хааж байтал намайг Зоригтбаатар “холдоорой” гээд орилсон. Тэгэхээр нь би шланзны голын хоёр дугуйных нь завсраар нь ороод доошоо суучихсан юм. Тэгсэн цагаан Хино маркийн автомашин, шланз машины дугуй хоёрын завсар Зоригтбаатар хавчуулагдчихсан байсан. Тэгээд би Хишигбуянд хэлээд, Хишигбуян Хино маркийн автомашины жолоочид “машинаа урагшлуулаач ээ” гээд орилоод машиныг нь урагшлуулсан. Тэгсэн Зоригтбаатар “гэдэс хэсгээр өвдөөд байна” гээд гэдсээ дараад ёолоод суугаад байсан. Тэгсэн Ууганаа захирал ирээд, Баяраа гэдэг жолоочтой Ууганаа захирал Зоригтбаатарыг аваад Зүүнхараагийн эмнэлэг рүү үзүүлэхээр аваад явсан. ... Шланз маркийн тээврийн хэрэгслийг төв зам дагуу зогсоож байгаад, баруун талаас нь Хино маркийн тээврийн хэрэгслийг ухрааж, хойд талынх нь порчикийг нь буулгаж байгаад төмсөө ачдаг байсан. ... Эвүүр эвдэггүй байсан. ... Хино маркийн автомашины жолоочид хэлээд машиныг нь урагшлуулж байгаад, Шланзны порчикийг хааж байтал, нөгөө Хино маркийн автомашин нь хойшоогоо ухарч ирж алдаад Зоригтбаатарыг хоёр машины дунд хавччихсан юм. ... Жолооныхоо ард суудал дээрээ сууж байсан. ... Зоригтбаатар тухайн үед эрүүл байсан. Ямар ч архи дарс уугаагүй байсан гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 88-р тал/
Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч, цагдаагийн хошууч Ч.Эрдэмболорын 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн №2*******42 дугаартай дүгнэлт: ...
1. Ч.Зоригтбаатарын биед хэвлийн битүү гэмтэл, бүдүүн гэдэсний чацархайн няцрал, баруун хавирганы нум хэсгийн гялтангийн урагдал, хэвлийн хөндийн цусан хураа, баруун хавирганы нум хэсгийн арьсны зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.
3.8. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
4.5.6. Амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаа гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
7. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй гэсэн дүгнэлт /ХХ-ийн 136-137-р тал/,
Сэлэнгэ аймгийн Мандал суманд үйл ажиллагаа явуулдаг “АСБЦД” ХХК-ийн жолооны сургалтын төвийн эрх бүхий албан тушаалтны 2024 оны 05 дугаар 15-ны өдөр нэмэлтээр гаргасан 01/34 дугаартай дүгнэлт: ...
2.1. HINO маркийн 25-67 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Түмэндэмбэрэл овогтой ******* нь ухрах үйлдэл хийгээгүй /Т.*******ийн мэдүүлэгт: Тухайн үед төмсөө өөр тээврийн хэрэгсэлд шилжүүлж ачиж дуусаад, ачиж байсан хүмүүс “урагшлаарай” гэхэд 2 м хэртэй урагшаа яваад тээврийн хэрэгслээ унтраагаад тоормосны дөрөөн дээр гишгэж байсан гэх/.
2.2. HINO маркийн 25-67 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Түмэндэмбэрэл овогтой ******* нь тоормосны дөрөөн дээрээс хөлөө авсны улмаас тухайн тээврийн хэрэгсэл хойшоо уруу газар өнхөрч, хүн мөргөсөн үйлдэл нь зам тээврийн осол биш гэж үзэж байна. Тухайлбал: Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.17-д зааснаар “Зам тээврийн осол” гэж Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.6-д зааснаар “зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг”, мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.15-д зааснаар “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.4-д ““Зам” гэж тээврийн хэрэгслээр зорчиход зориулсан зурвас газрыг. Зорчих хэсэг болон түүний хажуугийн хөвөө, явган хүний зам, тусгаарлах зурвас замд хамаарна” гэж заасан байдаг /Тээврийн хэрэгслийн жолооч Түмэндэмбэрэл овогтой ******* нь тухайн үед болсон осол, хэрэг нь төв асфальтан замаас 100 м орчим зайтай газарт болсон гэх/.
2.3 HINO маркийн 25-67 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Түмэндэмбэрэл овогтой ******* нь хөдөө хээр ногооны талбай дээр төмс ачиж, зөөж байсан үйлдлийг замын хөдөлгөөнд оролцсон гэж үзэхгүй /Зам буюу зорчих хэсгээс 100 м орчим зайтай байсан гэсэн учраас/ гэсэн дүгнэлт /ХХ-ийн 152-153-р тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь:
Т.******* нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Хужирт” гэх газарт 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 12 цаг 00 минутын орчимд “25-67” УНБ улсын дугаартай Хино маркийн тээврийн хэрэгслийг жолоодож байхдаа тээврийн хэрэгслийн тоормосны дөрөөн дээрээс хөлөө авсны улмаас тухайн тээврийн хэрэгсэл хойшоо уруу газар өнхөрч, тээврийн хэрэгслийн ар хэсгээр ард нь ажил хийж байсан иргэн Ч.Зоригтбаатарыг мөргөж, эрүүл мэндэд нь хэвлийн битүү гэмтэл, бүдүүн гэдэсний чацархайн няцрал, баруун хавирганы нум хэсгийн гялтангийн урагдал, хэвлийн хөндийн цусан хураа, баруун хавирганы нум хэсгийн арьсны зулгаралт гэмтэл бүхий хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Т.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Зоригтбаатарт 10,435,000 төгрөгийг төлсөн ба хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 06 сарын хугацаагаар хасаж, 06 сарын хугацаагаар Зорчих эрхийг хязгаарлах ял Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Прокурорын саналыг баталж, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол арилсан зэргийг харгалзан хуульд заасан үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх тухай Прокурорын санал дүгнэлтийг хүлээн авах үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Т.*******өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 06 сарын хугацаагаар хасаж, 06 сарын хугацаагаар Зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, шүүгдэгч Т.*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан, эрүүгийн хариуцлагаас буюу /Зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлөх/ нь тухай прокурорын дүгнэлтийг шүүх хүлээн авах зүйтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Т.******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаад
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******ийн Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 06 сарын хугацаагаар хасаж, 06 сарын хугацаагаар Зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж, уг ялыг эдлүүлэхээс чөлөөлсүгэй.
3. Хохирогч Ч.Зоригтбаатар нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэмтлээ эмчлүүлэхэд гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуульд зааснаар нэхэмжлэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Т.*******ийн 335254 дугаартай B.C.D.E ангиллын жолооны үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлсүгэй.
5. Энэ хэрэгт Т.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй зэргийг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Т.*******өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар энэ зүйлийн дахь хэсэгт заасны дагуу гаргасан шийтгэх тогтоолд прокурор, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах гомдол эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.