Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 37

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны                                            шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааныг  шүүгч Д.Сугар даргалж, шүүгч С.Насанбуян, Х.Санжидмаа нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон

Иргэдийн төлөөлөгч С.Оюун-Эрдэнэ

Улсын яллагч Ц.Роза,

         Хохирогч Ц.Сайнжаргал

         Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр

Шүүгдэгч Н.Онон нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Давхай овгийн Норжинсүрэнгийн Ононд холбогдох 201717000018 дугаартай хэргийг 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч,  хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1991 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар аймгийн Асгат суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4-үүлээ  охин , ээж, ах нарынхаа хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 2008 оны 03 сарын 18-нд Сүхбаатар аймгийн сум дундын шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 1 сарын хорих ял оногдуулж уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, регистрийн дугаар ЛА91122515, Давхай овогт Норжинсүрэнгийн Онон

 

Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч Н.Онон нь 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Стар бааранд тус баарны бармен Ц.Сайнжаргалыг үл ялих зүйлээр шалтаглан бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, хоолны цэсийг зэвсгийн чанартай ашиглан, бусдын махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч  Н.Онон  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна, тухайн өдөр сэтгэл санаа жаахан хямралтай архи уугаад явж байсан. Тэгээд Стар бааранд ороод ийм зүйл болсон. Би согтуу байсан. Менюг зэвсэг гэж мэдээгүй,  намайг бохь байна уу гэхэд бармен нь  бохь байхгүй, менюг өг гэхээр нь менюг шидсэн. Ийм л зүйл болсон  гэх,

 

         - Хохирогч Ц.Сайнжаргал  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн үед би Стар бааранд бармен хийдэг байсан. Тэр өдөр би ажлаа хүлээж авч байхад энэ залуу нилээн согтуу орж ирсэн. Орж ирээд архи авья гэхээр нь согтуу хүнд үйлчлэхгүй гэж хэлэхэд бохь байна уу гэсэн. Би байхгүй, бараагаа хүлээж авч байна, бас согтуу хүнд үйлчлэхгүй  гээд эргээд хартал түүний над руу шидсэн меню нь миний хацар хавьд оносон. Ийм л зүйл болсон  энэ залуу надад эмчилгээний зардал гэж 380.000 төгрөг өгсөн миний хувьд гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй гэв. 

 

           - Хохирогч Ц.Сайнжаргалын  мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2016 оны 12 сарын 20-ны орой 19 цагийн үед ажил дээрээ байхад нэг залуу ганцаараа орж ирэхээр нь би согтуу хүнд үйлчлэхгүй, тэгээд ч манайх ажиллаж эхлээгүй байна гэсэн чинь уурлаад гараад явсан. Эргээд 20 минут орчмын дараа орж ирээд бохь байна уу гэхээр нь  байхгүй гэж хэлчхээд цаашаа хараад хөгжмөө суллачихаад эргээд хартал  текен дээр байсан менюг над руу авч шидсэн чинь нүүрэн дээр оноод зүүн нүд болон уруулаас цус гарсан. Тэгээд би цагдаад хэлээд, эмнэлэгт очиж үзүүлсэн. Намайг үйлчилгээ хийхгүй гэж хэлсэн чинь уурлаад байсан. Надад гомдол санал, нэхэмжлээд байх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 13 х/

 

              - Гэрч Ч.Жаргалсайханы мөрдөн байцаалтанд өгсөн: ...манай бармен Ц.Сайнжаргал текнийхээ ард нүүрээ дарчихсан, нүүр нь цус болчихсон зогсож байсан. Бааранд нэг танихгүй залуу зогсож байсан бөгөөд Ц.Сайнжаргал надад “ энэ залуу нүүр рүү меню шидчихлээ” гэж хэлсэн. Удалгүй цагдаа орж ирээд тэр залууг аваад явсан. Манай бааранд эвдэрсэн зүйл байхгүй, надад нэхэмжлэх зүйл, санал гомдол байхгүй... гэх мэдүүлэг, /хх-н 15 х /

 

- Гэрч Б.Баатарзоригтын мөрдөн байцаалтанд өгсөн: ...Тэр өдөр Н.Онон манай гэрт ирээд бид хоёр 1 шил Ерөөл архи уусан. Тэгээд орой 18 цагийн үед Онон манай гэрээс гараад явсан, тийм ч согтуу байгаагүй. Хэд хоногийн дараа би Н.Ононг манайхаас гарч яваад бааранд хүнтэй маргалдсан гэж сонссон.. гэх мэдүүлэг, /хх-н 15 х /

- Гэрч Ж.Дашзэвэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...Би Асгат сумын хэсгийн төлөөлөгчөөр 2013-2015 оны хооронд ажиллаж байсан. Н.Ононг танина, садан төрлийн холбоо байхгүй. Намайг хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байхад Н.Онон нь ямар нэгэн зөрчилд холбогдож байгаагүй. Хөдөө ээжийнхээ хамт мал малладаг байсан. Зан байдлын хувьд хүнтэй их нийтэч, төлөв томоотой залуу... гэх мэдүүлэг, /хх-н 19-20 х /

 

- Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 12 сарын 25-ны өдрийн 541 дугаартай дүгнэлтэд /хх-н 13 х /

- Ц.Сайнжаргалын биед  тархи доргилт, доод уруулын дотор салстын язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо

           -Дээрх гэмтэл хатуу зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ

- Уг гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 

- Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй, гэсэн дүгнэлт,

 

           -Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас  / хх-н 38 х /

 

- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4-р багийн засаг даргын 2017 оны 02 сарын 09-ний өдрийн 4/42 тоот тодорхойлолт / хх-н 41 х /

 

- Н.Ононгийн иргэний үнэмлэхийн лавлагаа, / хх-н 36 х / 

 

- Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн 2008 оны 03 сарын 18-ны өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоол / хх-н 39-40 х /

 

- Эд зүйл хураан авсан тэмдэглэл / хх-н 65 х / зэрэг болно.  

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, мөн шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, гэрч нарыг байцаахдаа Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно. 

 

Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Ононг 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Стар бааранд тус баарны бармен Ц.Сайнжаргалыг үл ялих зүйлээр шалтаглан бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, хоолны цэс буюу /менюг/ зэвсгийн чанартай ашиглан, бусдын махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан гэж эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар  яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Н.Ононгийн “...Би согтуу байсан. Менюг зэвсэг гэж мэдээгүй,  намайг бохь байна уу гэхэд бармен нь  бохь байхгүй, менюг өг гэхээр нь менюг шидсэн. Ийм л зүйл болсон...” гэх, хохирогч Ц.Сайнжаргалын  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... орж ирээд архи авья гэхээр нь согтуу хүнд үйлчлэхгүй гэж хэлэхэд бохь байна уу гэхээр нь би байхгүй, бараагаа хүлээж авч байна, бас согтуу хүнд үйлчлэхгүй  гээд эргээд хартал түүний над руу шидсэн меню нь миний хацар хавьд оносон ийм л зүйл болсон...” гэх мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, эд мөрийн баримт зэргийг шинэчлэн судалж дүгнэлт хийхэд шүүгдэгч Н.Ононг хоолны цэс буюу /менюг/ зэвсгийн чанартай хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Учир нь  Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан “зэвсэг” гэдэгт иж бүрдэл, бүтцийн хувьд  амьд болон бусад биетийг  устгах, гэмтээх, мөн бие хамгаалах болон дохио өгөх зориуллаттай эд зүйл тоног төхөөрөмж, хэрэгслийг,  “зэвсгийн чанартай бусад зүйл” гэдэгт ахуйн болон аж ахуйн зориулалт бүхий, эсхүл хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулж болох эд зүйл, хэрэгслийг хамааруулж ойлгохоор заасан байдаг гэтэл тухайн баарны хоолны цэс буюу  /меню/ дээрхи эд зүйлд хамааралгүй, зориулалтын хувьд зэвсгийн чанартай зүйлд тооцогдохгүй гэж шүүх үзлээ. Иймд шүүгдэгч Н.Ононд холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Харин шүүгдэгч Н.Онон нь 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Стар бааранд тус баарны бармен Ц.Сайнжаргалыг үйлчилсэнгүй гэж үл ялих зүйлээр шалтаглан нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, маргалдан улмаар түүн рүү хоолны цэс буюу /менюг/  шидэж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэх үндэслэл тогтоогдож байна. 

 

           Иймд шүүгдэгч Н.Ононг үл ялих зүйлээр шалтаглан, бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, түүний бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т заасан хорих ялыг оногдуулах үндэслэлтэй  гэж шүүх үзнэ.

 

Шүүхээс ял шийтгэл ногдуулахад шүүгдэгч Н.Ононг хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж, учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас  гэмшсэн зэрэг нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Харин согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т  заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал болно.

            Шүүгдэгч Н.Онон нь хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлж байгаа, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн,  үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, ам бүлдээ 3 настай охины хамт амьдардаг зэрэг шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх дүгнэлээ.

 

             Шүүгдэгч Н.Онон нь  цагдан хоригдсон хоноггүй,  хохирогчид эмчилгээний зардал 380.000 төгрөг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт  бичиг баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй гомдолгүй гэснийг тус тус дурдах нь  зүйтэй байна. Харин эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн менюг Стар баарны эзэн Ч.Жаргалсайханд буцаан олгохоор шийдвэрлэв.

 

            Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  246 дугаар зүйлийн 246.2, 283, 284, 286, 293, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Сүхбаатар  аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Ононд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар зүйлчилснийг өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар зүйлчилсүгэй.

 

2. Шүүгдэгч Давхай овогт Норжинсүрэнгийн Ононг үл ялих зүйлээр шалтаглан, бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, бусдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар шүүгдэгч Н.Ононг 3 /гурван/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д заасныг журамлан ялтан Н.Ононд оногдуулсан 03 жил 10 хоногийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид  эдлүүлсүгэй.

 

           5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг журамлан ялтан Н.Ононд оногдуулсан 03 жил 10 хоногийн хорих ялыг тэнсэж, 1/нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар тэнсэгдсэн ялтан Н.Ононд хяналт тавихыг Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

 

           7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хоолны цэс буюу /менюг/ Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн иргэн Чулуунбаатарын Жаргалсайханд буцаан олгосугай. 

 

           8. Ялтан Н.Онон нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй бөгөөд хэрэгт   бичиг баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ц.Сайханжаргалд эмчилгээний зардалд 380.000 төгрөг төлсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

            9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Н.Ононд урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

            10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол  танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

                                     

 

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ           Д.СУГАР

 

ШҮҮГЧИД                          С.НАСАНБУЯН

 

Х.САНЖИДМАА