Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 102/шш2021/02277

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2021/02277

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                      

Б........................... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б........................... дүүрэг . дугаар хороо ...........................  дугаар байр ... тоотод оршин суух, ....... онд төрсөн .... настай, Б овогт Т ын Б

Хариуцагч: Б........................... дүүрэг 19 дүгээр хороо В........................... ХХК

Ажилгүй байсан хугацааны олговорт 27.240.721 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийхийг даалгах нэхэмжлэлийг 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Э , хариуцагчийн төлөөлөгч Д.Ө , өмгөөлөгч Т.Д , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч А.Э шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Т.Б нь 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс В........................... ХХК-нд Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн ахлах ажилтнаар 20/10, 14/7 ээлжийн хуваарийн дагуу ажиллаж байгаад 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ажлаас үндэслэлгүй халагдсан. Б........................... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн дугаар 102/ШШ2019/0261 шийдвэрээр урьд эрхэлж байсан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ахлах ажилтны ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 14.792.439 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийг хариуцагч тал эс зөвшөөрч гомдол гаргаж Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүх хянаж 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн дугаар 2075 магадлал, Улсын дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдаанаар хянаж 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн дугаар 001/ХТ2020/00497 тогтоолоор тус тус анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Хариуцагч В........................... ХХК шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй байсан тул шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргаж 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, гүйцэтгэх хуудас бичигдсэн. Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ажиллагаа явуулж, хариуцагч компани 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр ажилд нь эргүүлэн томилох тушаал гаргасан. Хариуцагч тал шүүхийн шийдвэр эцэслэн хуулийн хүчин төгөлдөр болоогүй, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчид гомдол гаргаснаар шийдвэр хүчин төгөлдөр болсон гэж тайлбарлаж байгаа боловч хуульд шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгосноор хуулийн хүчин төгөлдөр болно гэж заасан. Мөн шүүхийн шийдвэрт гомдол гаргах эсэх нь өөрсдийн нь эрх бөгөөд нэхэмжлэгчийг ажилд авсан тушаал гаргаж ажиллуулж байх явцдаа шүүхийн шийдвэрт гомдол гарган шийдвэрлүүлж, ажилд эргүүлэн тогтоосон нь үндэслэлгүй бол ажилласан хугацааны цалинг хохиролд тооцон нэхэмжилж болох байсан. Т.Б нь олон сар ажилгүй, дээр нь ар гэрээ авч явах шаардлагатай тул өөр газар ажилд орсон. Энэ байдлыг өөрөөр ярьж гуйвуулж болохгүй байх. 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. Ажилгүй байсан нэг өдрийн цалинг өмнөх шүүхийн шийдвэрээр шийдвэрлэсэн 80.833 төгрөгөөр тооцож нэхэмжилсэн. Иймд нэхэмжлэгч Т.Б ын ажилгүй байсан хугацаа буюу шүүхийн шийдвэр гарсан 2019 оны 10 дугаар сарын 03-наас ажилд эргүүлэн томилсон тушаал гарсан өдөр 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 337 хоногийн цалинтай тэнцэх олговорт 27.240.721 төгрөг гаргуулж энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэв.

Хариуцагч В........................... ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ө шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Т.Б т холбогдох хөдөлмөрийн маргаан 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Хяналтын шатны шүүхийн тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдсэн бөгөөд уг тогтоолтой холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176.1-т зааснаар Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчид гомдол гаргасан бөгөөд гомдлын хариу 2021 оны 01 дүгээр сарын 10-нд шийдвэрлэгдэж хариуцагч талд танилцуулагдсан. Уг хугацаа Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаа бөгөөд компанийн үйл ажиллагаа зогсонги байсан тул шүүхийн шийдвэрийг шууд биелүүлэх боломжгүй цаг хугацаа байсан. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг 2021 оны 02 дугаар сарын 23-нд цуцлагдсан бөгөөд хөл хорио цуцлагдсан дариуд компанийн зүгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгчтэй уулзан төлбөр төлөх хуваарь гаргаж өгч, нэхэмжлэгч Т.Б той уулзан ажилд эргүүлэн томилж, нийгмийн болон эрүүл мэндийн нөхөн бичилтийг хийн шүүхийн шийдвэрийг зохих хэмжээнд хэрэгжүүлж ирсэн байдаг. Шүүхээр хэрэг маргаан хянан шийдвэрлэгдэж байсан хугацаа болон давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр уг шийдвэрийг биелүүлэх боломжгүй байсан цаг хугацааны цалин хөлсийг нэхэмжилж буй нь үндэслэлгүй гэж үзэж байгаа. Дэлхий дахинаа тархаад буй Ковид-19 цар тахлын нөлөөгөөр бизнесийн байгууллагуудад маш хүнд нөхцөл үүсээд байгаа бөгөөд энэ нь уул уурхайн салбарын компаниудад илүү хүндээр тусч байгаа. Учир нь цар тахлын нөлөөгөөр БНХАУ руу хилээр гарах нүүрс тээврийг зогсоох, хязгаарлах зэрэг хүчин зүйлээс хамаарч манай захиалагч компанийн зүгээс манай компанийн уурхайн үйл ажиллагааг 2020 оны 02 дугаар сараас эхлэн 2020 оны 09 дүгээр сарын 01 хүртэл зогсоосонтой холбоотой уг хугацаанд манай компани бүрэн хэмжээнд зогсолт хийн үйл ажиллагаа явуулаагүй байдаг. 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс үйл ажиллагаа эхэлсэн боловч 2020 оны 11 дүгээр сарын 11-нээс өдрөөс Бүх нийтийн бэлэн байдал зарласантай холбоотойгоор хэвийн 20/10 ээлжийн хуваариар ажиллах боломжгүй болсноос үүдэн нийт хүчин чадлынхаа 50 хувиар ажиллан 50 хувьтай тэнцэх ажилтан нараа мөн сул зогсоосон байдаг. Энэхүү нөхцөл байдал 2021 оны 05 дугаар сар хүртэл үргэлжилсэн. Гашуун сухайт хилийн боомтын нүүрс тээвэрлэлт нэвтрэлт цар тахлаас үүдэн саатаж хязгаарласантай холбоотой Захиалагч талаас манай компанийн үйл ажиллагааг 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 01 хүртэл бүрэн зогсоогоод байгаа. Иймд шүүхээр хэрэг маргаан хянан шийдвэрлэгдэж байсан хугацаа болон давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр уг шийдвэрийг биелүүлэх боломжгүй байсан цаг хугацааны цалин хөлсийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ гэж заасан байдаг. Б........................... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн шийдвэрийн дагуу Т.Б ыг 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуйн ахлах мэргэжилтний албан тушаалд эргүүлэн томилж шүүхийн шийдвэрийг биелүүлсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу 2018 оны 12 дугаар сарын 21-нээс 2019 оны 10 дугаар сарын 03-ныг хүртэлх ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тайлагнасан боловч Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс Т.Б ын нийгмийн даатгал нь үндсэн ажилтнаар тайлагнагдсан учир давхардуулж тайлагнах боломжгүй гэсэн хариу ирсэн тул тус хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхөд хүндрэл үүссэн. Мөн шүүхийн шийдвэр хянагдаж байх хугацаанд өөр газар ажилд орсон байсан тул давхардуулж төлөх боломжгүй нөхцөл үүссэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Б нь хариуцагч В...........................с ХХК-нд холбогдох ажилгүй байсан хугацааны олговорт 27.240.721 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийхийг даалгах нэхэмжлэл гаргасан байна.

Т.Б ыг Б........................... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Дугаар 102/ШШ2019/02610 шийдвэрээр В........................... ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт нэг өдрийн дундаж цалинг 80.833 төгрөгөөр тооцож 14.792.439 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2075 магадлал, Монгол Улсын дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн дугаар 001/ХТ2020/00497 тогтоол тус тус хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Шүүх хуралдаанд хариуцагч тал Т.Б ыг ажилд эргүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрт давж заалдах болон хяналтын шатны шүүх, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчид гомдол тус тус гарган хэлэлцэгдэж 2021 оны 01 дүгээр сарын 10-нд шийдвэрлэгдэж хариуцагч талд танилцуулагдсан. Уг хугацаа Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн, компанийн үйл ажиллагаа зогсонги байсан хугацаа бөгөөд шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжгүй цаг хугацаа байсан, энэ хугацаанд нэхэмжлэгч нь өөр байгууллагад ажилд орж нийгмийн даатгалын төлөлт төлөгдөж ирсэн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тайлбарлан маргасан боловч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан нь, компаний үйл ажиллагаа зогссон гэх тайлбар нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байх, ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны олговрыг нөхөн төлөхгүй байх үндэслэл болохгүй тул хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.

Нэхэмжлэгч нь 2019 оны 10 дугаар сарын 03-наас 2021 оны 03 дугаар сарын 01-нийг хүртэлх ажилгүй байсан хугацааны олговорт 27.240.721 төгрөг нэхэмжилсэн боловч түүний Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор Про Аурум ХХК-иас 2019 оны 10 дугаар сард 2.103.348 төгрөгний цалин, 2019 оны 11 дүгээр сард 1.100.000 төгрөгний цалин олгогдож, ажил олгогчоос нийгмийн даатгалын шимтгэл тус тус төлсөн, 2019 оны 12-03 сар хүртэл шимтгэл төлөгдөөгүй, 2020 оны 04 дүгээр сараас 06 дугаар сарыг дуустал сайн дурын даатгал төлсөн, 2020 оны 07 дугаар сараас 2021 оны 03 дугаар сар хүртэл хугацаанд Монфрукт ХХК-наас сар бүр 2.200.000 төгрөгний цалин олгогдож нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн болох нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор тогтоогдсон байна.

Д.Б ын сарын дундаж цалин хөлсний хэмжээ 1.616.667 төгрөг, нэг өдрийн дундаж цалин 80.833 төгрөг болох нь тус шүүхийн шийдвэрээр тогтоогдож байгаа тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар ажилгүй байсан хугацааны олговрыг олгох хууль зүйн үндэслэлтэй байна. Гэвч 2019 оны 10 дугаар сар, 2020 оны 07 дугаар сараас 2021 оны 03 дугаар сарын 01-нийг хүртэлх хугацааны сарын цалин 2.200.000 төгрөг тус тус олгогдож энэ үнийн дүнгээс нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн тул энэ хугацааны зөрүүг нэхэмжлэх эрхгүй байна.

Иймд хариуцагч В........................... ХХК-наас 2019 оны 11 дүгээр сараас 2020 оны 06 дугаар сарыг дуусталх ажилгүй байсан 164 хоногийн олговорт /164х80.833=13.256.612/ 13.256.612 төгрөг гаргуулж түүний энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13.984.109 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжийг хангасан үнийн дүнд тооцон гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар хариуцагч В........................... ХХК-наас 13.256.612 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Б т олгож, үлдэх 13.984.109 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Б ын эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч В........................... ХХК-нд даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 294.153.61 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч В........................... ХХК-иас 224.233 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Б т олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА