Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 102/шш2021/02824

 

 

 

 

 

     

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

.....дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, .....дүүрэг, 11 дүгээр хороо, ..... тоот хаягт оршин суух, Г овогт Н.С /РД: ..../-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, .....дүүрэг, 11 дүгээр хороо, ..... тоот хаягт оршин суух, Ө овогт Б.С /РД: ...../-д холбогдох,

 

Хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, өөрийн болон хүүхдүүдийн эмчилгээний зардал, орон сууц болон тээврийн хэрэгслийн засварын зардал, үр хөндүүлсэн зардал, сууц өмчлөгчдийн холбооны зардал, хүүхдүүдийн хоол хүнс, хувцас, хичээлийн хэрэглэлийн зардалд нийт 25,248,610 төгрөг гаргуулах, тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ж , хариуцагч Б.С , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.С гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ж ы шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие Н.С нь Б.С тэй хамтран амьдраад 7 жил болж байна. Анх нөхөр С тэй 2014 оны 08 сард танилцаж дотноссон. Бид хоёр хүүхэдтэй бөгөөд охин С.Г 2015 оны 10 дугаар сарын 10-нд, хүү С.А 2018 оны 01 дүгээр сарын 19-нд мэндэлсэн. Анхны охин төрөх дөхөөд гэдсэнд хөдөлж байхад Б.С нь Х гэх эмэгтэйтэй гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн, тэр эмэгтэй 94-тэй дугаараас шөнө залгаж, мессэж бичдэг байсан. Б.С кодтой утастай ба мессеж дуудлага ирэхэд нь орж харж чадахгүй тул тухайн үед лам хүн найзтайгаа л харьцаж байгаа байх гэж их итгэдэг байсан. Элдэв маргаан гарвал Би чамд л хайртай гэж элдвийн ааш гаргадаг ба толгойгоо аягаар зохиж хагалж байсан. Мөн 4 давхрын тагт дээр гараад суудаг. Энэ үйлдэл Төв аймагт хэд хэдэн удаа давтагдаж байсан. С Х гэх эмэгтэйд намайг нэг эмэгтэй байдаг удахгүй салах болохоор 2-лаа гадагшаа явна гэж хэлж дотно харьцаа үүсгэж хүүхэдтэй болоод зулбасан байсан. Ингээд Б.С нь бүтэн жилийн турш надаас нууцаар явалдаж байсан. Энэ байдлыг гадарлаж бид хоёр салсан боловч өдөр шөнөгүй залгаж, охиноо санаж байна, уучлаарай гэсээр би охиноо бодож буцаж нийлсэн ба хүүтэй болсон. Бага хүүг маань төрөх үед ч Б.С засраагүй ба З гэх эмэгтэйтэй гэр бүлээс гадуурх харилцаатай болсныг мэдсэн. Тэр эмэгтэйг хайраа гэж дуудаж, шөнө бүр чат бичдэг. Санамсаргүй байдлаар утасны кодыг нь хийтэл бүх чаталсан чат, зураг, мессеж нь ил байсан. Энэ талаар өөрт нь хэлэхэд худал хэлж, нөхөр хүүхэдтэй хүнтэй хардаж байна гэж намайг зодсон. Тэр эмэгтэйгээс гадна өөр олон эмэгтэйчүүдтэй харьцаж, нүцгэн зургаа солилцон унтах санал тавьсан байсан. Тэр чат, мессежүүдийн зургийг аваад дунд эгч нь болох М д хэлсэн боловч тоогоогүй.

 

Миний бие Н.С нь хүүхдүүдээ бодож удаа дараа гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн боловч дуудлага өгч байгаагүй. Харин хөрш маань дуудлага өгсөн байдаг ба тэр бүрт нь би хүүхдүүдээ эцэггүй болгохгүй гэж гомдолгүй гэдэг байсан. 2020 оны 01 дүгээр сард С миний нүүрийг хүн харахын эцэсгүй хазаж, хөхрүүлэхэд манай гэр бүлийнхэн мэдээд цагдаад өгсөн байсан. 2020 оны 01 дүгээр сарын 22-нд зөрчилийн шийтгэл оногдуулахад 30 хоног байх байсныг би гуйж хүүхдүүдээ бодон 7 хоног болгож өгөхийг хүссэн. Гэвч энэ нь буруу байсан ба түүнээс хойш улам бүр ааш нь эвдэрч, архи ууж, ёс бус үйлдэл гаргах болсон. Улмаар 2021 оны 05 дугаар сарын 24-нд дахин надад гар хүрч зөрчил үйлдсэн. 2021 оны 06 дугаар сарын 21-нд шүүхийн шийтгэвэр гарсан. Бид цаашид хамтран амьдрах боломжгүй, мөн гэрлэлтийн баталгаагүй. Иймд охин С.Г , хүү С.А нарыг эхийн асрамжинд үлдээж, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү.

