Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 115/ШШ2022/0027

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Цэнд би иргэн ...гийн, эрх бүхий албан тушаалтан болох Автотээврийн үндэсний төвийн Дорноговь аймгийн Замын-Үүд салбарын автотээврийн хяналтын улсын байцаагч (мэргэжлийн хяналтын улсын байцаагч, ...)-д холбогдуулан гаргасан тус эрх бүхий албан тушаалтны 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 0046631 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдлоор үүсгэсэн захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Иргэн ... шүүхэд: ... миний бие нь ...улсын дугаартай, Норд Бенз загварын тээврийн хэрэгслийг Эрээн хотын хил рүү явуулах гэж байхад хяналтын улсын байцаагч тээврийн хэрэгслийн арлын дугаарыг машины дугаартай нийцэж байгаа эсэхийг шалгасан. Уг тээврийн хэрэгсэл нь ...арлын дугаартай машин байсан юм.

...улсын дугаарын тээврийн хэрэгсэл нь ...дугаартай машинаас түрүүлж Эрээн хотын хил рүү явах очерт байснаа эвдэрч явах боломжгүй болсон учраас ...машины дугаарыг ...машины дугаараар сольсон байсан юм. Ингээд энэ нь хяналтын байцаагчийн шалгалтаар илэрсэн.

Хяналтын байцаагч намайг тухайн үедээ Зөрчлийн тухай хуульд заасан төрийн хяналт шалгалтаас зайлсхийсэн тул торгоно гэсэн. Ингээд арга хэмжээ авсан шийтгэлийн хуудсыг хүлээж авахад Шийдвэрлэх нь хэсэгтээ Зөрчлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1.1-д заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй байх тул..., ШИЙДВЭРЛЭСНИЙ 1 дэх заалтад ...зөрчлийн тухай хуулийн 11.1.1-д зааснаар 100,000 төгрөгийн шийтгэл оногдуулсугай гэсэн байгаа нь Зөрчлийн тухай хуульд байхгүй зүйл хэсгээр надад торгууль оногдуулсан гэж , үзэх үндэслэл болж байна.

Дээрх нь үг, үсэг, техникийн алдаа биш, зөвхөн хууль хэрэглээний алдаа гэж ойлгож байна.

Түүнчлэн 11 дүгээр зүйлийн 1.1 мөн 11.1.1 гэж бичсэнийг Зөрчлийн тухай хуулинд байгаа ойролцоо төрлийн зүйл хэсгийг харахад Төрийн аудитын тухай хууль зөрчих гэсэнтэй ойролцоо бичигдсэн байна.

Нөгөөтэйгүүр миний бие хяналтын улсын байцаагчид шалгуулахгүй байх ямар нэг үйлдэл хийгээгүй, дугаар солигдсон байна гэхээр нь үнэнээ хүлээн зөвшөөрсөн, арга хэмжээ авахад нь татгалзаагүй. Гэтэл намайг эрх бүхий албан тушаалтны тэмдэглэлүүд дээр Хяналт шалгалт хийж байхад улсын дугаар сольсон зөрчил үйлдсэн гэж үзсэн хэрнээ надад хамааралгүй, Зөрчлийн тухай хуульд байхгүй зүйл, хэсгээр арга хэмжээ авсан нь үндэслэлгүй байна. Иймд шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү

Миний бие хяналтын улсын байцаагчийн гаргасан эрхийн актад гомдол гаргаж байгаа тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гомдол шийдвэрлэх шүүхийн харьяаллыг сонгон авсан болно.

Мөн Автотээврийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2-д "Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Захиргааны хариуцлагын тухай хууль /хүчингүй болсон, одоо-' мөрдөгдөж байгаа Зөрчлийн тухай хууль/ болон бусад хууль тогтоомжид заасан улсын байцаагчийн нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ" гэж заасан бөгөөд Төрийн хяналт шалгалтын тухай хуульд зааснаар мэргэжлийн хяналтын байцаагчид хамаарах юм Иймд гомдлын хариуцагчийг мэргэжлийн хяналтын байцаагчийн чиг үүргийг хэрэгжүүлсэн гэж ойлгож хариуцагчаа тодорхойлсон болно.

Иймд Авто тээврийн Үндэсний төвийн Замын-Үүд салбарын улсын байцаагч эрх бүхий албан тушаалтан ...ийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 00045631 дугаартай шийдвэрийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдлыг гаргаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх, иргэн ...д Автотээврийн үндэсний төвийн Замын-Үүд салбарын улсын байцаагч (...)-аас, түүнийг ...улсын дугаартай тээврийн хэрэгслийн номерыг ...улсын дугаараар сольж зүүсэн зөрчилд буруутган 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 0046631 дүгээр шийтгэлийн хуудас (хх-ийн 3-р хуудас)-аар Зөрчлийн тухай хуулийн 11.1.1 гэх зүйлд заасныг баримтлан 100 000 төгрөг (нэг зуун мянга)-өөр торгох шийтгэл оногдуулсныг зөрчилд холбогдогч (иргэн ...)-ийн зүгээс эс зөвшөөрч уг шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар гаргасан шаардлага бүхий гомдолоор, хариуцагч эрх бүхий албан тушаалтан болох Авто тээврийн Үндэсний төвийн Дорноговь аймгийн Замын-Үүд салбарын улсын байцаагч (...)-д холбогдуулан захиргааны хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байсан бөгөөд,

Хариуцагчаас тус гомдолд 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа, Автотээврийн үндэсний төвийн Замын-Үүд салбарын автотээврийн хяналтын улсын байцаагч ... миний бие 2022.08.017-ны өдөр Ност-2 буюу 3-н хаалт хилийн боомт руу орох газар хяналт шалгалт хийж явахад иргэн ... нь ...гэсэн улсын дугаарыг ...гэсэн тээврийн хэрэгсэлд зүүсэн байсныг арлын дугаараар шүүж, зөрчлийг илрүүлсэн. Зөрчил гаргасан жолоочид зөрчлийн хялбаршуулсан журмаар Төрийн хяналт шалгалтын тухай хуулинд зааснаар 11.2.1.1, хяналт шалгалтаас зайлсхийсэн гэсэн заалтаар торгосон боловч ажлын ачааллаас болж зүйл, заалтаа андуурч 11.1.1.1 гэсэн төрийн аудитын тухай хуулиар торгож, зүйл заалтаа андуурсан. Иймд автотээврий хяналтын улсын байцаагч ... би иргэн ...г буруу зүйл, заалтаар торгосноо хүлээн зөвшөөрч байна, 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 0046631 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгохыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль дахь Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх тухай асуудлыг зохицуулсан 67 дугаар зүйлийн 67.1-д заасан Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн ... гэх үндэслэлд хамаарч байхын хамт, уг зөвшөөрөл нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасныг үндэслэн,

Иргэн ...гийн Автотээврийн үндэсний төвийн Дорноговь аймгийн Замын-Үүд салбарын автотээврийн хяналтын улсын байцаагч (мэргэжлийн хяналтын улсын байцаагч, ...)-д холбогдуулан гаргасан, тус эрх бүхий албан тушаалтны 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 0046631 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдлыг хариуцагчаас бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх зүйлд заасныг үндэслэн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснээр гомдол (нэхэмжлэл)-ийн шаардлага бүрэн хангагдаж, хариуцагч эрх бүхий албан тушаалтан болох Автотээврийн үндэсний төвийн Дорноговь аймгийн Замын-Үүд салбарын автотээврийн хяналтын улсын байцаагч (мэргэжлийн хяналтын улсын байцаагч, ...)-ийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 0046631 дүгээр шийтгэлийн хуудас хүчингүй болсон үр дагавар үүсэж байгаа бөгөөд,

Үүнтэй холбогдуулан иргэн ...гээс шүүхэд гомдол /нэхэмжлэл/ гаргахдаа урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхдээ нөхөн төлүүлэх шүүхийн зардал болон улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуулийн 47, 48 дугаар зүйлд зааснаар шийдвэрлэнэ., 48 дугаар зүйлийн 48.1-д Улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд нэхэмжлэл бүрэн, ... хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлж нэхэмжлэгчид буцаан олгоно гэж заасны дагуу шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иймд тус хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэснээр үүсэж буй дээр дурдсан үр дагаврын дагуу иргэн ...гээс торгуулийн шийтгэлд 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Хаан банк дахь ... дугаартай данснаас 100060000982 дугаар дансанд төлсөн 100 000 (нэг зуун мянга) төгрөг (хх-ийн 4-р хуудас)-ийг буцаан гаргуулж, улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг хариуцагчаар нөхөн төлүүлж тус тус иргэн ...д олгох нь зүйтэй байх ба, хэрэв торгуулийн төлбөрийг буцаан олгохгүй болон улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн төлөхгүй байх тохиолдолд тэрээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 т Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, ... шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж заасныг үндэслэн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх журмаар гаргуулан авах боломжтойг дурдах нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх зүйлд заасныг баримтлан иргэн ...гийн Автотээврийн үндэсний төвийн Замын-Үүд салбарын улсын байцаагчийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 0046631 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдлыг хариуцагч Автотээврийн үндэсний төвийн Дорноговь аймгийн Замын-Үүд салбарын автотээврийн хяналтын улсын байцаагч (мэргэжлийн хяналтын улсын байцаагч, ...)-аас бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 69.2, 48 дугаар зүйлийн 48.1 дэх зүйлд заасныг баримтлан иргэн ...гээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг хариуцагчаас гаргуулж, иргэн ...д нөхөн төлүүлсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь зүйлд заасныг баримтлан 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Хаан банк дахь ... дугаартай данснаас 100060000982 дугаар дансанд төлсөн торгуулийн шийтгэлийн 100 000 (нэг зуун мянга) төгрөгийг буцаан гаргуулж, иргэн ...д олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь зүйлд зааснаар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЦЭНД