Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 192

 

Э.Э, Л.А, Ж.Б нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа,  шүүгдэгч Л.А-ийн өмгөөлөгч Б.Тэнгис, шүүгдэгч Ж.Б-ын өмгөөлөгч Ч.Болдбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 462 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 103 дугаар магадлалтай, 201626012167 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Ж.Б-ын өмгөөлөгч Ч.Болдбаатарын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1990 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Шинэчүүд овогт Э.Э нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.7 дахь хэсэгт заасан “Хүнийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж санаатай алах”, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах”, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах” гэмт хэрэгт,

2.Монгол Улсын иргэн, 1990 оны 5 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, эрэгтэй, 2009 онд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Боржигон овогт Л.А нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах”, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах” гэмт хэрэгт,

3.Монгол Улсын иргэн, 1989 оны 3 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, эрэгтэй, 2016 онд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулсан, Тайж овогт Ж.Б нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах”, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э, Ж.Б нарт холбогдох 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг, шүүгдэгч З.Алтангэрэлд холбогдох Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргээс хүндрүүлэх бүрэлдэхүүний "бүлэглэн" гэсэн шинжийг тус тус хэрэгсэхгүй болгож,

шүүгдэгч Э.Эг хүнийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж алсан, шүүгдэгч Л.А-ийг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч Э.Э, Л.А, Ж.Б нарыг нийтийн хэв журмыг бүлэглэн  зөрчиж,  бусдад  хүч  хэрэглэж,  олон  нийтийн  амгалан  тайван  байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр шүүгдэгч Л.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

шүүгдэгч Э.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7 дахь заалтад зааснаар 14 жил хорих ял, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял,

шүүгдэгч Л.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 2 сар хорих ял, Ж.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил 01 сар хорих ял тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-д Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.7-д зааснаар оногдуулсан 14 жил хорих ял дээр мөн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 15 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Э.Эгийн эдлэх 15 жил хорих ялыг хаалттай хорих байгууллагад, шүүгдэгч Л.А-ийн эдлэх 01 жил 02 сар хорих ял, Ж.Б-ын эдлэх 01 жил 01 сар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 103 дугаар магадлалаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Б, түүний өмгөөлөгч Ч.Болдбаатар нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Ж.Б-ын өмгөөлөгч Ч.Болдбаатар гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Давж заалдах шатны шүүх нотлох баримтыг дутуу үнэлсэн, өмгөөлөгч миний гаргасан давж заалдах гомдлыг нэг бүрчлэн анхаарч үзээгүй. Хэрэгт авагдсан хохирогч Д.Нямсүрэн, гэрч Л.Нарантуяа, П.Бат-Оргил, насанд хүрээгүй гэрч М.Мишээлмаа, Д.Ганбат нарын мэдүүлгийг магадлалд дурдахдаа Бямбацогтын эсрэг ашиглагдах мэдүүлгийг түүвэрлээд, зөрүүтэй буюу Бямбацогтын байдлыг үнэн бодитоор мэдүүлсэн хэсгийг орхигдуулсан байна. Анхан шатны шүүх хурал дээр Э, А нар нь Б-г боль гэж хэлж байсан гэж мэдүүлсэн. Гэтэл шүүх Б-г гэмт үйлдлийг таслан зогсоох ямар нэг үйлдэл хийгээгүй гэж дүгнэсэн.

Насанд хүрээгүй гэрч М.Мишээлмаагаас 2 удаа мэдүүлэг авахдаа видео бичлэгийг урьдчилан үзүүлсэн. М.Мишээлмаа нь Б-г бас нөгөө 2 залууг зодсон мэтээр мэдүүлсэн ба дахин өгсөн мэдүүлэгтээ үүнийг залруулж Бямбацогтын талаар андуурч хэлсэн, оролцоогүй гэдгийг мэдүүлсэн. Гэвч мэдүүлэг авахдаа нотлох баримттай урьдчилан танилцуулж авсан мэдүүлгийг үнэлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7-д заасныг зөрчсөн. Бямбацогтын санаа бодол, итгэл үнэмшил нь өөрөө ямар нэг хэрэгт холбогдохгүй байх, тухайн асуудлаас хол хөндий байх гэсэн итгэлээр ямар нэг үйлдэл хийгээгүйг буруутгаж байгааг зөвшөөрөх үндэслэлгүй байна.

...Ямар нэг үйлдэл хийгээгүй этгээд гэмт үйлдэл дууссаны дараа хэлэгдсэн үгээр нийгмийн хэв журмыг бүлэглэн зөрчсөн болж байна. Нөгөө талаар амнаас гарсан үг авиаг үйлдэл, эс үйлдэхүй үйлдэж байна гэж төсөөтэй авч үзэж болохгүй. Б-г гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж үзээд байгаа боловч хамтран оролцогчийн хэн аль нь болохыг журамлан тодорхойлоогүй. Шүүхийн дүгнэлтээс үзэхэд Б-г 2 зүйл дээр буруутгаж байгаа ба нэг нь ямар ч үйлдэл хийгээгүй, нөгөө нь бусдыг эсэргүүцсэн гэсэн үйлдэл байгаа. Гэтэл Эрүүгийн хуулийн 3.1, 3.7 дугаар зүйлд заасан бүлэглэн гүйцэтгэх, хамтран оролцох гэсэнтэй нийцэхгүй байна.

Б-г хэрэгт холбогдуулж байгаа нотлох баримт нь зөрүүтэй, эргэлзээгүй бүрэн бодитой нотлогдоогүй бөгөөд хуулийг төсөөтэй хэрэглэжээ. Энэ хэрэгт оролцсон улсын яллагч нар хууль буруу хэрэглэж, нотлох баримтыг илт гуйвуулан Ж.Быг яллаж байгаад шүүх дүгнэлт хийсэнгүй. Мөн давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор нь нотлох баримтыг илт гуйвуулсан. Анхан шатны шүүх хуралдаанаар шүүгдэгч нарын гэм буруутай эсэхийг хянан хэлэлцсэний дараа шүүгдэгч нарыг хамтад нь гэм буруутай гэж үзсэн бөгөөд энэхүү гэм буруутайд тооцсон шийдвэрийнхээ үндэслэлийг танилцуулаагүй. Иргэдийн төлөөлөгч Б-г буруугүй гэж дүгнэлт бичиж өгсөн байхад шүүх дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг огт тусгаагүй.

2015 оны Эрүүгийн хуулийн “Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах” гэсэн зүйл ангийн диспозицод заасан шинжүүдээс нэг хэсгийг нь таслан авч хэрэглэсэн нь хуулийг төсөөтэй хэрэглэж байгааг харуулж байна. Олон нийтийн амгалан тайван байдал алдагдсан гэх хэрэгт хохирогч нь хэн байх вэ гэдэг эргэлзээтэй.

Ж.Б нь хэн нэг хүнийг цохиж гэмтээгээгүй тул өөрийгөө гэм буруугүй, энэ хэрэгт оролцоогүй гэж үздэг. Холбогдсон хэрэгтээ маш их гэмшиж байгаа талаараа яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө мэдүүлсэн. Иймд шийтгэх тогтоол, магадлалын Бямбацогтод холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгч Л.А-ийн өмгөөлөгч Б.Тэнгис хэлсэн саналдаа: “Шийтгэх тогтоол, магадлал хууль зүйн үндэслэлтэй гарсан. Ч.Болдбаатар өмгөөлөгчийн гаргасан гомдлыг дэмжиж байна” гэв.

Мөн шүүх хуралдаанд прокурор Ц.Бурмаа хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Энэ хэргийн гол нотлох баримт болох камерын бичлэг болон шүүгдэгч нарын үйлдлийг харж “боль” гэсэн шаардлага тавьж байсан гэрчүүдийн мэдүүлгээс Ж.Б-ын зодоонд турхирч байсан үйлдэл тодорхой харагддаг. Хэргийн зүйлчлэл тохирсон, шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Ж.Б-ын өмгөөлөгч Ч.Болдбаатарын гаргасан гомдлыг үндэслэн Э.Э, Л.А, Ж.Б нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Э.Э нь 2016 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 17 цаг 50 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цогт” төвийн орчим амь хохирогч Б.Дашцэрэнг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, шалтгаангүйгээр түүний толгой болон нүүрэн тус газар нь хөлөөрөө өшиглөх, гараараа цохих зэргээр зодож гавал тархины гэмтэл учруулан санаатай алсан,

-мөн шүүгдэгч Э.Э, Л.А нар нь бүлэглэн, согтуугаар, нийтийн хэв журмыг зөрчиж, шалтгаангүйгээр хохирогч Б.Дашцэрэн, Д.Нямсүрэн нарт хүч хэрэглэж, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан,

-шүүгдэгч Л.А нь согтуугаар, 2016 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 17 цаг 50 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цогт” төвийн орчим шалтгаангүйгээр хохирогч Б.Дашцэрэн, Д.Нямсүрэн нарыг зодож 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шүүгдэгч Э.Э нарт холбогдох хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж хөдөлбөргүй тогтоосон байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хэлэлцэж, тухайн хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгч Э.Э-г хүнийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж алсан, шүүгдэгч Л.А-ийг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч Э.Э, Л.А нарыг нийтийн хэв журмыг бүлэглэн  зөрчиж,  бусдад  хүч  хэрэглэж,  олон  нийтийн  амгалан  тайван  байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Э.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7-д зааснаар 14 жил хорих, 20.16 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жил хорих ял оногдуулж, уг ялуудыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 15 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосон, мөн шүүгдэгч Л.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 2 сар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын гэм буруу, хувийн байдалд тохирсон гэж үзэв.

Харин шүүгдэгч Ж.Б-ыг Э.Э, Л.А нартай бүлэглэн олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж анхан болон давж заалдах шатны шүүх дүгнэн, Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэж хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар бэхжүүлэгдсэн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.Б-ын хувьд Э.Э, Л.А нарын үйлдсэн гэмт хэрэгт санаа зорилго, үйлдлээрээ хэрхэн нэгдэж, хамтран оролцсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, цагаатгах талын баримтыг няцаан үгүйсгэж чадаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3-т заасан шаардлагад нийцэхгүй байна.

Шүүгдэгч Ж.Б хэргийн газарт байсан атлаа шүүгдэгч Э.Э, Л.А нарын гэмт үйлдлийг хориглож, таслан зогсоогүй эс үйлдэхүйн төлөө түүнийг олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгах үндэслэлгүй болно.

Иймд шүүгдэгч Ж.Б-ын өмгөөлөгч Ч.Болдбаатарын энэ талаар гаргасан гомдлыг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр Ж.Б-од холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатган, нэн даруй суллах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх шийдвэрлэв.

Давж заалдах шатны шүүхийн магадлалын тодорхойлох хэсэгт шүүгдэгч Ж.Б-ын нэрийг “Ж.Бямбадорж” гэж буруу бичиж, техникийн шинжтэй алдаа гаргасныг тэмдэглэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1, 40.8 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 462 дугаар шийтгэх тогтоолд “Тайж овогт  Жагваралын Б-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулсан хэсгийг тус тус хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар Ж.Б-од холбогдох Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатгасугай” гэсэн нэмэлт өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Шүүгдэгч Ж.Б-ыг нэн даруй суллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт мэдэгдсүгэй.

                       

                        ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                        ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                              Д.ГАНЗОРИГ

                                                                                              Ч.ХОСБАЯР

                                                                                              Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН