Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 1149

 

 2020          09            08                                         2020/ДШМ/1149

Л.Б, Г.Г, Д.О нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Батсайхан,

шүүгдэгч Л.Бйн өмгөөлөгч Б.Баттулга,

шүүгдэгч Д.Оийн өмгөөлөгч Э.Туул,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дашдондов даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 2020/ШЦТ/801 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Оийн өмгөөлөгч Э.Туулын гаргасан давж заалдах гомдлоор Л.Б, Г.Г, Д.О нарт холбогдох эрүүгийн 2002002400181 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржав илтгэснээр хянан хэлэлцэв.

1. .................., 20...... оны ....... дүгээр сарын .............-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, ах, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 2 дугаар гудамжны 1а тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:УП02241750/;

2. ..................., 19.......... оны ....... дугаар сарын ...........-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эгч, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 18-3056 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:У...................../,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 199 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулсан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 790 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн;

3. .................., 20........... оны ........... дугаар сарын ............-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, оюутан, ам бүл 3, эцэг, эхийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил баг, Хонхорын 27-7 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:............../;

Л.Б нь Г.Гтой бүлэглэн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэж санаачлан 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хорооллын орчим Д.Ооос Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтсан гялгар ууттай 13.0157 грамм өвс гэх нэршилтэй Дельта-9 Тетрагидроканнабинол мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан,

мөн 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс 4 дүгээр сарын 21-ний өдөр хүртэлх хугацаанд Сонгинохайрхан дүүргийн 18, 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн биедээ хадгалсан,

Г.Г нь Л.Бтай гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэн бүлэглэн 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хорооллын орчим Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтсан гялгар ууттай 13.0157 грамм өвс гэх нэршилтэй Дельта-9 Тетрагидроканнабинол мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч хадгалсан гэмт хэргийг үйлдэхэд урьдчилан амлаж, тухайн мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг Д.Ооос авахад хамт уулзах байдлаар дэмжлэг үзүүлэн олж авсан,

Д.О нь 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт байрлах “Бөхөн” гэх газраас Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтсан 13.0157 грамм өвс гэх нэршилтэй Дельта-9 Тетрагидроканнабинол мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн,

2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хорооллын орчим Л.Б, Г.Г нарт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтсан гялгар ууттай 13.0157 грамм өвс гэх нэршилтэй Дельта-9 Тетрагидроканнабинол мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Л.Бйн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Г.Гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Д.Оийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: ......................ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хориглосон сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар олж авсан, хадгалсан, ...........................ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, ....................ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, бусдад өгсөн гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Л.Бйг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан, тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар, Д.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар, Г.Гийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийг баримтлан, тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Г.Г, Л.Б, Д.О нарт оногдуулсан хорих ялуудыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар Г.Гийн урьдчилан цагдан хоригдсон 49 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон 1 ширхэг камерийн бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, цагаан өнгийн гялгар ууттай 13.0157 грамм өвс гэх нэршилтэй Тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, Л.Б, Д.О нар цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Д.Оийн өмгөөлөгч Э.Туул давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан “шүүх шийдвэр гаргахдаа энэ хуулийн ...16.11, 16.12 дугаар зүйлд заасан нотлох баримтыг ашигласан” гэсэн заалттай холбогдох зөрчилтэй холбогдуулан дараахь гомдлыг гаргаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгчийн өмгөөлөгчөөс улсын яллагчаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргах эрхийн дагуу бичгээр 4 хуудас хүсэлт гаргаж, шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө танилцуулж өгсөн. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс өмгөөлж байгаа хүний хувийн байдалтай холбоотой шинээр баримтууд гаргаж өгснийг танилцуулаад мөн шүүгчээс зөвшөөрсний дагуу нотлох баримтаас хасуулах, нотлох баримтаар хэлэлцүүлэхгүй байх тухай бичгийн санал, хүсэлтээ танилцуулж эхэлтэл шүүгч зогсоосон. Ийнхүү зогсоосон шалтгаан нь “...ойлгомжгүй байсан бөгөөд амаараа хуулинд орсон буруу заалтыг барьж ийм зүйл ярихаа боль” гэсэн агуулгатай зүйл хэлсэн. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хуулийн дагуу гаргасан хүсэлтийг шийдвэрлэлгүйгээр шүүхийн хэлэлцүүлгийг эхлүүлсэн. Энэ тухай шүүх хуралдааны тэмдэглэлд бичигдээгүй байх бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдааны бичлэгийг хуулбарлан авах, танилцахаар хүсэлтээ Тамгын газрын даргад гаргасан бөгөөд энэ тухай давж заалдах шатны шүүх хуралдаанд танилцуулах хүсэлтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...оролцогчийн бичгээр гаргасан хүсэлтийг шүүх хэлэлцэж, шийдвэр гаргана.” мөн зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасны дагуу “оролцогчийн гаргасан хүсэлтийг шүүх хянан шийдвэрлэнэ” гэсэн заалтыг зөрчиж шийдвэрлээгүй. Анхан шатны шүүхийн шүүгчийн хэргийн оролцогчийн гаргасан санал, хүсэлтийг шийдвэрлээгүй нь давж заалдах гомдол гаргах нэг үндэслэл юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.24 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн улсын яллагч, өмгөөлөгчийн дүгнэлт тэдгээрийн тайлбар гаргах хугацааг талуудын санал, хүсэлтийг харгалзан урьдчилан тогтооно.” гэж заасан байх бөгөөд тайлбар гаргах хугацааг урьдчилан тогтоогоогүй. Гэтэл анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлийн 8-9 дүгээр хуудсанд “...Улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нар 10 минутаар тогтоосон...” тухай тэмдэглэлд бичсэн байна. Хэргийн оролцогч нарын хэлээгүй зүйлийг хэлсэн болгон шүүх хуралдааны тэмдэглэлд бичсэн байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9-д заасан нөхцөл байдал бий болсон байна.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “Шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй, ...нийгмийн хор аюул ихтэй, ...гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан шүүгдэгч Д.Оид 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан саналуудыг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх шийдвэрлэсэн...” гэсэн байна. /шийтгэх тогтоолын 9-10 дахь талд/ Шүүгдэгч Д.О нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” нь хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байх бөгөөд хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. “Нийгмийн хор аюул ихтэй” гэсэн шинжээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 болон 7.1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх, чөлөөлөх үндэслэл журам болон тэнсэх, албадлагын арга хэмжээ хэрэглэх заалтыг хэрэглэсэнгүй. Эрүүгийн Шинэчилсэн хуулийн шинэчлэгдсэн зорилтуудын нэг нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хүнд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх тухай хуулийн зохицуулалтыг сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, бусдад өгсөн гэмт хэрэгт холбогдсон шүүгдэгчид хэрэглэхгүй гэх хориглосон, ялгаварласан заалт байхгүй тул хуульд заасан боломжийг олгож, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн хорих ялыг тэнсэж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Л.Бйн өмгөөлөгч Б.Баттулга тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгч Э.Туулын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна. Миний үйлчлүүлэгч Л.Б нь 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисыг олж авсан. 4 дүгээр сарын 16-наас 21-ний өдөр хүртэл хадгалсан гэх үйлдэлдээ анхан шатны шүүхээс ял шийтгэл авсан. 4 дүгээр сарын 16-ны өдөр олж авсан үйлдэл хийхдээ 17 настай байсан. Харин хадгалсан үйлдэл буюу 4 дүгээр сарын 21-ний өдөр насанд хүрсэн байсан. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хуульд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой хөнгөн гэмт хэрэг зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэн харгалзаж өгнө үү.” гэв.

Прокурор Б.Батсайхан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Энэ хэрэгт оролцогчийн эрхийг хязгаарласан ямар нэг хууль зөрчсөн зүйл байхгүй. Өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчлийн талаар мөн нотлох баримтыг үнэлүүлэхгүй байх талаар санал хүсэлт ирж байсан. Энэ бүрд нь шүүхийн хувьд шийдвэрээ хэлж улсын яллагчаас тодруулан асууж энэ асуудлыг шийдвэрлэсэн. Ингэхдээ өмгөөлөгчийн үгийг таслан зогсоож, эрхийг нь зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгчийн зүгээс хэргийн оролцогч нарын мэтгэлцээнийг тэгш эрхтэйгээр эдлүүлж, хүссэн цаг хугацаагаар шүүх хуралдааны явцад улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс мэтгэлцсэн. Үүнийг эрхийг нь хязгаарласан гэж дүгнэх боломжгүй. Энэ төрлийн гэмт хэрэг нь мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар олж авах, ашиглах гэсэн гэмт хэрэг юм. Энэ гэмт хэргийн хор уршиг нь өнөөдрийн манай нийгэмд тулгамдсан асуудал болж байна. Энэ төрлийн гэмт хэргийн шинж хор уршигт тохирсон ял шийтгэлийг шүүхээс оногдуулсан. Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх цагаатгах талын байдлыг шинжлэн судалж хамгийн бага ялаар шийтгэсэн. Иймд шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Хэрэгт авагдсан үйл баримтад зөв дүгнэлт хийж хууль зөрчилгүйгээр хуульд заасан хэмжээ хязгаарын дотор ял оногдуулсан. Шүүгдэгч Л.Б нь хэрэг үйлдэж олж авах үедээ насанд хүрээгүй байсан хэдий ч хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгах үед насанд хүрсэн байсан.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Л.Б нь Г.Гтой бүлэглэн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэж санаачлан 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хорооллын орчим Д.Ооос Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтсан гялгар ууттай 13.0157 грамм өвс гэх нэршилтэй Дельта-9 Тетрагидроканнабинол мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан,

мөн 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс 4 дүгээр сарын 21-ний өдөр хүртэлх хугацаанд Сонгинохайрхан дүүргийн 18, 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн биедээ хадгалсан,

Г.Г нь Л.Бтай гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэн бүлэглэн 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хорооллын орчим Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтсан гялгар ууттай 13.0157 грамм өвс гэх нэршилтэй Дельта-9 Тетрагидроканнабинол мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч хадгалсан гэмт хэргийг үйлдэхэд урьдчилан амлаж, тухайн мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг Д.Ооос авахад хамт уулзах байдлаар дэмжлэг үзүүлэн олж авсан,

Д.О нь 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт байрлах “Бөхөн” гэх газраас Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтсан 13.0157 грамм өвс гэх нэршилтэй Дельта-9 Тетрагидроканнабинол мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн,

2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хорооллын орчим Л.Б, Г.Г нарт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтсан гялгар ууттай 13.0157 грамм өвс гэх нэршилтэй Дельта-9 Тетрагидроканнабинол мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр өгсөн гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

шүүгдэгч Л.Бйн шүүх хуралдаанд өгсөн “...Би Д.Ооос 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 10 дугаар хорооллын автобусны буудлын харалдаа хойно байдаг гражнуудын тэнд уулзаад атгасан гарын хэмжээтэй зиплок түгжээ бүхий гялгар ууттай өвс гэх бодис авсан. ...Намайг Д.Ооос өвс гэх нэршилтэй мансууруулах бодис авах зорилгоор уулзсаныг Г.Г ах мэдэж байсан. Г.Г ах бид хоёр угаасаа өвс авах зорилгоор очсон. ...”  /1хх 71-72/,

шүүгдэгч Д.Оийн шүүх хуралдаанд өгсөн “...Банди намайг ирэхийг мэдчихээд “андаа найздаа жаахан өвс олоод ирээч” гээд гуйгаад байсан. Банди надаас байнга шалаад гуйгаад байхаар нь би хотод ирэхдээ Эрдэнэтээс багахан хэмжээний өвс түүж авчирч өгсөн. ...” /1хх 78-79/,

шүүгдэгч Г.Гийн шүүх хуралдаанд өгсөн “...Ямар ч байсан 10 дугаар хорооллын автобусны буудлын хойно байдаг гражнуудын тэнд очиж авсан. Отгондоржийг ирэхээс өмнө Банди надад өвс авах гэж байгаа гэж хэлсэн. ...” /1хх 84/ гэх мэдүүлгүүд,

хүний биед үзлэг хийсэн “...Бандийн биед үзлэг эхлэхийн өмнө нь түүнд ямар хэрэгт сэрдэгдэн Цагдаагийн байгууллагад хүргэгдэн ирсэн талаар нь тайлбарлаж түүнээс та өөрийн биедээ мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг хадгалж байна уу? Хэрэв хадгалж байгаа бол сайн дураараа гаргаж өгнө үү гэхэд Л.Б нь өвс байгаа гэж хариулан өмдний арын халааснаас цагаан өнгийн гялгар ууттай уутны хамт 17.3 грамм ургамлыг гаргаж ирэв. ...” /1хх 4-6/ гэх тэмдэглэл,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2446 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн шээс нь шинжилгээний дээжийн хэмжээнд хүрэлцэж байсан тул тэнцэж байна. “Ганзориг ЦП96051855 04.21” гэсэн хаягтай шээс “Ц.Ганболд УП97032531 04.21” гэсэн хаягтай шээс зэргээс Тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabionol/ илэрч байна. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно. ...” /1хх 40/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2445 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн шээс нь шинжилгээний дээжийн хэмжээнд хүрэлцэж байсан тул тэнцэж байна. “Л.Б 2020.04.22” гэсэн хаягтай шээснээс Тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabionol/ илэрч байна. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтдаг болно. ...” /1хх 44/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2444 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “Л.Бйн биед үзлэг хийж авсан ургамал 2020.04.21” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн бор хүрэн өнгийн ургамал мэт зүйлээс дельта-9 Тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabionol/ илэрсэн. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтдаг болно. Шинжилгээнд ирүүлсэн “Л.Бйн биед үзлэг хийж авсан ургамал 2020.04.21” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн бор хүрэн өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 17,2020 грамм, цэвэр жин нь 13,0157 грамм байна. ...” /1хх 48/ гэх дүгнэлтүүд,

хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 11-16/ зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлаж, зөв хууль зүйн дүгнэлтийг хийж, шүүгдэгч Л.Бйг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар олж авсан, хадгалсан,

Г.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан,

Д.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, бусдад өгсөн хэмээн тус тус дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Оийн өмгөөлөгч Э.Туул “...Эрүүгийн Шинэчилсэн хуулийн шинэчлэгдсэн зорилтуудын нэг нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хүнд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх тухай хуулийн зохицуулалтыг сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, бусдад өгсөн гэмт хэрэгт холбогдсон шүүгдэгчид хэрэглэхгүй гэх хориглосон, ялгаварласан заалт байхгүй тул хуульд заасан боломжийг олгож, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн хорих ялыг тэнсэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугар зүйлийн 1 дэх хэсэгт “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасан бөгөөд анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Оийн үйлдсэн гэмт хэрэгт оногдуулахаар хуульд заасан хорих ялын хэмжээний дотор бага буюу 1 жил 2 сарын хорих ял оногдуулсан нь түүний гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон гэж үзэв.

Шүүгдэгч Д.О гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа хэдий ч гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлаас гадна гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, үйлдсэн гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь тооцон ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шийдвэрлэхэд зайлшгүй харгалзан үздэг.

Гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь тухайн гэмт хэргийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, үр дагавартай шууд холбоотой ойлголт бөгөөд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлын үнэ цэнэ, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээгээр тодорхойлогдоно.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, түүнийг зөв тайлбарлан тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ.

Эрүүгийн хуулийн зүйл, хэсгүүдэд заасан хэм хэмжээний дийлэнх нь тухайн заалтыг зайлшгүй, хэлбэрэлтгүй биелүүлэх үүргийг шүүхэд хүлээлгэсэн байдаг.

Харин шүүх Эрүүгийн хуулийн зарим нэг зүйл, хэсэг дэх хэм хэмжээг эрх хэмжээнийхээ хүрээнд буюу дотоод итгэлдээ тулгуурлан хэрэглэж болдог онцлогтой. Ийм зүйл, хэсгүүдийн нэг бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заажээ.

Энэхүү заалт нь шүүхэд эрх олгосон заалт бөгөөд заавал хэрэгжүүлэхээр үүрэг болгосон заалт биш байна.

Нөгөөтээгүүр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж хариуцлагын зорилгыг тодорхойлон хуульчилжээ.

Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн талаар прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд заасан хянавал зохих асуудлуудыг бүрэн хянасан, шүүхийн шийтгэх тогтоол нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Оийн өмгөөлөгч Э.Туулын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 2020/ШЦТ/801 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Оийн өмгөөлөгч Э.Туулын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                  О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧ                                                  Б.АРИУНХИШИГ

 

ШҮҮГЧ                                                  Д.МЯГМАРЖАВ