Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 2024/ШЦТ/71

 

2024 оны 06 сарын 17-ны өдөр              2024/ШЦТ/71                                  Мандал сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан Эрүүгийн шүүх хуралдаанаар:

                        Нарийн бичгийн дарга                              Б.Баттөгөлдөр

                        Улсын яллагч                                            Г.Тунгалаг

                        Шүүгдэгч                                                   Л.Бямбацог нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын Прокурор, хууль цаазын дэд зөвлөх Г.Тунгалагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Л.Бямбацогт холбогдох 2432000000071 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, ******* оны 06 дугаар сарын 09-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг ******* №******* тоотод оршин суух хаягтай, Ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт ******* *******6.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Л.Бямбацог нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр П.*******тай маргалдаж, чулуу шидсэний улмаас түүний биед баруун хацарт шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Л.Бямбацог нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр П.*******тай маргалдаж, чулуу шидсэний улмаас түүний биед баруун хацарт шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Хохирогч П.*******ы мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг: ... 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр би гэрээсээ гараад эмнэлэгт үзүүлэх гээд Нарангийн гудамжаар явж байтал манай эхнэрийн дүүгийн нөхөр Л.Бямбацог согтуу таарсан юм. Гэтэл Л.Бямбацог согтуугаар над руу агсарч “та хэрэгтэй, хэрэггүй юм хүнд ярилаа” гэж орилж дайраад газраас чулуу аваад миний баруун талын хацар руу нэг удаа цохичхоод өөрөө зугтаагаад явсан. Түүнээс 2 хоногийн өмнө Л.Бямбацог манай гэрт согтуу ирээд “танай хүүхдүүдийг манай хүргэн жаргаасан, зардлыг дааж Вьетнам улс руу явуулсан” гэх утгатай зүйл ярьсан юм. Би түүнийг нь өөрийн хүргэндээ “Л.Бямбацогийн хүргэн чиний зардлыг дааж гадаадад аялуулсан байна” гэж ярьсан. Гэтэл манай хүргэн “тийм зүйл байхгүй, байгууллагын зардлаар би аялж ирсэн” гэж хэлсэн. Л.Бямбацогийн надад худал ярьсныг нь би мэдээгүй л хүргэндээ хэлчихсэн. Тэгээд манай хүргэн дээрх ярьсан өгүүллийг Л.Бямбацогийн хүргэнд хэлээд тэр нь Л.Бямбацогт хэлсэн юм билээ. Тэгээд л Л.Бямбацог надад уурлаж намайг цохисон. Түүнд цохиулсны улмаас миний баруун хацарт шарх үүсэж, 6 оёдол тавиулсан. Өөр миний биед учирсан гэмтэл шарх үгүй. Би түүнээс нэхэмжлэх ямар нэгэн зүйл байхгүй. Хуулийн дагуу шалгуулмаар байна гэх мэдүүлэг /ХХ-ийн 8-10-р тал/

Сэлэнгэ аймаг Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 144 дугаартай дүгнэлт: ...

 

1. П.*******ы биед баруун хацарт шарх гэмтэл тогтоогдсон.

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /ХХ-ийн 17-18-р тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь:

 

Л.Бямбацог нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр /өөрийн баз хүргэн ах/  П.*******тай маргалдаж, чулуу шидсэний улмаас түүний биед баруун хацарт шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч Л.Бямбацог нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.******* учирсан хохирол төлбөрөө бүрэн авсан тул дахиж хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэсэн  тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Мөн Л.Бямбацог нь Иргэний нэхэмжлэгч Х.Далайбаатарын   Эрүүл мэндийн даатгалын санг төлөөлж  нэхэмжилсэн 242,900 төгрөгийг 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд тушааж хохирол төлбөрийг барагдуулсан байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450,000 төгрөгийн ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Л.Бямбацогт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Л.Бямбацог нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдаж

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2.4, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт ******* Бямбацогийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бямбацогийг 450 нэгж буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар ялтан Л.Бямбацогийг торгох ялыг 03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Хохирогч П.******* нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэмтлээ эмчлүүлэхэд гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуульд зааснаар шүүхэд  нэхэмжлэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт Л.Бямбацог нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй зэргийг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Л.Бямбацогт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь  хэсэгт зааснаар энэ зүйлийн дахь хэсэгт заасны дагуу гаргасан шийтгэх тогтоолд прокурор, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр  давж заалдах гомдол эсэргүүцэл гаргах эрхтэйг  дурдсугай.