Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 2024/ШЦТ/955

 

                 

      2024         9            03                                      2024/ШЦТ/955

 

 

 

           

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баянжаргал,

улсын яллагч Ц.Чингүүн,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.У өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ,          

шүүгдэгч Г.С нарыг оролцуулан тус шүүхийн “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.С-т холбогдох эрүүгийн 2406 01221 0785 дугаар хэргийг 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1984 оны 02 дугаар сарын 02-ны өдөр **** аймгийн *** суманд төрсөн, эрэгтэй, 40 настай, бүрэн дунд боловсролтой, авто механик мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй /хэрэгт баримт авагдаагүй/, ам бүл 1, ганцаараа ***** дүүргийн ** дугаар хороо, ***** оршин суух, урьд 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 62 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 727 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг нэмж нэгтгэн, торгох ялын хэмжээг 1300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.300.000 төгрөгөөр тогтоосон,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 673 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдсэн, (РД: *********).

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.С нь 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр ***** дүүргийн * дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ******** худалдааны төвийн В1 давхарт байрлах “****” дэлгүүрээс шоколад, чихэр, жүүс, конъяк, виски зэрэг 10 төрлийн бараа бүтээгдэхүүнийг хүч хэрэглэхгүйгээр,  нууцаар,  хууль бусаар авч “*******” ХХК-д 1.531.569 төгрөгийн хохирол, 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ******* салбар дотроос хананы тавиур дээр байсан “Самсунг Галакси Воч-4” загварын бугуйн цагийг хүч хэрэглэхгүйгээр,  нууцаар, хууль бусаар авч “****” ХХК-д 859.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:      

Шүүгдэгч Г.С шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “****-н цагийг хэд хоногийн дараа өгсөн. **** дэлгүүр дээр очооод менежерийн утас, дансыг нь аваад уучлалт гуйгаад үлдэгдэл мөнгийн 10 сар гаргаад төлж болох уу гэж лавлахад болно гэсэн. Ойлголцоод уучлалт гуйсан. 10 сар гараад би бүгдийг нь төлж барагдуулна.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн үйл баримтын талаар

Хохирогч Ц.У-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай дэлгүүр 2024 оны 03 дугаар сарын эхээр барааны тооллого хийсэн ба уг тооллогоос 6 ширхэг виски дутсан. Тэгээд хяналтын камераа ухрааж шүүж үзэхэд 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр үл таних хүн манай дэлгүүрт орж ирээд 6 хэсгээс бараа авч тэргэнд хийгээд төлбөрөө төлөхгүй, касс хэсгээр гарахгүй, үйлчлүүлэгчийн орох хэсгээр дэлгүүрээс гарсан. Уг хүн манай дэлгүүрт орж ирээд 40 минут гаруй болсон. Тэгээд бараа бүтээгдэхүүнээ хулгайд алдсанаа мэдсэн. Тэгээд цагдаад хандсан. Нийт манай дэлгүүрт 11 нэр төрлийн 42 ширхэг буюу 2,228,900 төгрөгийн хохирол учирсан. Уг бараанууд нь жижиг шоколадны цуглуулга 1 ширхэг, герман чихэр 2 ширхэг, чихрийн холимог 6 ширхэг, чихрийн цуглуулга 7 ширхэг, hennessy 4 ширхэг, шоколадны цуглуулга арвай чацарганатай 7 ширхэг, JW виски 1 ширхэг, жүүс тоор жүржийн 7 ширхэг, хар шоколад 4 ширхэг, сүүн шоколад 3 ширхэг тус тус авсан байсан. Би уг хүнийг харвал танина...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 125 дугаар хуудас),

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн: “Уг бичлэгийг 02 цаг 30 минутад эхлүүлж, бичлэгийг албаны хэрэгцээнд ашиглах “Dell” загварын компьютерээр нээж үзэхэд 22 ширхэг бичлэг байх ба бичлэгийг нээхэд ***** дотор үйл ажиллагаа явуулдаг ***** дэлгүүрийн дотор хэсэг харагдана. Зураг №1: 7 дахь бичлэгийг нээж үзэхэд уг дэлгүүр рүү орох хаалга харагдах ба уг хаалгаар 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 13 цаг 46 минут 14 секундэд сэжигтэй этгээд болох хар өнгийн цамцтай, хөх цэнхэр өнгийн куртиктэй, хар хөх өнгийн жинсэн өмдтэй, хар өнгийн пүүзэн гуталтай 35-40 насны эрэгтэй орж байна. Зураг №2: 4 дэх бичлэгийг нээж үзэхэд 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 14 цаг 09 минутад сэжигтэй этгээд ногоон өнгийн тэрэг түрэн бараа бүтээгдэхүүн аваад тэргэндээ хийгээд явж байгаа дүрс бичлэг байна. Зураг №3: 3 дахь бичлэгийг нээж үзэхэд 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 14 цаг 23 минут 45 секундэд уг сэжигтэй этгээд ногоон өнгийн тэргэнд авсан бараа бүтээгдэхүүнээ хийгээд гарч байна. Зураг №4: 8 дахь бичлэгийг нээж үзэхэд уг этгээд гадна хаалгаар гарч байгаа дүрс бичлэг байна.” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 131-134 дүгээр хуудас),

Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 04-А/16509 дугаар: “...Ялтан Г.С нь 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг бүрэн биелүүлж 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 66 дугаартай тогтоолоор, торгох ялын 1,350,000 төгрөгийг бүрэн төлж 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 24/426 дугаартай тогтоолоор тус тус дуусгавар болгосон байна. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 673 дугаартай шийтгэх тогтоолоор 1,000,000 төгрөгийн торгох ялын холбогдох гүйцэтгэх баримт бичиг манай санд бүртгэлгүй байна.” гэх албан бичиг (хавтаст хэргийн 211 дүгээр хуудас),

Хохирогч Н.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 16 цагийн орчимд нэлээн өндөр 180 см орчим өндөртэй, цэнхэр урт куртиктэй, хар өнгийн саравчтай малгайтай /малгайных нь хоёр талын чих нь буудаг загварын малгай байсан/ хэрэглэгч орж ирсэн. Тэр хүн орж ирээд автомат машинаас үйлчилгээний дарааллын тасалбар аваад дарааллын дагуу 2 номер дээр очиж үйлчлүүлсэн. Манай ажилтнаас тэр хүн “1 жилийн хугацаатай нэгж байдаг уу” гэж асуучхаад үйлчилгээ авахгүй сандлаасаа босоод салбарын дотор заалыг бүтэн тойрч үзэж байгаад салбараас гараад явчихсан. Тэр хүн удалгүй 5 орчим минутын дараа буцаж орж ирээд заалыг бүтэн тойрч байхдаа хананд тавиур дээр ил байж байсан Samsung Galaxy Watch 4 загварын хайрцагтай /лацтай гэх/ цагийг куртикнийхээ өвөртөө хийгээд гарсан байсан... Алдсан цагийг иргэдэд худалдаалахдаа 859,000 төгрөгөөр борлуулдаг... Манай байгууллагад 859,000 төгрөгийн хохирол учирсан. Алдагдсан цагны сериал код нь RFATA0Y61FV гэх сериал кодтой...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дугаар хуудас),

Гэрч Д.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр М-ын **** салбарт хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байх үед 16 цагийн үед тус салбарын бүтээгдэхүүн үйлчилгээний танилцуулга хэсэгт байсан Самсунг брэндийн 1 ширхэг цаг хулгайд алдагдсан асуудал үүссэн... Хяналтын камерын бичлэг байна гэсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас),

Гэрч Б.У-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ******** дугаарыг эзэмшдэггүй. Би одоогоос 2 жилийн өмнө машины нэр шилжүүлэх гэж яваад өөрийн иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн. Гэхдээ хаана, хэзээ гээгдүүлснээ санахгүй байна... Миний нэр дээр хэрэглэгчийн бүртгэл үүссэн гэх ******** дугаарыг би мэдэхгүй байна. Миний иргэний үнэмлэхийг олсон хүн энэ дугаарыг үүсгэсэн байж магадгүй гэж бодож байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дүгээр хуудас),

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, цагдаагийн байгууллагад хандсан өргөдөл (хавтаст хэргийн 03-04, 119-122 дугаар хуудас),

Хяналтын камер бичлэг бүхий Сидиг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 05-08, 129 дүгээр хуудас),

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан хавтаст хэргийн 21-24, 146-151 дүгээр хуудас),

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтас хэргийн 36 дугаар хуудас),

            Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 66 дугаар хуудас),

            Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 67 дугаар хуудас),

            Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 68 дугаар хуудас),

Шийтгэх тогтоолын хуулбарууд (хавтас хэргийн 40-61 дүгээр хуудас), “.” ХХК-д 500.000 төгрөг барагдуулсан орлогын ордер (2 хуудас) зэргийг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч Г.С нь 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр ***** дүүргийн * дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ***** худалдааны төвийн В1 давхарт байрлах “******” дэлгүүрээс шоколад, чихэр, жүүс, конъяк, виски зэрэг 10 төрлийн бараа бүтээгдэхүүнийг хүч хэрэглэхгүйгээр,  нууцаар,  хууль бусаар авч “******” ХХК-д 1.531.569 төгрөгийн хохирол, 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ******-ийн Мобиком салбар дотроос хананы тавиур дээр байсан “Самсунг Галакси Воч-4” загварын бугуйн цагийг хүч хэрэглэхгүйгээр,  нууцаар, хууль бусаар авч “М” ХХК-д 859.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан баримтаар тус тус тогтоогдож байх тул шүүгдэгч Г.С-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай.” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Г.С нь гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Үйл баримтын талаарх дүгнэлт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Г.С нь 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр ***** худалдааны төвийн В1 давхарт байрлах “****” дэлгүүрээс шоколад, чихэр, жүүс, конъяк, виски зэрэг 10 төрлийн бараа бүтээгдэхүүнийг хүч хэрэглэхгүйгээр,  нууцаар,  хууль бусаар авч “*****” ХХК-д 1.531.569 төгрөгийн хохирол,

2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ***-ийн М салбар дотроос хананы тавиур дээр байсан “Самсунг Галакси Воч-4” загварын бугуйн цагийг хүч хэрэглэхгүйгээр,  нууцаар, хууль бусаар авч “М” ХХК-д 859.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан үйл баримт тус тус тогтоогдож байна.

 “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар “М” ХХК-ын **** салбарын үзүүлэнд байсан Samsung watch 44 size-ыг 859.000 төгрөгөөр, “Ү” ХХК-ийн “******” салбар дэлгүүрээс алдагдсан гэх бараа, бүтээгдэхүүнийг нийт 1.531.569 төгрөгөөр тус тус үнэлсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна.

Эрх зүйн дүгнэлт

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Г.С-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд “Хулгайлах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заасан.

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.

 “Хүч хэрэглэхгүйгээр” гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж, халдаагүй үйлдсэнийг, “нууцаар” гэж бусдын эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр далд авсныг, “хууль бусаар авсан” гэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц, далд аргаар авч, өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх, захиран зарцуулсныг тус тус ойлгоно.

Түүнчлэн “Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-т “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” буюу 300.000 төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгоно гэж заасан байдаг ба шүүгдэгч Г.С нь  “М” ХХК-ын ***** салбарын үзүүлэнд байсан Samsung watch 44 size цаг, “*******” ХХК-ийн “*******” салбар дэлгүүрээс алдагдсан гэх бараа, бүтээгдэхүүн зэргийг тус тус авсан байх бөгөөд “Мобиком корпораци” ХХК-ын ***** салбарын үзүүлэнд байсан Samsung watch 44 size-ыг 859.000 төгрөгөөр, “*****” ХХК-ийн “*****” салбар дэлгүүрээс алдагдсан гэх бараа, бүтээгдэхүүнийг нийт 1.531.569 төгрөгөөр тус тус үнэлсэн байх ба бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэж үзнэ.

Шүүгдэгч Г.С-ын нь хохирогч нарын эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан нь “Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж зааснаар шүүгдэгч Г.С нь хохирогч “*****” ХХК-ын ***** салбар, *****” ХХК-ийн “*****” салбар дэлгүүрээс тус тус эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан хэд хэдэн удаагийн үйлдэл гаргасан байх тул үргэлжилсэн үйлдлээр гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

Иймд шүүгдэгч Г.С-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг авч хулгайлах”  гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус зааснааар шүүгдэгч Г.С-аас 1.031.569 төгрөгийг гаргуулан *****” ХХК-ийн “*****” салбар дэлгүүрт олгож шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.С нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3, 5 дахь хэсэгт зааснаар хохирол төлбөр төлөх хүсэлт гаргаагүй болно.

Хохирогч ****** ХХК-ын ****салбарын үзүүлэнд байсан Samsung watch 44 size-ыг буцаан өгсөн, мөн ***** ХХК-ын ***** салбар дэлгүүрт 500.000 төгрөгийг тус тус төлсөн болохыг дурдав.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Г.С-ын гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Шүүгдэгч Г.С-т эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Улсын яллагч дүгнэлтдээ: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын төрлөөс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нэг хохирогчийн хохирлыг барагдуулсан нөхцөл байдал, гэм буруу дээр маргаагүй зэргийг харгалзан 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай. Өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тусад нь эдлүүлэх саналтай. Үндэслэл нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 2023 оны 6 дугаар сарын албан бичгийг харахад баримт бичиг санд бүртгэлгүй байна гэхээр гүйцэтгэх хуудас очоогүй гэж үзэх, өөрөөр хэлбэл санаатай очоогүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Г.С “Тэнсэж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан.

Хавтаст хэргийн 36 дугаар хуудаст авагдсан Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт авагдсан шийтгэх тогтоолын хуулбаруудаар шүүгдэгч Г.С нь урьд гурван удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан байх бөгөөд хамгийн сүүлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 673 дугаар шийтгэх тогтоолыг биелүүлээгүй байна.  

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт Б.С “Сонгинохайрхан дүүргийн шийдвэр гүйцэтгэгчтэй энд ирээд очиж уулзсан, буруу ойлголцсон байсан, 10 сарын дотор төлөх хугацаа зааж өгсөн” гэж мэдүүлсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг шүүхээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажлын 5 өдрийн дотор ял шийтгүүлсэн этгээдийн хамт хүлээлгэж өгөхөөр хуульчилсан.

Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн баримт ирээгүй байсан гэх тайлбар, улсын яллагчийн шүүгдэгч Г.С санаатай очоогүй гэх дүгнэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байхаас гадна гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлэн шүүгдэгч Г.С-т эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзсэн тул “нийтэд тустай ажил хийлгэх” болон “тэнсэх” дүгнэлтийг тус тус хүлээн аваагүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Г.С-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, *****” ХХК-ийн “*****” салбар дэлгүүрт 1.031.569 төгрөгийн төлбөртэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 673 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан эрүүгийн хариуцлагыг биелүүлээгүй, урьд хэд хэдэн удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан боловч гэмт хэрэг зөрчил үйлдэхгүй байх талаар ухамсарлаагүй дахин гэмт хэрэг үйлдсэн зэрэг хувийн байдал зэргийг харгалзан үзэж дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, цээрлүүлэх зэрэг эрүүгийн хариуцлагын зорилгыг удирдлага болгон шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял шийтгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 673 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Г.С-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож, энэ шийтгэх тогтоолоор оногдуулах хорих ялд 02 сар 06 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 01 жил 02 сар 07 хоногийн хугацаагаар тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С-т оногдуулсан 01 жил 02 сар 07 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Бусад асуудлаар:

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг СиДи-г хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргав.

Шүүгдэгч Б.С-т урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь

1. Шүүгдэгч Г.С-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б.С-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 673 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Г.С-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож, энэ шийтгэх тогтоолоор оногдуулах хорих ялд 02 сар 06 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 01 жил 02 сар 07 хоногийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С-т оногдуулсан 01 жил 02 сар 07 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Г.С-аас 1.031.569 төгрөгийг гаргуулан *****” ХХК-ийн “******” салбар дэлгүүрт олгосугай.

6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, “*****” ХХК-ын **** салбарын үзүүлэнд байсан Samsung watch 44 size-ыг буцаан өгсөн, мөн “*****” ХХК-ийн “*******” салбар дэлгүүрт 500.000 төгрөгийг төлсөн, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.  

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг СиДи-г хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргасугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох ба шүүгдэгч Б.С-т урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

9. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Г.С-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

 

 

 

 

                                           ДАРГАЛАГЧ

                                                ШҮҮГЧ                                     М.ТҮМЭННАСТ