Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 128/ШШ2022/0643

 

 

 

 

 

 

 

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Ц х” ХХК

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б 

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга нарын хоорондын хүсэлт шийдвэрлэж өгөхгүй байгаа эс үйлдэхүйн талаар гаргасан маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.И, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Ж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Ц х” ХХК нь нэхэмжлэгчийн гаргасан “2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 01 тоот хүсэлтийг шийдвэрлэж өгөхгүй байгаа Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бусад тооцож, хүсэлт шийдвэрлэхийг даалгуулах”  нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2. “Ц х” ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн А/457 дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд Орон сууцны зориулалтаар 100000 м.кв газрыг 5 жилийн хугацаатай эзэмшжээ.

3. “Ц х” ХХК-д эзэмшүүлсэн 100000 м.кв газрыг 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/204 дугаар шийдвэрээр 220кв-ын өндөр хүчдэлийн шугамын трасст орсон болон уулын ус буудаг үерийн далантай хэсгийг хасаж, талбайн хэмжээг 74,558 м.кв болгон багасгаж эзэмшүүлжээ.

4. Нэхэмжлэгч 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Б-д, 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Нийслэлийн Засаг даргад хандан өндөр хүчдэлийн трасст орсон газрын нөхөн олговорт шинээр газар эзэмшүүлж өгөхийг хүссэн өргөдөл гаргасан байна.

5. Нэхэмжлэгч тус шүүхэд 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр нэхэмжлэл гаргасан.

6. Нэхэмжлэгч “Ц х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компани нь Нийслэлийн Засаг даргын №457-н тоот захирамжаар 10 га газар эзэмших эрхтэй болж газрын гэрээ хийж гэрчилгээ авсан. Тус газрын албанаас танай газрын дээгүүр дайран өнгөрч байгаа 220кв-ын цахилгаан дамжуулах агаарын зурвас нь Монгол улсын Засгийн газрын 2001 оны 263 дугаар тогтоолын 3 дугаар хавсралт "Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэм"-д зааснаар хоёр захын утаснаас хоёр тийш 25 метрт шугамын хамгаалалт ордог мөн Сонгинохайрхан уулын үерийн жалга орж байгааг Нийслэлийн ерөнхий төлөвлөлтийн газар албан тоотоор ирүүлсэн тул цахилгааны шугамын трансыг гаргаж 74558 м2 газар эзэмшүүлэхээр болсон. Нийслэлийн Засаг даргын №А/1137-н тоот захирамж гарч Нийслэлийн газрын албатай гэрээ хийж гэрчилгээгээ авсан. Хасагдсан 2,6-н га газрын нөхөн төлбөрт газраа судлаад хандаарай гэж байсан. Үүний дагуу Нийслэлийн Засаг даргад 2021 оны 10 сарын 8-ны өдрийн 11 тоот албан бичгээр хандсан боловч шийдвэрлэж өгөөгүй. Иймд тухай 2022 оны 03 сарын 22-ны өдрийн 01 тоот албан бичгээр хандсан боловч мөн шийдвэрлэж өгөхгүй хууль бус эс үйлдэхүй гаргаж байна. Иймд уг эс үйлдэхүйг хууль бусад тооцож, хүсэлт шийдвэрлэхийг даалгаж өгнө үү .” гэжээ.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.И шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ц х” ХХК  нь Нийслэлийн Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 24-ны өдрийн А/457 тоот захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд Орон сууцны зориулалтаар 100000 м2 газрыг 5 жилийн хугацаатай эзэмшдэг. “Ц х” ХХК-ны 2013 оны 11 дүгээр сарын 21-ны өдрийн 25 дугаартай албан бичгээр манай газрын дээгүүр 220кв-ын өндөр хүчдэлийн шугамын трасс орсон, мөн уулын ус буудаг үерийн далан ордог хэсгийг хасаж газар эзэмших гэрчилгээгээ сунгуулах хүсэлт гаргасныг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/204 тоот шийдвэрээр талбайн хэмжээ хасагдаж 74558м2 газар болсон. Тус газрын хэмжээ нь 74'558 м.кв болсныг харгалзан 2013 он дуусталх үүссэн газрын төлбөрийн зөрүүг хүчингүй болгон газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт хийн баталгаажуулсан байна.

БХБС-ын 2007 оны 136 дугаар тушаалаар ГЭЭГДХАҮ нь 74'558 м.кв*1320 төгрөг= 98'416'560 төгрөг төлөхөөс 43'862'346 төгрөг төлсөн. “*******” ХХК-тай 2019 оныг дуустал газрын төлбөрийн үлдэгдлийг баталгаажуулж тооцоо нийлсэн акт хийсэн бөгөөд 2020 , 2021 , 2022 онуудад ямар нэг газрын төлбөр төлөлт хийгдээгүй гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. Нийслэлийн Засаг даргад 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 11 тоот албан бичгээр хандсан өргөдлийн бүртгэл манай www.erp.ulaanbaatar.mn системд байхгүй байна.

Нийслэлийн Засаг даргад хандсан “Ц х” ХХК-ны 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 01 тоот хүсэлтийг 04 дүгээр сарын 18-ны өдөр шийдвэрлэх боломжгүй хариуг хүргүүлсэн байна. Дээрх хүсэлтэд дурдсан Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах газар нь Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 04-ны өдрийн А/333 тоот шийдвэрээр баталгаажсан “Б к” ХХК , “М т” ХХК-ны нэр дээрх газартай давхцалтай байгаа болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

            1. “Ц х” ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            2. “Ц х” ХХК-иас 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 01 тоот албан бичгээр Нийслэлийн Засаг даргад “... хасагдсан газрын нөхөн олговорт Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутагт 6,4 га газрыг 15 жилээр эзэмшүүлж өгнө үү” гэх агуулга бүхий хүсэлтийг гаргажээ. /х.х-н-11/

            3. Дээрх хүсэлтийн хариуд хариуцагч Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалтын албаны  2022 оны 08 дүгээр сарын 22-ны өдрийн 01-08/4091 албан бичгээр “...бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай давхцалтай” гэсэн үндэслэлээр татгалзжээ.

            4. Учир нь нэхэмжлэгч “Ц х” ХХК-ийн газар эзэмшүүлэх хүсэлт гаргаж буй газар нь “Б к” ХХК, “М т” ХХК нарын нэр дээрх газартай давхцалтай болох нь хэрэгт авагдсан кадастрын зургаас харагдана. /х.х-н-53/

            5. Түүнчлэн Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт “Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь гэрээний хугацаа дуусахаас өмнө иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил газрыг улсын тусгай хэрэгцээнд бүгдийг буюу зарим хэсгийг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах саналыг тухайн газар эзэмшигчтэй урьдчилан тохиролцсоны дараа Засгийн газарт гаргаж болно.” 42.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 42.2-т заасан Засгийн газрын шийдвэрийг үндэслэн тухайн шатны Засаг дарга иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээ байгуулан тухайн газрыг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авна.” 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт “Газар эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь энэ хуулийн 42.3-т заасан гэрээ байгуулсны дараа хууль болон уг гэрээнд өөрөөр заагаагүй бол ийнхүү гэрээ байгуулсан өдрөөс хойш 90 хоногийн дотор холбогдох газрыг чөлөөлж, тухайн шатны Засаг даргын мэдэлд шилжүүлнэ.” гэж тус тус заажээ.

6. Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл Засгийн газраас иргэн, хуулийн этгээдийн эзэмшиж, ашиглаж, өмчилж байгаа газрыг тусгай хэрэгцээнд авсан тохиолдолд нөхөн олговрын асуудал яригдана.

7. Харин “Ц х” ХХК-д анх 2008 онд 10 га газрыг эзэмшүүлэхдээ 1990 онд баригдсан[1] 220кв-ын өндөр хүчдэлийн трасст орсон болон үерийн далантай газрыг эзэмшүүлсэн нь Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт “Шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно.” гэсэн хуулийн заалтыг зөрчиж олгосон байсан бөгөөд үүнийг зөвтгөж газрын хэмжээг 74.558 м.кв болгож эзэмшүүлсэн 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/204 дугаар шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байна.

8. “Ц х” ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 01 тоот албан бичгээр гаргасан өргөдөлд хариу өгсөн болох нь дээр дурдсан баримтаар нотлогдож байх тул түүнийг эс үйлдэхүй гаргасан гэж үзэх үндэслэлгүй, түүний  татгалзсан шийдвэр нь бодит нөхцөл байдалд тохирсон, хууль зүйн үндэслэлтэй гарчээ.

9. Харин нэхэмжлэгч Газрын тухай хуульд зааснаар газар эзэмшүүлэх хүсэлт гаргахад энэ шийдвэр саад болохгүй.  

           

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтыг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 42 дугаар зүйлийн 42.3, Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 01 тоот хүсэлтийг шийдвэрлэж өгөхгүй байгаа Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бусад тооцож, хүсэлт шийдвэрлэхийг даалгуулах” шаардлага бүхий “Ц х” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                               Л.ӨЛЗИЙЖАРГАЛ

 

[1] “*******” ХХК-ны 2013 оны 11 дүгээр сарын 21-ны өдрийн 25 дугаартай албан бичигт тусгагдсан /х.х-н 166/