Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 102/шш2021/03037

 

 

 

 

 

     

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

...... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ...... дүүрэг, 8 дугаар хороо, 3 дугаар хороолол, ... дүгээр байрны 59 тоотод оршин суух, Б овогт Ш.Д /РД: ........../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, ...... дүүрэг, 5 дугаар хороо, ......... гудамж, өөрийн байр, Н.Г ,

 

Үнэлгээ, анхны болон хоёр дахь дуудлага худалдаа явуулах тухай тогтоол хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Г , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгуль нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.Д гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э гийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: ...... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 000/ШШ0000/00000 дугаартай захирамжаар нэхэмжлэлийн шаардлага 46,973,630.29 төгрөгийг хариуцагч Д.Ц , Ш.Д нар 2020 оны 03 дугаар сарын 15-ны дотор төлөх, төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох С дүүргийн 6 дугаар хороо, 3-00 тоот хаягт байрлах 21 м/к талбай бүхий 1 өрөө орон сууцнаас хангуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Уг шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр тус шүүхийн 2019 оны 000 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэн.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ажиллагааны явцад төлбөр төлөгч Ш.Д гийн өмчлөлийн эрхийн С дүүрэг, 6 дугаар хороо, Б.Т гудамж, 3 дугаар байр, 00 тоот хаягт байрлах хөрөнгийг 91,018,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг В.В " ХХК-иас 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр гаргасан байна. Гэтэл үнэлгээний В.В ХХК-ийн Ш-0/0 дугаартай дээрх үнэлгээг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын үнэлгээний мэдэгдлийг хөрөнгийн өмчлөгч болох Ш.Д д огт мэдэгдээгүй. Өөрөөр хэлбэл өнөөдрийг хүртэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө гэж заавал хийж гүйцэтгэхээр заасан ажиллагаа огт хийгдээгүй байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт .. Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногиин дотор шүүхэд гаргаж болно ... гэж зааснаар эрхээ хамгаалуулахаар энэхүү нэхэмжлэлийг хуульд заасан хугацааны дотор гаргаж байна.

 

В.В ХХК нь хөрөнгийг 91,018,000 төгрөгөөр хэт бага, үндэслэлгүй үнэлсэнг огт хүлээн зөвшөөрөхгүй байна. В.В ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлангаас харвал төлбөр төлөгчийн хөрөнгийг үнэлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад мэргэжлийн тусгай мэдлэг шаардсан асуудлаар дүгнэлт гаргуулах зорилгоор шийдвэр гүйцэтгэгч өөрийн санаачилгаар, эсхүл оролцогч талын хүсэлтээр шинжилгээ хийж, дүгнэлт гаргах тусгай мэдлэг бүхий, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнд хувийн ашиг сонирхолгүй этгээдийг шинжээчээр томилон оролцуулж болно..., мөн хуулийн 42.2 дахь хэсэгт Шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтална ... гэж тус тус заасныг зөрчиж дүгнэлт гаргасан байна. В.В ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, үнэлгээ хийсэн мэргэжилтний хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ зэрэг үнэлгээ хийсэн аж ахуйн нэгж, этгээдийн эрхийг нь баталгаажуулсан нотлох баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй буюу нотариатаар баталгаажуулаагүй, шууд сканнердан тайланд хавсаргасан байгаагаас үнэлгээ хийх эрхтэй эсэхээ нотлоогүй, үнэлгээ хийн дүтнэлт гаргах ямар ч тусгай мэдлэгтэй мэргэжлийн гэх баримт авагдаагүй байгаагаас хууль ёсны шинжээчээр ажилласан гэж үзэхээргүй байна. Шинжилгээ хийсэн эрх бүхий этгээд нь тусгай мэдлэгтэй эсэхээ баримтаар нотлоогүй байх тул үнэн зөв дүгнэлт гаргасан гэж үзэхгүй байна.

 

Шинжээч Хөрөнгийн үнэлгээний тухай хууль зөрчиж үнэлгээ гаргасан гэж үзэхээр байна. Тодруулбал уг хөрөнгийн үнэлгээнд харьцуулагдсан судлагдсан байр орон сууцнууд нь байршлын хувьд харилцан адилгүй байх бөгөөд нэхэмжлэгчийн өмчлөлийн байр нь Улаанбаатар хотод баригдсан анхны нийтийн зориулалттай орон сууцнуудын нэг, Засгийн газрын ордноос 345 метр, Нэгдсэн үндэстний байгууллагын Монгол улс дахь Төлөөлөгчийн газар, Герман улсын Элчин сайдын яамны байрнуудын зэргэлдээ байрладаг буюу байршлын давуу тал болон Монгол улсын барилга, архитекторын түүхэнд анхны гэх тодотголтой барилга байгууламж зэрэг нөхцөл байдлыг үнэлгээндээ харгалзаагүй, энэ нь үнэлгээнд хэрхэн нөлөөлөх боломжтой талаар тусгаагүй.

 

Иймд В.В ХХК-ийн хуульд заасан журмыг зөрчин хийгдсэн Улаанбаатар хот, С дүүрэг, 6 дугаар хороо, Б.Т гудамж, 3 дугаар байр, 00 тоот хаягт байрлах орон сууцыг 91,018,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.

 

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад: Ш.Д нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тасгийн дарга Б.Батцэрэнгийн 2021 оны 1 дүгээр сарын 11-ны өдрийн 4-000/000 тоот Мэдэгдэл мөн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 0/0 дугаар бүхий хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг 2021 оны 01 дүгээр сарын 11-ны өдөр шуудангаар илгээснийг 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 12:20 минутанд гардаж авсан. Уг өдөр Ш.Д нь С дүүрэг, 6 дугаар хороо, Б.Т гудамж, 3 дугаар байр 00 тоот хаягт байрлах орон сууцыг 91,018,000 төгрөгөөр үнэлсэн болохыг анх олж мэдсэнтэй холбоотойгоор В.В ХХК нь хөрөнгийг 91,018,000 төгрөгөөр хэт бага, үндэслэлгүй үнэлсэнийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийг гаргасан.

 

Иймд тухайн ажиллагаа явагдаж буй эд хөрөнгийн үнэлгээний мэдэгдэлийг гардуулалгүйгээр явагдсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь төлбөр төлөгчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан шинжтэй байх тул Ш.Д гийн өмчлөлийн маргаан бүхий орон сууцыг дуудлагаар худалдан борлуулахаар гарсан 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн №00/0 тоот Анхны дуудлага худалдаа явуулах, 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн №0/0 тоот Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Г ын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: ...... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 000/ШШ0000/00000 дүгээр захирамжаар Ш.Д , Д.Ц нараас 47,899,670 төгрөгийг гаргуулж Э.Ф ББСБ ХХК-нд олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйл, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Ш.Д , Д.Ц нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-....... дугаарт бүртгэлтэй С дүүргийн 6 дугаар хороо, 3 дугаар байрны 00 тоотод байрлах орон сууцыг 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 000000/00 тоот тогтоолоор битүүмжилж, 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 000000/00 тоот эд хөрөнгө хураах тогтоолоор хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар төлбөр төлөгч Ш.Д , Д.Ц нараас үнийн санал авахад үнийн санал өгөхөөс татгалзсан, төлбөр авагч талаас шинжээчээр үнэлгээ тогтоолгох хүсэлт ирүүлсэн тул 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 0/000 дугаартай Шинжээч томилох тухай тогтоол-оор В.В ХХК-ний шинжээч О.Б ийг томилж эрх, үүргийг тайлбарлан өгч үнэлгээг тогтоолгоход маргаан бүхий дээрх орон сууцыг 91,018,000 төгрөгөөр үнэлсэн байна

 

Хөрөнгийн үнэлгээг төлбөр төлөгч, өмчлөгч нарт 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 4-000/00000. 4-000/00000 дугаартай мэдэгдэх хуудсаар тус тус мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэгчийн зүгээс төлбөр төлөгч /нэхэмжпэгч/-д Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177 1-д зааснаар үнийн санал өгөхийг мэдэгдсэн боловч нэхэмжлэгч Ш.Д гийн зүгээс үнийн санал өгөхөөс татгалзсан, төлбөр авагчийн зүгээс шинжээчээр үнэлгээг тогтоолгох хүсэлтийг ирүүлсэний дагуу шинжээч томилж үнэлгээ тогтоолгосон ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.Д нь хариуцагч Н.Г т холбогдуулан үнэлгээ, анханы болон хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

А/ Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын талаар:

 

...... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 000/ШШ0000/00000 дугаартай захирамжаар нэхэмжлэгч Э.Ф ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 46,973,630.29 төгрөгийг хариуцагч Д.Ц , Ш.Д нар 2020 оны 03 дугаар сарын 15-ны дотор төлөх, төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох С дүүргийн 6 дугаар хороо, 3-00 тоот хаягт байрлах 21 м/к талбай бүхий 1 өрөө орон сууцнаас хангуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 000000 тогтоолоор үүсгэсэн. Төлбөрт төлөгч Ш.Д , Д.Ц нарын барьцаа хөрөнгө болох Ш.Д гийн өмчлөлийн С дүүргийн 6 дугаар хороо, 3-00 тоот хаягт байрлах 21 м/к талбай бүхий 1 өрөө орон сууцыг 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 000000/00 тоот тогтоолоор битүүмжилж, 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 000000/00 тоот эд хөрөнгө хураах тогтоолоор хурааж, төлбөр төлөгч Ш.Д , Д.Ц нараас үнийн санал авахад үнийн санал өгөхөөс татгалзсан, төлбөр авагч талаас шинжээчээр үнэлгээ тогтоолгох хүсэлт ирүүлснээр 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 9/000 дугаар шинжээч томилох тухай тогтоолоор В.В ХХК-ийг шинжээчээр томилжээ. Шинжээч нь С дүүргийн 6 дугаар хороо, 3-00 тоот хаягт байрлах 21 м/к талбай бүхий 1 өрөө орон сууцны үнэлгээг 91,018,000 төгрөгөөр тогтоожээ.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 1 дүгээр сарын 11-ны өдрийн 4-000/000 тоот Мэдэгдэл мөн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 1/1 дугаар бүхий хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг 2021 оны 01 дүгээр сарын 11-ны өдөр шуудангаар илгээснийг 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 12:20 минутанд гардаж авсан. Уг өдөр Ш.Д нь орон сууцыг 91,018,000 төгрөгөөр үнэлсэн болохыг анх олж мэдсэн гэж тайлбарласан нь үндэслэлгүй байна. Учир нь Н.Г нь шинжээчийн дүгнэлтийг 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 4-000/00000 дугаар мэдэгдлийг ...... дүүргийн 8 дугаар хороо, ... дугаар байрны 59 тоот хаягт оршин суух Ш.Д д хүргүүлсэн ба мэдэгдлийн баруун доод буланд хүлээн авлаа гэж бичиж гарын үсгээ зуржээ. /Хавтаст хэргийн 58 дугаар тал/ Төлбөр төлөгч Ш.Д нь мэдэгдлийг 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авсан атлаа 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт .. Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногиин дотор шүүхэд гаргаж болно ... гэж заасныг зөрчсөн байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Б/ Анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол хүчингүй болгуулах тухай шаардлагын талаар:

 

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана. гэжээ.

 

Н.Г Ш.Д гийн өмчлөлийн маргаан бүхий орон сууцыг дуудлагаар худалдан борлуулахаар 2020 оны 10 дугаар сарын 29-ны өдөр анхны дуудлага худалдаа явуулахад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1.2-т анхны санал болгосон үнэд хүрэх санал гараагүй худалдан борлогдоогүй гэх үндэслэлээр 2021 оны 01 дугаар сарын 06-ны өдрийн 1/1 дугаар Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тогтоолоор 2020 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн анхны дуудлага худалдааг хүчингүй болгож, хоёр дахь дуудлага худалдаагаар 2021 оны 01 дүгээр сарын 22-ний өдөр дээрх үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулахаар шийдвэрлэсэн. Дуудлага худалдааг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогчид болон өмчлөгч нарт хуульд заасан хэлбэрээр мэдэгдсэн.

 

Нэхэмжлэгч Ш.Д нь нэхэмжлэлийн энэ шаардлагын үндэслэлээ ... шинжээчийн дүгнэлтийг мэдэгдээгүй тул дуудлага худалдааны ажиллагаа бүхэлдээ хууль гэж тайлбарласан боловч түүнд шинжээчийн дүгнэлтийг хуульд заасан арга, хэлбэрээр мэдэгдсэн болох нь тогтоогдсон болно.

 

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байх тул нэхэмжлэгч Ш.Д гийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн №00/1 тоот Анхны дуудлага худалдаа явуулах, мөн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн №1/1 тоот Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 75 дугаар зүйлийн 75.1, 75.1.2, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч Н.Г үнэлгээ хүчингүй болгуулах, 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн №11/1 тоот Анхны дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, мөн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн №1/1 тоот Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

       

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 14,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР