Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 102/шш2021/02374

 

 

 

 

 

2021 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2021/02374

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ч........................... дүүрэг .. дүгээр хороо ... дүгээр байр ... тоотод оршин суух, .... онд төрсөн .. настай, Ц овогт П-ийн Г .

Хариуцагч: Б...... дүүрэг ... дугаар хороо .. дүгээр байрны ... давхарын ... подволь ... тоотод оршин суух, ..... онд төрсөн .... настай, Б овогт Т-ийн Н

Гэрээний үүрэг, хохиролд 2.908.200 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч П.Г , хариуцагч Т.Н , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч П.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Т.Н нь 2015 оны 01 дүгээр сарын 24-ны өдөр 1.500.000 төгрөгийг 25 хувийн хүүтэй 1 сарын хугацаатай зээлдэж, хугацаа хэтэрвэл 0,5 хувийн алданги төлөхөөр зээлдэж авсан. Энэ мөнгийг би хүнээс авч өгсөн юм. Тохирсон хугацаандаа төлөөгүй, хаягтаа байхгүй байсан тул түүнийг 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр шүүхээр эрэн сурвалжлуулсан. Тахарын албанаас эрэн сурвалжилж 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Ч........................... дүүрэг 9 дүгээр хороо дэнжийн 28 дугаар гудамжны 371-б тоотод түр оршин суудаг болохыг тогтоож өгч 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн шүүгчийн захирамжаар хариуцагч хөдөө ажиллаж амьдардаг гээд хэргийг хэрэгсэхгүй болгосон тул Т.Н ийг дахин эрэн сурвалжлуулсан. 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсээс түүнийг Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 2 дугаар баг нарийн тэлээ гэх газар нутагладаг болохыг тогтоож өгсөн тул Хөвсгөл аймгийн шүүх рүү шуудангаар нэхэмжлэл гаргасан. Гэтэл 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй гэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Т.Н нь шүүхийн байгууллагыг төөрөгдүүлж, будлиантуулж байсан тул Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс, Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн цагдаагийн удирдах газарт хандаж байж Т.Н ийг Улаанбаатар хотод Баянгол дүүрэг 10 дугаар хороололд амьдарч байгааг тогтоосон. Энэ хугацаанд би хүнээс авсан мөнгөө төлөхийн тулд 2015 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Начин заан ломбардад ээмэг бөгжөө 1.300.000 төгрөгт барьцаалж хүүг нь төлсөөр 655.000 төгрөг болж 2016 оны 03 дугаар сарын 01-нд охиныхоо ээлжийн амралтын мөнгийг авч ломбардны тооцоог дуусгасан. Т.Н ийг эрэн сурвалжилж олж тогтоосноос хойш 2021 оны 06 дугаар сарын 29-нөөс эхлэн 100.000 төгрөгөөр цувуулж 300.000 төгрөг төлсөн. Энэ хүнийг хайж нааш цааш унаа машинаар явах, хөдөө орон нутагт шуудангаар нэхэмжлэл хүргүүлэх, буцаан материалаа шуудангаар авах гэж зөндөө зардал гаргасан. Бид анх 25 хувийн хүүтэй гэж тохирсон боловч одоо хүүг 10 хувиар бодож нэхэмжилнэ. Иймд Т.Н ээс үндсэн зээл 1.500.000 төгрөг, хүү 150.000 төгрөг, алданги 750.000 төгрөг, хүү алданги нийлээд 900.000 төгрөг болсноос төлсөн 300.000 төгрөгийг хасаж 600.000 төгрөг нэхэмжилсэн, эрэн сурвалжилсан 70.200 төгрөг, Хөвсгөл аймаг руу явуулсан шуудангын зардал 23.000 төгрөг, тээврийн хэрэгсэлд зарцуулсан төлбөр 60.000 төгрөг, ломбардны хүү 655.000 төгрөг бүгд 2.908.200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Т.Н шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: П.Г аас 1.500.000 төгрөгийг 25 хувийн хүүтэй 1 сарын хугацаатай зээлдэж авсан нь үнэн. Үндсэн зээл 1.500.000 төгрөгийг хүү алдангийн хамт 2.400.000 төгрөг төлнө. Бусдыг нь төлөхгүй. 2021 онд 300.000 төгрөг төлсөн гэв.

Шүүх хуралдаанаар зохигч талуудын тайлбарласан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч П.Г нь хариуцагч Т.Н т холбогдуулж гэрээний үүргийн биелэлт, хохирол, зардалд 2.908.200 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан байна.

Зохигчийн хооронд зээлийн гэрээ байгуулагдаж хариуцагч Т.Н нь нэхэмжлэгч П.Г аас 1.500.000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 25 хувийн хүүтэй зээлдэж, мөнгийг шилжүүлэн авсан болох нь тэдний шүүхэд гаргасан тайлбар, зээлийн гэрээ гэсэн баримтаар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүрэг хүлээжээ.

Зээлдэгч Т.Н нь зээлийг 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдөр буцаан өгөх үүрэг хүлээсэн боловч Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1- заасан үүргийг тогтоосон газар хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй, тохирсон хугацаанд мөнгөө төлөөгүй буруутай байна.

Нэхэмжлэгч нь үндсэн зээл, хүү, алдангид 2.100.000 төгрөг, зардал, хохиролд 808.200 төгрөг гаргуулахыг шаардсан боловч гэрээний үүрэгт хариуцагчийн төлөх үндсэн зээл 1.500.000 төгрөг хүү 150.000 төгрөг, алданги 825.000 төгрөг, бүгд 2.475.000 төгрөгнөөс 2021 оны 06, 07, 08 дугаар саруудад төлсөн нийт 300.000 төгрөгийг хасаж 2.175.000 төгрөгийг хариуцагч төлөх үндэслэлтэй.

Нэхэмжлэгч нь өөрөөс гарсан зардал, хохиролд 2015 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Начин заан ХХК-ний Барьцаат зээлийн үйлчилгээний газраас зээлсэн 1.300.000 төгрөгийн хүү 655.000 төгрөгийг нэхэмжилсэн боловч уг төлбөр нь Т.Н тэй байгуулсан зээлийн гэрээнээс учирсан хохиролд тооцох боломжгүй, 70.200, 60.000 төгрөгийн зардлыг нотолсон баримтгүй тул тус тус хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймгийн сум дундын шүүхэд нэхэмжлэл гаргасан шуудангийн зардал 20.520 төгрөг нь нэхэмжлэгчээс гарсан зардал тул хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна.

Иймд хариуцагч Т.Н ээс зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 2.175.000 төгрөг, зардал 20.520 төгрөг бүгд 2.195.520 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.Г т олгож, үлдэх 712.680 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас хангасан үнийн дүнгийн хэмжээгээр төлбөр гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.3-д зааснаар хариуцагч Т.Н ээс 2.195.520 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.Г т олгож, үлдэх 712.680 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61.481 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Т.Н ээс 50.078 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.Г т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА