Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 2024/ШЦТ/979

 

                                                                                                        

    2024          9            10                                          2024/ШЦТ/979

 

           

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баянжаргал,

улсын яллагч Н.Ганчимэг,

шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Э-д холбогдох эрүүгийн 2206 00642 1077 дугаартай хэргийг 2024 оны 8 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1981 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт ******** *** тоотод оршин суух хаягтай боловч одоо ШШГЕГ-ын харъяа 413 дугаар хорих байгууллагад хорих ял эдэлж байгаа гэх, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:

Баянзүрх дүүргийн шүүхийн 2003 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 265 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ял, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялын хөнгөнийг хүндэд нь багтааж, нийт биечлэн эдлэх ялыг 03 сарын хугацаагаар баривчлах ялаар тогтоосон,    

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2005 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 69 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 02 жил хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэгт зааснаар 3 сар баривчлах ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялын хөнгөнийг хүндэд нь багтааж, нийт биечлэн эдлэх ялыг 02 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосон,  

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 352 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил, мөн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 100.000 төгрөгийг хурааж, 5 жил 06 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн, нийт хорих ялыг 7 жилийн хугацаагаар тогтоож, өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 01 жил 11 сар 11 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх хорих ялыг 8 жил 11 сар 07 хоногийн хугацаагаар тогтоосон,

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 95 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.1 дэх хэсэгт зааснаар 02 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 01 жил 06 сар 29 хоногийн хорих ялын зарим болох 01 жилийг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 01 жил 02 сарын хугацаагаар тогтоосон,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 814 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 50.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил, 01 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдсэн,

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 781 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 06 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн биелэн эдлэх хорих ялын хэмжээг 02 жил 06 сарын хугацаагаар тогтоосон,

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 445 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 08 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 01 жил 02 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосон,

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 145 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 02 жил 06 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдсэн, (РД: **********).

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Э нь 2020 оны 07 дугаар сард Баянзүрх дүүргийн * дугээр хороо **** тоот хашаанд “гражийн өрлөг барьж өгнө” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хохирогч Б.Ц-аас 4 шинэ дугуй, обуд шилжүүлэн авч залилсан,

мөн 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 1 өдрийн 30.000 төгрөгөөр түрээслүүлэхээр шилжүүлсэн хохирогч Б.Ц-ы эзэмшлийн **** *** улсын дугаартай Соната 6 маркийн автомашиныг худалдан борлуулж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн үйл баримтын талаар   

Хохирогч Б.Цы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2014-5 оноос хойш автомашин түрээсийн үйлчилгээ эрхэлж байгаа. 2020 оны 08 сарын 13-ны өдөр өөрийн эзэмшлийн автомашин болох **** улсын дугаартай соната-6 загварын машинаа Э гэх хүнд гэрээ хийхгүйгээр амаар өдрийн 30.000 мянган төгрөг 400 хоногоор ажлын 5 өдрөөр тооцож, тохиролцож Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байх "****" нэртэй таксины үйлчилгээний компанийн хашаанд байхдаа Э-д өгч түрээслүүлсэн. 2020 оны 11 сард Ковидын хөл хорио тогтоох хүртэл түрээсийн төлбөрөө тасралтгүй өгч байгаад 2020 оны 11 сарын дундуураас хойш Ковид-19 өвчний улмаас би түрээсийн мөнгө Э-с аваагүй, дараа нь нөхөж өгөөрэй гээд машинаа авалгүй орхичихсон. 2021 оны 06-07 сарын хугацаанд Э надад миний Хаан банкны ******* дугаарын дансаар 300 гаруй мянган төгрөг өгсөн. Би 2020 онь: сарын 01-нээс эхэлж Баянзүрх дүүргийн **** тоот хашааг засварын газар нээх зорилгоор худалдаж авч, 2 давхар автограж барьж эхэлсэн. Э 2020 оны 07 сарын сүүлчээр “гражийн өрлөг барьж өгнө” гэж хэлээд надаас Сонато-7 машины 4 ширхэг шинэ дугуй, обуд, 600.000 төгрөгөнд бодож авсан. Ингээд Э гэх залуу миний машиныг өгөлгүй холбоо тасарсан. Би Э-ын ***** тоот хаягаар 4-5 удаа очиж Э-г асууж очсон боловч Э нь байхгүй байсан. Ээжийнх нь дүү гэх нэг хөгшин “Б гэх настайвтар эгч “мэдэхгүй ээ, Э архинд орсон, цагдаа нар ирж хайгаад байгаа” гэж хэлсэн. Удалгүй над дээр Эхайж явна гээд Эрүүгийн цагдаагаас хүмүүс ирж надаас асуусан. Тэгээд таны автомашин зарагдсан юм шиг байна гэж хэлсэн. 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн Хоёрдугаар хэлтсээс мөрдөгч яриад “Э баригдсан, хорьсон байгаа шүү” гэж хэлсэн. Мөрдөгч цагдаагийн дэслэгч залуу “та өргөдлөө харъяаллын дагуу өгч шалгуулаад БЗДЦГ 2 хэлтсээс манайх руу шилжүүлүүлээрэй” гэж хэлсэн. Үүний дагуу би өргөдөл өгч байгаа юмаа. Би тухайн үед ажил ихтэй байсан учраас ирж чадаагүй, мөн Э олдчих байх гэж бодсон. Би Э гэгчтэй автомашин түрүүсийн гэрээ хийгээгүй, ямар нэгэн байдлаар бичмэл баримт үйлдээгүй, амаар ярьж тохиролцсон. Би Э гэгчээс өөрийн автомашин, орж ирсэн 4 ширхэг обудтай дугуй зэргийг төлүүлмээр байна. ... Миний автомашиныг тухайн үеийн зах зээлийн үнэлсэн байх. Би тухайн үед 1 өдрийн 30.000 төгрөгөөр таксины журмаар Б.Э түрээслүүлэн өгсөн юм. Надад учирсан хохирлоос 300.000 төгрөг өгсөн ба одоогоор хэдэн төгрөг өгснийг хэлж мэдэхгүй байна. Тухайн үед эхнэр Б-гийн Хаан банкны ******** тоот дансруу түрээсийн мөнгөө шилжүүлдэг байсан. Дансны хуулгаа авчирч өгөөд нийт өгсөн мөнгийг нь гаргаж өгье. ... Б.Э нь 2020 оны 07 дугаар сарын сүүлчээр Соната-7 автомашины 4 ширхэг обуд дугуйг “гаражын 2 давхрын өрлөг барьж өгнө” гэж хэлээд аваад явсан ба намайг анхнаасаа залилах зорилготой байсан ба дахиж надад итгэл төрүүлэн танд түрээслүүлэх тээврийн хэрэгсэл байна уу гэж хэлэхээр нь би итгээд тээврийн хэрэгслээ түрээслэхээр зөвшөөрөөд 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Соната- 7 маркийн ***** улсын дугаартай тээврийн хэрэгслийг 1 өдрийн 30.000 төгрөгөөр 400 хоног ажпын 5 өдрөөр тооцож түрээслэсэн. Ингээд эхэндээ түрээсийн мөнгөө өгч байснаас сүүлдээ түрээсээ өгөхгүй болохоор нь би гэрт нь очиход гэрийнхэн нь мэдэхгүй байна гээд нуун далдалдаг байсан. Тэгээд би Б.Э-тай уулзаж чадахгүй байсан ба Соната-7 маркийн ****** улсын дугаартай тээврийн хэрэгслийг хаана байгааг нь тодруулах зорилгоор автомашины худалдан борлуулдаг газар, задаргааны газар, тээврийн хэрэгсэл түр саатуулдаг /журмын хашаа/ гэх газруудаар хайсан боловч олоогүй ба 2022 онд цагдаагийн байгууллагад хандаж өргөдөл гаргасан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 47, 51, 64-65 дугаар хуудас),

Гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, бичгээр гаргасан гомдол (хавтаст хэргийн  43, 44 дүгээр хуудас),

