Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 102/шш2021/02340

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2021/02340

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б........................... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б........................... дүүрэг ... дугаар хороо ........................... гудамж өөрийн байр У........................... ХХК.

Хариуцагч: Б........................... дүүрэг ... дугаар хороонд бүртгэлтэй Т........................... ХХК

Гэрээнээс учирсан хохиролд 528.512.705 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.З , өмгөөлөгч Э.Н , М.М , хариуцагчийн төлөөлөгч Э.Б , К , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч У........................... ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгч Э.Н , М.М нар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Т........................... ХХК нь Б........................... дүүрэг 3 дугаар хороо У........................... ХХК-ийн байранд 2011 оноос хойш түрээсээр үл хөдлөх эд хөрөнгийг ашиглаж олон жилийн хамтын ажиллагааны хүрээнд У........................... ХХК нь Т........................... ХХК-тай 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Хан Уул дүүрэг 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах У........................... ХХК-ийн хамаарал бүхий Бест товер ХХК-ийн газар дээр Т........................... ХХК-ийн захиалгаар оффис, агуулах, засвар үйлчилгээ явуулах цехийн барилга барихаар харилцан тохиролцож Санамж бичиг нэртэй хэлцэл байгуулсан. Хэлцлийн дагуу У........................... ХХК нь оффис, агуулах засвар үйлчилгээ явуулах нийт 8000 мкв барилга байгууламж барих үүрэг хүлээж Т........................... ХХК нь тухайн баригдсан барилга, байгууламжуудыг 10-аас доошгүй жил түрээслэхээр харилцан тохиролцсон. Мөн уг газарт барилгын ажил эхлэх шав тавьж хамтран ёслол үйлдэж итгэл үнэмшил төрүүлсэн. У........................... ХХК нь тухайн тохирсон газарт барилгын ажлын зураг төсөл хийлгэх ажилдаа орж 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Т........................... ХХК-ийн үйлдвэрийн барилгын ерөнхий төлөвлөгөөг хэлэлцэн баталснаас хойш зураг төсөл хийлгэх явцад тус компанийн зүгээс олон дахин өөрчлөлт оруулах санал ирж тухай бүрт нь хамтран хурал хийж харилцан тохиролцон баримтыг үйлдэж явсан. Мөн шаардлагатай барилгын материалуудыг гадаад улсаас авч ирхээр захиалга өгөх, дулаан цэвэр бохир ус, цахилгаан х , дохиоллын техникийн нөхцөлүүд болон барилгын ажил эхлүүлэх , үргэлжлүүлэх зөвшөөрөл авч газар шорооны ажил буюу суурийн бүхий л ажлыг хийж гүйцэтгэсэн. Дээрх ажлуудыг хийж гүйцэтгэж байх цаг хугацаанд хариуцагч тал хэлцлийг цуцлах талаар санал гаргаж байгаагүй атлаа тухайн ажлуудыг хийж гүйцэтгэсний дараа Т........................... ХХК-ийн 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн албан бичгээр хэлцлийг цаашид үргэлжлүүлэхгүй тухай буюу хэлцлийг цуцалсан талаар мэдэгдсэн. Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн. Санамж бичиг нэртэй хэлцлээр хариуцагчийн захиалгаар нэхэмжлэгч барилгыг барьж гүйцэтгээд үүнээс 8000 мкв газрыг түрээслүүлэхээр тохирсон. Санамж бичиг нэртэй хэлцлийг харахад Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар гэрээ байгуулагдсан. Хэлцлийн хэмжээнд 8000 мкв тайлбай бүхий үл хөдлөх хөрөнгийг хариуцагчийн захиалгаар нэхэмжлэгч барьж гүйцэтгээд ирээдүйд мкв-ыг тодорхой хэмжээний өртөгтэйгөөр түрээслэх нөхцөлтэй объектын үнийг гаргуулахаар нэмэлт талуудын тохиролцоо байна. Сүүлд нь түрээсийн гэрээний хэлбэрээр үнийг төлөхөөр тохиролцсон. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-т зааснаар талууд гэрээ цуцалсантай маргахгүй. Харин цуцалснаас хамааралтай гэрээнээс учирсан хохирол нэхэмжилж байгаа. Санамж бичгээр гэрээний гол нөхцөлийг тохиролцож нэхэмжлэгч зардал гаргаад явсан. Гэрээг цуцалсантай хамааралтай Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т заасны дагуу гэрээг зөрчсөн эсэхд шүүх дүгнэлт өгөх байх. Талууд барилгын шав тавьж тодорхой хэмжээнд 8000 мкв объект гэж бичсэн тохиролцоо яваад байдаг. Барилгын зураг, газрын үнэлгээ хийлгэх гэх мэт зардал гарсан тул Иргэний хуулийн 356 дугаар зүйлийн 356.1-т зааснаар хохирол нэхэмжилсэн. Иймд хариуцагч Т........................... ХХК-наас барилгын зураг төслийн ажил боловсруулах ажил гүйцэтгэх гэрээний дагуу Бест товер ХКК-наас АСҮ ХХК-нд төлсөн 19.000.000 төгрөг, Цог з ХХК-нд төлсөн Бест тауэр компаний орон сууц, үйлчилгээний хотхоны төмөр бетон суурь болон анкер боолт суурилуулах ажил гүйцэтгэх гэрээ А блок үнэ 5.000.000 төгрөг, Бест товер ХХК-наас Арц суварга ХХК-нд газар шорооны ажил гүйцэтгэх гэрээний үнэд төлсөн 81.600.000 төгрөг, Бест товер ХХК-наас БАГ МБ констракшн ХХК-нд төлсөн барилгын зураг төсөв боловсруулах ажил гүйцэтгэх гэрээний үнэ 4.375.000 төгрөг, АСҮ констракшн ХХК-наас Барилгын хөгжлийн төвд төлсөн зураг төслийн баримт бичигт магадлал хийх ажлын гэрээний үнэ 3.513.520 төгрөг, У........................... ХХК-наас барилгын зураг төсөл боловсруулах ажлын гэрээний үнэд төлсөн 233.000.000 төгрөг, ган бүтцийн бүтээгдэхүүн үйлдвэр, гэрээний үнэ 182.024.185 төгрөг нийт 528.512.705 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Т........................... ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: У........................... ХХК-ийн нэхэмжилсэн 528.512.705 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Т........................... ХХК-ийн зүгээс санхүү бизнес, үйл ажиллагаа хариуцсан захирал, У........................... ХХК-ний захирал нар тус компанийн Хан Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах газарт оффис, агуулахын зориулалтай нийт 8000 мкв талбайтай ажлын барилгыг 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 01 дугаартай санамж бичиг байгуулан гарын үсэг зурсан. Санамж бичгийг үйлдсэн хэдий ч энэ нь эрх зүйн үр дагаврын хувьд заавал дагаж мөрдөх шинжийг агуулахгүй баримт бичиг ба үндсэн гэрээг байгуулахаас өмнө талууд хоорондын тохиролцоог сануулах зорилготойгоор Санамж бичиг үйлдсэн. Уг санамж бичгийг заавал дагаж мөрдөх шинжгүй үндсэн гэрээ биш гэдгийг хэн аль нь сайн ухамсарлан мэдэж байгаа. Энэ нь цаашдаа хэрэгт авагдсан нотлох баримтуудаас тодорхой харагдана. Дээрх байршилд үл хамаарах шалтгааны улмаас барилга баригдах боломжгүй болсон тул У........................... ХХК нь Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Архитектур төлөвлөлтийн даалгавар авагдсан төслийн байршилд барилга барихыг санал болгосон. Гэвч шинэ байршилд барилга барих ажил нь Ковид-19 вирусын тархалтын улмаас тодорхойгүй хугацаагаар хойшилсон тухай бидэнд мэдэгдэж, энэ олон жилийн хамтын ажиллагааны хүрээнд санамж бичигт дурдсан нөхцөлийн дагуу түрээсийн гэрээ байгуулах асуудлаар удаа дараа уулзалт хэлцэл хийгдсэн боловч дээр дурдсан болон түрээсийн гэрээний үндсэн нөхцөл дээр талууд тохиролцоонд хүрч чадаагүй. Тухайн газрыг уул уурхайн хүнд машин механизмын засвар үйлчилгээний төв, оффис, сэлбэгийн агуулахын зориулалтаар ашиглах, газрын эрхийн гэрчилгээ, холбогдох зөвшөөрлүүд авагдаагүйн улмаас талууд 2020 оны эхээр хэлэлцээрээ зогсоосон. Гэтэл нэхэмжлэгч нь өөрсдийн компаниас хэрэгжүүлж байгаа төсөлд зарцуулсан зардал 528.512.705 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй, хууль зүйн үндэслэлгүй байна. Нэхэмжлэлд хавсаргасан нотлох баримтуудаас үзэхэд Бест товер ХХК-ийн 61420 мкв талбайд орон сууц, сургууль, цэцэрлэг барихаар архитектур төлөвлөлтийн даалгавар, техникийн нөхцөлүүд, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ авсан байх бөгөөд 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Бест товер ХХК-ийн орон сууц, үйлчилгээний хотхон загвар зургаас үзвэл орон сууцны барилга 8 блок сургууль, цэцэрлэг, офисс, худалдаа үйлчилгээний барилга 9 блок хүүхдийн тоглоомын талбай, спорт заал, ил болон газар доорх зогсоол бүхий цогцолбор хотхон барихаар төлөвлөсөн байна. Нэхэмжилж байгаа мөнгө нь энэхүү төсөлтэй холбогдуулан тус компанийн гуравдагч этгээдүүдээр гүйцэтгүүлсэн ажлын хөлс байна. Гэтэл манай компани У........................... ХХК-тай уг орон сууц, худалдаа үйлчилгээний цогцолбор хотхоноос санамж бичигт дурдсан үйлчилгээний талбайг шаардлагад нийцсэн тохиолдолд урт хугацаагаар түрээслэхээр хэлэлцээр хийж байсан гэдэг үндэслэлээр У........................... ХХК болон Бест товер ХХК-ийн төсөлд гаргасан зардлыг бүхэлд нь манай компаниас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаагүй. Нэхэмжлэлийн шаардлагын дүнгээ ямар гэрээний үндсэн дээр, ямар гэрээний харилцааг зөрчсөн, гэрээ цуцлагдсан гэж нэхэмжилж байгаа нь тодорхойгүй тул анхнаасаа нэхэмжлэл өөрөө үндэслэлгүй гэдэг нь тодорхой байна. Харин талууд холбогдох яриа хэлэлцээр хийж байхдаа ажиллагааны бодит ажиллагааг хэрэгжүүлэх, төслийг хэрэгжүүлэх зорилгоор тодорхой хүний нөөц, хүмүүсээ гаргаж уулзалтуудад цаг хугацаагаа зарцуулж байсан. Энэ төслийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахад аль аль тал хичээл зүтгэл гаргасан гэдэг дээр бид маргаагүй. Гэвч нэгэнт талуудын хооронд байгуулахыг зорьсон түрээсийн гэрээний нөхцөл дээр тохирч чадаагүй. Гэрээ эцэслэн байгуулагдаагүй хэлэлцээр цуцлагдсан учраас Т........................... ХХК-ийн зүгээс аливаа хэлбэрээр худалдан авалт, захиалагч, хөрөнгө оруулагч болж оролцоогүй. Худалдан авалт төсөл хийх талаар үүрэг даалгавар өгч байгаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч У........................... ХХК нь хариуцагч Т........................... ХХК-нд холбогдох хохиролд 528.512.705 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 356 дугаар зүйлийн 356.1-т зааснаар шаардах эрхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

У........................... ХХК, Т........................... ХХК нь 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр У........................... ХХК-ийн газар дээр Т........................... ХХК-ний захиалгаар оффис, агуулах, цехийн барилга барих санамж бичгийг байгуулж, Санамж бичгээр нэхэмжлэгч хариуцагч нар урт хугацааны буюу 10-аас дээш жил байх хугацаатай түрээсийн гэрээ байгуулж, уг барилгын хэмжээ оффис 1800 мкв, агуулах 1300 мкв, гагнуурын цех 1300 мкв, механик засварын цех 2600 мкв, будаг хатаах цех 1080 мкв нийт 8000 мкв хэмжээтэй байх, нийт барилгын түрээсийн төлбөр нь 1 мкв 10 доллар бөгөөд уг үнэд НӨАТ ороогүй, оффисын барилга нь тусдаа орц гарцтай, цехийн барилгын өндөр 10 метрийн өндөртэй төлөвлөгдсөнийг 8 метр болгон өөрчилж зардлын зөрүүгээр эйр кондишин тавих, цахилгааны хүчин чадлыг хариуцагч тооцон гаргаж өгөх, гадна талбай зогсоолын хэмжээг одоо хэрэглэж байгаа талбайтай адил байдлаар тохиролцсон ба тохиролцсон хэмжээгээр ашигласан тохиолдолд гадна талбайн төлбөр авахгүй байх, барилгын цахилгаан, дулаан, усны зардлыг Т........................... ХХК төлнө, оффисын дотор засварыг Т........................... ХХК-ийн одоогийн ашиглаж буй оффисын дотор заслын тохижилтын хэмжээнд хийж өгөхөөр тохиролцсон байна.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар Санамж бичиг нэртэй хэлцэлийг үндэслэн талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсэж 8000 мкв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг хариуцагч талын захиалгаар У........................... ХХК барьж гүйцэтгээд ирээдүйд мкв-ыг нь тодорхой өртөгтэйгээр түрээслэх нөхцөлтэй объектын үнийг гаргуулахаар нэмэлт талуудын тохиролцоо байсан. Санамж бичгээр гэрээний гол нөхцөлийг тохиролцсон тул уг хэлцлийг үндэслэн нэхэмжлэгч тал тодорхой зардал гаргасан. Гэрээ цуцлагдсанд хэн аль нь маргахгүй байгаа тул гэрээнээс учирсан хохирлоо нэхэмжилнэ гэж тайлбарлан маргажээ.

Талуудын хооронд байгуулсан Санамж бичиг нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-т заасан хэлцэл хийгч этгээдийн хүсэл зоригийн илэрхийлэл болж агуулгын хувьд эрх үүрэг үүсгэх, өөрчлөх, дуусгавар болгоход үйлдэл нь чиглэгдээгүй, хууль зүйн үр дагаврыг бий болгох хүсэл зорилго агуулагдаагүй тул хэлцэл гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй. Зохигч тохиролцсон газар дээр 8000 мкв талбайтай барилга баригдаж ашиглалтад орсон тохиолдолд урт хугацаагаар түрээслэхээр тохиролцож, энэ тохиролцоогоо сануулж Санамж бичиг байгуулсан боловч уг саналыг үндэслэн цаашид хэн альных нь хүсэл зоригийн илэрхийлэл болж хуульд заасан хэлбэрээр хэлцэл байгуулагдаагүй байна.

У........................... ХХК, Т........................... ХХК-ийн хооронд хэлцэл, гэрээ байгуулагдаагүй, хариуцагч талаас талууд холбогдох барилгын ажлын үндсэн нөхцөл, түрээсийн гэрээг эцэслэн тохирч байгуулж чадалгүй уулзалт хэлэлцээрийг үргэлжлүүлэх болон Бесттовер ХХК-ийн тавьсан холбогдох нөхцөлийг зөвшөөрөх боломжгүй, төслөөс татгалзах, төсөлтэй холбогдох аливаа асуудлыг цаашид хэлэлцэхгүй байх албан бичгийг 2020 оны 08 дугаар сарын 31, 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрүүдэд нэхэмжлэгч талд хүргүүлсэн байна.

Талууд анх тохиролцсон газар барилга барих боломжгүй болж хариуцагч талын шинэ байршилд баригдах барилгын ажил Ковид-19 цар тархалтын улмаас тодорхойгүй хугацаагаар хойшилсон, энэ хугацаанд цахимаар харилцах тодорхой уулзалт холбогдох яриа хэлэлцээрийг эхлүүлсэн боловч санам бичигт дурдсан нөхцөлийн дагуу төслийн үндсэн баримт бичиг болох барилгын ажлын үндсэн нөхцөл, урт хугацааны түрээсийн гэрээний нөхцөлийг эцэслэн тохирч чадаагүй болох нь үзлэгээр бэхжүүлсэн У........................... ХХК-ийн захирал Л.З , санхүү албаны дарга Л.Золзаяагийн цахим хаягуудад хийсэн үзлэгээр тогтоогджээ.

Нэхэмжлэгч У........................... ХХК нь Т........................... ХХК-ийн захиалгаар оффис агуулах, засвар үйлчилгээ явуулах цехийн барилга барихаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж тайлбарладаг боловч Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар гэрээний талуудын хүлээх үүрэг, ажлын гүйцэтгэлийн үр дүн, хөлс төлөх зэрэг гэрээний гол нөхцөлийн талаар тохиролцсон баримтгүй, ирээдүйд бий болох хөрөнгийн өмчлөх эрх хэнд үүсэх, шилжих, дуусгавар болох, улмаар эд хөрөнгө устах, гэмтэх, үгүй болох эрсдэлийг хэн нь хариуцах талаар тодорхойлоогүй, чухам ямар шинж чанар агуулсан үр дүнд хүрэхийг харилцан тохиролцоогүй тул талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэх хуулийн үндэслэлгүй байна.

Нэгэнт талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаагүй тул У........................... ХХК нь гэрээнээс учирсан хохиролд тооцон Иргэний хуулийн 356 дугаар зүйлийн 356.1-д зааснаар 528.512.705 төгрөг шаардах эрхгүй байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийвэрлэх үндэслэлтэй тул хэрэгт нэхэмжлэгч талаас баримтаар ирүүлсэн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Бест товер ХХК-ийн Орон сууц, сургууль, цэцэрлэг цогцолбор үйлчилгээтэй хотхон нэртэй төслийн архитектур төлөвлөлтийн даалгавар, техникийн нөхцөл, Бест товер ХХК-иас гүйцэтгэгч компаниудтай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ, гэрээний үнэд шилжүүлсэн төлбөр, У........................... ХХК-иас сар бүр цалин гэсэн гүйлгээний утгатай шилжүүлсэн орлогын ордер зэрэг баримтуудад дүгнэлт өгөх шаардлагагүй байна.

Иймд хариуцагч Т........................... ХХК-нд холбогдох ажил гүйцэтгэх гэрээнээс учирсан хохиролд 528.512.705 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Уран хан ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хариуцагч Т........................... ХХК-нд холбогдох хохиролд 528.512.705 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Уран хан ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2.800.513 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА