| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхдөлийн Түмэннаст |
| Хэргийн индекс | 105/2019/0098/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/889 |
| Огноо | 2024-08-07 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Ц.Хурмандах |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 2024/ШЦТ/889
2024 8 07 2024/ШЦТ/889
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баянжаргал,
улсын яллагч Ц.Хурмандах /томилолтоор/,
шүүгдэгч Д.Ж, түүний өмгөөлөгч Б.Ганболд, Л.Баттогтох нарыг оролцуулан тус шүүхийн “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Ж-д холбогдох эрүүгийн 1806 00506 1957 дугаартай хэргийг 2024 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1979 онын 3 дугаар сарын 14-ний өдөр ******* суманд төрсөн, эмэгтэй, 45 настай, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, хөдөлмөрийн чадвараа 80 хувь алдсан тул группт байдаг гэх, ам бүл 2, нөхрийн хамт Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, ********* оршин суух бүртгэлтэй боловч одоогоор тус дүүргийн * дугаар хороо, *****түр оршин суух, урьд:
Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 1517 дугаар “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоолоор Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай Парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1-д заасан гэмт хэрэгт холбогдсон байсныг хэрэгсэхгүй болгосон, (РД:********).
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Ж нь 2017 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн ** дүгээр хороо, ***** тоотод иргэн Ж.А-с “Бүгд Найрамдах Солонгос улсад нөхөр Г-г нь явуулах талаар бичиг баримтыг нь хөөцөлдөж өгнө гээд 350.000 төгрөг, мөн 2 хүүхдийг нь ** дүгээр цэцэрлэгт оруулж өгнө гэж 250.000 төгрөг, хүүхэд эмнэлэгт хэвтсэн гэж хуурч нийт 660.000 төгрөгийг хуурч залилж авсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Ж мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн тул мэдүүлэг өгөхгүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн үйл баримтын талаар
Хохирогч Ж.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр таксинд цуг явж байгаад Х гэх эмэгтэйтэй танилцаад өөрийгөө төрийн бус байгууллагын тэргүүн нөхрийг чинь Солонгос явуулж өгье гээд манай гэрт очоод манай нөхөр Г-н гадаад паспортыг нь аваад бичиг баримтыг нь хөөцөлдөж өгнө гээд 350.000 төгрөг бэлнээр авсан. Тэгээд хоёр, гурван хоног манайхаар ирж байгаад 2017 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр манай эгч Б ** дүгээр хороонд хэсгийн ахлагч хийдэг юмаа хоёр хүүхдийг чинь ** дүгээр цэцэрлэгт оруулж өгнө гэж хэлээд 220.000 төгрөг бэлнээр авсан. Тэгээд хүүхдийн шинжилгээний бичиг баримт, зураг, төрсний гэрчилгээг нь аваад явсан. Үүний дараа 2-3 хоногийн дараа манай хүүхэд эмнэлэгт хэвтчихсэн мөнгө хэрэгтэй болоод байна гээд 60.000 төгрөг гэрээс ирж аваад нийт 630.000 төгрөг авсан. Ингээд утсаар өнөө маргаашгүй бүтнээ байж бай гэсээр байгаад сүүлдээ утас нь холбогдохоо болиод алга болсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-17 дугаар хуудас),
Гэрч Г.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2017 оны 10 дугаар сарын дундуур хөдөө ажиллаж байгаад гэртээ ирсэн чинь манай эхнэр А намайг Солонгос явуулахаар хүнтэй ярьсан мөн хоёр хүүхдээ цэцэрлэгт оруулахаар ярьчихсан байгаа мөнгийг нь өгчихсөн ян тан болсон гэсэн. Х гэх хүнд 630.000 төгрөг өгсөн гэж байсан. Би өөрөө тэр Х-тай нь 2-3 удаа уулзахад Х нь эгч нь чамайг Солонгос руу явуулаад өгнө асуудал байхгүй, хоёр хүүхдийг чинь цэцэрлэгт оруулаад өгнө. Би өөрийнхөө эгч Б-тай ярьчихсан байгаа. Бүх юм бэлэн болчихсон гэж хэлсэн. ...Сүүлд манай эхнэр бичиг баримтыг нь харсан чинь Х биш Ж гэдэг эмэгтэй байсан юм байна лээ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дугаар хуудас),
Шүүгдэгч Д.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “Одоогоос олон жилийн өмнө бөгөөд би суга таяг дээр байсан бөгөөд А гэх танилаас хэдэн төгрөг цувуулж авч байсан бөгөөд юу хэлж авч байснаа санахгүй байна. Би 2017 оны 9 дүгээр сард гэж санаад байна ... би муу явдаг хэвтэрт шахуу байсан. Би хоол эмийн мөнгө гэж авч байсан санагдаж байна. Би тэр үед өвчтэй байсан бөгөөд төрийн бус байгууллагад ажиллаж байгаагүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас),
Гэрч Г.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2017 оны 9 дүгээр сарын дундуур хичээл эхэлчихсэн байсан бөгөөд яг өдрийг нь сайн санахгүй байна. А над руу утсаар яриад 350.000 төгрөг зээлээч сарын дараа өгье гэхээр нь би ажил дээр ирээд ав гэсэн чинь удалгүй А манай ажил дээр ирээд надаас бэлэн 350.000 төгрөг авсан. Тухайн үед юунд ашиглах гэж байгаагаа хэлээгүй бөгөөд би тухайн үед хичээл орж байсан болохоор тодорхой асуугаагүй. Ингээд нэг сарын дараа надад бэлнээр өгсөн.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дугаар хуудас),
Шүүгдэгч Д.Ж-гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ 2017 он гэж худлаа ярьсан байна. Би 2015 оны 8 дугаар сарын сүүлээр би энэ мөнгийг А-ээс авснаа санаж байна... ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 53 дугаар хуудас),
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, Халамж үйлчилгээний хэлтсийн 20118 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 1/1195 дугаар албан тоот (хавтаст хэргийн 30 дугаар хуудас),
Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт (хавтаст хэргийн 31 дүгээр хуудас),
Байнгын асаргаа шаардлагатай иргэний тодорхойлолт (хавтаст хэргийн 32 дугаар хуудас),
Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Ц.Наранцацралын 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн Мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 38 дугаар хуудас),
Амбулаториор эмчлүүлэгсдийн карт (хавтаст хэргийн 56-66 дугаар хуудас),
Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 1517 дугаар “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоол (хавтаст хэргийн 48-49 дүгээр хуудас),
Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1806005061957 дугаар “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” тогтоол (хавтаст хэргийн 51-52 дүгээр хуудас),
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 207 дугаар шүүх хуралдааны тэмдэглэл (хавтаст хэргийн 82-83 дугаар хуудас),
ЦЕГ-ийн харьяа НХЖХ,ОНАБАХ-ын эргүүл хамгаалалтын газрын цагдаа, а/ч Б.Бат-Оршихын илтгэх хуудас (хавтаст хэргийн 89-91 дүгээр хуудас),
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 1500 дугаар Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамж (хавтаст хэргийн 104-105 дугаар хуудас),
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 467 дугаар шүүх хуралдааны тэмдэглэл (хавтаст хэргийн 112-113 дугаар хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой
Гэрч М.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Д.Ж нь миний төрсөн эх байгаа юм. Манай ээж Ж Хонхорт Б гэх айлд байгаа ... одоо ээжийн биеийн байдал муу байгаа. Бамбайн хорт хавдар ясны сийрэгжилттэй... манай ээж Солонгос улсын виз гаргаж байгаагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дүгээр хуудас),
Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 26 дугаар хуудас),
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 25 дугаар хуудас),
Шүүгдэгч Д.Ж-гийн эрүүл мэндтэй холбоотой баримт (хавтаст хэргийн 154-192 дугаар хуудас), мөн шүүгдэгч Д.Ж-ийн хувийн байдалтай холбоотой 10 хуудас баримт зэрэг нотлох баримтууд болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч “Өнөөдрийн шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож байна. Шүүгдэгч Д.Ж нь 2017 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Ж.А-г хуурч нийт 3 удаагийн үйлдлээр 660.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэрэг авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог. Мөн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ж нь хохирогч Ж.А-д зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, итгэл үнэмшил төрүүлж, түүний 660.000 төгрөгийг авсан учир хор уршиг зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй байна гэж үзэж байна. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар дүгнэлт хийхэд шүүгдэгч Д.Ж нь “залилах” гэмт хэргийн хувьд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг өмчлөгчид төрүүлж эд хөрөнгийг нь сайн дурын үндсэн дээр өөртөө шилжүүлэн авдаг бөгөөд гэмт хэргийг үйлдэхдээ хэрэгжүүлэхээс, хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгийг түүний эзэмшилд өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр хийхгүй байх санаа зорилгыг агуулсан нь шүүгдэгчийн хувьд гэм буруугийн шууд санаатай, шалтгаант холбоотой байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг тусгайлан хуульчилж өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл энэ төрлийн гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх идэвхтэй үйлдлийн аргаар шууд илэрдэг. Шүүгдэгч Ж-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон нуух замаар төөрөгдөлд оруулж “залилах” гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангаж байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай.” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь гэм буруу дээр маргаагүй болно.
Үйл баримтын талаарх дүгнэлт
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Д.Ж нь 2017 оны 9 дүгээр сарын 14 болон 17-ны өдөр Баянзүрх дүүргийн ** дүгээр хороо, ***** тоотод Ж.А-с “Бүгд Найрамдах Солонгос улсад нөхөр Г-г нь явуулах талаар бичиг баримтыг нь хөөцөлдөж өгнө гээд 350.000 төгрөг, мөн 2 хүүхдийг нь ** дүгээр цэцэрлэгт оруулж өгнө гэж 250.000 төгрөг, хүүхэд эмнэлэгт хэвтсэн гэж хуурч 60.000 төгрөг, нийт 630.000 төгрөгийг авсан үйл баримт тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна гэж үзэв.
Эрх зүйн дүгнэлт
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Д.Ж-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд “Залилах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлсэн авсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заасан.
Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.
Залилах гэмт хэрэг нь хохирлын хэмжээ шаардахгүй ба хуульд заасан аргаар бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар гэмт хэрэг үйлдэгдсэнд тооцдог.
Залилан мэхлэх гэмт хэргийн шинж нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг.
Д.Ж нь 2017 оны 9 дүгээр сарын 14 болон 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, 16-1а тоотод Ж.А-с “Бүгд Найрамдах Солонгос улсад нөхөр Г-г нь явуулах талаар бичиг баримтыг нь хөөцөлдөж өгнө гээд 350.000 төгрөг, мөн 2 хүүхдийг нь ** дүгээр цэцэрлэгт оруулж өгнө гэж 250.000 төгрөг, хүүхэд эмнэлэгт хэвтсэн гэж хуурч 60.000 төгрөг, нийт 630.000 төгрөгийг авсан нь “Залилах” гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзэв.
Шүүгдэгч Д.Ж-гийн нь үйлдэл нь гэм буруугийн санаатай, шунахайн сэдэлттэй гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Д.Ж-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлсэн авч залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж,
мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус заасан.
Хохирогч Ж.А-д 630.000 төгрөгийн хохирол учирсан байх ба шүүгдэгч Д.Ж нь төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгчийн нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчимыг удирдлага болголоо.
Шүүгдэгч Д.Ж-д эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Улсын яллагчаас “Шүүгдэгч Д.Ж-гийн үйлдсэн гэмт хэрэг, түүний эрүүл мэндийн шалтгаантай зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцуулж эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх саналыг шүүхэд гаргаж байна. Мөн хохирогчид 660.000 төгрөгийг дээрх хугацаанд бүрэн төлж барагдуулсан, эд мөрийн баримтаар хураан авсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг шийтгэх тогтоолд дурдуулах, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх саналтай байна.” гэх саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганболд “Миний хувьд улсын яллагчтай ижил байр суурьтай байна. Миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, зүйлчлэл дээр маргахгүй байгаа. Мөн өөрийн гэм бурууг ойлгож гэмшиж байгаа бөгөөд хохирогчийн нэхэмжилсэн мөнгийг бүрэн төлж барагдуулсан. Солонгос улсаас хохирогчийн хохирлыг төлөх гэж ирсэн бөгөөд үлдэгдэл 500.000 төгрөгийг Монгол улсад ирээд банкаар шилжүүлж хохирогчид төлсөн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасны дагуу эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй байна гэж үзэж байгаа учир улсын яллагчийн байр суурийг дэмжиж байна. Мөн миний үйлчлүүлэгчийн биеийн байдлын хувьд зайлшгүй эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа бөгөөд Монгол улсад эмчлүүлэх боломжгүй тул гадаад улсад эмчлүүлэх шаардлагатай байгаа. Энэ талаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байгаа. Иймд дээрх хувийн байдлыг харгалзан үзэж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх талаар шийтгэх тогтоолд дурдаж өгнө үү. Миний үйлчлэгч хөдөлгөөн хийх юм бол яс нь хугарах магадлалтай, хөдөлж чадахгүй байгаа учир оргон зугтаах боломжгүй юм.” гэх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Баттогтох “Миний үйлчлүүлэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээрээ маргахгүй байгаа. Өөрөөр хэлбэл зохиомол байдлыг бий болгосон гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байгаа талаар хуульчид бид хүлээн зөвшөөрч байна. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлх үндсэн шинж нь хохирогчийн хохирлыг сайн дураараа төлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дэмжлэг үзүүлж байгаагаар ялгагддаг. Гэм буруугаа өөрөө хүлээн зөвшөөрч байгаа учир гэм буруутайд тооцно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бол эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх тухай зохицуулалтыг тусгасан байдаг. Энэ нь ардчилсан нийгэмд дэх хүмүүнлэг энэрэнгүй хуулийн суурь зарчим юм. Иймд Шүүхийн тухай хуулийн 22.5 дугаар зүйлд зааснаар шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд миний үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж гэмт хэрэг үйлдсэн гэм бурутайд тооцож эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү. Үйлчлүүлэгчийнхээ амь нас, эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангах үүргийг хууль бид нар давхар хүлээдэг. Миний үйлчлүүлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан үзэж, мөн 2024 оны 8 дугаар сарын 9-ний өдөр хагалгаанд орох боломжоор хангаж түүнд авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү. Миний үйлчлүүлэгч нь 5 удаагийн хагалгааны зардалд тэрбум гаран төгрөг зарцуулсан байх бөгөөд миний үйлчлүүлэгч нь өөрийн нөхөр болох Солонгос улсын иргэнтэй гэрлэлтээ батлуулаад эрүүл мэндийн даатгалд хамрагдах гэхээр тухайн улсын хуулиараа ял шийтгэлтэй гэдэг шалтгаанаар эрүүл мэндийн даатгалд хамрагдах боломжгүй болдог юм байна. Иймд Монгол улсын иргэнийхээ эрх ашгийг хамгаалж дээрх байдлаар шийдэж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.
Улсын яллагч болон шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэж, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэх эрүүгийн хариуцлагын санал, дүгнэлтийг тус тус гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх; тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж,
мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж тус тус хуульчилжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон.
Харин 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Д.Ж-гийн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нь гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай үйлдэлдээ хандаж байгаа хандлага буюу 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр МУ-ын хилээр гарч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан, мөн өмнө нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1-д заасан гэмт хэрэгт холбогдож Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай Парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнийг цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх зэрэг эрүүгийн хариуцлагын зорилгыг удирдлага болгон түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний 1.200.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.
Шүүгдэгч Д.Ж нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Харин торгох ял шийтгэхдээ шүүгдэгч Д.Ж-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, хөдөлмөрийн чадвараа 80 хувь алдсан, гэм буруу дээр маргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзаад торгох ялын хэмжээг 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох ялаар тогтоов.
Хэдийгээр шүүгдэгч Д.Ж хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм буруу дээр маргаагүй боловч шүүхээс эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзсэн тул улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганболд, Л.Баттогтох нарын “эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү” гэх санал, дүгнэлтийг хүлээн аваагүй болно.
Мөн 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солихтой холбогдсон харилцааг зохицуулахаар “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн баталж мөн сарын 06-ны өдрөөс эхлэн хэрэглэж эхэлсэн.
Уг хуульд 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг оруулахаар заасан.
Мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-д: “Өршөөл үзүүлэх тухай 1991 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хууль, 1996 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн хууль, 2000 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хууль, 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн хууль, 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хууль, 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй” гэсэн байх бөгөөд шүүгдэгч Д.Ж нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай Парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан байх тул дахин хамруулах хууль зүйн үндэслэлгүй болохыг дурдав.
Бусад асуудлаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Д.Ж урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Ж-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлсэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Д.Ж-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Д.Ж нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Д.Ж-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ
ШҮҮГЧ М.ТҮМЭННАСТ