Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2025 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2025/00216

 

Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Баярмаа, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн

2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 192/ШШ2025/03605 дугаар шийдвэр,

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 210/МА2025/01275 дугаар магадлалтай

Б-ын нэхэмжлэлтэй,

С-ад холбогдох

Банкны дансны дугаар тогтоож, орон сууцны эзэмшлийг дуусгавар болгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч С-ын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А, хариуцагч С, хариуцагчийн өмгөөлөгч М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Доржнамбар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч Б нь хариуцагч С-ад холбогдуулан, банкны дансны дугаар тогтоож, орон сууцны эзэмшлийг дуусгавар болгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.05.01-ний өдрийн 192/ШШ2025/03605 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.6 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б-с *** орон сууцанд С-ын хийсэн засан сайжруулалтын зардлыг 13,000,000 төгрөг, үүнээс үлдэгдэл өртөг 6,240,000 төгрөгийг шилжүүлэх банкны дансны дугаарыг нэхэмжлэгчид өгөхийг хариуцагч С-д даалгаж, нэхэмжлэлээс үлдэх орон сууцыг эзэмших С-ын эзэмшлийг дуусгавар болгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс дутуу төлсөн 70,200 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 210/МА2025/01275 дугаар магадлалаар: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 сарын 01-ний өдрийн 192/ШШ2025/03605 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1, 94.3-т тус тус зааснаар нэхэмжлэгч Б-с 6,240,000 төгрөгийг гаргуулан хариуцагч С-д олгож, *** орон сууцыг нэхэмжлэгч Б-т буцаан өгөхийг хариуцагч С-ад даалгасугай” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...56.2...” гэснийг “...56.1...” гэж, “...хариуцагчаас 70,200...” гэснийг “...хариуцагчаас 140,400...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч Б-с улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 06 сарын 03-ны өдөр урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагч С хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Миний бие нэхэмжлэгч Б болон түүний дүү Ж, Ц нарын хамтран үүсгэн байгуулсан “Б” ХХК-д нярав, менежер, гүйцэтгэх захирал албан тушаалуудад 2002-2017 оныг хүртэл ажиллаж байсан. 2002 онд намайг барилгын материалын худалдаа эрхэлж байх үед “Б” ХХК-ийн гүйцэтгэх захирал байсан Ж /багын найз маань/-ын “Р” рестораныг хариуцан ажиллах ажлын санал, өгсөн амлалтыг нь хүлээн авснаар тус компанид ажиллаж эхэлсэн. Үүний дараа 2003 онд амлалтынх нь талаар асуухад Ж “чи надад хэрэгтэй. Цаашид ажиллавал орон сууц, бусад урамшуулал олгоно. Жаахан тэсээд хүлээчих” гэсэн тул цалин багатай ажиллаж байсан хэдий ч компанийн хувьцаа эзэмшигчдийн өгсөн үүрэг, даалгаврыг сайн биелүүлж ажилласаар ирсэн. Миний бие энэ байгууллагад 15 жил тасралтгүй, амралтгүй, өдөр шөнөгүй ажилласны хүчинд анхны хөрөнгө оруулалтыг нь 2 дахин өсгөж, салбар ресторан байгуулж, үйл ажиллагаагаа өргөжүүлэх хэмжээнд амжилттай ажиллуулсан.

Надад 5 жил тогтвор суурьшилтай ажиллавал өгнө гэж амласан орон сууцны асуудлаар 9 жилийн дараа хувьцаа эзэмшигч Ц, Б нартай ч уулзаж, нөхцөл байдлаа хэлсний эцэст Б надад “чиний байрыг олгохоор боллоо. Хоёр өөр байр байгаа, аль нэгийг нь сонгоод аваарай" гэсний дагуу *** орон сууц /маш хуучны, засвар хийгээгүй/-ыг сонгож, банк болон өөрийн ах дүүсээсээ мөнгө зээлж, бүрэн засвар хийсэн. Энэхүү байрны өмчлөх эрхийг надад шилжүүлж өгөөгүй. “Б" ХХК нь тэтгэвэрт гартлаа, эсхүл тахир дутуу болтлоо ажиллаад эсхүл нас барсны дараа байрны ордероо өөрийн нэр дээр болгож аваарай гэх байдлаар анхны тохиролцсоноосоо буцаж, үл ойлголцол үүссэн учир цаашид энэ компанид ажиллахаа больсон. Хэдийгээр "Б" ХХК-аас гарсан ч орон сууц авах болзол шаардлагаа хэдийн хангачихсан байсан.

Манай амьдарч байгаа орон сууцыг компани миний өмчлөлд өгсөн боловч хувьцаа эзэмшигч Бын нэр дээр гэрчилгээ нь байдаг, би цаашид компанитай хамтарч ажиллахгүй болсон тул Б нь иргэний хэргийн шүүхэд "орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх" шаардлага бүхий нэхэмжлэлийг надад холбогдуулан гаргасан, харин би "орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай" сөрөг нэхэмжлэл гаргасан. Маргаан Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.06.13-ны өдрийн 183/Ш2022/01902 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.08.26-ны өдрийн 210/МА2022/01594 дугаар магадлалаар тус тус эцэслэн шийдвэрлэгдсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрээр үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж, С- намайг орон сууцны өмчлөгчөөр тогтоосон, давж заалдах шатны шүүхийн магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, үндсэн нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосон.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.06.13-ны өдрийн 183/ШШ2022/01902 дугаар шүүхийн шийдвэрт “5. Маргаж буй орон сууцыг хариуцагч С- нь 2011 оноос эхлэн эзэмшиж, ашиглаж байгаа үйл баримтын талаар зохигчид маргаагүй. Харин уг орон сууцыг ямар зориулалт, зорилгоор хариуцагч Сын эзэмшилд шилжүүлсэн үйл баримт нь маргааны зүйл болсон болно. 8. ...Хариуцагчийн хүсэлтийн дагуу шүүхэд гэрчээр асуугдсан Ч “...С ажиллаж байх хугацаандаа чадварлаг сайн ажилладаг байсан. Тэгээд удирдлагын зүгээс шагнасан гэж бодсон. А-д мөн ур чадвартай сайн ажилласан гээд байр өгсөн..." гэж, Э "...Ж намайг дуудаад танай найзад байр бэлэглэх гэж байна гэсэн тэгээд хажуу талын өрөөнд нь ороод байр өгөх арга хэмжээнд нь оролцсон. Байрны найранд найзын хамт уригдсан..." гэж, Д "... Ж захирал өөрөө байр өгөх талаар хэлж байсан. Ц над руу утасдаад Ж С-д байр өгнө гээд аваад ирсэн юм байна. Чи байр өгөх талаар юу гэж бодож байна гэж асуусан. Тэгэхээр би ажлын ачаалалтай, хонон өнжин ажиллаж байгаа хүнд байр өгөх нь зүйтэй гэж хэлсэн. А таван ажил гаруй ажиллаад байраа нэр дээрээ шилжүүлэн авсан..." гэж, А "...орон сууц өгнө гэсэн тохиролцоотойгоор бага цалинтай ажиллаж байсан. Надад Ц захирлын нэр дээр байсан байрыг надад шилжүүлэн өгсөн...” гэж тус тус мэдүүлсэн бөгөөд гэрчүүдийн дээрх мэдүүлэг болон гуравдагч этгээдийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээс дүгнэхэд хариуцагчийн эзэмшил хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 420 дугаар зүйлийн 420.1-д тодорхой үйлдэл хийсэн, эсхүл тодорхой үр дүн бий болгосон этгээдэд шагнал олгохоор амлаж нийтэд зарласан этгээд уг үйлдэл хийсэн буюу үр дүн бий болсон этгээдэд шагнал олгох үүрэг хүлээхээр заасан. Хэргийн үйл баримтаар маргааны зүйл болох орон сууцыг нэхэмжлэгч Б нь “Б” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн хувиар хариуцагчид үр бүтээлтэй ажилласны үр дүнгийн шагнал олгон шилжүүлснээр тухайн орон сууцыг эзэмшил хариуцагч С-ад үүссэн гэж үзэхээр байна.

...Харин хариуцагч С нь Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригийн дагуу *** орон сууцыг хууль ёсоор мэдэлдээ авч, өмчлөх эрхтэй этгээд болсон гэж үзэх үндэслэлтэй тул маргаж буй орон сууцны өмчлөгчөөр хариуцагч С-ыг тогтоож шийдвэрлэв” гэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.08.26-ны өдрийн 210/MA2022/01594 дугаар магадлалд “Б” ХХК болон хариуцагч С- нарын хооронд тогтвор суурьшилтай ажилласнаар орон сууцыг өмчлөх эрх олж авах агуулгаар хүсэл зоригоо илэрхийлж хэлцэл хийгдсэн байна.

Хариуцагч С- болон “Б" ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 420 дугаар зүйлийн 420.1 дэх хэсэгт зааснаар тодорхой болзол нөхцөлтэйгөөр С-ын өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээн, эзэмшилд нь орон сууц шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна.

Орон сууцны өмчлөх эрх шилжүүлэх нөхцөлийг С- хангасан, харин “Б” ХХК тохиролцсон ёсоор үүргээ биелүүлээгүй байна.

Талуудын хоорондын гэрээний үүргийг Б зохих ёсоор гүйцэтгээгүй буюу орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж өгөөгүй тохиолдолд Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.3 дахь хэсэгт зааснаар үндсэн үүрэг гүйцэтгэгч болох “Б” ХХК хариуцах учиртай.

Шударга эзэмшигч болох С- нь эд хөрөнгийг шударгаар эзэмшиж байхдаа гаргасан зардал, өөрийн шаардлагаа хангагдах хүртэл орон сууцыг буцааж өгөхгүй байх эрхтэй.

Иргэний хуулийн 96 дугаар зүйлийн 96.3-д “Өмчлөгч буюу хууль ёсны эзэмшигч нь үндэслэл бүхий шаардлагыг эд хөрөнгө эзэмшигчид гаргаснаар эд хөрөнгө эзэмшигчийн эзэмшил дуусгавар болно” гэж зааснаар нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ. Гэтэл С- намайг “шударга эзэмшигч” гэж давж заалдах шатны шүүх нэгэнтээ дүгнэчихсэн. "Б" ХХК болон түүний хувьцаа эзэмшигчдийг үүргээ биелүүлж шаардлага хангагдах хүртэл орон сууцыг буцааж өгөхгүй байх эрхтэй гэж шийдвэрлэчихсэн. Маргаж буй орон сууц нь нэхэмжлэлд дурдсан шиг албаны орон сууц биш, Иргэний хуулийн 410 дугаар зүйлд заасны дагуу надад олгосон шагналын буюу ажлын үр дүнг маань үнэлж өгсөн орон сууц юм.

Давж заалдах шатны шүүх өөрийн 2022.08.26-ны өдрийн 210/MA2022/01594 дугаар магадлалын агуулгыг буруу тайлбарлан хэргийг шийдвэрлэлээ. Өмнөх магадлалд “Шударга эзэмшигч болох С- нь эд хөрөнгийг шударгаар эзэмшиж байхдаа гаргасан зардал, өөрийн шаардлагаа хангагдах хүртэл орон сууцыг буцааж өгөхгүй байх эрхтэй” гэж дүгнэсэн. Тухайн үед миний бие "шагналын орон сууцаа авъя” гэдэг л шаардлага илэрхийлж байсан. Гэтэл давж заалдах шатны шүүх сүүлийн магадлалаараа “засан сайжруулалтын зардал буюу өөрийн шаардлага" гэж ойлгох нь зүйтэй гэж шийдвэрлэлээ. Гэтэл урьдны магадлалд засан сайжруулалтын зардал болон өөрийн шаардлага гэх агуулгыг “таслалаар” тусгаарлаж, тусдаа агуулгуудыг тоочиж илэрхийлснийг илтгэнэ.

Нэхэмжлэгчээс зөвхөн засварын зардлаа өгчихвөл орон сууцаа авчихна гэж маргаад байгаа явдлыг зогсоохын тулд, шүүхийн шийдвэрийг нэг мөр ойлгож хэрэглэхийн тулд “шүүхийн шийдвэрийг тайлбарлуулах тухай" хүсэлтийг 2024.05.24-ний өдөр давж заалдах шатны шүүхэд гаргаж байсан, шүүх 2024.06.03-ны өдрийн 210/Ш32024/00524 дугаар шүүгчийн захирамжаар “ойлгомжтой, тодорхой, салаа утгагүй, тайлбарлах шаардлагагүй" гэж дүгнээд хүсэлтийг хангаагүй, шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй байсан. Хэрэв “ойлгомжтой, тодорхой, салаа утгагүй, тайлбарлах шаардлагагүй" байсан бол анхан болон давж заалдах шатны шүүх 2 дахь нэхэмжлэлийн шаардлагыг өөрөөр шийдэхгүй байсан. Маргалдагч талуудын хооронд ойлголтын зөрүү үүсэхгүй байсан.

Нэгэнт давж заалдах шатны шүүх өөрийн магадлалыг тайлбарлаагүй тул хариуцагчийн эрхийг хүлээн зөвшөөрсөн, “өөрийн шаардлагаа хангагдах хүртэл орон сууцыг өөрийн эзэмшилдээ байлгах эрхтэй" гэх магадлалын тогтоох хэсгийг агуулгыг тайлбарласан шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгийг, даргалагч болон илтгэгч шүүгчийн тайлбарыг сийрүүлсэн бичвэрийн хамт энэхүү хэрэгт нотлох баримтаар өгсөн бөгөөд шүүх бүрэлдэхүүний магадлалын агуулгыг тайлбарлаж байгаа хэсгийг анхаарвал хариуцагчийн татгалзал үндэслэлтэйг эргэлзээгүй ойлгох боломжтой.

Давж заалдах шатны шүүхийн магадлалын 4.1, 4.2, 4.3-д зааснаар Б, С- бидний хоорондын байдаг. Уг нь С- нар 4 дэх маргаанаа шийдвэрлүүлж байхгүй байсан. Нэхэмжлэгч ижил агуулга, шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр магадлалын агуулгыг тайлбарлачихсан байсан бол Б, ижил зорилго бүхий нэхэмжлэлийг удаа дараа гаргахдаа үг, үсгийг ялимгүй өөрчилснийг шүүх хүлээн авч, шийдвэрлэж байгаа нь хууль зөрчиж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д "Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй" гэж заасны дагуу энэхүү үйл баримт, тогтоогдсон асуудлыг дахин нотлох шаардлагагүй байна. Нөгөөтээгүүр энэхүү маргааныг шүүх нэгэнт шийдвэрлэчихсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д “нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа", 117 дугаар зүйлийн 117.1-д “Энэ хуулийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш, 65.1.1, 65.1.3-65.1.8, 65.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тухай шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана" гэж заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлүүлэх тухай тайлбарыг хариуцагчаас өгдөг байсан.

Шүүхээс нэхэмжлэгч Б болон "Б" ХХК-уудын үүргийг зааглахдаа хэт нэг талыг барьж, хариуцагчийг хохироож болохгүй. "Б" ХХК-ийн захирлууд надад орон сууц өгөхөөр амласан. Нэхэмжлэгч Б. Баяр нь ах дүү 3 хувьцаа эзэмшигчийн том нь, хувьцаа эзэмшигчдийн хурлын дарга бөгөөд надад өгөх ёстойгоо өгөөгүй байж, С- миний эсрэг нэхэмжлэл гаргаж байна. Одоогийн миний эзэмшиж буй байр нь Бын нэр дээр байдаг боловч "Б" ХХК-ийн хөрөнгө болох талаар нягтлан бодогч нь шүүхэд мэдүүлсэн байдаг, тэр ч утгаараа надад энэ байраа шилжүүлж өгсөн. “Б" ХХК-аас орон сууцаа аваагүй, ямар орон сууц, хаана хэзээ авах нь ч ойлгомжгүй байхад "шударга эзэмшигч" намайг ингэж орон гэргүй болгож болохгүй. Бын энэ байдал, хандлагаас харахад "Б" ХХК урт хугацааны шүүхийн процессын дараа л надад орон сууц өгч магадгүй. Би өвчтэй эхнэр /нэхэмжлэгч Б-ын ресторанд 3 хоног нойргүй ажилласны дараа харих замдаа осолд орж эхнэрээ гэмтээсэн, “Тархины уйланхай, тархины судасны цүлхэнтэй" буюу аваар ослын улмаас үүссэн олдмол гэмтэлтэй оноштой. Миний эхнэр шүүх хуралдаанд гэрчээр оролцохдоо бие муу хэд хэдэн удаа ухаан алдан унан байж энэ тухай мэдүүлсэн/, 3 хүүхэдтэй. Хөвгүүдээ ЕБС-аа төгстөл харьяаллынх нь дагуу сургуульд нь сургахын тулд одоогийн орон сууцандаа амьдарч, хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө сургуулиа төгсөх үед нь "Б" ХХК-аас орон сууцаа нэхэмжлэх бодолтой байсан. Би нэхэмжлэлээ "Б" ХХК-д холбогдуулан гаргаагүй нь миний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй, шударга ёсны үүднээс би Быг хохироогоогүй харин Б нь намайг хохироож байгааг анхаарч үзэхийг хүсье.

Энэ маргаан бол нэхэмжлэгчийн хувьд “44 м.кв 3 өрөө хуучны орон сууц буюу хөрөнгийн” тухай асуудал бол харин хариуцагч миний хувьд найздаа итгэн гэр бүлийн компанид нь 15 жил орон сууцтай болно гэж зүтгэсэн амьдралын утга учрын асуудал гэдгийг ойлгон, өмнөх шүүхийн шийдвэр, магадлалууд дахь дүгнэлт, гэрчийн мэдүүлгүүд, шүүх хуралдаанд хэлж байсан тайлбар зэргийг бүрэн судалснаар гомдлыг маань хяналтын шатны шүүхээр хэлэлцүүлж өгнө үү. Давж заалдах шатны шүүх “...зохигчдын хооронд үүссэн маргааныг нэг мөр шийдвэрлэх үүднээс өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулна” гэсэн. Нэг мөр шийдвэрлэхийн тулд хариуцагчийг хохироож болохгүй, орон сууцны эзэмшлийн талаарх 4 удаагийн маргааныг эцэслэж, нэг мөр шийдвэрлэхийг Улсын дээд шүүхийн эрхэм шүүгчдээс хүсэж байна гэжээ.

5. Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хариуцагч С-ын гаргасан гомдлыг хэлэлцээд хоёр шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2025.11.14-ний өдрийн 001/ШХТ2025/01055 дугаар тогтоолыг гаргажээ.

ХЯНАВАЛ:

6. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

7. Нэхэмжлэгч Б нь С-д холбогдуулан банкны дансны дугаар тогтоож, орон сууцны эзэмшлийг дуусгавар болгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ: “...С нь миний өмчлөлийн орон сууцнаас гарахгүй, орон сууцыг чөлөөлж өгөхгүй, орон сууцны өмчлөх эрхийг ноцтойгоор зөрчиж байгаа. ХУД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ШШ2024/02197 дугаар шийдвэрээр орон сууцанд хийсэн С-ын засан сайжруулалтын зардал 13,000,000 төгрөг, засан сайжруулалтын үлдэгдэл өртөг нь 6,240,000 төгрөг болохыг тус тус тогтоосон. Дээрх төлбөрийг төлж, орон сууцаа чөлөөлүүлж  авах гэтэл С-ын дансны дугаар тодорхойгүй байна. Иймд С-д 6,240,000 төгрөгийг шилжүүлэх банк болон дансны дугаарыг тогтоож, орон сууцыг эзэмших С-ын эзэмшлийг дуусгавар болгож өгнө үү...” гэж тайлбарласан.

Хариуцагч хариу тайлбартаа: “...нэхэмжлэгч орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг надад холбогдуулан гаргасныг шүүх өмнө нь шийдвэрлэж, нэхэмжлэгчийг үүргээ биелүүлж шаардлага хангагдах хүртэл орон сууцыг буцааж өгөхгүй байх эрхтэй гэж шийдвэрлэсэн. Маргаж буй сууц нь нэхэмжлэлд дурдсан шиг албаны орон сууц биш, надад олгосон шагналын буюу ажлын үр дүнг маань үнэлж өгсөн орон сууц юм. Засан сайжруулалтын зардалд 6,240,000 төгрөгийг өгнө гэвэл татгалзахгүй, харин байр авах шаардлагаа хангагдах хүртэл орон сууцыг буцааж өгөхгүй байх эрхтэй...” гэж маргасан.

8. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ: “...хариуцагч эд хөрөнгийг шударгаар эзэмшиж байхдаа гаргасан зардлыг 13,000,000 төгрөг, үүнээс үлдэгдэл өртөг 6,240,000 төгрөг болохыг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.05.17-ны өдрийн 183/ШШ2024/02197 дугаар шийдвэрээр тогтоосон тул Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3-т зааснаар нэхэмжлэлээс  6,240,000 төгрөгийг шилжүүлэх банкны дансны дугаарыг тогтоолгох шаардлагыг хангах үндэслэлтэй байна. Харин “Б” ХХК-аас С-д орон сууц олгох үүргээ биелүүлсэн эсэх нь хэргийн баримт, талуудын тайлбараар тогтоогдоогүй тул шаардлагыг хангагдах хүртэл хугацаанд хариуцагч орон сууцыг эзэмших эрхтэй. ...нэхэмжлэлээс орон сууцыг эзэмших  С-ын эзэмшлийг дуусгавар болгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 6,240,000 төгрөгийг шилжүүлэх банкны дансны дугаарыг нэхэмжлэгчид өгөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй...” гэж дүгнэсэн.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангахдаа: “...анхан шатны шүүх зохигчийн хооронд өмнө үүссэн маргааныг шийдвэрлэсэн шийдвэр, магадлалын дүгнэлтийг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна. Давж заалдах шатны шүүхийн 2022.08.26-ны өдрийн 210/МА2022/01594 дугаар магадлал хуулийн хүчин төгөлдөр болсноор С- орон сууцаа (Б-ын өмчлөлийн орон сууц биш) “Б” ХХК-аас, засан сайжруулалтын зардлаа Баас тус тус шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан. С нь гагцхүү засан сайжруулалтын зардлыг Баас авах хүртэлх хугацаанд орон сууцыг эзэмших эрхтэй боловч шүүхийн журмаар нэхэмжлээгүй, ийнхүү нэхэмжлэл гаргах нь тодорхойгүй байх тул мөнгийг олгож, эзэмшлийг дуусгавар болгох нь зүйтэй. Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д Эд хөрөнгийг эзэмших эрхгүй буюу энэ эрхээ алдсан шударга эзэмшигч нь уг эд хөрөнгийг эрх бүхий этгээдэд буцаан өгөх үүрэгтэй гэж заасан тул зохигчийн хооронд үүссэн маргааныг нэг мөр шийдвэрлэх үүднээс  Баас 6,240,000 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгож, *** орон сууцыг нэхэмжлэгчид буцаан өгөхийг С-ад даалгах өөрчлөлтийг шийдвэрт оруулна...” гэжээ.

9. Хоёр шатны шүүх Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.08.26-ны өдрийн 210/МА2022/01594 дугаартай, хүчин төгөлдөр магадлалд заасан үйл баримтыг энэ хэргийг шийдвэрлэхдээ өөрөөр үнэлснээс зөрүүтэй шийдвэр гаргасан байна.

10. Хэрэгт авагдсан баримтаар, Б “Б” ХХК-ийн хувьцаа эзэмшигч бөгөөд *** орон сууцны өмчлөгч болох нь тогтоогдсон.  С “Б” ХХК-д 2002 оноос ажил үүрэг гүйцэтгэж 2011 оноос уг орон сууцыг эзэмшиж байгаад 2017 онд ажлаасаа гарсан үндэслэлээр Б өөрийн өмчлөлийн орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлага гаргасныг С эс зөвшөөрч, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэл гаргасан, давж заалдах шатны шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож 2022.08.26-ны өдөр  210/МА2022/01594 дугаартай магадлал гаргасан нь хүчин төгөлдөр байна.

Магадлалын үндэслэлд: “...С нь шударга эзэмшигч байх бөгөөд тэрээр эд хөрөнгийг шударгаар эзэмшиж байхдаа орон сууцанд засвар үйлчилгээ, засан сайжруулалт хийж зардал гаргасан, Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийг 94.3, 94.6-д зааснаар өөрийн шаардлагаа хангагдах хүртэл орон сууцыг буцааж өгөхгүй байх эрхтэй...” гэж дурджээ.

Дээрх шийдвэрийг үндэслэн Б орон сууцны засан сайжруулалтад гарсан зардал 13,000,000 төгрөг, үүнээс үлдэгдэл өртөг 6,240,000 төгрөг болохыг тогтоолгохоор шаардлага гаргасныг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.05.27-ны өдрийн 183/ШШ2024/02197 дугаар шийдвэрээр хангасан бөгөөд энэ шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.

Улмаар нэхэмжлэгч дээрх төлбөрийг төлөхийг, орон сууцыг буцаан авахыг хүссэн боловч “....төлбөр хүлээн авах дансны дугаар тодорхойгүй...” гэсэн үндэслэлээр хариуцагчийн дансыг тогтоолгох, төлбөрийг төлөх, хариуцагчийн орон сууцны эзэмшлийг дуусгавар болгох тухай нэхэмжлэл гаргасан байна.

11. Анхан шатны шүүх нэхэмжлэлээс хариуцагчийн орон сууцны эзэмшил дуусгавар болгох шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.08.26-ны өдрийн 210/МА2022/01594 дүгээр магадлалаар нэгэнт шийдвэрлэсэн үйл баримтыг өөрөөр дүгнэжээ.

Тус магадлалд заасан “...шударга эзэмшигч нь эд хөрөнгийг шударгаар эзэмшиж байхдаа гаргасан зардал, өөрийн шаардлагаа хангагдах хүртэл орон сууцыг буцааж өгөхгүй байх эрхтэй...” гэснийг “Б” ХХК нь С-ад орон сууц олгох үүргээ биелүүлэх хүртэл С- тус орон сууцыг эзэмших эрхтэй мэт дүгнэсэн нь буруу юм.

Анхан шатны шүүх 2022 оны 210/МА2022/01594 дугаартай магадлалаар шийдсэн хэргийн нэхэмжлэгч нь “Б” ХХК бус, харин иргэн Б гэдгийг, Б орон сууцанд хийсэн засвар, засан сайжруулалтын төлбөрийг төлөх хүртэл С-ын эзэмшил хууль ёсны байхаар тогтоосныг анхаарсангүй.

12. Энэ талаар давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь давж заалдах шатны шүүх зөвхөн гомдол дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т нийцжээ.

13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг нотлохгүй гэж зохицуулсан тул дээрх үйл баримтын талаар дахин үнэлэх, дүгнэлт хийх боломжгүй.

Хэрэгт авагдсан хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр маргаж буй орон сууц нэхэмжлэгч Б-ын өмч болох, хариуцагч орон сууцыг шударгаар эзэмшиж байгаа боловч тэрээр уг үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн эзэмшилдээ байлгах хугацаанд засан сайжруулалт хийхэд гаргасан зардалтай холбоотой шаардлагыг хангагдах хүртэл тус орон сууцыг эзэмшилдээ байлгах эрхтэй болох нь тогтоогдсон байна.

Засан сайжруулалтад 13,000,000 төгрөгийн зардал гарсан, үүнээс 6,240,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа үндэслэлээр дээрх төлбөрийг нэхэмжлэгчээс гаргуулан хариуцагчид олгож, хариуцагчийг орон сууцыг чөлөөлж, нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг даалгасан давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т нийцсэн байна.

Давж заалдах шатны шүүх магадлалын тогтоох хэсэгт орон сууцыг буцааж өгөх үүргийг хариуцагчид даалгасан нь орон сууцыг чөлөөлөх агуулгатай байх тул магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

14. Хэдийгээр нэхэмжлэгч Б нь “Б” ХХК-ийн хувьцаа эзэмшигч боловч тус нэхэмжлэл нь иргэд хоорондын маргаантай холбоотой хэрэг байх тул “Б” ХХК, хувьцаа эзэмшигч Б нарын үүргийг хэт зааглаж хариуцагчийг хохироож байна гэх гомдол үндэслэлгүй.

Түүнчлэн маргаж буй энэ хэргийн оролцогч нь “Б” ХХК биш тул хариуцагчаас тус компанид ажил үүрэг гүйцэтгэсний урамшуулалд орон сууц авах хүртэлх хугацаанд маргааны зүйл болсон орон сууцыг эзэмших эрхтэй талаар гаргасан хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй гэж дүгнэв.

15. Дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 210/МА2025/01275 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч С-ын гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч С-аас 2025.09.04-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Н.БАТЧИМЭГ

                           ШҮҮГЧИД                                                      Н.БАЯРМАА

                                                                                                   Б.УНДРАХ

                                                                                                  Д.ЦОЛМОН

                                                                                                   Х.ЭРДЭНЭСУВД