| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Э.Золзаяа |
| Хэргийн индекс | 102/2024/03258/И |
| Дугаар | 001/ХТ2025/00169 |
| Огноо | 2025-10-23 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2025 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 001/ХТ2025/00169
Б.Мын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч Д.Цолмон даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батчимэг, Э.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 192/ШШ2025/01011 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 210/МА2025/00898 дугаар магадлалтай,
Б.М-ын нэхэмжлэлтэй
“ӨТ” ХХК-д холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэх, урамшуулал 131,952,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Бгийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б, Г.О, хариуцагчийн өмгөөлөгч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Доржнамбар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Ма нь хариуцагч “ӨТ” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэх, урамшуулал 131,952,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ.
2. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 192/ШШ2025/01011 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1, 101 дүгээр зүйлийн 101.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Мыг “ӨТ” ХХК-ийн ерөнхий инженерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч “ӨТ” ХХК-аас 39,019,214 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Мад олгож, мөн хугацааны цалинтай тэнцэх олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч “ӨТ” ХХК-нд даалгаж, нэхэмжлэлээс үлдэх хариуцагч “ӨТ” ХХК-аас 131,952,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 817,710 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 40,440 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Б.Мад олгож шийдвэрлэсэн.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 210/МА2025/00898 дугаар магадлалаар: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 192/ШШ2025/01011 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д зааснаар хариуцагч “ӨТ” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэгч Б.Мын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэх, урамшуулал 131,952,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 817,710 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлсөн 353,046 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.
4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр зөрүүтэй гарсан, давж заалдах шатны шүүхээс Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д заасныг буруу тайлбарласан, хоёр шатны шүүх нэхэмжлэгчийн гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг тодорхойлохдоо хууль хэрэглээний зөрүүтэй тайлбар гаргасан.
4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 8 дугаарт “…нэхэмжлэгч Б.Ма хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажил олгогчийн шийдвэрийг 2024.03.20-ны өдөр хүлээн авсан байх ба ажлаас чөлөөлсөн тушаалыг эс зөвшөөрсөн гомдлоо Баянгол дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гарган шийдвэрлүүлж, 2024.05.02-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1, 154.8-д заасан хугацааны дотор байна….” гэж үндэслэл бүхий дүгнэлт хийсэн.
Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсгийн 3.2-т “Ажил олгогчийн 2023 оны 09 сараас эхлэн ажилтныг ажиллуулаагүй, ажиллах орчин нөхцөлөөр хангаагүй асуудлаар нэхэмжлэгч нь 2024.03.20-ны өдөр ажлаас чөлөөлөх тухай тушаал гардан авсны дараа Баянгол дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасныг 2024.04.19-ний өдөр шийдвэрлэжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д зааснаар хөдөлмөрийн эрхийн маргааны маргалдагч тал хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор энэ талаар эрх бүхий байгууллагад гомдол гаргах, эсхүл мөн хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар шүүхэд гомдол гаргах эрхтэй. Нэхэмжлэгч нь 2023 оны 09 сараас эхлэн ажил олгогч ажиллуулаагүй болохыг мэдэж байсан, мөн цаг хугацаанаас эхлэн “ӨТ” ХХК-д ажиллаагүй атлаа ажилд эгүүлэн тогтоолгох гомдол гаргах эрхээ 2024.03.20-ны өдөр тушаал гардан авсан үеэс хэрэгжүүлсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлжээ…” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.
Давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт “Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн талаар маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй”, 154 дүгээр зүйлийн 154.2.1 “хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор” гэж заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн. Эрх нь зөрчигдсөн этгээдийн гомдол гаргасан хугацааг тоолохдоо “… ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс ...” хэмээн хуульд нарийвчлан тодорхойлсон. Нэхэмжлэгчийн хувьд ажил олгогчийн шийдвэр болох ажлаас чөлөөлөх тушаалыг 2024.03.20-ны өдөр хүлээн авсан. Ажилтан энэ хугацаанаас тоолон 30 хоногийн дотор Баянгол дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Тодруулбал: Б.Мыг 2023 оны 08 сард “тойрохоо зураад амар …” гэсэн ба түүнд өгсөн байрыг буцаан авахдаа “чамайг халж байгаа” гэсэн хоёрдмол утгатай зүйл хэлэх үеэс түүний эрх нь зөрчигдөж эхэлсэнтэй нэхэмжлэгч тал маргахгүй. Гэвч тухайн үед ажил олгогчийн шийдвэр гараагүй байсан, түүнд танилцуулж хүргүүлээгүй. Хэргийн материалд авагдсан ажлаас чөлөөлөх тушаалыг Б.Ма удаа дараа нэхэж байж 2024.03.20-ны өдөр гардан авсан байдаг. Хэрвээ ажил олгогч тухайн үед ажлаас халсан шийдвэр гаргаж танилцуулсан бол Б.Ма даруй гомдол гаргах байсныг давж заалдах шатны шүүх анхаараагүй.
4.2.Тухайн үед компанийн гүйцэтгэх захирлаар Я.Э ажиллаж байсан ч ажлаас халах тушаалыг ерөнхий менежер Ц.Э гаргасан ба түүнд тушаал гаргах эрх олгосон баримтгүй. Энэ тушаалыг 2024 оны 03 сард нөхөн гаргаж ажилтанд танилцуулсан байдаг. Хариуцагч хууль бус тушаал гаргасантай маргадаггүй.
4.3.Мөн 2025.02.05-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд хариуцагчийн өмгөөлөгч “…байгууллагын эрх бүхий ажилтны тушаал шийдвэр гаргаагүй байхад би ажлаасаа халагдсан гээд явчхаж болохгүй, үүнийг ажил тасалснаар тооцно…, тушаал шийдвэрээ аваад гомдлоо гаргаад явж болно.” гэх тайлбар тусгагдсан. Энэ нь мөн тухайн үед Б.Мыг ажлаас чөлөөлсөн шийдвэр албан ёсоор гаргаагүй, түүнд танилцуулаагүй, ер нь ажлаас халсан эсэх нь ч тодорхой бус байсныг харуулж байна. Өөрөөр хэлбэл, компанийн эрх бүхий этгээдийн гаргасан тушаал шийдвэр байхгүй, компанийг хэн төлөөлөх нь тодорхойгүй, албан ёсны тушаал шийдвэр гараагүй нөхцөлд ажилтан Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1-д заасан үүргээ гүйцэтгэх, 154.2-т зааснаар гомдол гаргах боломж байгаагүй.
4.4.Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.4 “Ажил олгогч ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тухай шийдвэрийг ажил хүлээлцэхээс өмнө бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргаж, ажилтанд танилцуулж, уг шийдвэрийн хувийг хүлээлгэн өгнө. Хэрэв ажилтан тухайн шийдвэрийг хүлээн авахаас татгалзсан бол ажилтны оршин суугаа газрын хаягаар шийдвэрийг шуудангаар хүргүүлснээр тухайн шийдвэртэй танилцсанд тооцно” гэж заасан ажлаас чөлөөлөх тушаалыг дээр дурдсан ямар ч хэлбэрээр өгөөгүй, танилцуулаагүй. Ажлаас чөлөөлөх тушаалыг бичгээр гаргаж танилцуулах нь эрх зүйн үр дагавар үүсгэж буй агуулгаараа ажилтны гомдол гаргах хугацааг тоолоход чухал ач холбогдолтой тул Хөдөлмөрийн тухай хуулийн 154.2.1-д “ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш…” гэж оруулсан гэж ойлгож байна.
4.5.Мөн энэ хэсэгт ажил олгогч тал ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй, ажилд томилсон тушаалыг бичгээр гаргаагүй, ажлын байрны тодорхойлолт гаргаж танилцуулаагүй, ажилтны амралтыг биеэр эдлүүлдэггүй, ажилтны дутуу хэрэгцээг ашиглан байр амлаж, ээлжгүй, амралтгүй ажиллуулчхаад эцэст нь байраа буцаан авч, хууль бус тушаалаар ажлаас чөлөөлөн, хөдөлмөрийн хуулиар хүлээсэн олон тооны үүргээ зөрчсөн байхад давж заалдах шатны шүүх “…хэдийгээр ажил олгогч ажилтанд ажлаас чөлөөлөх тушаалыг гардуулан өгөх үүргээ биелүүлээгүй байх боловч энэ нь нэхэмжлэгчийн хуульд заасан хугацаанд гомдол гаргах эрхийг хязгаарлахгүй …” гэж ажил олгогчийн хууль бус үйлдлийг хаацайлан, ажилтны эрх ашгийг ноцтой зөрчсөн шийдвэр гаргасанд гомдолтой байна.
Анхан болон давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1.-д заасныг зөрүүтэй тайлбарлан хэрэглэсэн үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгуулж, давж заалдах шатны шүүхийн магадлалаас “Ажилд эргүүлэн тогтоолгох, шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаанд ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөх бичилт хийлгэх” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэв.
5. Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 09 дугаар сарын 09-ний өдрийн 001/ШХТ2025/00775 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Бгийн гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.
ХЯНАВАЛ:
6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.
7. Нэхэмжлэгч Б.Ма нь хариуцагч “ӨТ” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэх, урамшуулал 131,952,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “... ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаалд дурдсан Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасан аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн байдал тогтоогдоогүй, тушаалыг эрх бүхий этгээд гаргаагүй, ажил олгогчийн хууль бус шийдвэрийн улмаас ажилтны цалин хөлс, урамшуулал авах эрх зөрчигдсөн, урамшуулалд өгсөн 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг бусдад шилжүүлсэн тул орон сууцны үнээр урамшуулал олгох ёстой” гэж тайлбарласан.
8. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч гаргасан тайлбартаа “...компанид их хэмжээний өр авлага хуримтлагдсанаас 2021 оны 11 сараас үйл ажиллагааг зогсооход хүрсэн, нэхэмжлэгч үр дүнгүй ажилласан, ажилдаа хааяа ирдэг болсон, 2023 оны 7 сараас бүрмөсөн ажлаа хаяж явсан, 2023.08.24-ний өдөр тушаал гарган хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон, орон сууц компанийн өмч биш, ажиллаж байх хугацаанд нь орон сууцаар түр хангасан, урамшуулал олгохоор тохиролцоогүй.” гэж маргасан.
9. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ “ ... 2023.08.24-ний өдрийн Б/1 тушаалаар компанийн үйл ажиллагаа зогссон үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 80.1.1-д заасныг баримтлан ажилтан Б.Мыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан шийдвэрийг Б.Ма 2024.03.20-ны өдөр хүлээн авч, Баянгол дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасан бөгөөд тэрээр 2024.05.02-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1, 154.8-д заасан хугацааны дотор байна. “ӨТ” ХХК нь компани татан буугдсан, орон тоо хасагдсан буюу тухайн байгууллагын бүтцээс бөөнөөр эсхүл тодорхой албан тушаал байхгүй болсон эсэхийг баримтаар нотлоогүй, улмаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-д заасны дагуу ажилтанд 30 хоногийн өмнө хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай мэдэгдэл өгөх үүргээ хариуцагч биелүүлээгүй тул “ӨТ” ХХК-ийн ерөнхий менежерийн 2023.08.24-ний өдрийн Б/2 дугаар тушаал хуульд нийцээгүй. ... Б.Ма нь “ӨТ” ХХК-тай байгуулсан хэлцлийн үндсэн дээр хаягт байршилтай орон сууцыг эзэмшиж байсан боловч уг орон сууцыг урамшуулалд авсан гэх тайлбараа нотлоогүй” гэжээ.
10. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо “ ... Ажил олгогч нь ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаалыг 2024.03.20-ны өдөр гардуулж өгсөн боловч 2023.09 сараас нэхэмжлэгч нь “ӨТ” ХХК-д ажиллаагүй тул уг хугацаанаас эхлэн ажилд эгүүлэн тогтоолгох гомдол гаргах эрхээ гаргах байтал 2024.03.20-ны өдөр гомдол гаргасан Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т заасан хугацааг хэтрүүлсэн, гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаантайг болон маргаан бүхий орон сууцын урамшууллын дагуу өмчлөх эрхтэй болохыг тус тус баримтаар нотлоогүй” гэсэн дүгнэлт хийжээ.
11. Давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуульд заасан ажилтнаас хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосонтой холбоотой гомдол гаргах хугацааг тогтоосон хэм хэмжээг буруу тайлбарласан талаарх хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлж, нэхэмжлэгчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж дүгнэлээ.
12. Талуудын хооронд Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн, хөдөлмөрийн гэрээ амаар байгуулагдсан, ажилтан Б.Ма нь ажил олгогч “ӨТ” ХХК-тай 2020 оны 10 дугаар сараас тус компанид ерөнхий инженерийн албан тушаалд ажил гүйцэтгэх, ажил олгогч цалин хөлс төлөх талаар тохиролцсон, ажилтан ажил олгогчийн 2023.08.24-ний өдрийн Б/1 дугаартай тушаалыг 2024.03.20 өдөр гардан авч Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д “хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, ... тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор” гэж заасны дагуу Баянгол дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасан талаар хоёр шатны шүүх зөв дүгнэсэн.
13. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт “Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй” гээд хугацааг мөн зүйлийн 154.2.1-д “хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор, 154.2.2-т “энэ хуулийн 154.2.1-д зааснаас бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор” гэж тус тус заажээ. Түүнчлэн мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт “Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны энэ хуулийн 154.5-д заасан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш, эсхүл энэ хуулийн 154.7-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй” гэж тус тус заажээ.
14. Анхан шатны шүүх ажилтан ажлаас халагдсан тушаалыг 2024.03.20-ны өдөр хүлээн авч, гомдлоо Баянгол дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гарган шийдвэрлүүлж, 2024.05.02-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1, 154.8-д заасан хугацааг хэтрүүлээгүй гэж зөв дүгнэсэн байхад давж заалдах шатны шүүх ажилтан ажил үүргээ гүйцэтгэхгүй болсон 2023.09 дүгээр сараас эхлэн хөдөлмөрийн эрхийн маргаанд гомдол гаргах хугацааг тоолоход уг хугацааг хэтрүүлсэн гэж өөрөөр дүгнэсэн нь хуульд нийцээгүй.
15. Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлдэх үүрэгтэй энэ үүргээ биелүүлээгүй байна. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9-д зааснаар хөдөлмөрийн гэрээний талууд хэн аль нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох боломжтой боловч хэрэгт авагдсан баримтаар ажилтны санаачилгаар уг харилцаа дуусгавар болсон нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.4 дэх хэсэгт зааснаар ажил олгогч хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож буй бол энэ талаар гаргасан шийдвэрийг ажил хүлээлцэхээс өмнө бичгээр гаргаж, ажилтанд танилцуулж, шийдвэрийн нэг хувийг хүлээлгэн өгөх үүрэгтэй.
Нэхэмжлэлд нэхэмжлэгчийг “тойрохоо зуруулаад амар” гэсэн үйл баримт дурдагдсан байх бөгөөд хариуцагч тал ажилтан ажлаа 2023 оны 7 дугаар сараас бүрмөсөн хаяж явснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон гэсэн тайлбар гаргаж, нэхэмжлэлд дурдсан үйл баримтыг эсэргүүцсэн, гэхдээ энэ үндэслэлийг тушаалдаа заагаагүй. Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүх хуралдаан дээр “тушаал гаргалаа шүү, ирж аваарай” гэж мэдэгдсэн гэх боловч хэдийд хэрхэн мэдэгдсэн талаар тодорхой тайлбар гаргаагүй, энэ тухай баримт байхгүй.
Иймд ажил олгогчоос хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болгож буй байдал ажилтанд тодорхойгүй байснаас гадна ажил олгогч 2023.08.24-ний өдрөөр огноолсон тушаалыг ажилтанд 2024.03.20-ны өдөр гардуулж өгсөн байна. Уг тушаалыг гардаж авснаар ажилтан хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсныг мэдсэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.
16. Анхан шатны шүүх тушаалыг хариуцагч байгууллагын ерөнхий менежер ажилтай Ц.Ээ нь гаргасан нь тушаал гаргах эрх бүхий этгээд биш, тушаалын үндэслэл болсон Хөдөлмөрийн тухай хуулийн заалтыг “81 дүгээр зүйлийн 80.1.1” гэж буруу бичсэнээс гадна ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасан хариуцагч байгууллага, түүний салбар нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан буюу тухай байгууллагын бүтцээс бөөнөөр эсхүл тодорхой ажил албан тушаалын байр байхгүй болсон талаар баримтгүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь заалтад нийцжээ.
17. Түүнчлэн ажил олгогч тал Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-д заасны дагуу ажилтанд 30 хоногийн өмнө хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай мэдэгдэл өгөх үүргээ биелүүлээгүй талаарх дүгнэлт хуульд нийцсэн.
18. Иймээс нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, түүний үр дагаврыг арилгуулж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 39,019,214 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр зөв болсон.
19. Харин урамшуулалд хоёр өрөө орон сууц олгосон боловч өмчлөх эрхийг шилжүүлээгүй тул үнийг нь гаргуулах тухай нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн нь үндэслэл бүхий болсон ба энэ талаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргаагүй болно.
20. Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 210/МА2025/00898 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 192/ШШ2025/01011 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч Б.Ма нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025.06.27-ны өдөр 353,047 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦОЛМОН
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАТЧИМЭГ
Э.ЗОЛЗАЯА
Х.ЭРДЭНЭСУВД