 

Дараахь байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Хоёр удаагийн зөрчлийн хэргээр нүүрэнд гэмтэл тогтоогдсон. Нүүрэнд гэмтэл авсан хохирлоо барагдуулахаар эхний ээлжинд төлбөр нэхэмжилж байна. Тухайн үед Доктор клиник эмнэлэгт үзүүлэхэд нүүр нь дээр чинь гүн сорвижилт үүсэхээр байна, арьсны гүн болон өнгөн хэсэгт үрэвслийн судас хагарах магадлалтай байна гэж хэлсэн. Тухайн үед маш хүчтэй хазаж байсан. Тэр хазалтаас болоод одоо хүртэл нүүрэн дээрх сорви нь байгаа. Гомдолтой санагдаад нүүрний хэсгийн хохиролд эмчилгээний зардал 3,844,000 төгрөг гаргуулмаар байна. Мөн 2 удаагийн үр хөндөлт хийлгэсэн ба гэр бүлийн гадуурх харилцаанаас болсон тул үр хөндөлтийн зардалд 1,079,500 төгрөг гаргуулна. 2020-2021 ондуудад гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэснээс хойш тэр гадуурх харилцаагаа гэр дотроо хийдэг. Шалдан нүцгэн зураг авахуулах, хүүхдүүдийн ор дэр, гэр бүлийн сайхан энергийг бузарласан гэж үзсэний үндсэн дээр гэртээ бүтэн завсар хийсэн. Засварын тооцоог би цалингийн зээл авч хийлгэсэн учир энэ засварын зардалд 4,741,500 төгрөг нэхэмжлэхийг хүсч байна. Бид анх 2014 онд танилцахдаа танилцсаныхаа ой болгон хоёр талаас мөнгө нийлүүлж машин авч байсан тул ..... улсын дугаартай тоёота приус 20 загварын тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг миний нэр дээр шилжүүлэхийг даалгах, мөн дээрх машинтэй холбоотой зардал буюу 2 шинэ дугуй авсан, хаалга солиулсан болон засвар хийлгэсэн, нүүрний шил солиулсан, ачилтан төлбөрт нийт 600,000 төгрөг гаргуулна. Мөн 2020-2021 онуудад хүү, охин 2-оо шүдний эмнэлэгт үзүүлж эмчлүүлсний төлбөрт 1,172,660 төгрөг гаргуулна. Нөхөр Б.С 2020 10 дугаар сараас 2021 оны 09 дүгээр сарыг хүртэлх хугацаанд гэртээ байгаагүй ба хүү, охин 2-тоо хоол, хүнс, хичээлийн хэрэгсэлд 12,848,600 төгрөгийг би ганцаараа зарцуулсан тул 12,848,6000 төгрөг гаргуулна. .....дүүргийн 11 дүгээр хороо, ..... тоот орон сууцанд 2016 оноос хойш амьдарч байгаа ба сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт 962,350 төгрөгийг төлөөгүй байгаа тул энэ төлбөрийг мөн гаргуулна. Орон сууцны урьдчилгаа гаргаж өгөхийг даалгаж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

 

Гэвч нэхэмжлэгч Н.С нь нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаасаа орон сууцны урьдчилгаа өгөхийг даалгах гэх хэсгээсээ татгалзсан болно гэв.

 

Хариуцагч Б.С ийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Нэхэмжлэгч Н.С нь хариуцагч Б.С надад холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, өөрийнхөө эмчилгээний зардалд 3,844,000 төгрөг, үр хөндүүлэхэд гарсан зардал 1,079,500 төгрөг, гэртээ хийлгэсэн завсарын зардалд 4,741,500 төгрөг, авто машины засвар болон эд анги солиулсан зардалд 600,000 төгрөг, хүүхдүүдийн эмчилгээний зардалд 1,172,660 төгрөг, хүүхдүүдийн хоол хүнс, хувцас, хичээлийн хэрэгслийн зардалд 12,848,6000 төгрөг, сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт 962,350 төгрөг, нийт 25,248,610 төгрөг гаргуулах, ..... улсын дугаартай тоёота приус 20 загварын тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах гэх шаардлагуудыг гаргасныг миний бие бүрэн хүлээн зөвшөөрч байна. Харин нэхэмжлэлийн шаардлагад дурдаад байгаа гэр бүлээс гадуурх явдалтай, цохиж зодсон, гэртээ нүцгэн зургаа дарж бусад хүүхдүүдэд үзүүлж, бэлгийн харьцаанд орох санал тавьсан гэх тайлбар нь огт үнэн биш, худал болно гэв.

 

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.С нь хариуцагч Б.С д холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, өөрийн болон хүүхдүүдийн эмчилгээний зардал, орон сууц болон тээврийн хэрэгслийн засварын зардал, үр хөндүүлсэн зардал, сууц өмчлөгчдийн холбооны зардал, хүүхдүүдийн хоол хүнс, хувцас, хичээлийн хэрэглэлийн зардалд нийт 25,248,610 төгрөг гаргуулах, тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

 

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Н.С , хариуцагч Б.С нар 2014 оны 08 дугаар сард танилцан, хамтран амьдарч эхэлсэн ба гэрлэлт батлуулаагүй. Зохигчдыг хамтран амьдрах хугацаанд охин С.Г 2015 оны 10 дугаар сарын 10-нд, хүү С.А 2018 оны 01 дүгээр сарын 19-нд тус тус төрсөн, тэд хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2020 оноос тусдаа амьдарч байгаа нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Н.С нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа орон сууцны урьдчилгаа төлбөр өгөхийг даалгах гэж нэхэгдүүлсэн боловч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн энэ шаардлагаасаа татгалзсан болно.

 

Хариуцагч Б.С нь хүүхдүүдийн асрамжийг эх Н.С д үлдээхийг, мөн хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрсөн. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох нэхэмжлэгч өөрийн болон хүүхдүүдийн эмчилгээний зардал, орон сууц болон тээврийн хэрэгслийн засварын зардал, үр хөндүүлсэн зардал, сууц өмчлөгчдийн холбооны зардал, хүүхдүүдийн хоол хүнс, хувцас, хичээлийн хэрэглэлийн зардалд нийт 25,248,610 төгрөг гаргуулах, ..... улсын дугаартай тоёота приус 20 загварын тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах гэх шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д заасантай нийцэж байна.

 

Ийммд 2015 оны 10 дугаар сарын 10-нд төрсөн охин С.Г , 2018 оны 01 дүгээр сарын 19-нд төрсөн хүү С.А нарыг эх Н.С гийн асрамжинд үлдээж, эцэг Б.С эр хуульд заасан хугацаа, хэмжээгээр тэжээн тэтгүүлж, хариуцагчаас эмчилгээний зардал, орон сууц болон тээврийн хэрэгслийн засварын зардал, үр хөндүүлсэн зардал, сууц өмчлөгчдийн холбооны зардал, хүүхдүүдийн хоол хүнс, хувцас, хичээлийн хэрэглэлийн зардалд нийт 25,248,610 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, ..... улсын дугаартай тоёота приус 20 загварын тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэхийг даалгах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6.-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2015 оны 10 дугаар сарын 10-нд төрсөн охин С.Г , 2018 оны 01 дүгээр сарын 19-нд төрсөн хүү С.А нарыг эх Н.С гийн асрамжинд үлдээсүгэй.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2015 оны 10 дугаар сарын 10-нд төрсөн охин С.Г , 2018 оны 01 дүгээр сарын 19-нд төрсөн хүү С.А нарт 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн доод хэмжээний 50 хувиар, 11-ээс 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-нд болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээгээр тэтгэлэгийг сар болгон эцэг Б.С эс гаргуулан олгосугай.

 

3. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д заасныг баримтлан хариуцагч Б.С эс 25,248,610 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, ..... улсын дугаартай тоёота приус 20 загварын тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг нэхэмжлэгч Н.С д шилжүүлэхийг даалгасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 565,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 565,000 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгосугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг тайлбарласугай.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР