Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2025 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2025/00202

 

Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Н.Баярмаа, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн

2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 191/ШШ2025/04507 дугаар шийдвэр,

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 210/МА2025/01302 дугаар магадлалтай

Э-ын нэхэмжлэлтэй,

Ш-т холбогдох

2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 5717 дугаар тогтоолын Эын гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Э-ын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э, нэхэмжлэгийн өмгөөлөгч О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Э нь хариуцагч Ш-т холбогдуулан 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 5717 дугаар тогтоолын Э-ын гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

  1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 191/ШШ2025/04507 дугаар шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсгийг баримтлан, “Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай” 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн №5717 дугаар тогтоолоор нэхэмжлэгч Э-ын гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн хэсгийг хүчингүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгуулж шийдвэрлэжээ.

  1. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 210/МА2025/01302 дугаар магадлалаар: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 191/ШШ2025/04507 дугаар шийдвэрийг хүчингүй болгож,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ш-т холбогдуулан гаргасан 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 5717 дугаар тогтоолын Э-ын гадаад зорчих эрхийг түдгэлзүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Э-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

  1. Нэхэмжлэгч Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.1-д заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, мөн хуулийн 172.2.3-т заасан хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн гэх үндэслэлээр гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан. Учир нь Нийслэлийн Шаас Э-ын гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тухай тогтоол гаргахдаа түүнд мэдэгдээгүй, нэг ч удаа дуудаж байгаагүй ба энэ талаараа анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт энэ тухайгаа итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдүүлдэг, мөн хэрэгт энэ тухай баримт байдаггүй, авагдаагүй юм.

Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсгийн 3.1-д “ийнхүү 2016.01.20-ны өдрөөс эхлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан боловч үр дүнд хүрээгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2021.04.29-ний өдөр гадаадад зорчих эрхийг нь түдгэлзүүлсэн тухай мэдэгдлийг “Б” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ц-, гүйцэтгэх захирал Э нарт оршин суугаа хаягаар хүргүүлж холбогдох тэмдэглэлийг үйлдсэн. Энэ мэдэгдэх хуудсыг хүлээн аваагүй болохоо нэхэмжлэгч ИХШХШТХ-ийн 25.2.2 болон 38.1 дэх хэсэгт зааснаар няцаагаагүй гэж шүүх дүгнэсэн нь буруу байна. Учир нь нэхэмжлэгч анхнаасаа нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ хангалттай дурдсан, шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн байдаг.

Харин хариуцагч мэдэгдсэн талаараа хэзээ хаанаасаа гаргаж хийсэн баримт үзүүлж, энэ талаараа тэмдэглэл үйлдсэн гэж тайлбар хийж байгаа нь үндэслэлгүй, нотлох баримтын үнэлэмжгүй баримт юм. Ямар шуудангаар хэзээ хүргэгдсэн, шуудан хаяг дээр очсон эсэх нь эргэлзээтэй баримтгүй, Э-ын хүлээн авсан гарын үсэг байхгүй, байгууллага дээрээ нэг ч дуудан ирүүлсэн тайлбар мэдүүлэг авсан талаар, утсаар ярьсан талаар ямар ч баримт байдаггүй юм. Энэ нь хариуцагчид ямар ч няцаасан баримт болоод мэдүүлэг байхгүй байгаа талаар анхан шатны шүүх дүгнэсэн байдаг юм.

Мөн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хувьцаа эзэмшигч захирал Ц-ыг 2016 оноос хойш дуудаж түүн дээр ажиллагаа хийгдсэн атлаа Э-ыг өдий хүртэл огт дуудаагүй, ямар нэг тайлбар мэдүүлэг аваагүй нь бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон юм.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан аль үндэслэлээр гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн, тэр үндэслэл нь хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан, одоо ажиллахаа болиод 10 гаруй жил болсон ажилтанд хамаатай эсэх, мөн компанийн өмнөөс үүрэг хүлээх нь хуульд нийцэж байгаа эсэх тодорхой бус байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59.1, 59.2-д эрхийг нь хязгаарласнаа мэдэгдэнэ гэж заасан байдаг ба мэдэгдээгүй нь өөрөө хуулийг биелүүлээгүй, хуулийг зөрчиж байгаа нь миний хууль ёсны эрх ашгийг маш олон жил зөрчиж байгаа юм.

Э нь “Б” ХХК-ийн захирал, хувьцаа эзэмшигч Ц-ын эгч О-тай урьд хамт ажилладаг байсан болохоор таньдаг байсан. Улмаар 2013 онд намар эгчээрээ дамжуулж Ц нь уулзахдаа “манай “Б” ХХК-д ажиллаад зөвхөн манай бичиг цаасны ажлуудыг цэгцлээд өгөөч, санхүү мөнгөний үйл ажиллагаагаа өөрөө хариуцна” гэж санал тавихаар нь тэр саналыг хүлээн аваад, санхүүгийн үйл ажиллагаанд оролцохгүйгээр, бичиг цаас үйл ажиллагааг нь хариуцахаар болсон ба 2013 оны 11 сараас эхэлж сарын 1 сая төгрөгийн цалинтайгаар 2014 оны 3 сар хүртэл нийт 5 сар ажилласан юм.

“Б” ХХК нь цахилгааны бетонон шон үйлдвэрлэдэг, 20 гаруй ажилтантай, Баянгол дүүргийн нутаг дэвсгэр ТЭЦ-3-н урд талд байрлах түрээсийн байранд үйл ажиллагаа явуулдаг компани байсан. Э нь ажиллах хугацаандаа нэг ч санхүүгийн үйл ажиллагаанд нь оролцоогүй, харин бичиг цаасны ажил болох ажлын байрны тодорхойлолт хийх, ажил үүргийн хуваарь хийх, байгууллагын дотоод журам, дотоод үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажилласан байдаг юм.

Гэтэл 2014 оны 02 сараас компанийн үйл ажиллагаа доголдож цалин мөнгөө хугацаандаа тавихгүй, компанийн ажилчид гомдол гаргаж эхэлсэн. Тухайн үед ч Э нь өөр ажилд орох гэж байгаагаа хэлж, “Б” ХХК-ийн бичиг цаасыг цэгцэлж дууссан байсан болохоор нийгмийн даатгалаа бөглүүлээд ажлаасаа гарсан. Ингээд Э нь өөр газарт ажил хийгээд явсан бөгөөд захирал Ц-той ч нэг их холбоо байгаагүй, уулзаагүй олон жил болсон.

Гэтэл Э нь 2024 оны зун Япон улсад сурдаг охин дээр очих гээд эхнэртэйгээ нисэх онгоцны буудал дээр очиж хил гарах гээд бүртгүүлтэл, надад Шаас хилийн хориг тавигдсан талаар мэдсэн. Ингээд шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар очиж уулзтал тухайн үед ажиллаж байсан “Б” ХХК нь 2015 оноос 2016 оны хооронд шүүхээр орсон бусдад төлөх өр төлбөртэй шүүхийн шийдвэр, гүйцэтгэх хуудсуудтайгаа мэдсэн. Үүний улмаар хилийн хориг болоод аливаа хязгаарлалтууд тавигдсан талаар мэдсэн. Энэ талаар тухайн үед шүүхээс болон Шаас надад огт мэдэгдэж байгаагүй, нэг ч удаа дуудаж байгаагүй, хориг хязгаарлалт тавьснаа нэг ч удаа мэдэгдэж байгаагүй.

Энэ талаар Ш-ын ахлах гүйцэтгэгч, Ш-ын ерөнхий гүйцэтгэгчид гомдол гаргаж эрх ашгийг зөрчсөн байна, “Б” ХХК-д нийт 5 сар л ажилласан, ажлаасаа гараад 10-аад жил болсон, мөн миний бие “Б” ХХК-д хувьцаа эзэмшдэггүй, оруулсан хөрөнгө байхгүй, тухайн үед Хөдөлмөрийн гэрээгээр цалинтай тодорхой хугацаанд ажилласан тул дээрх хязгаарлалт хийсэн шийдвэрээ хүчингүй болгож өгнө үү гэж холбогдох нотлох баримтуудыг хавсаргаж өгсөн боловч татгалзсан хариу өгсөн юм.

Иймд Ш-аас шийдвэр гаргаж ажиллагаагаа явуулахдаа төлбөр төлөгч болон хариуцаж байгаа хүндээ шийдвэрээ танилцуулаагүй, хуульд заасны дагуу хүнд нь мэдэгдээгүй, баримт материалаа шалгах ажиллагаа огт хийгээгүй, дуудаагүй, мэдэгдээгүй байж шууд хүнд хориг хязгаарлалт тавьж байгаа нь үндэслэлгүй бөгөөд Э миний эрх ашгийг ноцтой зөрчиж байна.

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44.3, 44.4 дэх хэсэгт заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа бөгөөд үндэслэлгүй хууль бус шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэж анхан шатны шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан юм.

Иймд ИХШХШТХ-ийн 176.2.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

  1. Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар нэхэмжлэгч Э-ын гаргасан гомдлыг хэлэлцээд хоёр шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2025.10.24-ний өдрийн 001/ШХТ2025/00975 дугаар тогтоолыг гаргажээ.

ХЯНАВАЛ:

  1. Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
  1. Нэхэмжлэгч Э нь Ш-т холбогдуулан 2021.05.03-ны өдрийн 5717 дугаар тогтоолын Э-ын гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ: ...2024 оны зун Япон улсад зорчихоор хил гарах гэтэл хилийн хориг тавигдсан гэх үндэслэлээр намайг хилээр гаргаагүй. Ингээд Ш очиж уулзтал 2013-2014 онд ажиллаж байсан “Б” ХХК-аас төлбөр гаргуулахаар  шүүхийн шийдвэр гарч, төлбөрөө төлөөгүй үндэслэлээр миний гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн болох нь тогтоогдсон. Би “Б” ХХК-д 2013 оны 11 дүгээр сараас 5 сарын хугацаатай л ажилласан тул компанийн өмнөөс ямар нэг хариуцлага хүлээх этгээд биш, түүнчлэн надад шүүхээс болон Ш-аас энэ талаар огт мэдэгдэж байгаагүй. Хэрвээ хилийн хориг тавьсан мэдээллийг надад өгсөн бол би Япон улс руу явахаар виз мэдүүлж, тасалбар захиалахгүй байсан. Ш-аас шийдвэрээ хуульд заасны дагуу мэдэгдээгүй, шалгах ажиллагаа огт хийгээгүй байж шууд хязгаарлалт тавьж байгаа нь үндэслэлгүй...” гэж тайлбарласан,

Хариуцагч хариу тайлбартаа: “...Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан тул төлбөр төлөхөөс санаатай зайлсхийж байгаа Эын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж тайлбарласан,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Б” ХХК-ийн ерөнхий захирал Ц- тайлбартаа: “...нэхэмжлэгч нь манай компанид 2013-2014 оны хооронд гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, тэрээр ажлын байрны хяналт, хүний нөөцийн асуудлыг хариуцдаг байсан бөгөөд санхүүгийн асуудлыг хариуцах эрхгүйгээр ажиллаж байсан, компанийн өмнөөс хариуцлага хүлээх эрх байхгүй, миний бие бүх асуудлыг өөрөө хариуцаж байгаа...” гэж тайлбарласан.

8. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ: “...Монгол Улсын Үндсэн Хуулиар олгогдсон иргэний үндсэн эрх, эрх чөлөөнд хамаарах гадаадад явах эрхийг хязгаарлах үндэслэл болсон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т заасан бодит үндэслэл тогтоогдоогүй байхад эрх хязгаарлах арга хэмжээг авсан нь буруу болжээ. ...Э нь төлбөр төлөхөөс зайлсхийх зорилгоор гадаад улсад оргон зайлж болзошгүй нөхцөл байдал үүссэн гэх байдал хэрэгт цугларсан баримтаар тогтоогдоогүй байна. Мөн 2021-2024 оныг хүртэлх хугацаанд хилийн хориг арга хэмжээ өөрт нь авагдсаныг огт мэдээгүй, мэдэгдээгүй гэж маргасныг хариуцагч баримтаар няцаагаагүй нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2-т заасан “Энэ хуулийн 59.1-д заасан шийдвэр гарсан бол төлбөр төлөгч-иргэн, төлбөр төлөгч-хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан эсхүл төлөөлөгчид түүний гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тухай мэдэгдэнэ” гэсэн үүргийг шийдвэр гүйцэтгэх байгууллага хэрэгжүүлээгүй байна...” гэж дүгнэж, Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2021.05.03-ны өдрийн №5717 дугаартай Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай тогтоолын Э-ын гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх хэсгийг хүчингүй болгосон,

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ: “...2015-2017 оны хүчин төгөлдөр шийдвэрээр “Б” ХХК-аас нийт 156,493,724 төгрөгийг гаргуулан төлбөр төлөгч нарт олгуулахаар шийдвэрлэсэн, үүний дагуу 2016.01.20-ны өдрөөс эхлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 2021.04.29-ний өдөр гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай мэдэгдэх хуудсыг төлбөр төлөгч “Б” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ц, гүйцэтгэх захирал Э нарт оршин суугаа хаягаар нь хүргүүлсэн. Тус мэдэгдэх хуудсыг хүлээн аваагүй болохоо нэхэмжлэгч баримтаар няцаагаагүй. Нэхэмжлэгч нь төлбөр төлөгч хуулийн этгээдэд хэсэг хугацаанд ажилласан, ажиллахаа больсон гэх боловч улсын бүртгэлд зохих өөрчлөлт ороогүй, гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлсөн эрх бүхий этгээдийн шийдвэр хэрэгт авагдаагүй. Гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх шийдвэр гарсан даруй төлбөр төлөгч талд мэдэгдээгүй нь уг арга хэмжээг хүчингүй болгох үндэслэл болохгүй...” гэж дүгнэжээ.

9. Дээр дурдсанчлан, хоёр шатны шүүх үйл баримттай холбогдуулан эрх зүйн өөр дүгнэлт хийж, зөрүүтэй шийдвэр гаргасан байх тул шүүх хуулийг зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн талаарх нэхэмжлэгчийн гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д зааснаар хэргийг хянан хэлэлцлээ.

10. Хэрэгт цугларсан баримтаар нэхэмжлэгч нь Э нь 2013 оны 11 сараас 2014 оны 3 сар хүртэлх хугацаанд “Б” ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд ажиллаж байсан, төлбөр төлөгч “Б” ХХК нь бусдад 156,493,724 төгрөгийн төлбөртэй болох нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүдээр тогтоогдсон, дээрх шийдвэрт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, төлбөр төлөгдөөгүй үндэслэлээр Ш-ын 2021.04.29-ний өдрийн саналыг үндэслэн Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2021.05.30-ны өдрийн №5751 тогтоолоор “Б” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Ц, гүйцэтгэх захиарл Э нарын гадаадад зорчих эрхийг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болох хүртэл хугацаанд түдгэлзүүлсэн үйл баримт тогтоогдсон байна.

11. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д “Тавин сая төгрөгөөс дээш хөрөнгийн шаардлага бүхий гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй, эсхүл тэжээн тэтгэх үүргээ 3 сараас дээш хугацаагаар биелүүлээгүй төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг дараах үндэслэлээр түдгэлзүүлж болно”, 59.1.1-д “эрэн сурвалжлагдаж байгаа, эсхүл төлбөр төлөхөөс санаатай зайлсхийсэн”, 59.1.2-т “хөрөнгө нуун дарагдуулсан”, 59.1.3-т “төлбөр төлөхөөс зайлсхийх зорилгоор гадаад улсад оргон зайлж болзошгүй” гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх заалтыг нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан үзвэл нэхэмжлэгч нь тавин сая төгрөгөөс дээш хөрөнгийн шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй төлбөр төлөгч байх, улмаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн  59 дүгээр зүйлийн 59.1.1-59.1.3-т заасан үндэслэл тогтоогдсон тохиолдолд түүний гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлж болохоор байна.

12. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-т төлбөр авагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, үүргээ биелүүлээгүй гэж гүйцэтгэх баримт бичигт заасан хүн, хуулийн этгээдийг төлбөр төлөгч гэнэ гэж тодорхойлсон ба гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн шийдвэр гарсан бол …төлбөр төлөгч хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан, эсхүл төлөөлөгчид түүний гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн тухай мэдэгдэнэ гэж хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2-т зохицуулсан.

Хэдийгээр нэхэмжлэгч Э нь “Б” ХХК-д ажилладаггүй гэх боловч тэрээр 2013-2014 онд тус компанид гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа улсын бүртгэлд компанийг төлөөлөх эрх бүхий этгээдээр бүртгэгдсэн, бүртгэлд өөрчлөлт ороогүй байх тул түүнийг төлбөр төлөгч хуулийн этгээдийг төлөөлөх этгээд мөн гэж үзсэнийг буруутгах үндэслэлгүй.

13. Шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгч хуулийн этгээдийн хөрөнгөөс төлбөр гаргуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлд заасан дарааллыг  баримтлах үүрэгтэй.

Хэрэгт цугларсан баримтаар хариуцагч нь хуульд заасан журам, дарааллын дагуу төлбөр барагдуулах үйл ажиллагаа явуулснаа нотлоогүй, 2021 оноос хойш төлбөр төлөгч “Б” ХХК-ийн төлбөрийн талаар гүйцэтгэх захирал гэх нэхэмжлэгч Э-т мэдэгдсэн баримтгүй, төлбөр төлөх хугацаа тогтоож, тогтоосон хугацаанд шаардлагыг биелүүлээгүй гэж үзэх үндэслэлээ нотлоогүй, түүнчлэн нэхэмжлэгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх хуульд заасан үндэслэл тогтоогдсон болохыг нотолсон баримтгүй байна.

14. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмыг зөрчжээ.

Тухайлбал, шийдвэр гүйцэтгэх алба төлбөр төлөгч хуулийн этгээдийн албан тушаалтны эрхийг хязгаарлах шийдвэр гаргахдаа тус шийдвэр гаргах урьдчилсан нөхцөл болох төлбөр барагдуулах шаардлага тавьж, тодорхой хугацаа тогтоосон тухай баримтгүй байхад тогтоосон хугацаанд шаардлагыг биелүүлээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн гадаадад зорчих эрхийг нь хязгаарласан нь хууль зөрчөөгүй гэсэн үндэслэлгүй дүгнэлт хийсэн, түүнчлэн нэхэмжлэгчийн эрхийг хязгаарласан тухай мэдэгдэх хуудсыг баталгаат шуудангаар хүргүүлсэн талаар шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд тусгаснаас өөрөөр нотлоогүй байхад нэхэмжлэгчийг мэдэгдэх хуудас хүлээж аваагүй болохоо нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, баримтаар няцаагаагүй гэж дүгнэхдээ талуудын нотолгооны үүргийг буруу хуваарилсан, нотлох баримт үнэлэх хуульд заасан журмыг зөрчсөн гэж үзнэ.

Ийнхүү давж заалдах шатны шүүх ийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байх тул магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлтэй байна.

15. Нэхэмжлэгч Эын “Б” ХХК-ийн өр төлбөрийн асуудлыг мэдээгүй гэх тайлбарыг хариуцагч баримтаар няцаагаагүй, тодруулбал, нэхэмжлэгчийг шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлбөр төлөгчийн төлөөлөгчөөр татан оролцуулаагүй, оролцуулсан үйл баримт тогтоогдоогүй байхад төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасан гадаадад зорчих эрх хязгаарлах арга хэмжээ авсан нь хуульд нийцээгүй.

Түүнчлэн нэхэмжлэгч нь төлбөр төлөхөөс зайлсхийх зорилгоор гадаад улсад оргон зайлж болзошгүй нөхцөл байдал үүссэн гэх байдал хэрэгт цугларсан баримтаар тогтоогдоогүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт  зөв, хэрэгт цугларсан баримтад үндэслэгджээ.

Шийдвэр гүйцэтгэх байгууллага нэхэмжлэгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх, хориглох арга хэмжээ авахдаа нэхэмжлэгчид энэ талаар мэдэгдээгүй нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2-т заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2021.05.03-ны өдрийн “Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхий түдгэлзүүлэх тухай №5717 дугаар тогтоолын Э-т холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

 Анхан шатны шүүх зохигчийн хооронд үүссэн маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсний үндсэн дээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэжээ.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 210/МА2025/01302 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 191/ШШ2025/04507 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч Эын гомдлын хангасугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч Эаас 2025.8.22-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                Г.АЛТАНЧИМЭГ

                           ШҮҮГЧИД                                                      Н.БАЯРМАА

                                                                                                   Б.УНДРАХ

                                                                                                   Д.ЦОЛМОН

                                                                                                   Х.ЭРДЭНЭСУВД