Тээврийн хэрэгслийн лавлагаа, албан бичиг, тээврийн хэрэгслийг бүртгэх маягтын хуулбар (хавтаст хэргийн 83-86 дугаар хуудас),

Тэбэ сервис ХК-ийн 040 дугаартай албан бичиг (хавтаст хэргийн 82 дугаар хуудас),

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 69-71, 75-76 дугаар хуудас), 

Шинжээчийн дүгнэлттэй хохирогч танилцсан тэмдэглэл (хавтаст хэргийн 59-60 дугаар хуудас),

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой

Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 110 дугаар хуудас),

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 107-108 дугаар хуудас),

Шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 115-130, 160-199, 221-228 дугаар хуудас), Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 531 дүгээр захирамж, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (4 хуудас) зэрэг нотлох баримтууд болно.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч Б.Э нь 2020 оны 07 дугаар сард Баянзүрх дүүргийн ** дугээр хороо **** тоот хашаанд “гражийн өрлөг барьж өгнө” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хохирогч Б.Ц-аас 4 шинэ дугуй, обуд шилжүүлэн авч залилсан, мөн 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 1 өдрийн 30.000 төгрөгөөр түрээслүүлэхээр шилжүүлсэн хохирогч Б.Ц-ын эзэмшлийн **** *** улсын дугаартай Соната 6 маркийн автомашиныг худалдан борлуулж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан баримтуудаар тус тус тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналтай.” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Б.Э нь гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Үйл баримтын талаарх дүгнэлт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Б.Э нь 2020 оны 07 дугаар сард **** тоот хашаанд “гражийн өрлөг барьж өгнө” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хохирогч Б.Ц-аас 4 шинэ дугуй, обуд шилжүүлэн авч залилсан, мөн 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 1 өдрийн 30.000 төгрөгөөр түрээслүүлэхээр шилжүүлсэн хохирогч Б.Ц-ы эзэмшлийн **** *** улсын дугаартай Соната 6 маркийн автомашиныг худалдан борлуулж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйл баримт тус тус тогтоогдож байна.

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар Б.Ц-ны эзэмшлийн Hyundai Sonata 7 маркийн тээврийн хэрэгслийг 7.661.798 төгрөгөөр, Hyundai Sonata 7 маркийн тээврийн хэрэгслийн дугуйг 240.000 төгрөгөөр тус тус үнэлжээ.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна гэж үзэв.  

Эрх зүйн дүгнэлт

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б.Э ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Залилах гэмт хэргийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд “Залилах” гэмт хэргийг хуульчилж, мөн зүйлийн 1 дэх хэсэгт “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлсэн авсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заасан.

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.

Залилах гэмт хэрэг нь хохирлын хэмжээ шаардахгүй ба хуульд заасан аргаар бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар гэмт хэрэг үйлдэгдсэнд тооцдог.

Залилан мэхлэх гэмт хэргийн шинж нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг.

Шүүгдэгч Б.Э нь 2020 оны 07 дугаар сард Баянзүрх дүүргийн ** дугээр хороо **** тоот хашаанд “гражийн өрлөг барьж өгнө” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хохирогч Б.Ц-аас 4 шинэ дугуй, обуд шилжүүлэн авсан нь “Залилах” гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзэв.

Шүүгдэгч Б.Э-ын нь үйлдэл нь гэм буруугийн санаатай, шунахайн сэдэлттэй гэж үзэх үндэслэлтэй байна.

Завших гэмт хэргийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дугаар зүйлд “Завших” гэмт хэргийг хуульчилж, мөн зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заасан.

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.

Хөрөнгө завших гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Хөрөнгө завших гэж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг итгэмжлэлийн үндсэн дээр эзэмшиж, ашиглаж буй байдлаа урвуулан ашиглаж, бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн өмчлөлд хариу төлбөргүйгээр хууль бусаар авах, захиран зарцуулах үйлдлийг ойлгоно.

Шүүгдэгч Б.Э нь 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 1 өдрийн 30.000 төгрөгөөр түрээслүүлэхээр шилжүүлсэн хохирогч Б.Ц-ны эзэмшлийн ***** улсын дугаартай Соната 6 маркийн автомашиныг худалдан борлуулж завшсан нь тогтоогдсон байх ба “Хөрөнгө завших” гэмт хэргээс учирсан хохирлыг 7.661.798 төгрөг гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-д “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” ойлгохоор заасан. 

Шүүгдэгч Б.Э нь “Хөрөнгө завших” гэмт хэргийн улмаас хохирогч нарт нийт  7.661.798 төгрөгийн хохирол учруулсан байгаа нь бага хэмжээнээс дээш буюу 300.000 төгрөгөөс дээш хохирол учруулсан байх тул “Хөрөнгө завших” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Шүүгдэгч Б.Э нь хохирогчийн эд зүйл болон бэлэн мөнгийг хувьдаа завшсан идэвхтэй үйлдэл болон уг үйлдлийн улмаас бусдад учирсан 7.661.798 төгрөгийн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байх тул шүүгдэгч Б.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч Б.Э-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үйлдлээр “хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж,

мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус зааснаар шүүгдэгч 7.901.798 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Ц-д олгохоор шийдвэрлэв.

Мөн шүүгдэгч Б.Э нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг хохирол төлбөр барагдуулахтай холбогдуулан завсарлуулах хүсэлт гаргаагүй болохыг дурдав.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгчийн нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчимыг удирдлага болголоо.

Шүүгдэгч Б.Э-д эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Улсын яллагчаас “...Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн өөрийн гэм буруугаа бүрэн хэмжээгээр сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа байдлыг, мөн хохирогчид 2 гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй, нөхөн төлөх боломжтой нөхцөл байдал үүсээгүй гэдгийг эрүүгийн хариуцлага оногдуулахдаа харгалзан үзэх нь зүйтэй байх. Шүүхийн хэлэлцүүлэг хэлсэн хохирол төлөхөөр завсарлага авах шаардлагагүй, харин хорих ангид ажил  хөдөлмөр эрхлээд олсон хөдөлмөрийн хөлсөөрөө хоихролыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа байдлыг нь харгалзан үзээд улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгэт заасан гэмт хэрэг 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, мөн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар “хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулах ялыг нэмж нэгтгэх” журамд зааснаар нэмж нэгтгээд 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг 1 хоногийн хорих ялаар тооцож нийт биеэр эдлэх хорих ялыг 1 жил 2 сарын хугацаагаар оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгчийн хувьд хорих ангиас ялтан шилжүүлж авсан байгаа. Хорих ангиас ялтан шилжүүлж авах цаг хугацаанд буюу 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдөр үлдэгдэл ялын хэмжээ 1 жио 11 сар 9 хоногийн хугцаа байсан. Монгол улсын Өршөөл үзүүлэх тухай 2001 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хуулиаар гэмт хэрэг үйлдсэгдсэн цаг хугацаа 2020 оны 7, 8 дугаар сард гэж үзвэлл тухайн 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах цаг хугацаа хүрээнд хамаарч байна гэж үзэж байна. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 033-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарахаар хуульчилсан байгаа. Тэгэхээр энэ цаг хугацаанд хамаарч байна гэж үзсэн. Мөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлд заасан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлйин 1 дэх хэсэгт заасан хөрөнгө завших, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зйүлйин 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргүүд бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих зүйл ангид хамаарч байна. Улсын яллагчийн зүгээс зорчих эрхийг хязгаарлах ялыг залилах гэмт хэрэг дээр оногдуулсан. Хөрөнгө завших гэмт хэрэг дээр 8 сарын хугцааагаар хохри ял оногдуулах саналыг гарагж байгаа. Энэ агуулгаараа завших гэмт хэрэг дээр оногдуулсан хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх заалтад зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялаар солих хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэж байна. Шүүгдэгчийн хувьд эдлээгүй үлдсэн ялыг гэм буруутайд тооцоод шийтгэх тогтоол гарах юм бол тухайн шийтгэх тогтоолоор оногдуулах ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхй ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэгтгэх ерөнхий ангийн зохицуулалтыг журамлаж нийт эдлэх ялыг оногдуулах нь зүйтэй байх гэж үзэж байна. Тухайн үлдэгдэл ял болох Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 145 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас үлдсэн 1 жил 11 сар 9 хоногийн хорих ял дээр улсын яллагчийн санал гаргаж байгаа нийт 1 жил 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг  өршөөлд хамрагдсан гэж үзээд зорчих эрхийг хязгаарлах тус тусад нь оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй. Шүүгдэгчийн хувьд 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хорих 461 дүгээр ангид яллагдагчаар шилжин цагдан хоригдсон. Өнөөдөр буюу 9 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 67 хоног цагдан хоригдсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар цагдан хоригдсон 67 хоногийн хугацааг эдлэх ялд оруулан тооцох саналыг гаргаж байна.” саналыг гаргасан болно. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т  заасан “ энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн” хүндрүүлэн нөхцөл байдал тогтоогдсон.

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар урьд 8 удаа бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн болох нь тогтоогдож байна.  

Шүүгдэгч Б.Э гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нь гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай үйлдэлдээ хандаж байгаа хандлага, хохирол төлбөр барагдаагүй, урьд 8 удаа бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнийг цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх зэрэг эрүүгийн хариуцлагын зорилгыг удирдлага болгон түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар хорих ял,

мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 08 сарын хугацаагаар хорих ял шийтгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 08 сарын хугацаагаар хорих ялыг тус тус нэмж нэгтгэн, оногдуулсан хорих ялыг 01 жил 02 сарын хугацаагаар хорих ялаар тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-н Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 145 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 02 жил 06 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 01 жил 10 сар 18 хоног /2024 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс тооцоход/-ийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 03 жил 18 хоногийн  хугацаагаар тогтоов.

Шүүгдэгч Б.Э-д оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-н цагдан хоригдсон 88 хоногийг эдлэх ялд оруулан тооцов.

2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солихтой холбогдсон харилцааг зохицуулахаар “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн баталж мөн сарын 06-ны өдрөөс эхлэн хэрэглэж эхэлсэн.

Уг хуульд 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг оруулахаар заасан.

Шүүгдэгч Б.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдсон, гэмт хэрэг гарсан цаг хугацаа 2020 оны 07 дугаар сар болон 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр болсон байх бөгөөд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д хэсэгт зааснаар ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих үндэслэл байх боловч

Мөн 12 дугаар зүйлийн 12.14 дэх хэсэгт “Энэ хуулийн 7.1, 7.2, 7.3-т заасны дагуу хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиход ялтан нь байнга оршин суух газрын хаягтай байх бөгөөд энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангасан байна” гэж,

мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “...яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж тус тус зааснаар шүүгдэгч нь хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байхыг шаардах бөгөөд шүүгдэгч Б.Э нь хохирогчид уруулсан хохирлыг төлөөгүй, “хохирлыг хорих ангид ажил хөдөлмөр хийж байгаад төлнө” гэх тайлбарыг гаргасан ба үүнийг хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзэхгүй тул Өршөөл үзүүлэх хуульд хамруулаагүй болно.

Бусад асуудлаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Б.Э-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 08 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 08 сарын хугацаагаар хорих ялыг тус тус нэмж нэгтгэн, оногдуулсан хорих ялыг 01 жил 02 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-н Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 145 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 02 жил 06 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 01 жил 10 сар 18 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 03 жил 18 хоногийн  хугацаагаар тогтоосугай.

 

5. Шүүгдэгч Б.Э-д оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э цагдан хоригдсон 88 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

7.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-с 7.901.798 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Ц олгосугай.

 

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Шүүгдэгч Б.Э-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.Э-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                       

 

 

 

ДАРГАЛАГЧ

                                                          ШҮҮГЧ                                      М.ТҮМЭННАСТ