Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 1147

 

2020         09           08                                           2020/ДШМ/1147

С.Мд холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Намуун,

шүүгдэгч С.М,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 2020/ШЗ/1192 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Э.Намууны бичсэн 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 42 дугаартай эсэргүүцлээр С.Мд холбогдох эрүүгийн 2003000000227 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржав илтгэснээр хянан хэлэлцэв.

........................., 19...... оны ............ дугаар сарын ..............-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төвд эмч ажилтай, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6-51 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:Ч................../;

С.М нь 2020 оны 6 дугаар сарын 6-ны өдөр 15 цаг 40 минутын үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Шинжлэх ухаан техникийн их сургуулийн хойд уулзварын замд “Тоёота Приус” маркийн 29-55 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 15.1-т заасан “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө” гэснийг зөрчсөний улмаас явган хүний гарцаар гарч байсан явган зорчигч А.Номинчимэгийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: С.Мгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч С.Мд холбогдох эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагааг бүрэн биш хийсэн байх тул хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж үзэв. Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4.5-д заасан “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх” нөхцөл байдлыг хянасаны үндсэн дээр мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “...эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах шийдвэрийг гаргана” гэж заасны дагуу хэргийг прокурорт буцааж шийдвэрлэв. Учир нь, хохирогч А.Номинчимэг нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Миний эхний нэхэмжилсэн 953.400 төгрөг нь тухайн үед гарсан зардал. Гэмтэл согог судлалын төвд очиход надад заавал уух ёстой гэсэн эмний нэр бичиж өгсөн. Тэр хохирол төлбөрийг надад төлж барагдуулаагүй. Над руу залгаад “эгч нь мөнгийг нь өгч чадахгүй. Чи нийгмийн даатгалаас мөнгөө аваад үлдсэн мөнгийг нь эгч нь өгье” гэсэн. Би шүүгдэгчээс 1.018.000 төгрөг авсан. Би зуны 3 сар л ажилладаг. Хүний гарт орсон байсан. Энэ дээр би 3 сарын цалингийн мөнгө болох 2.550.000 төгрөг, мөн эмчилгээтэй холбоотой 100.000 гаруй төгрөг дутуу үлдсэн. Би цагдаагийн газар С.Мд “эгчээ би танаас сургалтын төлбөрөө нэхэмжилж байна. Өөр мөнгө нэхэмжлээгүй” гэж хэлсэн байна. Иймд дээрх ажиллагааг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул шүүгдэгч Боржигин овгийн Сэр-Одын Мягмарсүрэнд холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Тээврийн прокурорын газарт буцааж, шүүгдэгч С.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Э.Намуун бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хавтаст хэрэгт авагдсан хохирлын талаарх баримтын дагуу яллагдагч С.М нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн бөгөөд дээрх баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар холбогдох баримтыг хэрэгт хавсаргасан байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт “Энэ хуульд заасны дагуу оролцогчоос прокурор, мөрдөгчид гаргаж өгсөн эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг олж авсан эх сурвалжийг зааж хэлээгүй бол дангаараа нотлох баримт болохгүй” гэж заасан байна. Дээрх хуулийн заалтад заасны дагуу хохирогч А.Номинчимэгийн 3 сарын цалин болох 2.500.000 төгрөг нэхэмжилсэн нотлох баримт нь хуульд заасан шаардлагыг хангахгүй байх бөгөөд анхан шатны шүүх хуралдаанаар нотлох баримтыг шинжлэн судлах явцад хэрэгт ач холбогдолтой, хамааралтай эсэхэд эргэлзээ байсан тул тухайн нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгоогүй болно. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байхыг шаарддаг боловч шүүх хэргийг прокурорт ийнхүү буцаахдаа ямар мөрдөн шалгах ажиллагааг бүрэн биш хийсэн талаар, ямар үндэслэлээр тухайн ажиллагаануудыг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж дүгнэж байгаагаа тайлбарлаж дурдаагүй байгаа нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд эргэлзээ төрүүлэхэд хүргэж байна. Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 1192 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч С.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би баримтаар нотлогдсон хохирлыг төлж барагдуулна гэж хэлсэн. Гэтэл хохирогч сайн ойлгохгүй байна. Анхан шатны шүүх хуралдааны маргааш хохирогчийн дансанд 2.190.100 төгрөг хийсэн.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 2020/ШЗ/1192 дугаартай шүүгчийн захирамж нь үндэслэл муутай болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д “Шүүх хуралдаанаар дараахь нөхцөл байдлыг хянана” гэж, 4.5-д “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх” гэж тус тус заажээ.

            Хэргийг хянахад, шүүгдэгч С.М нь мөрдөн шалгах ажиллагаанд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан /хх 96/ байх ба хохирогч А.Номинчимэгт 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хохиролд 2.190.100 төгрөг төлсөн /хх 132/ байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудын талаар шалгасан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хэмжээнд шүүгдэгч С.Мгийн гэм буруутай эсэх талаар дүгнэлт хийх боломжтой байна гэж үзэв.

            Тээврийн прокурорын газраас С.Мд холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан журмын дагуу хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч С.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, прокуророос сонсгосон ялыг хүлээн зөвшөөрчээ.

            Иймд, анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан зохицуулалтын хүрээнд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзээд “…шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх” тухай прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, С.Мд холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 2020/ШЗ/1192 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, С.Мд холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Шүүгдэгч С.М нь хохирогч А.Номинчимэгт 2.190.100 төгрөг төлсөн болохыг дурдаж, хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл шүүгдэгч С.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                                        О.ЧУЛУУНЦЭЦЭГ

ШҮҮГЧ                                                                        Б.АРИУНХИШИГ

 

ШҮҮГЧ                                                                        Д.МЯГМАРЖАВ